Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 1142

 

 

 

.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2017/00237/И

                                                                                                                                            

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, Шинэ Дархан Олон улсын худалдааны төвд байрлах, Нэткапитал финанс корпораци ББСБ /утас 94010511, 70370333/-ны Дархан салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 18 дугаар баг, малчин, хөтөл гудамж, 83-12 тоотод оршин суух , Тунгалаг ерөө овогт Батжаргалын Хавар /регистрийн дугаар ГЭ70050306, утас 89238968, 99028968, 99378968/,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 18 дугаар баг, малчин, хөтөл гудамж, 83-12 тоотод оршин суух, Дамдин овогт Жигдэндэмбэрэлийн Ванданмагсар /регистрийн дугаар ГЮ70100891, утас 89238968, 99028968, 99378968/ нарт холбогдох  

 

“5,603,800 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ганцэцэг, Т.Нямгэрэл, хариуцагч Б.Хавар, Ж.Ванданмагсар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч нар оролцов.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Нэткапитал финанс корпораци ББСБ-ны Дархан салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Б.Хавар нь  2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр өөрийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Орхон сум, Энхтал 2 дугаар баг, Хөтөл 83-12 тоот хаягт байрлах Г-2004000658 улсын бүртгэлийн дугаартай, ГД-000166254 гэрчилгээний дугаартай газар, toyoto carina маркийн 89-68 ДАР улсын бүртгэлийн дугаартай, АТ2120014010 арлын дугаартай автомашины хамт байрьцаалан сарын 4,0 хувийн хүүтэй 2,500,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай авсан. Барьцаа хөрөнгө болох toyoto carina маркийн авто машиныг гэрээт зогсоолд байршуулсан бөгөөд өдрийн 1,000 төгрөгийн төлбөртэй.  Зээлдэгч нь эхний 2 сарын төлөлтөө графикийн дагуу хийсэн боловч түүнээс хойш төлөлт огт хийлгүй  явсаар өнөөдрийн байдлаар 735 хоног хугацаа хэтэрсэн байна. Зээлийг төлүүлэх талаар зээлдэгч Б.Хавар, хамтран зээлдэгч Ж.Ванданмагсар нартай байнга утсаар холбогдож гэрийн болон ажлын хаягаар очиж мэдэгдэл хүргүүлэн уулзаж байсан. Зээлдэгч Б.Хавар 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш үндсэн зээлийн төлбөрөөс огт төлөлт хийгээгүй учир зээл төлөх эрмэлзлэлгүй гэж үзэж байна. Иймд иргэн Б.Хавар, Ж.Ванданмагсар нараас нийт 5,603,800 төгрөгийг гаргуулж өгнө үү, мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Б.Хавар, Ж.Ванданмагсар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

“...2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Нэткапитал финанс ББСБ-ын Дархан салбараас өөрийн эзэмшлийн Г-2004000658 бүртгэлийн дугаартай, ГД-000166254 гэрчилгээний дугаартай газрыг Toyoto carina маркийн 89-68 ДАР улсын дугаартай автомашины хамт  барьцаалан  сарын 4 хувийн хүүтэй 2,500,000 төгрөгний зээлийг 24 сарын хугацаатай авсан.

Зээл аваад эхний 2 сарын төлөлтийг графикийн дагуу хийсэн боловч миний нөхөр хамтран зээлдэгч Ж.Ванданмагсар ажлаасаа гарсны улмаас Хаан банкин дахь Ж.Ванданмагсарын нэр дээрх цалингийн зээлийг миний нэр дээр шууд шилжүүлэн  би өөрийн нэр дээрх хашаа байшингийн болон Ж.Ванданмагсарын  цалингийн зээлийг эргэн төлөх ямар ч боломжгүй болж  сар бүр 200,000 төгрөгний хугацаа хэтрэлт хуримтлагдаж эхэлсэн.  Миний сарын цалин дээрх 2 зээлийг бүрэн төлж чадахгүй байсан.

Ингээд зээлээ төлж чадахгүй 100 гаран хоног хугацаа хэтэрч байх үед захирлаар ажиллаж байсан  Н.Ганцоожид шүүхэд хандаж асуудлыг шийдүүлье  хүүг нь зогсоож өгөөч гэж амаар хандсан боловч шүүх энэ тэр гэж заваараад яах вэ яаж ийгээд зээлээ хуримтлагдсан. Уг нь банк бус санхүүгийн байгууллага нь банкны хуулиар зохицуулагдаж хугацаа хэтэрсэн зээлийн хүүг 90 хоноод зогсоодог ёстой байх гэтэл манай зах зээлийн үнэлгээгээр 5-6 сая төгрөгний үнэтэй автомашиныг эрсдлээ тооцон 2,500,000 төгрөгөөр үнэлэн барьцаанд авчихаад 5 сая гаран төгрөгний өр нэхэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн манай машиныг жилийн өмнө хураагаад аваад явсан атлаа хүүг нь үргэжлүүлэн бодсон байна.

Бид ингэтлээ төлбөр хүү, хуримтлагдана гэж мэдээгүй, нөхөр ажилгүй миний цалин зээлэнд банк руу татагдаад таардаг тул төлж чадахгүй.

 

...Нэткапитал ББСБ-аас  нэхэмжилж байгаа үнийн дүнгээс бидний таксинд яваад олох байсан 2,880,000 төгрөгийг хасуулж тооцуулах хүсэлтэй байна.” гэжээ.

                                                                

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

“Нэткапитал финанс корпораци” ББСБ-ын Дархан салбар нь хариуцагч Б.Хавар, Ж.Ванданмагсар нарт холбогдуулан, зээлийн гэрээний үүрэг болох үндсэн төлбөр 2,376,050 төгрөг, зээлийн хүү 2,414,100 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 475,150 төгрөг, машины зогсоолын төлбөр 324,000 төгрөг, нотариатын зардал 14,500, нийт 5,603,800 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Талуудын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, 2,500,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэлийг хангах зорилгоор мөн өдрөө эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ болон баталгаат ипотекийн гэрээ байгуулан, зээлдэгч нар Toyota carina маркийн автомашиныг “Нэткапитал финанс корпораци” ББСБ-ын өмчлөлд шилжүүлсэн, зээлийн барьцаанд улсын бүртгэлийн Г-2004000658 дугаартай Дархан-Уул аймгийн Орхон сумын 2 дугаар баг хөтөл 83-12 тоот 679 мкв талбайтай газрыг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ,  үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ, баталгаат ипотекийн гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд зээлийн болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээнүүдийн талаар зохигчид маргаагүй болно.

Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр дууссан боловч хариуцагч нар нь зээлийн төлбөрт нийт эхний хоёр сарын төлбөр буюу нийт 330,300 төгрөгийг төлсөн байна.

Мөнгө зээлэх гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан хэмжээний мөнгийг буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд хуульд заасан журмын дагуу байгуулсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч нь гэрээнд заасан бол зээл болон түүний хүү, нэмэгдүүлсэн хүг төлөх, авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд төлөхгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заажээ.

Нэхэмжлэгч тал хариуцагч Б.Хавар, Ж.Ванданмагсар нараас нэхэмжилсэн зээлийн үндсэн төлбөр 2,376,050 төгрөг, зээлийн хүү 2,414,100 төгрөг, 475,150 төгрөг, нотариатын зардал 14,500 төгрөг, нийт 5,265,300 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Үндсэн зээлийн талаар:

Нэхэмжлэгч “Нэткапитал финанс корпораци” ББСБ нь хариуцагч нарт 2,500,000 төгрөгийн зээл олгохдоо үйлчилгээний шимтгэл 60,000 төгрөг, даатгалын хураамж 96,000 төгрөгийг тус тус суутгаж, хариуцагч нарт 2,344,000 төгрөг олгосон болох нь хэрэгт авагдсан депозит дансны хуулга, зээл олголтын хуудас /хх-40-41/, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч 2,500,000 төгрөгийн зээл олгохдоо 156,000 төгрөг суутган авсан нь хууль бус гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.14-т “зээл олгосны шимтгэлд 60,000 төгрөг...” төлөхөөр заасан нь зээлдэгч зээлээгүй мөнгийг бүрэн хэмжээгээр шилжүүлэхийг шаардах зээлдэгчийн эрхийг хязгаарласан заалт байна.

Нэхэмжлэгч зээл олгохдоо шимтгэлийн талаарх заалтыг зөвхөн энэ удаагийн гэрээнд оруулсан гэдгийг нотлоогүй тул талуудын хооронд байгуулсан гэрээний 2.14 дахь заалт нь гэрээний нэг тал нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөл гэж үзнэ. Стандарт нөхцлийг гэрээнд тусгагсан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна гэж Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-д заасан тул талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.15 дахь заалтыг хүчин төгөлдөр бус байна гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгч 2,500,000 төгрөгийг бус, харин 2,344,000 төгрөгийн зээл олгосон гэж үзнэ.

Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар :

Нэхэмжлэгч  нь  2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 2,344,000 төгрөг зээлдэгчид шилжүүлжээ. Хариуцагч нар нь 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 24 сарын хугацаатай зээлсэн 2,344,000 төгрөгт 30 хоногт 4 хувь буюу 93,760 төгрөгийн, өдөрт 3,125.3 төгрөгийн хүү төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч нар нь зээлийн эхний 2 сарын төлөлтөд нийт 330,300 төгрөг төлсөн байх тул үндсэн зээлийн төлбөрт 142,780 төгрөг, хүүд 187,520 төгрөгийг тус тус төлсөн гэж үзэхээр байна.

Үндсэн зээл 2,344,000 төгрөгөөс 142,780 төгрөгийг хасч, 2,201,220 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй байна.

Үндсэн зээл 2,201,220 төгрөгийн сарын хүү 88,048 төгрөг, өдрийн хүү 2,934.96 төгрөг бөгөөд хариуцагч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй 735 хоног болсон байх тул зээлийн хүүд 2,157,195 төгрөг төлөхөөр байна.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаас үзэхэд нэмэгдүүлсэн хүүг гаргуулахад энэ талаар гэрээнд заасан байхаас гадна зээлийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний байх ёстой байх тул нэмэгдүүлсэн хүү нийт 431,439 төгрөг байна.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн  453.1-т тус тус заасны дагуу хариуцагч Б.Хавар, Ж.Ванданмагсар нар нь  зээлийн үндсэн төлбөр 2,201,220 төгрөг, зээлийн хүү 2,157,195 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 431,439 төгрөг, нотариатын зардал 14,500 төгрөг, нийт 4,804,354 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагын тухайд

 

Зохигч талууд үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор toyota carina маркийн 89-68 ДАP улсын дугаартай суудлын автомашиныг нэхэмжлэгч “Нэткапитал финанс корпораци” ББСБ-ын өмчлөлд шилжүүлж, автомашиныг хариуцагч Б.Хавар, Ж.Ванданмагсар нар нь эзэмшиж, ашиглаж байсан бөгөөд хариуцагч нар зээлийн гэрээнд заасан үүргээ хугацаандаа биелүүлээгүйн улмаас 2016 оны 04 дугаар сарын 05-ний өдөр нэхэмжлэгч “Нэткапитал финанс корпораци” ББСБ нь автомашиныг бодитойгоор гаргуулан авсан болох нь зохигчдын тайлбар, автомашин хүлээлцэх актаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т: “Үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг гаргуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно” гэж заажээ.

 

Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, графикт хугацаагаа зөрчсөний улмаас нэхэмжлэгч нь автомашиныг гаргуулан авсан нь хууль зөрчөөгүй бөгөөд дээрх хуульд зааснаар автомашин нь нэхэмжлэгч “Нэткапитал финанс корпораци” ББСБ-ын Дархан салбарын эзэмшилд биет байдлаар шилжин ирснээр гэрээ дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Өөрөөр хэлбэл 2016 оны 04 сарын 05-ны өдрөөс дээрх автомашин нэхэмжлэгчийн өмчлөлд бүрэн шилжсэн бөгөөд хариуцагч нарын эд хөрөнгө ашиглах эрх дуусгавар болсон байна. Энэ үеэс эхэлж эд хөрөнгийн үр шим, ашиг орлого, зардал өмчлөгч буюу нэхэмжлэгчид шилжсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэгч “Нэткапитал финанс корпораци” ББСБ нь хэдэн төгрөгийн үүрэгт уг машиныг тооцож авсан болохыг тогтоолгохоор шүүхээс автомшины зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилсон бөгөөд шинжээч Капитал зууч ХХК-ний дүгнэлтээр “...автомашиныг 2,800,000 төгрөгийн үнэтэй...”/хх/, шинжээч Бан хас ХХК-ний дүгнэлтээр “...автомашин нь 2,000,000 төгрөгийн үнэтэй...” /хх/ гэсэн зөрүүтэй дүгнэлтүүдийг гаргасан болно.

Шинжээч Бан Хас ХХК нь дүгнэлт гаргахдаа toyota carina маркийн 89-68 ДАP улсын дугаартай суудлын автомашины бодит байгаа байддыг харгалзан үзэж, үнэлгээг тогтоосон байх тул уг машины зах зээлийн ханшийг 2,000,000 төгрөг гэж үнэлсэн нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч “Нэткапитал финанс корпораци” ББСБ-ын Дархан салбарын эзэмшилд дээрх автомашин шилжснээс хойших хугацаанд гарсан автомашины зогсоолын зардал 324,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иймээс хариуцагч нарын төлөх 4,804,354 төгрөгийн төлбөрөөс машины үнэ 2,000,000 төгрөгийг хасаж, үлдэх 2,804,354 төгрөгийг хариуцагч Б.Хавар, Ж.Ванданмагсар нараас гаргуулан, нэхэмжлэгчид олгож, үлдэх 2,799,445 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д "Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй", 159 дүгээр зүйлийн 159.1-д "Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана", 174 дүгээр зүйлийн 174.1-д "Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй", 175 дугаар зүйлийн 175.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн зээлийн барьцаанд тавьсан улсын бүртгэлийн Г-2004000658 дугаартай Дархан-Уул аймгийн Орхон сумын 2 дугаар баг хөтөл 83-12 тоот 679 мкв талбайтай газрыг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх, хөдлөх  эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Хавар, Ж.Ванданмагсар нараас  2,804,354 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Нэткапитал финанс корпораци” ББСБ-ын Дархан салбарт олгож, үлдэх 2,799,445 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Г-2004000658 дугаартай Дархан-Уул аймгийн Орхон сумын 2 дугаар баг хөтөл 83-12 тоот 679 мкв талбайтай газрыг албадан  худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Нэткапитал финанс корпораци” ББСБ-ын Дархан салбараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125,411 төгрөгөөс илүү төлсөн 20,800 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж, 104,611 хэвээр үлдээж, хариуцагч Б.Хавар, Ж.Ванданмагсар нараас улсын тэмдэгтийн хураамжид 59,819 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч  “Нэткапитал финанс корпораци” ББСБ-ын Дархан салбарт олгосугай.

 

4. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол  гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          З.ТУНГАЛАГМАА