Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 563

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг, 1 дүгээр хэсэг 5 дугаар байр 041 тоотод оршин суух, Лхүндэвбалжирийн Байгалмаа /МЭ-81012205 /-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Санхүү хяналт, аудитын албанд холбогдох “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин, хариуцагч Б.Дарихжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Байгалмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие нь Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд 2015 оны 06 дугаар сараас эхлэн нягтлан бодогч, бичиг хэргийн ажилтнаар ажилд орсон.

            Гэтэл 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 12 дугаартай Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын тушаал гарч ажлаас чөлөөлснийг зөвшөөрөхгүйн улмаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

            Тус тушаалд дурьдсанаар намайг чөлөөлсөн үндэслэл нь бичиг, хэрэг шатахуун, цалингийн зардлыг хугацаанд шилжүүлээгүй, эрүүл мэнд нийгмийн даатгалын тайланг хугацаанд нь баталгаажуулан хүргүүлээгүй, мөн ажил тасалсан гэж үзсэн байна.

            Миний бие нь өөрийн ажлын байранд заагдсан үүргээ хангалттай сайн биелүүлж байсан ба ямар нэгэн байдлаар хангалтгүй биелүүлсэн гэсэн үнэлгээ авч байгаагүй ба дээрх ажлуудыг бүгдийг цаг тухайд нь хийж байсан.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэхь заалтыг баримталсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Миний бие нь 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд эмчилгээ хийлгэсэн ба энэ баримтууд нь бүгд байгаа. Энэ талаар дарга Дарихжавт хэлэхэд өмнөөс ... саальчин хүн саалиа орхиод үхдэггүй, чи ажилдаа ир...гэсэн. Тиймэээс намайг үндэслэлгүйгээр ажил тасалсан гэж үзэх үндэслэл байхгүй.

            Иймд тус шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах /шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны / нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж байна!  гэжээ.  

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны дарга Б.Дарихжав шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Санхүүгийн хяналт , аудитын албаны дарга Б.Дарихжав миний бие 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гаргасан Л.Байгалмаагийн нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад тайлбар гаргаж байна.

Тус байгууллага нь улсын байцаагч, аудитын мэргэжилтэн гэсэн 6 орон тоотой батлагдсан төсөвтэй, нягтлан бодогч, бичиг хэргийн ажилтны орон тоо байдаггүй. Ажлын ачааллаас болж орон тооны бус нягтлан бодогч, бичиг хэргийн ажилтныг тус тус 40 хувиар нийт 80 хувийн цалин, унаа, хоолны хөнгөлөлтийг 100 хувиар тооцон Л.Байгалмааг 2015 оны 06 дугаар сараас 2 жил гаруй хугацаанд ажиллуулсан. Л.Байгалмаа нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн учир орон тооны бус ажлаас нь чөлөөлсөн.

Л.Байгалмаагийн гарагсан зөрчлийн талаар дурьдахад:

1. Мэдээ тайлан гаргаагүй, хугацаа хоцроосон: 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр аймгийн Санхүү төрийн сангийн хэлтсээс ирүүлсэн албан бичгийг гаргаж танилцуулаагүй, 06 дугаар сарын 20-ны өдөр аймгийн тамгын газраас шаардахад уг бичиг ирүүлсэнийг мэдэж мэдээ тайланг нөхөн гаргасан ч хугацаа хоцроосон, Санхүү эдийн засгийн сайдын 2003 оны 49 тоот тушаалаар баталсан төсвийн гүйцэтгэлийн мэдээг сар бүрийн эцсийн өдрөөр тасалбар болгон дараа сарын 02-ны дотор харилцагч төрийн санд хүргүүлэх байсан боловч 06 дугаар сарын мэдээ өгөөгүй.

2. Л.Байгалмаа нь тус албанд нягтлан бодогч, архив-бичиг хэргийн ажилтан хийж байх хугацаандаа 2016 он 28 ширхэг, 2017 оны 6 нийт 34 албан бичиг бүртгэлгүй дутагдуулсан, 2016 он, 2017 онд хийсэн байгууллагын хурлын тэмдэглэл дутуу хагас хөтөлсөн, хурлын тэмдэглэлийг хэвлэж бэлэн болго гэж өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь хэрэгжүүлээгүй.

3. Л.Байгалмаа нь 2017 оны 06 дугаар сарын 27-ны өглөө ажилдаа ирээгүй байсан, утас руу нь удаа дараа залгахад хариу өгөөгүй тул мэргэжилтэн Б.Эрдэнэчимэг, мэргэжилтэн А.Энх-Амгалан нарыг 2 өдөр гэр лүү нь явуулж дуудуулсан. Эхний хагас жил дуусах болсон тул шатахуун, бичиг хэргийн зардал шилжүүлэх шаардлагатай, байхад ирээгүй, албаны даргын хувьд залгахад утсаа авахгүй, удаа дараа салгаж байсан зэрэг зохисгүй үйлдлүүд гаргасан.

4. Мөн байгууллагын санхүү, бичиг хэргийн гол ажлыг эрхэлж байж хөдөлмөрийн  гэрээнд заасан үүргээ умартаж олон удаа бичлэг хийсэн, ажилтан Ц.Отгонбаярт миний хэлсэн яриа сонсгож асуудал үүсгэсэн.

5. Л.Байгалмаа нь 2017 оны 06 дугаар сард 3 хоног, 07 дугаар сард 4 хоног нийт 7 хоногийн ажил тасалсан гэх зэрэг

Хэл сураггүй алга болсон байсан ч албаны даргын зүгээс 2017 оны 06, 07 дугаар саруудын цалинг 100 хувь бүтэн бодож олгуулсан. Мөн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр амралтын өдрийн 18 хоногоор бодож  339.018 төгрөгийн цалинг данс руу нь шилжүүлсэн, ажиллаж байх хугацаанд унаа хоолны хөнгөлөлтийг 100 хувь олгож ирсэн, нийгмийн даатгалын дэвтрийг өөрөө шаардаж авсан учир ажилгүйдлийн тэтгэмжээ хөөцөлддөг гэж үзээд дэвтрийг хааж өгсөн. Ээлжийн амралтын цалинг нэмж бичилт хийж болно.

Л.Байгалмаа нь ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилж байгаа, ажилд эгүүлэн тогтоолгох гэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна! гэжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Байгалмаа нь Сэлэнгэ аймгийн санхүүгийн хяналт аудитын албанд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Ажил олгогч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч мэдээ тайланг хугацаанд нь гаргадаггүй, мэдээ тайланг нөхөж гаргаж хугацаа хоцроосон 2017 оны 6 сард 3 хоног, 7 сард 4 хоног нийт 7 хоногийн ажил тасалсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд авч үзвэл: Л.Байгалмаа  нь Сэлэнгэ аймгийн Санхүүгийн аудитын албанд 2015 оны 6 сараас эхлэн нягтлан бодогч бичиг хэргийн ажилтанаар ажилд орсон байх бөгөөд түүнийг Сэлэнгэ аймгийн албаны даргын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр “... удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг удаа дараа хугацаанд нь хийж гүйцэтгээгүй, 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд ажил тасалсан, гар утас руу нь залгасан боловч хариу өгөөгүй бичиг хэрэг шатахуун цалингийн зардлыг хугацаанд нь шилжүүлээгүй эрүүл мэнд нийгмийн даатгалын 6 дугаар сарын тайланг хуулийн хугацаанд баталгаажуулан хүргүүлээгүй, 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр албаны даргатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.1.3, 5.1.4 дахь заалтыг тус тус зөрчсөн, байгууллагын хэвийн үйл ажиллагаа явуулах бололцоог алдагдуулсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн болох нь зохигчдын тайлбар, ажлаас чөлөөлөх тушаал зэргээр тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэхь хэсэгт зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах зохицуулалттай.

Хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан нь хөдөлмөрийн харилцааны дагаж мөрдөхөөр тогтоосон хэм хэмжээг зөрчсөний төлөө хариуцлага хүлээдэг.

Харин сахилгын хариуцлага хүлээх үндэслэл нь ажилтан сахилгын зөрчил гаргасан байх явдал бөгөөд зөрчил тус бүрдээ тогтоогдсон байх шаардлагатай.

Гэтэл Л.Байгалмаагийн зөрчлийг шалгасан талаар, хэлэлцсэн хурлын тэмдэглэл зэрэг ач холбогдол бүхий баримт хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөөгүй байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хариуцагч биелүүлээгүй төдийгүй нэхэмжлэлийн шаардлагыг няцааж чадаагүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Л.Байгалмааг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэхь хэсэгт зааснаар “ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 613.834 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, ажилгүй байх хугацааны нийгмийн, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт зохих журмын дагуу нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

Шүүх нэхэмжлэгч Л.Байгалмаагийн сүүлийн 2017 оны  5,6,7 дугаар саруудад авсан цалингийн нийлбэр 904.543:3 =301.515 төгрөгийн дундаж цалингийн тооцоо гарч  байх тул, ажилгүй байсан 2015 оны 01 дүгээр сарын 20-ноос 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны цалинг тооцвол:

2017 оны 8, 9 саруудад нийт 2 сар х 301.515 төгрөг = 603.030 төгрөг,

2017 оны 7 сард: ажлын 21 хоног, ажилгүй байсан хугацаа нь 11 хоног тул сарын дундаж цалин 301.515:21 хоног = 14.358 /1 өдрийн/ төгрөг х 11 хоног = 157.938 төгрөг,

2017 оны 10 сард: ажлын 22 хоног, ажилгүй байсан хугацаа нь 14 хоног= 191.884 төгрөг, бүгд 603.028+157.938+191.884=  952.852 төгрөг байна.

Үүнээс Л.Байгалмаагийн ээлжийн амралтын мөнгө 339.018 төгрөгийг хасч тооцсон болохыг дурьдах нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт аудитын албанаас нийт 89.265 төгрөг /70.200+19.065/ гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Шүүх нэхэмжлэгч Л.Байгалмаад шүүх хуралдааны товыг хуульд заасан хугацаанд мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд оролцохгүй байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэхь хэсэгт заасан журмын дагуу хэргийг шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүхэд гаргаж өгсөн Төрийн сан бүртгэлийн дансны хуулга нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан ... “бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг нь өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө...” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй хуулбар байх тул нотлох баримтын хүрээнд хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гэж үнэлэх боломжгүй.

Мөн Сэлэнгэ аймгийн засаг даргын тамгын газраас ирүүлсэн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 7/146 тоот албан бичиг нь Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гэсэн байх тул нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Лхүндэвбалжирийн Байгалмааг Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Сэлэнгэ аймгийн санхүүгийн хяналт аудитын албанаас 613.834 /зургаан зуун арван гурван мянга найман зуун гучин дөрвөн/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлд зохих өөрчлөлт оруулж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас 89.265 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зохигчид, шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                              

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МӨНХЗУЛ