Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 53

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                             Даргалагч,

                             Ерөнхий шүүгч               Б.Батзориг

                             Шүүгчид                          С.Энхжаргал

                                                                      Г.Давааренчин

                       Оролцогчид

                                Нэхэмжлэгчийн өмгөөлөгч                Г.Амартүвшин

                                Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар  оролцож,  Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан, 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 563 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн давж заалдах гомдлоор Л.Байгалмаагийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд холбогдох  “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх” тухай иргэний хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Тодорхойлох нь:

      

 Нэхэмжлэгч Л.Байгалмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие нь Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд 2015 оны 06 дугаар сараас эхлэн нягтлан бодогч, бичиг хэргийн ажилтнаар ажилд орсон. Гэтэл 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 12 дугаартай Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын тушаал гарч ажлаас чөлөөлснийг зөвшөөрөхгүйн улмаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Тус тушаалд дурьдсанаар намайг чөлөөлсөн үндэслэл нь бичиг, хэрэг шатахуун, цалингийн зардлыг хугацаанд нь шилжүүлээгүй, эрүүл мэнд нийгмийн даатгалын тайланг хугацаанд нь баталгаажуулан хүргүүлээгүй, мөн ажил тасалсан гэж үзсэн байна.

Миний бие нь өөрийн ажлын байранд заагдсан үүргээ хангалттай сайн биелүүлж байсан ба ямар нэгэн байдлаар хангалтгүй биелүүлсэн гэсэн үнэлгээ авч байгаагүй ба дээрх ажлуудыг бүгдийг цаг тухайд нь хийж байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг баримталсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Миний бие нь 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд эмчилгээ хийлгэсэн ба энэ баримтууд нь бүгд байгаа. Энэ талаар дарга Дархижавт хэлэхэд өмнөөс ... саальчин хүн саалиа орхиод үхдэггүй, чи ажилдаа ир...гэсэн. Тиймэээс намайг үндэслэлгүйгээр ажил тасалсан гэж үзэх үндэслэл байхгүй.

Иймд тус шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах /шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны/ нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж байна” гэжээ.

 

         Хариуцагч Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны дарга Б.Дарихжав шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

         Тус байгууллага нь улсын байцаагч, аудитын мэргэжилтэн гэсэн 6 орон тоотой батлагдсан төсөвтэй, нягтлан бодогч, бичиг хэргийн ажилтны орон тоо байдаггүй.  Ажлын ачааллаас болж орон тооны бус нягтлан бодогч, бичиг хэргийн ажилтныг тус тус 40 хувиар нийт 80 хувийн цалин, унаа, хоолны хөнгөлөлтийг 100 хувиар тооцон Л.Байгалмааг 2015 оны 06 дугаар сараас 2 жил гаруй хугацаанд ажиллуулсан. Л.Байгалмаа нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн учир орон тооны бус ажлаас нь чөлөөлсөн. Л.Байгалмаагийн гаргасан зөрчлийн талаар дурьдахад:

1. Мэдээ тайлан гаргаагүй, хугацаа хоцроосон: 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр аймгийн Санхүү төрийн сангийн хэлтсээс ирүүлсэн албан бичгийг гаргаж танилцуулаагүй, 06 дугаар сарын 20-ны өдөр аймгийн тамгын газраас шаардахад уг бичиг ирүүлсэнийг мэдэж, мэдээ тайланг нөхөн гаргасан ч хугацаа хоцроосон, Санхүү эдийн засгийн сайдын 2003 оны 49 тоот тушаалаар баталсан төсвийн гүйцэтгэлийн мэдээг сар бүрийн эцсийн өдрөөр тасалбар болгон дараа сарын 02-ны дотор харилцагч төрийн санд хүргүүлэх байсан боловч 06 дугаар сарын мэдээ өгөөгүй.

2. Л.Байгалмаа нь тус албанд нягтлан бодогч, архив-бичиг хэргийн ажилтан хийж байх хугацаандаа 2016 онд 28 ширхэг, 2017 оны 6, нийт 34 албан бичиг бүртгэлгүй дутагдуулсан, 2016 он, 2017 онд хийсэн байгууллагын хурлын тэмдэглэл дутуу хагас хөтөлсөн, хурлын тэмдэглэлийг хэвлэж бэлэн болго гэж өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь хэрэгжүүлээгүй.

3. Л.Байгалмаа нь 2017 оны 06 дугаар сарын 27-ны өглөө ажилдаа ирээгүй байсан, утас руу нь удаа дараа залгахад хариу өгөөгүй тул мэргэжилтэн Б.Эрдэнэчимэг, мэргэжилтэн А.Энх-Амгалан нарыг 2 өдөр гэр лүү нь явуулж дуудуулсан. Эхний хагас жил дуусах болсон тул шатахуун, бичиг хэргийн зардал шилжүүлэх шаардлагатай, байхад ирээгүй, албаны даргын хувьд залгахад утсаа авахгүй, удаа дараа салгаж байсан зэрэг зохисгүй үйлдлүүд гаргасан.

4.Мөн байгууллагын санхүү, бичиг хэргийн гол ажлыг эрхэлж байж хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ умартаж олон удаа бичлэг хийсэн, ажилтан Ц.Отгонбаярт миний хэлсэн яриа сонсгож асуудал үүсгэсэн.

5. Л.Байгалмаа нь 2017 оны 06 дугаар сард 3 хоног, 07 дугаар сард 4 хоног нийт 7 хоногийн ажил тасалсан гэх зэрэг

Хэл сураггүй алга болсон байсан ч албаны даргын зүгээс 2017 оны 06, 07 дугаар саруудын цалинг 100 хувь бүтэн бодож олгуулсан. Мөн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр амралтын өдрийн 18 хоногоор бодож 339.018 төгрөгийн цалинг данс руу нь шилжүүлсэн, ажиллаж байх хугацаанд унаа хоолны хөнгөлөлтийг 100 хувь олгож ирсэн, нийгмийн даатгалын дэвтрийг өөрөө шаардаж авсан учир ажилгүйдлийн тэтгэмжээ хөөцөлддөг гэж үзээд дэвтрийг хааж өгсөн. Ээлжийн амралтын цалинг нэмж бичилт хийж болно. Л.Байгалмаа нь ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилж байгаа, ажилд эгүүлэн тогтоолгох гэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна”  гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатын шүүх хэргийг 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд 563 дугаартай шийдвэрээр:

-Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Лхүндэвбалжирийн Байгалмааг Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож,   

-Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Сэлэнгэ аймгийн санхүүгийн хяналт аудитын албанаас 613.834 /зургаан зуун арван гурван мянга найман зуун гучин дөрвөн/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож,

-Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлд зохих өөрчлөлт оруулж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж

-Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас 89.265 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Сум дундын Иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг хүлээн авч танилцаад үндэслэлгүй гэж үзээд дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Нэг. Нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг тухайн байгууллагын нягтлан бодогч цахимаар эхэлж хүргүүлээд, байгууллагын даргаар хянуулан гарын үсэг зурсан, байгууллагын тамга дарсан баталгаажсан тайланг дараа сарын 05-ны дотор Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлэх ёстой байтал Л.Байгалмаагийн өгсөн байгууллагын даргаар хянуулаагүй, тамгагүй, гарын үсэггүй тайланг хавтаст хэрэгт өгснийг зөрчил гаргаагүй гэж шүүх үзэж шийдвэрлэсэн. 2017 оны 06 дугаар сарын Нийгмийн даатгалын тайлан манай байгууллагад байхгүй Л.Байгалмаа нь байгууллагад гаргаж өгөөгүй, нягтлан бодогч ажилтны үүргийг зөрчин албаны тайланг хувиараа Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн ажилтнаар тамга тэмдэг, даруулсан баримт ирүүлсэн байдлыг шүүх харгалзаж үзээгүй.

Хоёр. Л.Байгалмааг ажлаас чөлөөлөхдөө 2017 оны 07 сард 4 хоног тасалсан цалинг бүрэн олгосон нь Л.Байгалмаа орон тооны ажилтан биш тул тэтгэмж урамшуулал олгох боломжгүй, манай байгуллагын төсөвт тэтгэмж урамшууллын зардал байхгүй учраас цалингийн зардлаас тэтгэмж болгож 4 хоногийн цалинг чинь олгож байгаа гэдгийг өөрт нь ойлгуулж тохиролцсон.

Гурав. Л.Байгалмааг хохироосон, эрхийг нь зөрчсөн байдал гаргаагүй. 2017 оны ээлжийн амралтыг үндсэн хоногоор бодож олговрыг олгосон, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийсэн, Л.Байгалмаа ажилгүйдлийн даатгалын байгууллагаас тэтгэмжээ бүрэн авсан, энэ боломжоор нь  байгууллагаас хангаж өгсөн. Л.Байгалмаа нь хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, байгууллагын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, нягтлан бодогчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчиж баталгаажуулаагүй нийгмийн даатгалын тайланг шүүхэд гаргаж өгснийг шүүх хүлээн авч шийдвэрийн үндэс болгосон зэрэг нөхцөл байдлуудаас Л.Байгалмааг нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин олгох гэсэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 563 тоот шүүхийн шийдэврийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хянан үзэж өгөхийг хүсч байна. Л.Байгалмаа нь 2017 оны хурлын тэмдэглэлийг бичиж хөтөлдөг байсан, тухайн хурлаар Л.Байгалмааг ажилдаа ирдэггүй, өгсөн үүрэг даалгавар хийж гүйцэтгээгүй гэж протоколоор 3 удаа сануулсан хурлын тэмдэглэлийг албанд өгөөгүй тул шүүхэд өгөх хурлын тэмдэглэл байгаагүйг тодруулж байна” гэжээ.

 

                                                 Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч  Л.Байгалмаа нь Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд холбогдуулан  ажлаас үндэслэлгүй халагдсан тухай гомдол гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргасан байх ба анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг зөв тодорхойлж Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Хариуцагчийн давж заалдсан гомдлын дагуу хэргийг судлан үзвэл:  Ажил олгогч  нь Л.Байгалмааг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан  ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан  гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

 

Ажил олгогч нь ажлаас чөлөөлсөн үндэслэлээ ажилтан нь  удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хугацаанд нь хийж гүйцэтгээгүй, 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд ажил тасалсан, бичиг хэрэг, шатахуун, цалингийн зардлыг хугацаанд нь шилжүүлээгүй, эрүүл мэнд нийгмийн даатгалын 6 дугаар сарын тайланг хуулийн хугацаанд баталгаажуулан хүргүүлээгүй, хөдөлмөрийн гэрээний 5.1.3, 5.1.4 дахь заалтыг тус тус зөрчсөн, байгууллагын хэвийн үйл ажиллагаа явуулах бололцоог алдагдуулсан гэж тайлбарласан байна.

 

Хэрэгт авагдсан Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын 2017 оны 09 сарын 19-ний өдрийн 7/146 тоот албан бичиг, эмнэлгийн магадлагаа, эмнэлгийн 0957506 дугаартай хуудас зэргээс үзвэл  Л.Байгалмаа нь тайлан мэдээг хугацаа хоцроолгүй холбогдох байгууллагад ирүүлж байсан,  2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүртэл өвчний улмаас эмчилгээ хийлгэж байсан болох нь  тогтоогдсон байх ба ажилтан Л.Байгалмаа нь  хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын  дотоод журмыг хэрхэн зөрчсөн, тухайн зөрчлийг хэрхэн шалгаж шийдвэрлэсэн, байгууллагын удирдлагаас өгсөн ямар үүрэг даалгаврыг хэрхэн  биелүүлээгүй, түүний ямар буруутай үйлдлийн улмаас байгууллагын хэвийн үйл ажиллагаа хэрхэн алдагдсан зэрэг нь тодорхойгүй байгаа бөгөөд ажил олгогчоос энэ талаар  холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул хариуцагчийн татгалзлыг шүүх хүлээн авч шийдвэрлэх  боломжгүй юм.

 

   Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол  ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах зохицуулалт бөгөөд ийнхүү ажилтанд сахилгын болон хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон байхыг шаарддаг.

 

    Гэтэл ажил олгогч нь  ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай үндэслэлийг шалгаж тогтоогоогүй, сахилгын зөрчилд нь хуульд заасан арга хэмжээ аваагүй атлаа ажилтантай байгуулсан гэрээг өөрийн санаачилгаар цуцласан нь  буруу болжээ.

 

         Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хангаж  шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, шүүхийн шийдвэр нь  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийн хариуцагч нь давж заалдах гомдлын үндэслэлдээ  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4-д зааснаар анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах болон хяналтын журмаар шүүх түүнийг үнэлэхгүй гэж заасан тул хариуцагчийн давж заалдах гомдолтой хамт ирүүлсэн 2 хуудас бичгийн нотлох баримтыг давж заалдах шатны шүүх үнэлээгүй болно.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг  дахь  Сум дундын иргэний хэрийн сум дундын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 563 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Хариуцагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй. 

 

                                  ДАРГАЛАГЧ                   Б.БАТЗОРИГ

                                 ШҮҮГЧИД                       С.ЭНХЖАРГАЛ

                                                                          Г.ДАВААРЕНЧИН