Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 564

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: “Сэнтрал Ашиан Файнаншиал Сэрвисэс ББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг гэх, “Баян-Ундрага” ХХК  /регистрийн дугаар 2054434 /-д холбогдох

 “Зээл болон түүний хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 358.984.293 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтантулга, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Шаравнямбуу, нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтантулга шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

 ... Манай ББСБ нь 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр “Баян-Ундарга” ХХК, түүнийг төлөөлөн захирал Ё.Саранцэцэгтэй №2016/33 тоот зээлийн гэрээ мөн №2016/22 тоот зээлийн барьцааны гэрээ байгуулсан ба гэрээний дагуу Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум 3 дугаар баг, Давст Хутаг Өндөр талын нуруу хаягт байрлах 1080.9 га газар тариалангийн зориулалттай газар барьцаалж, 245.000.000 /хоёр зуун дөчин таван сая/ төгрөгийн зээлийг 10 /арав/-н сарын хугацаатай олгосон.

Манай байгууллага зээлийн гэрээний 3.3.3-т заасны дагуу зээлээ төлөх шаардлагыг удаа дараа тавьсан боловч “Баян-Ундарга” ХХК нь будаа хатаагүй нойтон байна, ургац хураалт удаашралтай, цас орсон зэрэг шалтгаанууд хэлэн графикийн дагуу төлөлгүй зээл болон зээлийн төлөлтийг хойшлуулсаар ирсэн.

2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 222.7, Зээлийн гэрээний 2.7, 4.1.1, 4.1.2 заалтуудыг үндэслэл болгон үндсэн зээл болох 245.000.000 /хоёр зуун дөчин таван сая/ төгрөг, тухайн хүү болох 101.286.668 /нэг зуун нэг сая хоёр зуун наян зургаан мянга зургаан зуун жаран найман/ төгрөг, хуримтлагдсан хүү 6.766.666 /зургаан сая долоон зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5.930.959 /таван сая өсөн зуун гучин төгрөг есөн зуун тавин ес/ төгрөг, нийт 358.984.293 төгрөгийг нэхэмжилж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлд зааснаар хариуцагч 14 хоногийн дотроо хариу тайлбараа ирүүлээгүй байгааг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж үзэх үндэслэл болно.

Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгөхийг хүсье! гэжээ. 

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэхь хэсэг заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Сэнтрал Ашиан Файнаншиал Сэрвисэс ББСБ” ХХК нь хариуцагч “Баян-Ундрага” ХХК-аас 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 358.984.293 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ.

 Хариуцагч Ё.Саранцэцэг нь нэхэмжлэлийн хувийг 2017 оны 08 сарын 21-ний өдөр гардаж авсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна. 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзвэл: Шүүх “Сэнтрал Ашиан Файнаншиал Сэрвисэс ББСБ” ХХК-ний “Баян-Ундрага” ХХК-нд холбогдуулан 358.984.293 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчийг нэхэмжлэлийн хувь гардаж авах талаар 2017 оны 7 дугаар сарын 08,16,18-ны өдрүүдэд хариуцагчийн 99248383 дугаарт утсаар мэдэгдэж, түүнийг 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд дуудан ирүүлж, энэхүү нэхэмжлэлийн хувийг 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хариуцагчид гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг нь түүнд мөн өдөр тайлбарлан танилцуулсан байна.

Мөн хариуцагч Ё.Саранцэцэг 2017 оны 10 сарын 19-ний өдрийн 14 цаг 30 минутад зарлагдсан шүүх хуралдааны товыг 2017 оны 10 сарын 12-ны өдөр мэдэж шүүх хуралдааны мэдэгдэх хуудсанд гарын үсгээ зурж, хэргийн материалтай танилцсан байна.

Хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүргийг тайлбарлан өгч, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр нэхэмжлэлд тайлбар өгөөгүй, анхан шатны шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн хүсэлтээр хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42, 72, 100 дугаар зүйлүүдэд нийцнэ гэж шүүх үзлээ.

 Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч “Сэнтрал Ашиан Файнаншиал Сэрвисэс ББСБ” ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1,453.1 дэхь хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.

 Учир нь: Зээлдэгч “Баян-Ундрага” ХХК нь 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 2016/33 тоот зээлийн гэрээ байгуулан “Сэнтрал Ашиан Файнаншиал Сэрвисэс ББСБ” ХХК-аас 245.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалтын  зээлийг 10 сарын хугацаатай, сарын 4 хувь, жилийн 48 хувийн хүүтэйгээр, зээлийн гэрээний хавсралт 1-д заасан төлбөрийг хуваарийн дагуу эргэн төлөх нөхцөлтэйгээр, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар баг, Давст Хутаг Өндөр талын нуруу хаягт байрлах 1080.9 га газар тариалангийн зориулалттай газар эзэмших эрхийн №000313310 дугаартай гэрчилгээтэй, 170103174 нэгж талбарын дугаар бүхий  газрыг барьцаалан  зээл авсан болон  уг зээлийг графикийн дагуу төлөгдөөгүй, 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээл 245.000.000 төгрөг, зээлийн хүү 101.286.668 төгрөг, хуримтлагдсан хүү 6.766.666 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5.930.959 төгрөг нийт 358.984.293 төгрөгийг төлөөгүй,  гэрээний дагуу үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй болох нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар, зохигчдын хооронд байгуулсан 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 2016/33 тоот Зээлийн гэрээ, 2016/22 тоот зээлийн барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг баримтуудаар тогтоогдож байна. 

Зохигчдийн хооронд байгуулагдсан гэрээ нь “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэхь хэсэгт заасан зарчимд нийцсэн, зээлдэгч, зээлдүүлэгч тал гэрээнд гарын үсэг зурж, талууд хүсэл зоригоо илэрхийлж, гэрээ хүчин төгөлдөр болсон, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэхь хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд нь буцаан төлөх үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбар, 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2017/46 тоот мэдэгдэл зэргээр тогтоогдлоо.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэхь хэсэгт зааснаар “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, 452 дугаар зүйлийн 452.1 дэхь хэсэгт зааснаар “Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно” гэж, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэхь хэсэгт зааснаар “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” бөгөөд зээлдэгч үүргээ биелүүлээгүй болох нь шүүх хуралдаанд тайлбарласан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, зээлийн эргэн төлөлтийн график зэргээр тогтоогдож байх тул хариуцагч “Баян-Ундрага” ХХК нь үндсэн зээл 245.000.000 төгрөг, тухайн хүү 101.286.668 төгрөг, хуримтлагдсан хүү 6.766.666 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5.930.959 төгрөг, нийт 358.984.293 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна. Дээрх 2016/33 дугаартай гэрээний 2.1.1-т “зээлийн хүү жилийн 48 хувь, сарын 4 хувь, нэмэгдүүлсэн хүү 20 хувь” гэж тооцохоор, тохиролцсон нь хуульд харшлаагүй байна.

Мөн хариуцагч “Баян-Ундрага” ХХК нь шүүхэд хариу тайлбар, татгалзал гаргаагүй, нэхэмжлэлийн шаардлагатай маргаагүй тул үйл баримтыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч “Баян-Ундрага” ХХК-аас 358.984.293 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Сэнтрал Ашиан Файнаншиал Сэрвисэс ББСБ” ХХК олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1.952.871 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний  Хуулийн  451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Баян-Ундрага” ХХК-аас 358.984.293 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Сэнтрал Ашиан Файнаншиал Сэрвисэс ББСБ” ХХК-нд  олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.952.871 төгрөгийг орон нутгийг орлогод хэвээр үлдээж, “Баян-Ундрага” ХХК-наас 1.952.871 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Сэнтрал Ашиан Файнаншиал Сэрвисэс ББСБ” ХХК-нд  олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн 119.3 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар 119.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг зохигч гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, түүний өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.МӨНХЗУЛ