Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2018/00536

 

С А Ф С ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэнийхэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 564 дугаар шийдвэртэй,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 54 дугаар магадлалтай,

С А Ф С- ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Б У- ХХК-д холбогдох,

Зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү 358.984.293 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгч Ё.Саранцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтантуяа, өмгөөлөгч Ч.Шаравнямбуу, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтантулгын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Манай ББСБ нь 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Б У-ХХК, түүнийг төлөөлөн захирал Ё.Саранцэцэгтэй №2016/33 тоот зээлийн гэрээ мөн №2016/22 тоот зээлийн барьцааны гэрээ байгуулсан ба гэрээний дагуу Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум 3 дугаар баг, Давст Хутаг-Өндөр талын нуруу хаягт байрлах 1080.9 га тариалангийн зориулалттай газар барьцаалж, 245.000.000 төгрөгийн 10 сарын хугацаатай олгосон. Зээлийн гэрээний 3.3.3-т заасны дагуу зээлээ төлөх шаардлагыг удаа дараа тавьсан боловч Б У-ХХК нь будаа хатаагүй нойтон байна, ургац хураалт удаашралтай, цас орсон зэрэг шалтгаанууд хэлэн графикийн дагуу төлөлгүй зээл болон зээлийн төлөлтийг хойшлуулсаар ирсэн. 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 222.7, Зээлийн гэрээний 2.7, 4.1.1, 4.1.2 заалтуудыг үндэслэл болгон үндсэн зээл 245.000.000 төгрөг, хүү 101.286.668 төгрөг, хуримтлагдсан хүү 6.766.666 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5.930.959 төгрөг, нийт 358.984.293 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 564 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б У- ХХК-аас 358.984.293 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С А Ф С- ББСБ ХХК-нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.952.871 төгрөгийг орон нутгийг орлогод хэвээр үлдээж, Б У- ХХК-аас 1.952.871 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С А Ф С- ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 54 дугаар магадлалаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 564 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар Б У-ХХК-аас 358.984.293 төгрөгийг гаргуулан С А Ф С- ББСБ ХХК-нд олгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шйидвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б У-ХХК нь давж заалдах гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2058 дугаартай шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч Ё.Саранцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Хариуцагч нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан ба шалтгаан нь өвчний улмаас Улаанбаатар хотод шинжилгээ яаралтай өгөх шаардлагатай болсон. Энэ тухай холбогдох эмнэлэгийн баримтыг хүсэлттэйгээ цуг өгсөн байхад намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж манай компаниас 358.984.293 төгрөгийг гаргуулахаар болсонд гомдолтой байна. Хэдийгээр нэхэмжлэгч болон хариуцагч талуудын хооронд зээлийн гэрээ хийгдсэн боловч зээлтэй холбоотой баримтуудыг шүүх хуралдаан дээр гаргаж өгөх байсан ба нотлох баримт гаргаж эрхийг мөн хуульд зааснаар талууд эрх тэгшээр мэтгэлцэх, шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох эрхийг тус тус хангалгүйгээр илт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Гэтэл шүүхийн шийдвэрт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй гэж эзгүйд шийдвэрлэж байгаа нь хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болж байна. Өвчин зовлон хүнд хэлж ирдэггүй болохоор миний бие нь анхан шатны шүүх хуралдаан дээр эмнэлэгийн бичгээ явуулсаар байхад шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй гэж дүгнэж байгаад гомдолтой байна. Мөн хариу тайлбар өгөөгүй тул маргаангүй хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна гэжээ. Миний бие нь иргэний хэрэг үүсгэсний дараа шүүхэд гомдлоо өгч энэ талаар бүрэлдэхүүнтэй шүүхийн шүүх шийдвэр гарсанаас хойш намайг ямар нэгэн байдлаар тайлбар өг гэж хэлээгүй, гомдолтой байгаа нь миний данс битүүмжилсэн захирамжийг эс зөвшөөрсөн тайлбараар харагдаж байхад огт тайлбар өгөөгүй, маргаангүй гэж үзэж байгаад гомдолтой байна. Хэрвээ намайг хариу тайлбар өгөөгүй гэж үзэж байгаа юм бол ядаж шүүх хуралдаанд суух эрхээр хангах ёстой байсан.

Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэргийг хэлэлцүүлж үндсэн хууль болон бусад хуульд заасан мэтгэлцэх эрхээр хангах эрхийг минь эдлүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

С А Ф С- ББСБ ХХК нь Б У- ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 358.984.293 төгрөг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С А Ф С- ББСБ ХХК, хариуцагч Б У- ХХК-ийн хооронд 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр зээлдэгч нь газар тариалангийн зориулалтаар 245.000.000 төгрөгийг 10 сарын хугацаатай, жилийн 48 хувийн хүүтэйгээр зээлийн төлбөрийг хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд 20 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон нь тогтоогдсон байна.

Дээрх гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ бөгөөд уг гэрээ хүчин төгөлдөр болох, хариуцагч зээлийг хуваарийн дагуу хэсэгчлэн төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ  зөрчсөн талаархи хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөхгүй ба анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн атлаа тухайн шаардлагын эрх зүйн үндэслэлийг зохицуулсан хуулийг баримтлаагүйг давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж зассан нь үндэслэл бүхий болжээ.

Зохигчийн хооронд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум 3 дугаар баг, Давст Хутаг-Өндөр талын нуруу хаягт байрлах 1080.9 га тариалангийн зориулалттай газар барьцаалж гэрээ байгуулсан боловч нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргаагүй тул барьцааны  гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар шүүх дүгнэлт өгөөгүйг дурдах нь зүйтэй.

Хариуцагчийн төлөөлөгч Ё.Саранцэцэг нь 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, эрх үүрэгтэй танилцсан хэдий ч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-т заасан хугацаанд явагдсан, хариуцагч нь энэ хугацаанд мэтгэлцэх бүрэн боломжтой байсан, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Түүнчлэн хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэж, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг зөрчөөгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул нотлох баримт гаргах, шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох, мэтгэлцэх эрхийг хангаагүй гэх хариуцагчийн төлөөлөгч Ё.Саранцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.

Дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 54 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 38 дугаар захирамжаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 1.952.871 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ