Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 551

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би Ч.Бямба-Эрдэнийн нэхэмжлэлтэй Ч.Бадарчид холбогдох “Хөршийн хилийн заагийг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй танилцаад:

 

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Нэхэмжлэгч Ч.Бямба-Эрдэнэ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

           ... Иргэн Ч.Бямба-Эрдэнэ би одоогийн оршин сууж байгаа 2 дугаар баг, 2-36 тоот хашаанд 30 гаруй жил амьдарч байна. Одоогоос 10 орчим жилийн өмнөөс хөрш зэргэлдээ Чойсүрэнгийн Бадарч гэх айл нүүж ирсэн. Улмаар манай хашааны хаалгыг хааж хашааг маань 2 тал хашаа барьж эхэлсэн. Би энэ үеэс эхлэн хашааны хаалга хааж таглаж болохгүй гэж удаа дараа хэлж байсан.

Ингээд хашааны хаалгыг хааж хашаа барьсан. Бид энэ талаар Сэлэнгэ аймгийн газрын албаныханд удаа дараа хандсанаар 2012 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр бид хоёрыг байлцуулан тохиролцоо хийлгэж тэмдэглэгээ хийсэн. Уг тохиролцоогоор Ч.Бямба-Эрдэнэ манай хашааны хаалгыг гаргахаар тохиролцсон.    

Харин хөрш Ч.Бадарч нь газар эзэмших, ашиглах журмын дагуу дээрх тохиролцооноос буцаж одоо бидний хохироосоор байна.

Хөршийн хил заагийг тодорхой болгож, хашааны хаалгаа нээж чадаагүйтэй холбоотойгоор маш их хохирол, эрсдэл бий болгох байдалтай байна.

Үүнд гэнэтийн шаардлагатай үед түргэн тусламж, гал команд, онцгой байдлын болон нүүлгэлт, бараа ачаа тээш зөөвөрлөх, орой өдөр хүмүүс орж гарах гэх зэрэг асуудал бий болоход байнга хүндрэл гарсаар байна.

Иймд Ч.Бадарч бидний тохиролцсоны дагуу хашааны хаалга гаргаж бидний хууль ёсны эрхийг сэргээж өгнө үү! гэжээ.

 

            Нэхэмжлэгч Ч.Бямба-Эрдэнэ, хариуцагч Ч.Бадарч нар нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

           ... Хариуцагч Ч.Бадарч нь шүүхэд гаргасан тайлбартаа: Ч.Бямба-Эрдэнийн нэхэмжлэлтэй Ч.Бадарчид холбогдох хөршийн хилийн заагийг тогтоолгох тухай иргэний хэрэгт дараах байдлаар эвлэрч байна.

              Сэлэнгэ аймгийн 2 дугаар баг, 2 дугаар хэсэг, 037 тоотод амьдран суудаг Ч.Бадарч хөрш айлын Ч.Бямба-Эрдэнэ бид хоёрын хэлэлцээрийн дагуу хашааны хаалгыг гаргаж өгч 4.5 м2 газрыг өгөөд Ч.Бямба-Эрдэнээс 4.5 м2 газар авахаар тохиролцлоо. 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гэхэд хашааны хаалга гаргаж өгнө гэжээ.

            ... Нэхэмжлэгч Ч.Бямба-Эрдэнэ нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ч.Бадарчийн хашаанаас 4.5 м2–ийн хэмжээтэй хашааны гудамж гаргуулахаар тохиролцлоо.

              Ч.Бямба-Эрдэнэ миний бие нь 4.5 м2 газрыг өөрийн эзэмшлийн газраас Ч.Бадарчид өгөхөөр тохиролцлоо.

 

                                                            Эвлэрлийн гэрээ байгуулсан:

              Нэхэмжлэгч: Ч.Бямба-Эрдэнэ                                   Хариуцагч Ч.Бадарч гэжээ.

 

                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

             Нэхэмжлэгч Ч.Бямба-Эрдэнэ нь хариуцагч Ч.Бадарчаас хөршийн хилийн заагийг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

             Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж  нэхэмжлэлийн шаардлага болох хөршийн хилийн заагийг тогтоож, хашааны хаалга гаргуулахаар Ч.Бадарч нь Ч.Бямба-Эрдэнэд 4.5 м2-ийн хэмжээтэй хашааны хаалгыг 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гэхэд гаргаж өгч Ч.Бямба-Эрдэнээс 4.5 м2 хэмжээтэй газар авахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь хуулинд харшлаагүй, гуравдагч этгээдийн хууулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг  хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж болох 70.200 төгрөгийн тал хувь 35.100 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, улсын тэмдэгтийн хураамж болох 70.200 төгрөгийн тал хувь 35.100 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг болохыг дурьдсугай.

                           

                                       

                                               ШҮҮГЧ                          Б.МӨНХЗУЛ