Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2020/00697

 

З-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 153/ШШ2019/00166 дугаар шийдвэр,

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 28 дугаар магадлалтай,

З-ийн нэхэмжлэлтэй,

М.Б-д  холбогдох,

8 306 690 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, өмгөөлөгч Д.Э нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн М.Б нь тус ангийн хүнсний няраваар ажиллаж байх хугацаандаа удаа дараа хүнсний зүйл илүү зарлагадах дутагдуулах зэргээр байгууллагын эд хөрөнгийг дутагдуулж байсан. 2017 оны баримтын шалгалтаар хүнсний бараа материалын тооллого хийхэд 1 500 000 төгрөгийг илүү зарлагадсан, мөн 59 582 000 төгрөгийн хүнсний материал дутагдуулсан тооцоо гаргасан. 2017 оны 12 дугаар сарын 30-ны байдлаар дутагдуулсан хүнсний материалаас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр 51 087 758 төгрөгийн хүнсний материалын үнэ хасагдаж 3 865 760 төгрөгийн төлбөр барагдуулаагүй. Мөн 4 628 500 төгрөгийн хүнсний материалын үнийг төлөөгүй. Илүү зарлагадсан хүнсний материалын үнээс 7 034 800 төгрөгийг төлж 3 680 190 төгрөгийг төлөөгүй тул нийт 8 308 650 төгрөгийг барагдуулж, анги байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Няраваар ажиллаж байхдаа байгууллагын эд хөрөнгийг завшаагүй, үрэгдүүлээгүй бөгөөд хүнсний материал илүү зарлагдсан болон дутагдуулсан талаарх гэм бурууг тогтоосон шүүхийн шийдвэр байхгүй болно. Зийн нэхэмжлэлд дурдсан хүнсний материал илүү зарлагдсан болон дутагдуулсан асуудал нь тухайн ангид алба хаасан болон хааж буй нэр бүхий удирдах, гүйцэтгэх албан хаагч нарт хамааралтай бөгөөд хариуцагч М.Бт хамааралгүй.

Гэтэл Зийн захирагч М.Быг няравын ажлаас нь үндэслэлгүйгээр халсан тул ажилд эгүүлэн тогтоолгохоор танай шүүхэд гомдол гаргасан. Иймд Зийн М.Баас 8 308 690 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 153/ШШ2019/00166 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 229 дүгээр зүйлийн 229.1-д заасныг баримтлан хариуцагч М.Баас 3 680 190 /гурван сая зургаан зуун наян мянга нэг зуун ер/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Зид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 628 500 /дөрвөн сая зургаан зуун хорин найман мянга таван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Зи нь улсын тэмдэгтийн хураамж 147 889 /нэг зуун дөчин долоон мянга найман зуун наян ес/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч М.Баас улсын тэмдэгтийн хураамж 73 834 /далан гурван мянга найман зуун гучин дөрөв/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 28 дугаар магадлалаар: Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 153/ШШ2018/00166 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Зийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Бд холбогдох 8 308 690 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, хариуцагч М.Бд буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, өмгөөлөгч Д.Э нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангаагүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн гэдэг үндэслэлээр гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг ноцтой зөрчсөн.

Давж заалдах шатны шүүх маргааны агуулгыг буруу тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Нэг. Шүүхийн магадлалын үндэслэх хэсэгт: “Анхан шатны шүүх хариуцагч М.Б нь Ховд аймгийн Прокурорын газрын 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 5/12 дугаартай “хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоолд гомдол гаргаагүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байна” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагаас 3 680 190 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 14-т “гэм буруутай нь хуулийн дагуу нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж заасан тул хариуцагчийн гэм буруутай болох нь прокурорын тогтоолоор тогтоогдсон гэж үзэхгүй.

Анхан шатны шүүх хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан прокурорын тогтоолоор хариуцагчийн гэм буруу нь тогтоогдсон, уг тогтоолд гомдол гаргаагүй нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэтээр дүгнэсэн нь буруу байна.

Мөн хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан прокурорын тогтоолд дээд шатны прокурорт гомдол гаргах эсэх нь М.Бын хуульд заасан эрхээ эдлэх тухай ойлголт юм. Гэтэл хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүйн төлөө гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэх нь хууль зүйн үндэслэлгүй юм гэж дүгнэсэн нь Эрүүгийн эрх зүй, Иргэний эрх зүйн ойлголтуудыг хольж хутган, маргааны агуулгад хууль зүйн үндэслэлтэй, бодитой дүгнэлт хийгээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Хариуцагч М.Б нь Зийн хүнсний няраваар ажиллаж байх хугацаандаа хүнсний зүйл илүү зарлагадсан, дутагдуулсан болох нь дотоодын хяналт шалгалт болох хэрэгт авагдсан Зийн санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудитын шалгалт хийсэн тухай актын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Зэвсэгт хүчний жанжин штабын 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 15/4419 дугаартай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрчүүдийн мэдүүлэгүүд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдог.

Ховд аймгийн прокурорын газрын 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 5/17 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” прокурорын тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад: “Зи нь байгууллагад учирсан гэх 4 628 500 төгрөгийг иргэн С.Алтансүх, Д.Цэдэвсүрэн, Ц.Золбаяр, Д.Авирмэд, Ч.Мягмар нараас, 3 680 190 төгрөгийг иргэн М.Баас тус тус гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсан.

Хариуцагч М.Б нь дээрх тогтоолд гомдол гаргаагүй нь Зид хүнсний няраваар ажиллаж байхдаа дутагдал гаргаснаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Нэхэмжлэгч Зи нь хариуцагч М.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар маргаагүй. Тус ангид хүнсний няраваар ажиллаж байхдаа удаа дараа хүнсний зүйл илүү зарлагадах, дутагдуулах зэргээр байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсныг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Давж заалдах шатны шүүх хариуцагч М.Бын байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан талаарх иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд үүссэн маргааны агуулгад дүгнэлт хийгээгүй атлаа хариуцагч М.Бын гэмт хэрэг үйлдсэн эсэх, гэм буруугийн талаар дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Хоёр. Шүүхийн магадлалын үндэслэх хэсэгт: “Хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээний 1.13 дахь хэсэгт “ажилтан М.Б нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээхээр” заасан боловч ямар тохиолдолд бүрэн хариуцлага хүлээхийг талууд тодорхой тохиролцсон байна. Тухайлбал уг заалтын тайлбар хэсэгт “эд хариуцагч нь эд хөрөнгийг санаатай устгасан, гэмтээсэн, муутгасан, хууль бусаар захиран зарцуулсан, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирол учруулсан үйлдэл нь гэмт хэрэг болохыг тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд бүрэн хариуцлага хүлээх”-ээр талууд тохиролцжээ. Гэтэл хэрэгт хариуцагч М.Б нь гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй байна. Мөн ажил олгогч нь ажилтантай байгуулсан эд хөрөнгийн бүрэн эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байхгүй тул хариуцагчаас төлбөр гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.4-т “ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэж болохгүй” гэж заасан байна.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн заалтыг зөрчиж, хэтэрхий нэг талыг барьж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

М.Б нь Зид ажиллаж байхдаа байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.13 дэх заалтад эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээхээр тусгагдсан ба “эд хариуцагч нь эд хөрөнгийг санаатай устгасан, гэмтээсэн, муутгасан, хууль бусаар захиран зарцуулсан, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирол учруулсан бол эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх”-ээр заасан бөгөөд М.Б нь хөдөлмөрийн гэрээний энэ заалтыг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан.

М.Б нь хүнсний зүйлийг илүү зарлагадах, дутагдуулах зэргээр хууль бусаар захиран зарцуулсан болох нь дотоодын хяналт шалгалт болон хэрэг бүртгэлтээр нотлогдон тогтоогдсон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2-т “Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх”-ээр хууль тогтоомжид заасан, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.4-т “Ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй” гэж хуульчилжээ.

Нэхэмжлэгч Зи, хариуцагч М.Б нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээхээр тусгасан байхад давж заалдах шатны шүүх хариуцагч М.Бт эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Иймд Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дугаар сарын 17-ны өдрийн 153/ШШ2019/00166 дугаартай шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 сарын 11-ний өдрийн 28 дугаартай магадлалыг хянан үзэж, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Зи М.Бд холбогдуулан 8 306 690 төгрөгийг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2017 оны баримтын шалгалтаар байгууллагын хүнсний нярав М.Б нь хүнсний материал илүү зарлагадсан, 59 582 008 төгрөгийн хүнсний материал дутагдуулсан тооцоо гарсан. Үүнээс баримтын бүрдлээр 51 087 748 төгрөгийн хүнсний материалын үнээс хасагдаж, 3 865 760 төгрөгийн төлбөр барагдуулж, 4 628 500 төгрөгийн хүнсний материалын үнийг төлөөгүй, илүү зарлагадсан хүнсний материалын үнээс 7 034 850 төгрөгийг төлж, 3 680 190 төгрөгийг төлөөгүй тул нийт 8 308 690 төгрөгийг гаргуулж, байгууллагыг хохиролгүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна....” гэж тайлбарлажээ.

Хариуцагчаас: “...дээрх хохирол нь Зид тухайн үед ажиллаж байсан удирдлагуудын үйл ажиллагаатай холбоотой, М.Бт хамааралгүй болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн дүгнэлтээр тогтоогдсон тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 229 дүгээр зүйлийн 229.1.-д зааснаар хариуцагчаас 3 680 190 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, өмгөөлөгч Д.Э нараас хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...шүүх маргааны агуулгыг буруу тодорхойлсон, ...нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлээгүй, ...хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн... тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэжээ.

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 4 628 500 төгрөгийн нэхэмжлэлд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ үндэслэл бүхий дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх ба харин 3 680 190 төгрөгийн шаардлагад холбогдох маргааныг шийдвэрлэхдээ нотлох баримт үнэлэх болон хууль хэрэглээний алдаа гаргажээ.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар нэхэмжлэгч талын гомдлыг хангах үндэстэй байна.

Анхан шатны шүүх хариуцагчаас 3 680 190 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч талуудын хооронд үүссэн маргаантай харилцааг зөв тодорхойлоогүйгээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс хэрэгт цугларсан баримтыг үндэслэл бүхий үнэлээгүй байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах замаар хяналтын шатны шүүхээс алдааг засч, хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч М.Б нь Зид 2006 оноос 2017 оны 05 дугаар сар хүртэл няраваар ажиллаж, хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажил үүргээ гүйцэтгэж байсан, зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үйлчилж байсан талаар талууд маргаагүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1.-д хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад өөрийн  буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр хариуцлага хүлээлгэнэ гэжээ.

Хариуцагч М.Б нь хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад өөрийн буруугаас байгууллагад 3 680 190 төгрөгийн хохирол учруулсан нь Ховд аймгийн Прокурорын газрын 2018 оны 03 дугаар сарны 12-ны өдрийн 5/12 тогтоолоор тогтоогдсон гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2. дахь заалтыг зөрчөөгүй тул буруутгах үндэслэлгүй байна.

Харин анхан шатны шүүх хариуцагчийн гэм буруутай үйлдэл гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэх үндэслэлээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. дэх хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэсэн нь үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, маргаантай харилцааг зохицуулсан хуулийн заалтыг оновчтой сонгон хэрэглээгүй байна.

Давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн хөдөлмөрийн маргааны харилцааг зөв тодорхойлсон боловч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн үнэлээгүй тул магадлал хуулийн үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.-д “...ажилтан энэ хуулийн 135 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээнэ...” гэж, 135 дугаар зүйлийн 135.1.2.-т “хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээхээр хууль тогтоомжид заасан бол эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ гэж, 135.7.-д ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй гэжээ.

Байгууллагын нярав нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх албан тушаалтан бөгөөд ажил олгогчоос ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 1.13-т ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээхээр заасан тул ажил олгогч ажилтны хооронд эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Харин талууд гэрээний дээрх заалтад “...ажилтны хохирол учруулсан үйлдэл нь гэмт хэрэг болохыг тогтоосон шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсон тохиолдолд бүрэн хариуцлага хүлээнэ” гэж тухайлан тодорхойлсон нь хуульд нийцээгүй байхад давж заалдах шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйн улмаас хариуцагч нь гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй байна гэх үндэслэл зааж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу болжээ.

Ажилтны эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх үндэслэл нь түүний буруутай үйлдлээс байгууллагад  хохирол учирсан байхыг шаардах бөгөөд энд тухайн үйлдэл нь гэмт хэрэг болох, эсхүл гэм буруутай болохыг шүүхээр тогтоосон байхыг шаардахгүй.

Хариуцагч М.Б Зид хүнсний няраваар ажиллаж байхдаа хүнсний бүтээгдэхүүнийг илүү зарлагадсанаас байгууллагад 3 680 190 төгрөгийн хохирол учруулсан нь хэрэгт цугларсан дотоодын хяналт шалгалт, Прокурорын тогтоол, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдсон тул тэрээр хохирлыг бүрэн хариуцах үүрэгтэй гэж үзлээ.

Иймд  дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 28 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 153/ШШ2019/00166 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 229 дүгээр зүйлийн 229.1.-д зааснаар...” гэснийг “Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2.-т зааснаар...” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, өмгөөлөгч Д.Э нарын гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД