Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 96

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Батбаяр,

Улсын яллагч Н.Анхбаяр,

Хохирогч Д.Очирбат, 

Хохирогчийн өмгөөлөгч Д.Хувцагаан, 

Шүүгдэгч У.Мягмар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Мандах нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тариачин овогт Улаанхүүгийн Мягмарт холбогдох эрүүгийн 201624000663 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1995 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Нуурын 7-р байр 64 тоотод бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага наран 13-72 тоотод оршин суух, хэрэгт холбогдох үедээ “ Эрдэнэ зам “ ХХК-д замчин ажилтай байсан, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: АБ95072518 /  Тариачин овогт Улаанхүүгийн Мягмар нь:

-2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 13 цагийн үед Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр “ Судалт ” төвийн зүүн талын замын зорчих хэсэгт 07-06 УНЦ улсын дугаартай Toyota Carina маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 ” Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган  зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө ”...гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Очирбатыг мөргөж бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                 

  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд  / хх 5-8 /

Хохирогч Д.Очирбат мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: 2016 оны 07 дугаар сарын 09-ний  өдөр 12 цагийн үед гэрээсээ гараад 32-н тойргийн ойролцоо хүнтэй уулзчихаад буцаад гэр рүүгээ харих гээд 32-н тойргийн “ Судалт “ төвийн харалдаа ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш явган хүний гарцаар хөндлөн гарч явсан. Тэгээд урдаас хойшоо явах чиглэлийг зорчих хэсэг рүү ороод алхаж байтал нэг машин тулаад ирсэн. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Нэг мэдсэн чинь Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр ирчихсэн байсан. Толгой өвдөөд босож чадахгүй байсан. Би гэрээсээ гараад 32-н тойргийн ойролцоо хүнтэй уулзахдаа 1 шил 0.5 граммтай архи дэлгүүрээс аваад очиход тэнд 5 эрэгтэй хүн байсан. Тэгээд би авсан архиа гаргаад бүгдэд нь амсуулсан. Би өөрөө ганц жижиг хундага уусан. Би ганцаараа явсан. Одоо барагцаагаар эмчилгээний зардалд 1.100.000 орчим төгрөг зарцуулаад байна. Энэ мөнгөнөөс жолооч хүү 400.000 гаруй төгрөг өгчихөөд байгаа. Миний зүгээс 8 сая төгрөг нэхэмжилж байгаа ба сэтгэл санааны хохирол багтаж байгаа гэжээ. / хх 17-18 /

Гэрч Н.Баасанхүү мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: …Бид хоёр 2014 онд гэр бүл болсон. Одоо 1 хүүхэдтэй. Энэ автомашины гэрчилгээ манай аав Нямлхагвын эгч Дэжиднямын хүү Чимэддагвын нэр дээр байгаа. Гэхдээ энэ автомашиныг Чимэддагваас 2016 оны 05 дугаар сард 3.500.000 төгрөгөөр худалдаж аваад 2.000.000 төгрөгийг төлчихсөн. Одоо 1.500.000 төгрөг дутуу болохоор гэрчилгээгээ шилжүүлж аваагүй байгаа. Чимэддагватай ямар нэгэн гэрээ байгуулаагүй, амаараа ярилцаж тохирсон гэжээ. / хх 33-35 / 

Камирын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд:

Нэгдүгээр бичлэг: ch22_20160709132900.mp4 гэсэн нэртэй байна. Бичлэг нь 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 13 цаг 28 минут 58 секунтаас эхэлж байна.  Бичлэгт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны 32-н уулзвар дээр байрлах камер нь  ертөнцийн зүгээр урдаас хойшоо болон хойноос урагшаа явах чиглэлийн зам руу харсан / замын тусгаарлах зурвас дээр хайстай / байрлалтай байна. Бичлэгийн 13 цаг 30 минут 22 секунтэнд явган зорчигч явган хүний гарцны тэмдэглэгээгээр ертөнцийн зүгээр баруун зүүн чигт, У.Мягмар нь тээврийн хэрэгсэл урдаас хойшоо чиглэлд 2-р  эгнээгээр явж байна. Явган зорчигч хойноос урагшаа явах чиглэлийн зорчих хэсэг дээр ирээд 4 алхам / баримжаагаар / алхахад У.Мягмарын тээврийн хэрэгсэлийн зүүн урд хэсэгт мөргөгдөн газар унаж, тээврийн хэрэгсэл явган хүний гарцны тэмдэглэгээ өнгөрч зогсоод дотроос нь буюу жолооч талаас нь хүн бууж ирэн мөргүүлсэн явган зорчигч дээр ирж байна. Осол болсоны дараагаар тухайн чиглэлийн зорчих хэсэгт түгжрэл үүсч,  тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөн удааширч  байна.

Хоёрдугаар бичлэг: ch22_20160709133402.mp4 гэсэн нэртэй байна. Бичлэгийг тоглуулахад нэгдүгээр бичлэгийн үргэлжлэл буюу осол болсны дараа тухайн замын түгжрэл ихтэй байгаа байдлыг харуулсан байна.

Үзлэг хийх ажиллагааг дуусгаж оролцогч нараас гаргасан санал хусэлт байхгүй гэснээр үзлэгийг 11 цаг 35 минутанд дуусгав гэжээ. / хх 38-39 /

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9715 тоот дүгнэлтэнд:

1. Очирбатын баруун чамархайн ар хэсэгт хөхлөг сэртэн дайрсан хугарал, хугарлын харалдаа баруун чамархайн хэсэгт хатуу хальсны дээр цус хуралт, баруун дагз хэсэгт хэсэгт хатуу хальсны доор цус хуралт, баруун дух, зулай, чамархай хэсэгт цус хуралт, няцрал, аалзан бүрхүүлд цус харвалт, баруун чихний дэлбээг тойроод зөөлөн эдийн няцрал, цус харвалт, баруун бугалганд   цус хуралт, баруун  ташаанд  зулгаралт,  баруун дунд  чөмөг  ясны  далд хугарал  гэмтэл  тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийг үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлээс хамаарна гэжээ.  / хх 42 /

Жолоочийн согтуурал шалгасан магадлагаа / хх 61 /

Техникийн шинжээчийн 280 тоот дүгнэлтэнд:

1. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, зам тээврийн ослын схем зураг, камерийн бичлэг, жолооч зорчигчийн өгсөн тайлбар, бусад мэдүүлэг зэргээс үзэхэд Тоёота Карина маркийн 07-09 УНЦ дугаарын автамашины жолооч Улаанхүү овогтой Мягмар нь Монгол Улсын ЗХД-ийн 13.1 “ явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө “  гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Доржмаа овогтой Очирбат нь Монгол Улсын ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэжээ. / хх 50 /

Шүүгдэгч У.Мягмарыг 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 64-66 /, 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 67-68 /

Шүүгдэгч урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх 79 / зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Мягмар нь мэдүүлэхдээ: Би өөрийн Тоёота Карина маркийн 07-09 УНЦ дугаарын автамашиныг жолоодон Гандангийн орчмоос нэг хүн суулгаад 32-н тойргийн “ Сансар худалдааны төв ”-ийн урд буулгаад ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлд 2-р эгнээгээр явж байтал баруунаас зүүн чигт гэнэт явган хүн гараад ирсэн. Би харангуутаа тормос гишгээд баруун гар тал руугаа жолооны хүрдээ бага зэрэг дарж эргүүлээд явган зорчигчийг машины зүүн урд хэсгээр мөргөсөн. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээний зардалд нийт 1.267.000 төгрөг төлсөн. Цаашдын эмчилгээний зардлыг төлнө. Би ажил хийж эхнэр хүүхдүүдээ тэжээдэг учир хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Машинаа өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Тухайн үед хохирогчоос архи үнэртэж байсан гэв.

Хохирогч Д.Очирбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гэр рүүгээ харих гэж яваад гарцаар гартал машин ирж явааг харсан. Тэгээд гэмтлийн эмнэлэгт ухаан орсон. Одоо хөл бороолоогүй, хөдөлгөөн хийхэд толгой эргэдэг. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. Жолооч эмчилгээний зардалд 1.267.000 төгрөг өгсөн. Би өөрөө дархан хийдэг бөгөөд одоо ажиллах чадваргүй болсон тул гэр бүлээ тэжээх боломжгүй болсон. Гэмтлийн эмнэлэгт 2016 оны 07 дугаар сарын 09-нөөс 07 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хэвтэж эмчлүүлсэн. Мөн Сэргээн засах клиник эмнэлэгт хэвтсэн. Одоо эмчилгээний зардал 1.714.517 төгрөг нэхэмжилж байна гэв.

Шүүгдэгч У.Мягмар нь 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 13 цагийн үед Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр “Судалт” төвийн зүүн талын замын зорчих хэсэгт 07-06 УНЦ улсын дугаартай Toyota Carina маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 ” Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган  зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө”...гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Очирбатыг мөргөж бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: …Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд  / хх 6-8 /, …Би гэрээсээ гараад 32-н тойргийн ойролцоо хүнтэй уулзахдаа 1 шил 0.5 гр архи дэлгүүрээс авч очсон. Тэнд байсан 5 эрэгтэйд амсуулаад, өөрөө ганц жижиг хундага уусан. Тэгээд харих гээд 32-н тойргийн “ Судалт “ төвийн харалдаа ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш явган хүний гарцаар хөндлөн урдаасаа хойшоо явах чиглэлийн зорчих хэсэг рүү ороод алхаж байтал нэг машин тулаад ирсэн. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч Д.Очирбатын мэдүүлэг / хх 17-18 /,  …  хохирогч Д.Очирбатын бие махбодид хүнд гэмтэл учирсан талаарх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9715 тоот дүгнэлт / хх 42 /, “ Кости-Эстиймэйт ” ХХК-ний автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 46-48 /, Техникийн шинжээчийн 280 тоот дүгнэлт  / хх 50 / зэрэг болно.

Шүүхээс шүүгдэгч У.Мягмарыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуулинд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлж, чин санаанаас гэмшсэн, эмчилгээний зардлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч нь гэмт хэрэг гарах үед хохирогч согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэж мэдүүлсэн боловч хохирогч Д.Очирбат нь 1шил 0.5л архийг 5 хүнтэй хуваан уусан гэж мэдүүлсний гадна техникийн шинжээчийн дүгнэлтээр дээрх үндэслэлээр түүнийг буруутгаагүй / хх 50 / тул гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзээгүй болно.

Хохирогч Д.Очирбат нь 2016 оны 07 дугаар сарын 09-нөөс 2016 оны 09 дүгээр сарын 20-ыг хүртлэх хугацаанд гэмтлийн эмнэлэгт хэвтсэн, мөн сэргээн засах клиникт хэвтэж эмчлүүлсэн эмчилгээний төлбөр, бинзен, утасны нэгж, эм, дархлаа сайжруулах эм бэлдмэл, зураг авахуулах зэрэгт нийт 1.714.517 төгрөг нэхэмжилсэн бөгөөд түүний шүүхэд өгсөн баримтуудаас эм тариа, эмчилгээтэй холбоотой, мөн эмнэлэгт байх хугацаанд авсан утасны нэгж, бинзений төлбөр, хоол хүнс зэрэгт  баримтаар нотлогдсон нь 613854 төгрөг байх боловч шүүгдэгч У.Мягмар 1.267.000 төгрөг төлсөн тул түүнийг хохирлоо бүрэн төлсөн гэж үзлээ.

Хохирогчийн өгсөн баримтанд он сар өдөр нь осол болохоос өмнө бичигдсэн, мөнгөний үнийн дүнг бичсэн үнийн дүнгээс хэт өсгөж өөрсдөө гараар нэмж бичсэн, хэдэн төгрөг юуны мөнгө болох нь тодорхойгүй баримтууд байгаагаас гадна сэргээн засах клиникт хэвтэж эмчлүүлэхэд 228.800 төгрөг тушаасан баримт байхгүй байна. Иймд нэхэмжлэлээс үлдсэн 447.517 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь цаашдын эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлсэн үедээ иргэний журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч нь хэдийгээр анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн эмчилгээний зардлыг нөхөн төлсөн боловч хохирогчид хүнд гэмтэл учирсан тул хохирол арилсан гэж үзэх боломжгүй, түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  

                                                                                                                                                          ТОГТООХ нь:

1. Улаанхүүгийн Мягмарыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д  зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч,  1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар У.Мягмарын эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СД-г хэрэгт хавсаргаж, У.Мягмар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Д.Очирбатын нэхэмжлэлээс 447.517 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, цаашдын эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхтэйг, шүүгдэгч У.Мягмар нь төлөх төлбөргүйг тус тус дурьдсугай.

5. У.Мягмарын 949852 тоот жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

6. У.Мягмарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, өмгөөлөгч, иргэний хариуцагч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          С.ОЮУНЧИМЭГ