Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2206

 

 

 

 

 

 

       2017           10             13

                  2206

 

 

“З” яамны

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2017/02239 дугаар шийдвэртэй “З” яамны нэхэмжлэлтэй хариуцагч “Ч” ХХК-д холбогдох

 

10 945 921 481 төгрөг гаргуулах тухай үндсэн, 3 641 936 199 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч “З” яамны нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: “З” яам нь гүйцэтгэгч “Ч” ХХК-тай Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх 83 дугаар гэрээг 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан бөгөөд мөн уг гэрээг 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр шинэчлэн байгуулсан. Гүйцэтгэгч “Ч” ХХК-иас 2014 оны 08 дугаар сард зам барилгын ажлыг бүрэн дуусгаж ашиглалтад оруулах хүсэлт гаргасны дагуу тус яамнаас авто зам, замын байгууламжид чанар байдлын дүгнэлт гаргах баг замын нийт уртад шалгалт хийн 7 төрлийн үүрэг даалгавар өгсөн. Дээрх зам барилгын ажилд хяналт тавих үүрэг бүхий зөвлөх компани буюу Авто замын хяналт, эрдэм шинжилгээ, судалгааны төв улсын үйлдвэрийн газрын 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1/545 тоот албан бичгээр гүйцэтгэгч компани нь чанар байдлын дүгнэлт гаргах багаас өгсөн үүрэг, даалгаврын дагуу чанаргүй гүйцэтгэсэн ажлыг засаж дуусгасан тул уг авто замыг улсын ашиглалтанд оруулах комиссыг ажиллуулах хүсэлт ирүүлсэн. Үүний дагуу Зам, тээврийн яам /хуучнаар/-ны төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 435 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг ажиллаж, 2014 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн чанар байдлын дүгнэлтээр илэрсэн зөрчил, дутагдал бүрэн арилаагүй гэж дүгнэсэн тул ашиглалтад оруулах боломжгүй бөгөөд өмнө нь илэрсэн зөрчил, дутагдлыг бүрэн арилгах үүргийг гүйцэтгэгч компанид дахин өгсөн. Түүнчлэн Зам, тээврийн сайдын 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 09 дүгээр тушаалаар байгуулагдсан Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2014 онд хэрэгжсэн төсөл арга хэмжээний гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээ дүгнэх ажлын хэсгээс чанар байдлыг тогтоох багийн гаргасан үүрэг даалгаврын биелэлтийг ирүүлэх, гэрээний хугацааг сунгахгүй алданги тооцох, хөндлөнгийн шинжээчийг томилж дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсний дагуу тухайн замд хяналт тавин ажилласан Зам тээврийн хөгжлийн төв төрийн өмчит үйлдвэрийн газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 40 дүгээр тушаалаар томилогдсон ажлын хэсэг замын барилгын ажлын талбай дээр ажиллаж дүгнэлт гаргасан. Уг ажлын хэсгийн дүгнэлтэд 12.8 км замын хөлдөлтөөс хамгаалах үе, буталсан чулуун суурь, асфальт бетон хучилтыг шинээр хийх, үлдэгдэл 37.2 км замд 3 см зузаан өнгө үе хийх шаардлагатай гэж үзэж эдгээр ажлыг 10 945 921 481 төгрөгөөр хийж гүйцэтгэх тооцоог гаргасан байна. Мөн Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр баталсан удирдамжийн дагуу ажилласан ажлын хэсэг 2014 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн чанар байдлын дүгнэлтээр болон 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 435 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс өгсөн үүрэг, даалгаварт заасан зөрчил, дутагдал арилгах арга хэмжээг гүйцэтгэгч “Ч” ХХК аваагүй болохыг тогтоосон. Ийнхүү гүйцэтгэгч “Ч” ХХК нь тус яамнаас удаа дараа өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлээгүй байх тул уг гэрээний ерөнхий нөхцлийн 14.2.1.а-д заасны дагуу гэрээ цуцлах мэдэгдлийг Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 03/5207 тоот албан бичгээр хүргүүлсэн. Гүйцэтгэгч “Ч” ХХК-ийн барьж дуусгасан замын хучилт их хэмжээгээр эвдэрсэн нь осол аваарь гарах нөхцөл бүрдүүлсэн, чанарын шаардлага хангаагүй, стандарт норм, дүрэм, техникийн шаардлага зөрчиж, замын барилгын ажил гүйцэтгэн улсад онц их хэмжээний хохирол учруулсан тул захиалагчийн зүгээс улсыг хохиролгүй болгох, хохирлыг гүйцэтгэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна.

“Ч” ХХК нь талуудын хооронд байгуулсан 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн С-АЗ-Б 2014-135/163 дугаар гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй нь уг гэрээний ерөнхий нөхцлийн 7.5, 10.1, 14.1 дэх заалтыг зөрчиж байна. Мөн тус компанийн барьж дуусгасан ажил нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй. Хариуцагч нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасныг биелүүлээгүй байна. Иймд Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замыг ашиглалтанд оруулахад шаардлагатай 10 945 921 481 төгрөгийг хариуцагч “Ч” ХХК-иас гаргуулж улсын төсөвт төвлөрүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ч ХХК-ийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын далан, суурийн ажлыг “Насны Зам” ХХК нь 2008 оноос 2010 онуудад хийж гүйцэтгээд Зам, тээврийн яамны хяналтаар баталгаажин, Сангийн яамнаас 100 хувь санхүүжилт авч улсын комисст хүлээлгэн өгсөн гэх ажлыг үргэлжлүүлэн зөвхөн буталсан чулуун суурь, асфальт бетон хучилтын ажил хийх тендерт “Ч” ХХК 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр оролцон ялсан. Ингээд Зам, тээврийн яам, Худалдан авах ажиллагааны газартай 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 12 565 165 875.36 төгрөгөөр санхүүжигдэх төсөл гүйцэтгүүлэхээр 83 тоот гэрээ байгуулсны дагуу авто зам барилгын ажлаа эхлэхэд далан болон суурийн ажил, хоолойнууд нь дутуу, чанарын шаардлага огт хангаагүй зэрэг ноцтой зөрчлүүд илэрсэн. Энэ зөрчлийн талаар цаг тухай бүрт нь Зам, тээврийн яаманд албан ёсоор мэдэгдэж байсан. Бид Сангийн сайдын 2007 оны 81 дүгээр тушаалд зааснаар тендерийн тодруулга болон өөрчлөлтийн талаар буюу далангийн ажлын талаарх тодруулга авах боломжгүй байсан.

“Насны Зам” ХХК нь далан болон хоолойнуудын ажлаа улсын комисст хүлээлгэн өгсөн боловч улсын комиссын актыг өнөөдрийг хүртэл манай компанид өгөөгүй. Зам тээврийн яам нь “Насны Зам” ХХК далангийн ажлыг чанаргүй хийснийг илрүүлж мэдсэн атлаа уг замын ажлыг “Насны Зам” ХХК-аар хийлгэж дуусгахгүйгээр гэрээгээ цуцалж 100 хувь санхүүжилт өгсөн. Гэвч манай “Ч” ХХК-ийн хувьд нэгэнт гэрээ хийсэн учир 2013 оны 06 дугаар сараас 2015 оны 06 дугаар сар хүртэл ажиллахдаа захиалагчаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, өөрийн хөрөнгөөр буюу 2.3 тэрбум төгрөгөөр гэрээнд заагаагүй илүү ажлыг хийж гүйцэтгэн улсын комисст хүлээлгэн өгөх гэсэн боловч үндэслэлгүй шалтгаанаар гүйцэтгэсэн ажлыг хүлээж авахгүй, 2.3 тэрбум төгрөгийг Зам тээврийн яам өгөхгүй байгаа болно.

Захиалагчийн зүгээс уг замын чанарт хяналтын инженер томилж, манай компани өдөр тутмын хяналтын дор ажилласан. Зам тээврийн яам, Зам тээврийн яамны хөгжлийн төвөөс томилогдсон хяналтын инженерүүд нь 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/23 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт хяналтын багийн инженерүүдийн ажиллах журмаа мөрдөн ажилласан. Ийнхүү замын хийх ёстой ажлаа зохих ёсоор хийж ажлын тайланг тухай бүр гаргаж байсан. Гэтэл урьдах “Насны Зам” ХХК-ийн ажлын ноцтой дутагдлуудыг нуун дарагдуулж 3 см-ээр дахин асфальтаар бүхэлд нь хучих, ажил хийлгэх гэсэн нь 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 83 тоот гэрээний тусгай нөхцөл болох 45.0, 46.0, 57.0 заалтуудыг ноцтой зөрчиж улсад учруулсан хохирол мэтээр бичиж нэхэмжилсэн байна.

Хэрэгт авагдсан мэргэжлийн байгууллагын дүгнэлтүүдээс харахад бүгд далан муу гэж дүгнэсэн байна. Иймд далангийн ажил муу хийгдсэнээс болж ийм байдал үүссэнийг манай компанид тулган тохож төлбөр тавьж байгаа нь шударга биш. Бидний зүгээс Зам тээврийн яам, Худалдан авах ажиллагааны газартай хийсэн гэрээний заалтуудыг үндэслэх ёстой. Харин далангийн асуудлаар Зам тээврийн яам нь “Насны Зам” ХХК-тай хариуцлага тооцох хэрэгтэй. Асфальтбетон хучилтын ажил хийсэн манай компани нь автозамын далангийн эвдрэлийг засахын тулд хучилтаар тавьсан асфальтаа эвдэж 1 метрийн гүнд байгаа шаардлага хангаагүй далангийн материалыг солих зэрэг гэрээгээр үүрэг хүлээгээгүй ажлаа хүлээх ёсгүй. 2014 оны 08 дугаар сарын 30-ны өдөр авто замын чанар байдлын дүгнэлтийг гаргахад 2010 онд Авто замын хяналт шинжилгээ судалгааны төвд хяналтын инженерээр ажиллаж байхдаа яг энэ авто замын даланг барихад хяналт тавьж байсан Ц.Батжаргал гэгч нь ажлын чанар байдлын дүгнэлт гаргасан ажлын хэсгийн ахлагчаар ажиллажээ. Одоо Ц.Батжаргал нь Зам тээврийн яамны хяналт бүртгэлийн газрын ахлах мэргэжилтэн болчихоод чанар байдлын талаар өөрөө удирдаж гаргасан дээрх дүгнэлтээ үндэслэн нэхэмжлэл гаргаж байгаа нь шударга биш.

2014 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ажлын талбай дээр захиалагчийн техник, ашиглалтын түвшин тогтоох баг ажиллаж холбогдох үүрэг даалгавар өгсөн ба бид техникийн шаардлагын дагуу 2014 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 09 дүгээр сарын 30-ны хооронд ажлаа хийж гүйцэтгэсэн. 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Зам тээврийн яамнаас улсын комисс томилогдон 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 50 км замыг нийтэд нь дахин 3 см хучих үүрэг өгсөн. Гэвч манай компани уг асуудлаар холбогдох тайлбарыг Зам тээврийн яаманд хүргүүлсэн. Манай компани захиалагчийн техник, ашиглалтын түвшин тогтоох багийн өгсөн үүрэг даалгаврын дагуу асфальтбетон хучилтанд торон хагарал үүссэн хэсгүүдэд засварын ажлыг хийсэн. Энэхүү хагарал үүссэн шалтгаан нь өмнө нь ажил гүйцэтгэсэн “Насны Зам” ХХК-ийн замын даланг чанаргүй хийснээс болсон. Замын далан техникийн шаардлагад нийцсэн технологи, зааврын дагуу хийгдээгүй, зохих хэмжээнд нягтралаа аваагүй, ашигласан материал нь шаардлага хангахгүй тохиолдолд дээр нь хийгдэх замын хийцүүдийн чанарт шууд нөлөөлдөг.

2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр манай компанийн ерөнхий инженер талбайд дахин шалгалт хийхэд нэлээд торон хагарал үүссэн байсан ба эдгээр эвдрэлийн ихэнхи нь 2014 онд илэрсэн далангийн материал шаардлага хангахгүй хэсгүүдэд үүссэн нь тогтоогдсон. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 07/056/210 тоот дүгнэлтээр нэлээд хэсгүүдэд техникийн шаардлага хангахгүй материалаар далангийн дүүргэлтийн ажлыг гүйцэтгэсэн нь торон хагарал үүсч, эвдрэл гарах нөхцлийг бүрдүүлсэн гэж үзсэн. 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 05-ны өдрийн хооронд Зам тээврийн яамны ажлын хэсэг манай замд чанар, байдлын эцсийн дүгнэлт гаргах зорилгоор ажилласан ба уг дүгнэлтэд 12.8 км замын даланг 60-100 см гүнд, хөлдөлтөөс хамгаалах үе болон буталсан чулуун суурийн хамт сольж асфальбетон хучилтыг дахин хийх, 37.2 км замын асфальтбетон хучилтыг 3 см-ийн зузаантайгаар хүчитгэх гэснийг зөвшөөрөхгүй. Учир нь манай компани өмнө нь замын далан, хиймэл байгууламж, хоолойг гүйцэтгэсэн компанийн ажлыг үргэлжлүүлэн хийж дуусгасан.  Далангийн чанар муугаас хучилтад нөлөөлсөн, технологийн болон өдөр тутмын хяналтыг захиалагч байгууллагын хяналтын инженерүүд гүйцэтгэж, тэдний хяналтын дор ажлыг гүйцэтгэсэн учир шууд буруутгах үндэслэлгүй. Нэгэнт далан шаардлага хангахгүй, чанар муутай байхад 37.2 км замын асфальтбетон хучилтыг 3 см-ийн зузаантайгаар хүчитгээд ч нэмэр байхгүй, ирэх жилээс өнөөдрийн үүсээд байгаа торон хагарал бусад хагарлууд үүсэх болно. Өмнө нь 12.832 метр газарт хөлдөлтөөс хамгаалах үе болон буталсан чулуун суурь бүрэн сольж хучилт хийх шаардлагатай гэсэн бол одоо 60-100 см гүнд болгосон нь өмнөх компанийн ажлын чанарыг илүү тодотгож өгсөн байна. Бодит байдал ийм байхад тухайн автозамын гол эвдрэл үүсэх нөхцлийг бүрдүүлсэн буюу даланг чанаргүй гүйцэтгэсэн аж ахуйн нэгж, захиалагчийн өдөр тутмын хяналт тавьж байсан хяналтын инженерт хариуцлага тооцохгүйгээр манай байгууллагаас 10 945 921 481 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ч ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Манай компани Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын асфальбетон хучилтын ажлыг гүйцэтгэхдээ тендерийн гэрээнд тусгагдаагүй боловч даланг засах нэмэлт ажлыг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж, ажлын зардал 1 800 136 187.49 төгрөг болсныг зөвлөх компани буюу Авто замын хяналт, эрдэм шинжилгээ, судалгааны төвийн хяналтын инженерүүд баталгаажуулан захиалагчид хүргүүлсэн. Авто замын хучилтын торон хагарлын шалтгаан нь ажил гүйцэтгэсэн өмнөх компани замын даланг чанаргүй хийснээс болж суулт үүссэн болох нь Монгол Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн дүгнэлт, Зам тээврийн хөгжлийн төвийн 09 дүгээр сарын 17-ны өдрийн дүгнэлтүүдээр давхар батлагдаж байна. Хэдийгээр ажлын гологдол нь өмнөх компанийн хийж гүйцэтгэсэн ажлаас хамааралтай байвч захиалагчаас өгсөн үүрэг даалгаврын дагуу барзгаржилттай хэсэгт буюу асфальтын зузаан хангалтгүй цэгүүдэд 1.3 км-т 3 см асфальт дэвсэн торон хагарал үүссэн газруудын далангийн суурь бүтцийг засан дахин хучилт хийсэн ажлын зардалд 2014 онд 391 602 471.68 төгрөг, 2015 онд 161 799 757.17 төгрөг, гэрээнд тусгагдаагүй хоолойн ажил 18 826 696 төгрөг, 2014 оны хяналтын инженерийн зардал 13 054 600 төгрөг дээр 2013, 2014 онд илүү хийж гүйцэтгэсэн ажлын зардлын хамт нийт 2 385 419 712 төгрөгийн зардлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн болох нь холбогдох баримтуудаар нотлогдож байх тул үүнийг Знаас нэхэмжилж байна. Мөн тендерийн ажлын хүрээнд гүйцэтгэх ажлаа манайх 100 хувь гүйцэтгэсэн боловч санхүүжилтийн 90 хувиар санхүүжигдсэн бөгөөд одоо санхүүжигдээгүй үлдсэн 10 хувь болох 1 256 516 487 төгрөг дээр өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн дээрх 2 385 419 712 төгрөг, нийт 3 641 936 199 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “З” яамны сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарт:Ч” ХХК нь Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг гүйцэтгэх 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан С-АЗ-Б 2014-135/163 дугаар гэрээний 2.3 дахь заалтын дагуу 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө ашиглалтанд оруулахаар үүрэг хүлээсэн байтал өнөөдрийг хүртэл улсын ашиглалтанд хүлээлгэн өгөөгүй байна. Мөн тус зам, барилгын ажилд зохиогчийн хяналт хийсэн Эм Си Пи Жи Ар ХХК-ийн 08 дугаар сарын 29-ний өдрийн барилгын ажилд зохиогчийн хяналт хийсэн дүгнэлтээр нийт 31 зөрчил, дутагдал илэрсэн. Тус компанид зөрчил дутагдлаа арилгаж авто замыг улсын ашиглалтанд оруулах талаар удаа дараа албан бичиг хүргүүлж байсан ч гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй. Энэ нь С-АЗ-Б 2014-135/163 дугаар гэрээний ерөнхий нөхцлийн 7.5, 10.1, 14.1 дэх заалтыг зөрчсөн. ИймдЧ ХХК нь санхүүжигдээгүй 10 хувь 1.256.516.487 төгрөгийг тус яамнаас нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй.

Зам, тээврийн яам /хуучнаар/-ны төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 311 дүгээр тушаалаар байгуулагдсан Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын ажилд техникийн үзүүлэлт, чанар байдалд дүгнэлт гаргах ажлын хэсгийн бүрэлдэхүүний дүгнэлтээр нийт 9 зөрчил, дутагдал илэрсэн бөгөөд тус компани энэхүү зөрчлийг одоог хүртэл арилгаагүй. Мөн нэхэмжилсэн үнийн дүнг ямар баримт, материалыг үндэслэн нэхэмжилсэн талаар хэргийн материалд ямар ч нотлох баримт авагдаагүй. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасныг хариуцагч “Ч” ХХК зөрчсөн тул нэхэмжилж буй 3 641 936 199 төгрөгийг тус яамнаас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343 дугаар зүйлийн 343.2, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан “З” яамны нэхэмжлэлтэй хариуцагч “Ч” ХХК-д холбогдох 10 945 921 481 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг болон хариуцагч “Ч” ХХК-ийн 3 641 936 199 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч “Ч” ХХК-ийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 18 367 631 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.  

Нэхэмжлэгч “З” яам давж заалдах гомдолдоо:  Зам тээвэр хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 347 дугаар тушаалаар томилогдсон ажлын хэсэг ажлыг хүлээн авах үед зөрчлүүд илэрсэн. Зам тээврийн яам /хуучнаар/-ны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр баталсан ажлын хэсгийн шалгалтаар зөрчил дутагдал бүрэн арилаагүй байсан. Иймд чанар байдлын дүгнэлтээр тус тус илэрсэн зөрчил дутагдлууд бүрэн арилаагүй байсан тул тухайн зам барилгын ажлыг эцэслэн хүлээн авах боломжгүй юм. Мөн Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 347 дугаар тушаалаар томилогдсон ажил хүлээлцэх ажлын  хэсэг,   ажил  хүлээлцэх үед  зөрчил  дутагдлууд  илэрсэн  учир  гүйцэтгэгч байгууллагатай ажил хүлээлцэх эцсийн тооцоог хийгээгүй ба хэрэв гүйцэтгэгч талтай ажил хүлээлцэх эцсийн тооцоог хийсэн бол Зам, тээврийн хөгжлийн яам шүүхэд нэхэмжлэл гаргах, шаардах эрхээ алдах байсан. Гэтэл шүүгч үлдэгдэл ажлын тоо хэмжээг актаар хүлээлцэх, зардал гаргах, эцсийн тооцоог гаргасан байхыг үндэслэсэн нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шүүгч буруу дүгнэсэн.

Гүйцэтгэгч байгууллагад олгосон 10 961 462 593 төгрөгийн санхүүжилт нь "Ч" ХХК-ийг техникийн чанарын шаардлага хангасан зам барилгын ажил хийгдсэнийг тодорхойлж олгоогүй бөгөөд зөвхөн зам барилгын ажлыг хугацаандаа хийж ажиллах нөхцлийг бүрдүүлсэн процессийн үйл ажиллагаа юм. Захиалагчийн баталгаажуулсан санхүүжилт нь зам барилгын чанарын шаардлага хангасан эсэхэд баталгаа болохгүй ба тухайн зам барилгын ажлыг хийж гүйцэтгэхэд төсөвлөгдсөн төсвийн хүрээнд санхүүжүүлэгч Хөгжлийн банкаас олгогдсон үйл ажиллагааны зардал юм. Иймд Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан "Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах" дүрэмд "Чанар байдлыг эцсийн байдлаар шалгаж дүгнэлтийг гаргана" гэж тодорхойлсон нь зам барилгын ажлыг эхлэх, үргэлжлэх, дуусгах шат хүртэл зам засварын чанараас үл хамааран санхүүжилт үргэлжлэх ба шүүгч үүнийг хамтатган ойлгож дүгнэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг биелүүлээгүй байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...Ч" ХХК-ийг Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын ажлыг бүхэлд нь чанаргүй гүйцтгэсэн гэж үзэх боломжгүй тул 10 945 924 481 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулах үндэслэлгүй" гэж тэмдэглэжээ. Гэтэл энэ үндэслэл нь дараах ажлын хэсгүүдийн дүгнэлтэнд ажлыг гүйцэтгэх явцдаа технологийн болон техник алдаа гарган замын чанарт нөлөөлж эвдрэл ихээр гарсан гэж дүгнэсэн байна. Зам, тээврийн яам /хуучнаар/-ны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр баталсан ажлын хэсгийн шалгалтаар илэрсэн зөрчил дутагдал бүрэн арилаагүй байсан. Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 347 тоот тушаалаар томилогдсон ашиглалтанд оруулах комиссоос 2015 онд бодитоор хийгдсэн ажлын биелэлт ирүүлэх, хийгдэх зам засварын ажилд техникийн шаардлага хангасан битум ашиглах, замаа 3 см-ээр хучих, замын тэгш байдлыг хангуулах зэрэг зөрчил, дутагдлыг заасан хугацаанд арилгаагүй, зам засварын ажлыг зураг төсөл, техникийн шаардлага, бусад холбогдох норм, стандартын дагуу хийх үүргээ биелүүлээгүй зэргийг үндэслэн уг дүгнэлт гарсан байна. Иймд ажлын хэсгийн дүгнэлтүүдийг үндэслэн Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын ажил бүхэлдээ техник, чанарын шаардлага хангахгүй байгаа нь Гэрээний ерөнхий нөхцлийн 14.2.1.а дахь хэсэг, Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг шүүгч үндэслэлгүй дүгнэж, хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу үнэлсэн. Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын захирлын 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 40 дүгээр тушаалаар томилогдсон "Ажлын хэсэг"-ийн дүгнэлтийг үндэслэж гаргасан дэлгэрэнгүй тооцоог 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 1/135 тоот албан бичгээр Зам, тээврийн хөгжлийн яаманд ирүүлсэн. Энэхүү дэлгэрэнгүй тооцооны холбогдох хэсгийг гүйцэтгэгч "Ч" ХХК-д хүргүүлсэн болно. Гүйцэтгэгч болон захиалагч талуудад хүргүүлсэн зам засварын ажлын хэсгийн дүгнэлтийн дотоод утга агуулга болоод нийт засварын дүнгийн хувьд өөрчлөгдөөгүй байхад ажлын хэсгийн дүгнэлт 2 өөр байдлаар үйлдэгдсэн гэж шүүгч буруу дүгнэлт хийсэн байна.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримталсан нь шүүгч процессийн алдаа гаргаж, шүүхээр шийдвэрлэж буй хэргийн агуулгатай нийцээгүй мөн хуулийн буруу зүйл заалтаар зүйлчилж ноцтой алдаа гаргасан байна. Мөн тус компанийн барьж дуусгасан Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын хучилт их хэмжээгээр эвдэрч, осол аваарь гарах нөхцөл бүрдүүлсэн, чанарын шаардлага хангаагүй, стандарт норм, дүрэм, техникийн шаардлага зөрчиж, замын барилгын ажил гүйцэтгэсэн нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй ажил хийснийг шүүгч шийдвэртээ тусгаагүй байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

   Хариуцагч “Ч” ХХК давж заалдах гомдолдоо: Захиалагч “З” яам нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.4-т заасан үүргээ зохих журмын дагуу биелүүлээгүй. Энэхүү зардлыг сөрөг нэхэмжлэлээр хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу шаардсан боловч хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. "Насны зам" ХХК-ийн далангийн ажлыг хэрхэн яаж гүйцэтгэсэн, захиалагч тал хүлээж авсан талаарх акт бичиг баримтыг нотлох баримтаар холбогдох газруудаас авахуулах талаар шүүүхэд удаа дараа хүсэлт тавьсаар байтал биөлүүлээгүй нь уг хэргийн шийдвэрлэлтэд ялангуяа манай гаргасан сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байсан гэж үзэж байгаа бөгөөд шийдвэр үндэслэлгүй гарахад голлох нөхцөл шалтгаан болсон. Энэ нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан журмыг зөрчиж хэргийг шийдвэрлэснээр манай эрх ашиг ноцтой зөрчигдлөө. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч “Ч” ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч З нь хариуцагч “Чайна гео инженеринг” ХХК-д холбогдуулан 10 945 921 481 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, 3 641 936 199 төгрөг гаргуулахыг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

 

Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг журамласан хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 29, 31, 38 дугаар зүйлд заасан зохигчийн нотлох баримт бүрдүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор оролцуулах хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлээгүй байна. Тодруулбал, нэхэмжлэгч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор оролцуулах хүсэлт гаргасан байхад шүүх 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 6205 дугаар захирамжаар Нийслэлийн прокурорын газрыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулж, процессын хуулийг буруу хэрэглэжээ.

 

          Прокурор нь төрийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзсэн төрийн байгууллагын хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бөгөөд тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар бие даасан оролцогч юм. Шүүх прокурорыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна.

 

Мөн шүүгчийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн, 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн захирамжаар хариуцагч талаас  гаргасан шүүх хуралдаанд зөвлөх компаниар ажилласан Зам тээврийн хөгжлийн төвийг оролцуулах, Хятад улсын Коммуникэйшн банкнаас “Ч” ХХК-д 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдөр  гаргаж өгсөн баталгааг эх хувиар гаргуулах тухай хүсэлтийг тодорхой бус, ойлгомжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна. Шүүх талуудаас гаргаж байгаа хүсэлтийг тодруулж, хэргийг нэг мөр шийдвэрлэх шаардлагатай.

 

Хариуцагч нь Зам тээврийн хөгжлийн төвийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр эсхүл гэрчээр оролцуулах хүсэлт гаргаж байгаа эсэх, тус төвөөс ямар үйл баримт тодруулах гэж байгаа, мөн гаргуулахаар шаардаж байгаа нотлох баримт нь хэрэгт ач холбогдолтой эсэхийг тодруулсаны эцэст шүүх тухайн хүсэлтийг хангах эсэх талаар шийдвэр гаргах нь зүйд нийцэх тул шүүгчийн дээрх захирамжийг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтын талаар хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

 1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2017/02239 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18 367 631 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                            ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

     ШҮҮГЧИД                            М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                          А.МӨНХЗУЛ