Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 138

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Батбаяр,

            Улсын яллагч Д.Агар,

            Хохирогч О.Төгсболд,

Шүүгдэгч Б.Төгөлдөр, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны В танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Онход овогт Батхишигийн Төгөлдөрт холбогдох эрүүгийн 2016 2501 2744 дугаартай хэргийг 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1997 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин,  гагнуурчин мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо “Кинбаб Чонгүг” солонгос хоолны газар зохион байгуулагч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, халдварт 50-56 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Онход овогт Батхишигийн Төгөлдөр /РД: МЮ97040818/,

 

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Төгөлдөр нь 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 22-нд шилжих шөнө 04 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Кинбаб Чонгүг” солонгос хоолны газрын үүдэнд нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бусдыг илтэд үл хүндэтгэн, хохирогч О.Төгсболдыг үл ялих зүйлээр шалтаглан хүч хэрэглэн зодож, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулан, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

           

             Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Төгөлдөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Хохирогчоос уучлалт гуйж байна. Мөн хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

 

Хохирогч О.Төгсболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр шөнийн 03 цагт Халиунаа яаралтай ирээд аваач гээд дуудсан. Тэгээд би яваад очиход араас Төгөлдөр гэх залуу гарнаас татаад уулзая гээд байхаар нь би “чамайг танихгүй” гээд гараа татаад автал шууд нүүрэнд цохисон. Тухайн үед би газар унахад дээрээс хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгсэн шүүгдэгчийн найзууд ирээд салгаад явсан. Тэгээд би найзыгаа дуудаад явсан. Миний хамрын таславч болон зүүн гаморын хөндий муруйсан, хамрын зүүн хэсэгт шингэн зүйл хуралдсан тул шимэгдүүлэх эмчилгээ хийлгэх шаардлагатай. Одоогоор хамар битүү хүндрэлтэй байгаа. Шүүгдэгч нь ээжтэйгээ хамт ирээд 2016 оны 08 дугаар сарын 20-нд 1.500.000 төгрөг өгнө, үлдэгдэл хохирлыг 2016 оны 09 дүгээр сарын 10-ны дотор өгнө гээд алга болсон. Шүүх дээр ирэхэд шүүгдэгчийн эгч нь энэ хэргийн талаар би мэдээгүй байна. Гэхдээ нөхөн төлбөрыг чинь гаргаж өгнө гэж хэлсэн. Одоо хамраа л тэгшлүүлчихвэл гомдолгүй гэв.

 

Гэрч О.Ариунболд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2016 оны 07 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 00 цагийн орчимд 13 дугаар хорооллын “Кинбаб Чонгүг” гээд Солонгос хоолны газар ажилладаг өөрийн найз Мөөгийгийн гэрт нь хонох санаатай ажлын газар дээр нь очсон юм. Тэгээд намайг “Кинбаб Чонгүг” дээр очоод байж байтал Төгөлдөр, Чинбат 2 хажуудаа 3 охинтой хамт “Кинбаб Чонгүг”-рүү орж ирээд хоол захиалж идсэн. Тэгээд би Баярхүүтэй хамт гадаа тамхи татаад сууж байхад нэг охин нь гараад явж байсан. Гэтэл Төгөлдөр араас нь гарч ирээд нөгөө охинтой уулзаад зогсож байхад нь хаанаас ч юм бүү мэд бас нэг залуу гарч ирээд Төгөлдөртэй муудалцаад байх шиг байхаар нь Баярхүү бид нар яваад очтол Төгөлдөр нөгөө үл таних залуугийн нүүр рүү нь нэг удаа цохиод авсан. Гэтэл нөгөө залуу нь газар унаад өгсөн. Гэтэл Төгөлдөр нөгөө залууг газар унасан хойно нь дахиад нэг өшиглөсөн гэхдээ оноогүй, би салгаад авчихсан. Тэгээд тэрнээс өөр асуудал болоогүй” /хх-11/ гэжээ.

 

Гэрч Б.Сэлэнгэ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “2016 оны 07 дугаар сарын 21-ний 23 цагийн үед өөрийн найз Халиунаа, Баасанжаргал хоёртой Сансарт уулзаад Сансарын “Оакланд” гэсэн бааранд орсон. Тэгээд баарнаас Сүлд нэртэй 0,5 граммтай нэг шил архи авч гурвуулаа хувааж уугаад тэндээ жаахан бүжиглэж байгаад үл таних 2 залуутай танилцаад шөнө 01 цагийн үед нөгөө 2 залуу болон манай 2 найз бид 5 хамтдаа баарнаас гарсан. Тэгээд нөгөө Төгөлдөр гэх залуу нь хэдүүлээ манай ажил дээр очиж хоол идэж жаахан юм ярьж сууя гэсэн. Тэгээд бид нар зөвшөөрсөн. 13 дугаар хорооллын натурын замд байх “Кинбаб Чонгүг” гээд Солонгос хоолны газарт ороод тавуулаа хоол идсэн. Тэгээд намайг 00 ороод ирэх хооронд нөгөө 2 залуугийн нэг нь манай гэрт очиж архи ууя гэж байна гэхээр нь Баасанжаргал бид 2 гарч ярилцаж байгаад бид нар тэр танихгүй айл руу явахгүй гэр рүүгээ харьцгаая гэж яриад орсон юм. Тэгээд тэр хоолны газарт сууж байгаад Халиун би нэг хүн дуудчихлаа би гарч уулзлаа гээд гараад явсан гэтэл Халиунаагийн араас нь нөгөө Төгөлдөр гэх залуу дагаад гарсан. Тэгэхээр нь Баасанжаргал бид 2 гараад гэр рүүгээ такси бариад харих гэж байхад нөгөө Төгөлдөр гэдэг залуу хоолны газрын үүдэнд зогсож байсан Баасанжаргал бид 2-ыг явах гэж байгаа юм уу гэж асуугаад үлдсэн. Тэгэхэд Халиун гадна байхгүй байсан учир Баасанжаргал бид 2 тэгээд явчихсан. Тэгээд гэр рүүгээ орох гэж байтал нөгөө Төгөлдөр гэх залуутай хамт байсан Чинбат гэдэг залуу нь 99548517 гэсэн дугаараас миний 88260302 гэсэн утас руу яриад найзыгаа ирж аваарай цагдаа дээр байна гэж хэлсэн. Тэгэхээр нь Баасанжаргал бид 2 Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр очоод Халиунаагийн уулзах гэж байсан Төгсболд гэдэг залууг нь нөгөө бид нартай танилцсан Төгөлдөр гэх залуу нь зодчихсон гэдгийг мэдсэн юм. Тэрнээс биш би тэр зодоон цохионы асуудлыг нүдээр хараагүй” /хх-13/ гэжээ.

 

Гэрч Э.Баярхүү мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Манай ажилчин Ариунболд “Төгөлдөр зодоон хийх гэж байх шиг байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би араас нь яваад гартал хажуугийн хими цэвэрлэгээний урд талд Төгөлдөр нэг охинтой юм яриад зогсож байсан. Тэгээд би тамхи татаад зогсож байтал Төгөлдөр нэг хүнтэй муудалцаад байхаар нь яасан юм бол гээд очиж байтал нөгөө залууг Төгөлдөр баруун гараараа нэг удаа цохисон. Гэтэл нөгөө залуу газар суугаад хамраасаа гарсан цусаа арчих гэтэл Төгөлдөр ахиад нөгөө залууг өшиглөх гэж байсан. Ариунболд бид хоёр салгасан юм” /хх-14-15/ гэжээ.

 

Гэрч О.Халиунаа мөрдөн байцаалтын шатанд  мэдүүлэхдээ: “2016 оны 07 дугаар сарын 21-ний орой 23 цагийн үед өөрийн найз Баасанжаргал, Сэлэнгэ хоёртой Сансарт уулзаад бид гурав Сансарын “Оакланд” бааранд орсон. Тэгээд баарнаас Сүлд нэртэй 0,5 граммтай нэг шил архи авч гурвуулаа хувааж уугаад тэндээ жаахан бүжиглэж байгаад манай ширээн дээр танихгүй 2 залуу ирж суугаад бид нар танилцсан тэр хоёр залууг Төгөлдөр, Чинбат гэж танилцуулсан. Тэгээд тавуулаа юм ярьж сууж байгаад шөнө 01 цагийн үед бид 5 хамтдаа баарнаас гарсан. Тэгээд такси бариад 13 дугаар хорооллын Натур ороод Кинбаб Чонгүг гээд хоолны газарт орж хоол идсэн. Тэгээд хоол идчихээд би фэйсбүүк ортол манай найз Төгсболд интернетэд байхаар нь чатлаад хүрээд ир гэхэд Төгсболд за гээд 03 цагийн үед Кинбаб Чонгүгийн гадна ирсэн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Төгсболдтой уулзах гээд гарсан гарахдаа нөгөө 2 эмэгтэй найз болон бааранд танилцсан 2 залууд би харьлаа гэж хэлээд гарсан юм. Гэтэл миний араас Төгөлдөр гэдэг залуу гарч ирээд надтай юм яриад зогсож байгаад би Төгсболдтой хамт явах гэтэл нөгөө Төгөлдөр араас ирээд намайг түлхэж холдуулаад Төгсболдыг арагшаа эргэж харахад нь баруун гараараа нэг удаа нүүр рүү нь цохиод авсан. Тэгээд Төгсболд газар уначихсан байхад нь нөгөө Төгөлдөр гэдэг залуу Төгсболдыг дахиад нэг удаа нүүр рүү нь цохисон. Гэтэл Кинбаб Чонгүг дотроос хүмүүс гарч ирээд тэр хоёрыг салгасан юм” /хх-16/ гэжээ.

 

Гэрч Б.Баасанжаргал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “2016 оны 07 дугаар сарын 21-ний орой 23 цагийн үед өөрийн найз Халиунаа, Сэлэнгэ хоёртой уулзаад бид гурав сансарын Оакланд гэсэн нэг бааранд орсон. Тэгээд баарнаас Сүлд нэртэй 0,5 граммтай нэг шил архи авч гурвуулаа хувааж уугаад сууж байгаад жаахан бүжиглэсэн гэтэл манай ширээн дээр үл таних 2 залуу ирээд суучихсан байсан тэгээд тэр 2 залуутай танилцаад шөнө 01 цагийн үед бид 5 хамтдаа баарнаас гарсан. 13 дугаар хорооллын натурын замд байх Кинбаб Чонгүг гээд Солонгос хоолны газарт ороод тавуулаа хоолонд орсон. Тэгээд Халиунаа нэг залуутай уулзана гээд гараад явсан тэгэхэд танилцсан залуугийн нэг нь  Халиунаагийн араас гараад явсан тэр хооронд нөгөө 2 залуугийн нэг нь хэдүүлээ манай гэрт очиж жаал архи ууя гэсэн тэгэхэд нь Сэлэнгэ бид хоёр зөвшөөрөөгүй харих гээд гадагшаа гартал Халиунаа байгаагүй Төгөлдөр гэх залуу нь хоолны газрын үүдэнд зогсож байсан. Тэгээд бид хоёр такси бариад гэр рүүгээ харьцгаасан юм. Гэтэл 07 дугаар сарын 22-ны өглөө 06 цагийн үед Сэлэнгээгийн утас руу нэг дугаараас залгаад та хоёр Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр хүрээд ир гэхээр нь бид хоёр юу болсон юм бол гээд цагдаа дээр яваад очиход хоорондоо зодолддсон гэж ярьж байсан. Би яг зодоон цохионы асуудлыг хараагүй” /хх-17/ гэжээ.

 

Гэрч Б.Чинбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2016 оны 07 дугаар сарын 21-ний орой 21 цагийн үед өөрийн найз Төгөлдөртэй халдварт дээр уулзаад манай гэрт орж нэг хоол хийж идчихээд бид хоёр орой 22 цагийн үед хамтдаа бааранд орохоор манай гэрээс гарсан. Тэгээд Сансарын Оакланд бааранд ороод шөнийн 01 цаг хүртэл сууж байгаад сэнгүүр нэртэй 3 шил пиво авч уусан юм. Тэгээд бааранд 3 охинтой танилцаад шөнө 02 цагийн үед нөгөө 3 охиныг дагуулж гараад бид 5 хамт хоолонд орохоор ярилцаад Сансараас такси бариад Төгөлдөрийн ажил дээр очиж хоол идсэн. Тэгээд нэг охин нь гараад явчихаар нь Төгөлдөр араас нь гараад явсан би хоолоо идээд үлдсэн. Гэтэл Төгөлдөр гараад нөгөө охины найз гээд нэг залуутай зодоон хийсэн байсан би тэр асуудлыг хараагүй. Тэгээд намайг хоолны газарт байж байгаад гартал гадна цагдаа ирчихсэн байсан” /хх-18/ гэжээ.

 

Гэрч Н.Цэнд-Аюуш мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Миний хүү Батхишиг овогтой Төгөлдөр нь 1997 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлж 2005 онд Сэлэнгэ аймгийн 2 дугаар 10 жилийн сургуульд ороод 2013 онд 8 дугаар анги төгсөж бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн юм. Тэгээд 2013-аас 2015 онд Улаанбаатар хотод ирж “Хүнсний технологийн коллеж”-д 2 жил сурч төгсөөд тэрнээс хойш 13 дугаар хорооллын Кинбаб Чонгүг гэдэг солонгос хоолны газарт ажиллаж байгаа юм. Миний хүү Төгөлдөр нь 10 жилийн сургуульд сурч байхдаа гар бөмбөг болон сагсан бөмбөгийн спортоор хичээллэж байсан ер нь хичээл сурлагандаа ч гэсэн сайн, хүнд тусархуу хүүхэд. Зан аашны хувьд элдэв муухай зан аашгүй даруухан хүүхэд одоо ажиллаж байгаа ажлын газрын хүмүүс нь ч гэсэн хөөрхөн хүүхэд гэж ярьдаг юм. Миний хүү Б.Төгөлдөр нь урд янз бүрийн хэрэг, захиргааны зөрчил гаргаж байгаагүй одоо анх удаагаа л ийм хүн зодсон асуудалд орж байна. Ийм асуудал гаргаснаа надаас нуугаад 4-5 хоног болчихсон байна” /хх-12/ гэжээ.

 

2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 10234 тоот шинжээчийн дүгнэлтэд:  

1. Б.Төгсболдын биед зүүн гайморовын хөндийд урд ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамар, хамрын зүүн хажууд зулгаралт, хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна /хх-20-21/ гэжээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан Б.Төгөлдөрийг сэжигтэн, яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэлүүд /хх-28-32/, хохирогч О.Төгсболдын мэдүүлэг /хх-10/, гэрч О.Ариунболд /хх-11/, Б.Сэлэнгэ /хх-13/, Э.Баярхүү /хх-14-15/, О.Халиунаа /хх-16/, Б.Баасанжаргал /хх-17/, Б.Чинбат /хх-18/, Н.Цэнд-Аюуш /хх-12/ нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт /хх-20/, мөрдөн байцаах ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-55-56/, зэрэг нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, шүүх хуралдаанаар хэрэг хянан хэлэлцэхэд хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Б.Төгөлдөр нь 2016 оны 07 дугаар сарын 21-нээс 22-нд  шилжих шөнө 04 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Кинбаб Чонгүг” солонгос хоолны газрын үүдэнд үл ялих зүйлээр шалтаглан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн иргэн О.Төгсболдын биед зүүн гайморовын хөндийн урд ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт,  хамрын зүүн хажууд зулгаралт, хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгийн болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Төгөлдөрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Төгөлдөрийг нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Төгөлдөрт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн , хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг хуульд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэв.

 

Хохирогч О.Төгсболд нь эмчилгээний зардалд 279000 төгрөгийг авсан, одоогоор гомдол саналгүй гэх боловч цаашид хамрын муруйлт засах хагалгаанд орох шаардлагатай гэж байгаа тул цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Онход овогт Батхишигийн Төгөлдөрийг нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар Б.Төгөлдөрийг 3 /гурав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Төгөлдөрт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй цагдан хоригдсон хоноггүй, болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч О.Төгсболд нь цаашид гарах эмчилгээний зардлын талаар холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Төгөлдөрт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч түүний өмгөөлөгч, хохирогч  нар давж заалдах гомдол, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Төгөлдөрт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

 

 

                           

 

          ДАРГАЛАГЧ                                 С.ОЮУНГЭРЭЛ