Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2020/00715

 

Ж, Б.Б нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2019/01075 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1092 дугаар магадлалтай,

Ж, Б.Б нарын нэхэмжлэлтэй,

“Д” ХХК /“А” ХХК/холбогдох,

“Ажил гүйцэтгэх гэрээ”-ний улмаас учирсан хохирол, зардалд 97 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч бөгөөд Ж-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч бөгөөд Ж-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, хариуцагчийн төлөөлөгч О.О, хариуцагчийн өмгөөлөгч К.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч Ж, Б.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж, Б.Б нар 2017 оны 7 дугаар сарын 9-ний өдөр “А” ХХК-тай Дорноговь аймгийн Айраг суманд орших жоншны уурхайн хөрс хуулалтын тухай гэрээг байгуулсан. Уг гэрээгээр “А” ХХК нь Б талд Дорноговь аймгийн Айраг суманд орших жоншны уурхайн хөрс хуулалтын ажлыг гүйцэтгүүлэхээр итгэмжилсэн. Ажлын агуулга нь хөрс хуулалт, тээвэрлэлт, нөхөн сэргээлт түүний дараа хүлээх хариуцлага, овоолгын нөхөн сэргээлт, борооны улиралд үерээс хамгаалах ажил, барилгын талбай болон байгаль орчинг бохирдуулахаас хамгаалах ажлыг 2017 оны 7 дугаар сарын 9-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр хүртэл хугацаагаар хийж гүйцэтгэх ёстой байсан. “А” ХХК-ийн хувьд Дорноговь аймгийн Айраг суманд Цагаан овоо гэх газарт байрлах жоншны уурхайд 100 000 м.куб талбай бүхий газрын хөрсийг хуулуулах ажил хийлгэх, харин Б.Б, Ж нарт ажил гүйцэтгэж, ашиг орлого олох хэрэгцээ шаардлагууд байсан. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар талуудын хүсэл зориг, хэрэгцээ шаардлагын үндсэн дээр хэлцэл хийгдсэн. Энэхүү хэлцлийн үр дүнд бид ажил гүйцэтгэж, ажил гүйцэтгэсэн хөлс авах, харин захиалагч ажлын үр дүнг хүлээн авч, хөлс төлөхөөр тохиролцсон тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан.

Дээрх гэрээ бүрэн хэрэгжээгүй шалтгаан нь захиалагч тал ажлын гүйцэтгэх боломжийг хангах үүрэгтэй буюу хадтай газрыг тэсэлгээ хийж, чулууг буталж сулласнаар хөрс хуулалт бүрэн хийгдэх ёстой байсан. Бид 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотоос трайлер хөлслөн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Өгөөмөрийн уурхайд ажиллаж байсан эксковаторыг ачуулж, Дорноговь аймгийн Айраг сумын Цагаан дэлийн уурхайд аваачин байрласан. Биднийг ирэхэд Хятад оператор, тогооч нар ирсэн байсан. Уурхай дээр ирээд 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүртэл ажил хийгдээгүй, сул зогссон. Энэ үед Ж нь Ван И Ру захиралтай утсаар ярьж ажлаа хурдан эхлүүл гэхэд, тэсэлгээ хийгдээгүй байгаа, тэсэлгээний ажлыг О.О гэдэг Монгол хүн хариуцаж байгаа, тэр хүнтэй утсаар ярь гэсний дагуу ярьж тэсэлгээний ажлыг хурдан хий, түрээсийн техник сул зогсоод байна гэхэд, би ойлгож байна, Ван И Ру захиралтай яриад эргээд хариу хэлье гэсэн. Олон хоног сул зогсож, ажил хийгдээгүй учраас Ж нь “А” ХХК-ийн ерөнхий инженер Ди Баотай ярилцаж тэсэлгээний нүх өрөмдөж бэлдэхээр тохиролцож манай ажилтан Ж.Бишбаяраар өрөмдүүлэхээр болсон. Дээгүүрээ сул шороо ихтэй тул өрөмдсөн нүх буцаж булагдаад байсан болохоор хятад инженер Ди Бао сул шороог ачуулж өрөмдлөг хийе, би Ван И Ру захиралтай ярьсан, та нар бусад техникээ аваад ир, хөрс хуулалтын үед тэсэлгээ хийхээр болсон гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр бид бүх техникүүдээ авч ирж, хөрс хуулалтын ажлыг эхэлсэн. Инженер Ди Бао өнөө маргаашгүй тэсэлгээний зөвшөөрөл гарна гэж хэлсэн бөгөөд бид хөрсийг чадах хэмжээндээ хуулаад экскаватор хаданд тулаад ажиллах боломжгүй зогссон. Тэр үед тэсэлгээ хийхгүй, мөнгөө өгөхгүй байгаа учраас манайх ажлаа зогсоолоо гэж О.Отой ярихад Ван И Ру захиралтай өөрсдөө ярь, би мэдэхгүй гээд утсаа тасалсан. Дахин залгахад утсаа авахгүй, мөнгө ч төлөхгүй, ажил хийх боломжгүй болсон тул техникүүдээ 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хот руу буцаагаад татсан.

Тэр үед Ван И Ру захирал Ж руу утсаар яриад 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Хятадад хүрээд ир, үлдсэн техникүүдээ байлгаж бай, хохирлыг чинь төлнө гэж дуудсан. Ж 2017 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Хятад руу яваад 9 дүгээр сарын 11-ний өдөр Ван И Ру захирал мөнгө өгсөн, тэсэлгээний ажлын зөвшөөрөл гарсан гэнэ. Одоо “А” ХХК-ийн талаас ямар ч асуудал гаргахгүй гэж байна, танайх сайн ажиллаж байгаа учраас өөр компанитай хамтран ажиллах сонирхолгүй гэж байна. Техникүүдээ буцаагаад уурхай руу тат гэсэн. 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр биднийг уурхай дээр буцаад ирэхэд хуучин байсан Ди Бао нутаг буцаад шинэ инженер Цай ирсэн байсан. Цай инженер ил биш далд уурхай хийхээр болсон гээд өөрөө зураг зурж, гарын үсэг зуруулж ажлаа үргэлжлүүлж хийсэн. 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хийх ёстой ажлаа бүгдийг нь хийгээд тэсэлгээ хийгээгүй учраас хаданд тулаад зогссон. Тэгээд аргагүйн эрхэнд 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр техникүүдээ буцаагаад хот руу татсан.

Тус компани тэсэлгээний зөвшөөрлөө аваагүй байснаас манайх ажлаа бүрэн гүйцэтгэх боломжгүй болсон. Дээрх гэрээт ажлыг гүйцэтгэхийн тулд бид эксковатор, самосвал, ковш, түлшний машин зэргийг бусдаас түрээслэн хөрс хуулалтын ажлыг гүйцэтгэсэн. Үүнд: автомашин, техникийн түрээсийн гэрээний төлбөрт 224 000 000 төгрөг, түлшний зардалд 23 000 000 төгрөг, ажилчдын цалин хөлсөнд 6 000 000 төгрөг, нийт 253 000 000 төгрөг зарцуулснаас “А” ХХК нь 155 400 000 төгрөгийг төлсөн. Ийнхүү захиалагчийн буруутай үйл ажиллагааны улмаас ажлыг бүрэн гүйцэтгэж чадаагүй, хохирол учирсан тул зөвхөн холбогдон гарсан зардлыг шаардаж байгаа болно. Тус шүүхэд нэхэмжлэл гаргах үед хариуцагч нь “А” ХХК нэрээр улсын бүртгэлд бүртгэлтэй байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэрээ “Д” ХХК болгон өөрчилсөн тул тус компаниас 97 600 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч О.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нар 2017 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн Хятад хэл дээр хийгдсэн гэрээг “А” ХХК-иас байгуулсан гэх этгээд нь компанийг төлөөлөн аливаа гэрээ, эрх зүйн үр дагаварт хүргэх хэлцэл хийх эрх зүйн чадамжгүй этгээд байсан бөгөөд гүйцэтгэх захирлаас хэлцэл, гэрээнд төлөөлөх, бие даан гарын үсэг зурах итгэмжлэл аваагүй. Бид энэхүү гэрээ байгуулагдаж, Ж хөрс хуулалтын ажлыг эхлүүлсний дараа гэрээ байгуулагдсан талаар мэдсэн. Нэгэнт ажил эхэлсэн байсан учраас бид Жд боломж олгож гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх нөхцөлөөр хангаж өгсөн боловч гэрээнд заагдсан хугацаанд ажлыг хийж амжаагүйн дээр гэрээгээр хүлээгээгүй үүрэг, биднээс хамаарахгүй нөхцөлийг манай компаниас шаардаж байсан учраас гэрээг цуцлах тухай хэлж, хоёр талаасаа мэргэжлийн хэмжилтийн компани авчирч хэмжилт хийлгэсэн. Хэмжилтийн үр дүнг тулгаж зөвшилцсөний үндсэн дээр хийгдсэн ажлын төлбөрийг төлсөн болно. Ямар ч өөрсдийн гэсэн хөрөнгө, техник байхгүй, авч ирсэн техникүүд нь жоншинд зориулагдаагүй, нүүрсэнд зориулсан техникүүд байсан. Тэдгээр нь өөрсдийнх нь биш болохоор тэсэлгээ хийхгүйгээр хийх боломжтой ажлыг гүйцэтгээгүй.

Мөн компанийн хувьцаа эзэмшигч, захиралтай нь гэрээ байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулах ёстой. Би гэрээнд гарын үсэг зураагүй учраас нэхэмжлэлийг татгалзах шалтгаан юм. Мөн гэрээний төлбөр тооцоог дандаа Хятадад хийсэн, тийм болохоор хууль бус гэж үзсэн. Монгол улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж Монгол улсдаа татвар тооцоогоо хийх ёстой. Би ажлыг хийх чадамжгүй компани байна, гэрээний хугацаанд хийсэн ажлын хөлсийг нь өгөөд гэрээг дуусгавар болгоё гэж санал тавьж байсан. Тухайн үед хөрс хуулалтын ажлын хөлс 1 м.куб нь 8 юань хавьцаа байсан, гэтэл 12 юаниар гэрээг хийсэн байсан нь эсэргүүцэх шалтгаан болсон. Гэрээний хугацаанд хийсэн ажлын хэмжээнд төлбөрийг төлсөн. Нэгэнт талууд зөвшилцөж гэрээг дуусгавар болгосон байхад биднээс мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. 2017 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн гэрээнээс үүссэн хохирол шаардаж байна. Нэхэмжлэгч Жтай гэрээ байгуулсан бөгөөд Б.Б ямар учиртай нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар зохигчид гэдэгт Б.Б гэж хүн орохгүй. 2017 оны 7 дугаар сарын 9-ний өдөр “А” ХХК-ийг Хун Чен Мин гэдэг хүн төлөөлөөд гарын үсэг зурсан байдаг. Энэ компанийг төлөөлөх эрх 2011 оноос хойш О.Оод байсан. Мөнгийг ч гэсэн О.О шилжүүлээгүй тул гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн гаргаж өгөөд байгаа и-мэйлээр итгэмжлэл олгосны дагуу гэрээ байгуулагдсан гэж байна. Тэгэхээр итгэмжлэлийг олгох эрхтэй этгээд олгоогүй, бичгээр байгуулагдсан гэрээ хуулийн шаардлага хангаагүй.

Талууд Иргэний хуульд заасны дагуу харилцан тохиролцож ажил гүйцэтгэсэн. Ажил гүйцэтгэх явцад тэсэлгээ хийгээгүй учраас нийт 100 000 м.куб ажлыг гүйцэтгэж чадаагүй гэж тайлбарладаг. Нийт гүйцэтгэсэн ажлыг хоёр талыг байлцуулаад “Гал гэр” ХХК 35 242.96 м.куб гэж тодорхойлсон. Тэгэхээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлд зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. Нэхэмжлэгч талын гүйцэтгэсэн ажлын үр дүнг хариуцагч тал зөвшөөрөөд 1 м.куб-ыг нь 12 юаниар бодоод хөлсийг нь өгсөн.

Нэхэмжлэгч тэсэлгээ хийх ёстой байсан гэж тайлбарладаг, энэ талаар “А” ХХК-д мэдэгдсэн баримтгүй. Мэдэгдээгүй байж тэсэлгээ хийгээгүйгээс хохирол учирсан гэж байгаа нь үндэслэлгүй. Хуульд зааснаар заавал мэдэгдэх үүрэгтэй. Хийсэн ажилд нь тохирсон үнийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2019/01075 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан, хариуцагч “Д” ХХК-аас 68 600 000 /жаран найман сая зургаан зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 29 000 000 /хорин есөн сая/ төгрөгт холбогдох хэсэг, нэхэмжлэгч Б.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 645 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Д” ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 500 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан хариуцагч “Д” ХХК-аас орчуулгын хөлс 140 000 төгрөгийг гаргуулж “ПДДБ” ХХК-д, нэхэмжлэгч Ж, хариуцагч “Д” ХХК нараас орчуулгын хөлс 125 000 төгрөгийг тус тус гаргуулж МУИС-ийн багш, хятад судлаач орчуулагч В.Батмаад тус тус олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1092 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2019/01075 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 355.5, 355.6 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Д” ХХК-иас 24 600 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 73 000 000 төгрөгт холбогдох хэсэг, нэхэмжлэгч Б.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, 2 дах заалтад “...500 950...” гэснийг “...280 950...” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 501 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч бөгөөд Ж-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1092 дугаар магадлалыг нэхэмжлэгч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т зааснаар эс зөвшөөрч хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2019/1075 дугаар шийдвэр нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний заалтыг оновчтой тайлбарлан, хууль хэрэглээг зөв хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагатай гэрээгээр тохирсон Улаанбаатар хотоос 350 км зайд орших Дорноговь аймгийн Айраг сумын Цагаан дэлийн уурхайд нийт 100 000 м.куб талбайд хөрс хуулалтын ажлыг хийж гүйцэтгэхээр шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслийг түрээслэн, гэрээт ажлыг гүйцэтгэж хүн хүчийг сонгон ажиллуулж хөрөнгө мөнгөө хариуцагч байгууллагад зарцуулан ажлаа хийж гүйцэтгэж байх явцад уул, хаданд тулснаар хариуцагч байгууллага нь гэрээний 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт зааснаар “Б талын ажлыг хийлгэхийг тулд А тал нь тэсэлгээг ажил эхлэхээс өмнө хийж, Б талын ажлыг саатуулж болохгүй. Тэсэлгээнээс болж гарсан хариуцлагыг А тал бүрэн хүлээнэ” гэсэн агуулга бүхий заалтыг хариуцагч зөрчсөн байгаа үйл баримт тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл талуудын хооронд байгуулагдсан гэрээ, төлбөрийн баримт, мөнгө хүлээн авсан, шилжүүлсэн баримт, техник төхөөрөмжийн түрээсийн гэрээ мөн гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нэхэмжлэгчээс гарсан зарлага болох бүхий л бодит нотлох баримтууд авагдсан байгаа. Гэтэл давж заалдах шатны шүүхээс техникийг түрээсэлсэн хугацааг 1 сар 15 хоног түрээслэн ажиллуулсан хэмээн тооцон 24 600 000 төгрөг гэж дүгнэсэн нь учир дутагдалтай.

Тодруулбал, тухайн техникүүдийг түрээслэх гэрээнд 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс эхэлж 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэл ажлыг хийж дуусгахаар тохиролцсон байсан хэдий ч захиалагчийн буруутай үйл ажиллагаанаас болж 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ажилласан бөгөөд энэ хугацаанд техникийн түрээсийн гэрээ хүчин төгөлдөр хэвээр түрээслэгдэж байсан. Дээрх асуудлууд үүсч байгаа талаар хариуцагч байгууллага мэдэж байсан бөгөөд тэсэлгээний эрхээ удахгүй авах тул ажлаа үргэлжлүүлэн хийлгэх талаар мэдэгдэж, хариуцагч байгууллагын хүсэлтээр дахин уурхайд очиж, ажлаа гүйцэтгэж байсан талаар талууд маргаж байгаагүй.

Тухайлбал, нэхэмжлэгч Жы дансны хуулгаар эксковаторын түрээсийн төлбөрт шилжүүлсэн нийт 100 000 000 төгрөг төлөгдсөн баримт нь байхад шүүх 75 000 000 төгрөгөөр тооцон 25 000 000 төгрөгийн хохирлын баримтыг үнэлсэнгүй гэж харагдаж байна.

Эхэндээ хариуцагч байгууллага гэрээ байгуулаагүй гэж маргаж, нэхэмжлэгчийн нотлох баримтыг үгүйсгэх баримтгүй бөгөөд нэхэмжлэгчээс гарсан зардлаас хариуцагчийн урьдчилгаанд өгсөн баримттай мөнгийг тооцож хасаад үлдэгдэл зардлыг гэрээнээс учирсан хохирол гэж нэхэмжпэгч нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэн нэхэмжилсэн болно. Нийт зардалаас зөвхөн баримттай 253 000 000 төгрөг - 155 400 000 төгрөг = гэрээнээс учирсан алдагдал буюу хохирол 97 600 000 төгрөг төлөгдөөгүй байна.

Нэхэмжлэгч Ж нь хариуцагч байгууллага ажлаа үргэлжүүлэн хийлгэж байгаа тул ажилтай, ажилгүй байсан ч ажилтнууд Айраг суманд байж ажиллах хүчний хөлс 6 000 000 төгрөг, техник хэрэгслийг 2 удаа ирж буцахад болон ажиллахад зарцуулагдсан түлшний зардалд 23 000 000 төгрөг, техникийн түрээсэнд 224 000 000 төгрөгийг тус тус төлсөн. 100 000 м.кубын ажлыг бүхэлд нь хийнэ гэж тооцоолсны үндсэн дээр 1 кубын 12 юань буюу 4 209.96 төгрөгөөр тооцож, нийт 420 996 000 төгрөгийн ажил хийж, зардалд 287 320 000 төгрөг төсөвлөгдөж, 133 676 000 төгрөг орчим ашиг олно гэж тооцож ажилласан боловч тооцоолсон зардлаа гаргаад ашгаа олоогүй, их хэмжээний хохирол үүсч үнэгүй ажилласан тооцоолол гарч ажлын хөлсгүй үлдсэн байна.

Түүнчлэн, дээрх үйл баримтыг хариуцагч байгууллагаас үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй, мөн тодорхой үндэслэлээр маргаагүй байхад давж заалдах шатны шүүх эрх хэмжээгээ хэтрүүлэн гомдолд дурдагдаагүй үндэслэлээр хянан шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэн, мөн хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг бүхэлд нь хянаж, тооцооллын зөрүүтэй, хоорондоо уялдаа холбоогүй гарсан байгааг хянаж өгөхийг хүсч, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг баримтын хүрээнд бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ж, Б.Б нар нь “Д” ХХК-д холбогдуулан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний улмаас учирсан хохирол, зардалд 97 600 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...ажил гүйцэтгэхээр бусдаас эксковатор, самосвал, ковш, түлшний машин зэрэг техникийг бусдаас түрээслэн ажиллуулж байсан, ...захиалагчаас шалтгаалан ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй болсон бөгөөд ажиллах хугацаанд техникийн түрээсийн төлбөрт 224 000 000 төгрөг, түлшний зардалд 23 000 000 төгрөг, ажилчдын цалин хөлсөнд 6 000 000 төгрөг, нийт 253 000 000 төгрөг зарцуулснаас хариуцагч 155 400 000 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл 97 600 000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэл гаргах үед хариуцагч нь “А” ХХК нэртэй байсан ба хэрэг хянагдах явцад нэр нь өөрчлөгдөж “Д” ХХК болсон тул хариуцагчийг цаашид “Д” ХХК гэж нэрлэнэ.

Хариуцагч “Д” ХХК нэхэмжлэлийг эс зөвшөөрч: “...нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлыг мэргэжлийн хэмжилтийн компаниар хийлгэж, хэмжилтийн үр дүнг тулгаж, зөвшилцсөний үндсэн дээр хийсэн ажлын төлбөрийг төлсөн. ...гэрээ дуусгавар болсон тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэж маргасан байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 227 дугаар зүйлийн 227.1.-д зааснаар хариуцагчаас 68 600 000 төгрөгийг гаргуулан, үлдэх хэсэг болон нэхэмжлэгч Б.Бгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх  шийдвэрт өөрчлөлт оруулж, Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1., 355.5., 355.6.-д зааснаар хариуцагчаас 24 600 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч талаас хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...шүүх нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлээгүй, техникийг түрээсэлсэн хугацааг буруу тооцож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан тул магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү...” гэжээ.

“Д” ХХК нь нэхэмжлэгч Ж-тай 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр “Монгол Улсын Дорноговь аймгийн Айраг суманд орших жоншны уурхайн хөрс хуулалтын тухай гэрээ” байгуулж, тус гэрээгээр 2017 оны 07 дугаар сарын 09-нөөс 2017 оны 10 дугаар сарын 09-ны хооронд гүйцэтгэгч “Д” ХХК 100 000 м.куб талбайд хөрс хуулалт, тээвэрлэлт, нөхөн сэргээлт, түүний дараа хүлээх хариуцлага, овоолгын нөхөн сэргээлт, борооны улиралд үерээс хамгаалах ажил, барилгын талбай болон ахуйн орчныг байгаль орчин бохирдуулахаар хамгаалах ажил гүйцэтгэх, 40 ба түүнээс доош гүн бүхий 1 м.кв талбайд тээвэрлэх хөрсний байгууламжийн ажлын хөлсийг 12 юаниар тооцох, захиалагч гэрээ байгуулсны дараа урьдчилгаа 250 000 юанийг төлж, тухайн сарын бодит хөрс хуулалтын хэмжээг баримтлан, хэмжиж тооцсоны дараа 5 өдрийн дотор төлбөрийг төлөхөөр, мөн гэрээний Арван дөрөвийн 2.-т Б тал /Ж/-ын ажлын тоо хэмжээг бүрэн гүйцэд хийлгэхийг батлахын тулд А тал /“Д” ХХК/ нь тэсэлгээг ажил эхлэхээс өмнө хийлгэж Б талын ажлыг саатуулж болохгүй. Тэсэлгээнээс болж гарсан хариуцлагыг А тал бүрэн хүлээхээр харилцан тохиролцжээ.

Гэрээний хугацаанд 35 242.96 м.куб талбайн хөрсийг хуулсан, ажлын хөлсөнд 155 400 000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон талаар зохигч маргаагүй байна.

Иргэний хуулийн 343 дугар зүйлийн 343.1.-д ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэг хүлээнэ гэж, 351 дүгээр зүйлийн 351.1.3.-т захиалагч гэрээнд заасан ажил гүйцэтгэхэд шаардлагатай материал, багаж, тоног төхөөрөмж, ажлын байр гаргаж ажил гүйцэтгэгчид шилжүүлэх, 352 дугаар зүйлийн 352.5.1.-д захиалагч ажил гүйцэтгэхэд зайлшгүй шаардагдах үйлдэл хийх энэ хуулийн 351.1.-д заасан үүргээ биелүүлээгүйгээс гүйцэтгэгч учирсан хохирлоо нөхөн төлүүлэх эрхтэй гэж, 355 дугаар зүйлийн 355.1.-д гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж, 355.6.-д ажил дуусахаас өмнө захиалагч гэрээгээ цуцалсан бол гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчид орсон орлого, үр шимийг хасаж, учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж тус тус зохицуулжээ.

Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1. дэх заалтад нийцсэн байна.

Захиалагч гэрээгээр хүлээсэн тэсэлгээ хийх үүргээ биелүүлээгүйгээс ажил зогсож нэхэмжлэгч үүргээ бүрэн биелүүлэх боломжгүй болсон нь нотлох баримтаар тогтоодсон тул гүйцэтгэгч учирсан хохирлоо нэхэмжилсэн нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчихгүй.

Талуудын хооронд байгуулсан гэрээгээр түлшийг гүйцэтгэгч өөрөө хариуцахаар тохиролцсон, ажилчдын цалинг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй тул нэхэмжлэлийн эдгээр шаардлагыг, мөн нэхэмжлэгч Б.Б нь гэрээний тал биш тул шаардах эрхгүй этгээд гэж үзэн түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэжээ.

Харин нэхэмжлэгч нь гэрээт ажлыг гүйцэтгэхээр техник, тоног төхөөрөмж түрээслэн ажиллуулсан нь хэргийн баримтаар тогтоодсон, үүнээс ажлын хөлсөнд 155 400 000 төгрөгийг авсан тул зөрүү төлбөрийг хохиролд тооцож гаргуулах үндэстэй.

Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа  нотлох баримтыг бүрэн үнэлээгүйгээс бүх техникийг 45 хоног ажилласан гэж хугацааг буруу дүгнэсэн байх тул магадлал хуулийн үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Хэрэгт авадсан нотлох баримтаас үзэхэд ажлын талбайд эксковатор 1ш, түлшний машин 1ш, ковш 1ш, өөрөөр буулгагч самосвал 3ш тус тус ажилласнаас 13-56 УНЦ, 27-83 УНМ дугаартай өөрөө буулгагч самосвал, 88-37 УБ дугаартай авто ачигч ковш машиныг 2017 оны 08 дугаар сарын 15-наас тус тус түрээсэлсэн нь баримтаар тогтоогдсон, бусад техник 2017 оны 08 дугаар сарын 01-нээс ажлын талбайд ажилласан талаар хариуцагч маргаагүй тул тооцоог зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд түрээсийн төлбөрийн үлдэгдэл 68 600 000 төгрөгөөс дээрх 3 автотехникийн 15 хоногийн түрээс 16 500 000 төгрөгийг хасч, хариуцагчаас 52 100 000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг засч шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатын шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4. дэх заалтад нийцсэн байх тул дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, энэ талаар гаргасан нэхэмжлэгч нарын гомдлын заримыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1092 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...24 600 000...” гэснийг “...52 100 000...” гэж, “...73 000 000...” гэснийг “...45 500 000...” гэж, “...250 950...” гэснийг “...418 450...” гэж тус тус өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч бөгөөд Ж-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А нарын гомдлын заримыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Б.Бгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 522 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД