Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 1075

 

 

 

 

2019 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2019/01075

Улаанбаатар хот

 

МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ж Х Ч / /БНХАУ-ын иргэн,  

 

Нэхэмжлэгч: Б.Б  нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Д Ж А В ” ХХК /хуулийн этгээдийн нэр өөрчлөгдөхөөс өмнө “А б ” ХХК, д холбогдох,

 

97,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б , нэхэмжлэгч Б.Б гийн өмгөөлөгч Н.Б, нэхэмжлэгч Ж Х Ч /-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд нэхэмжлэгч Б.Б гийн өмгөөлөгч П.А, хариуцагчийн төлөөлөгч О.О , хариуцагчийн өмгөөлөгч К.М, хариуцагчийн өмгөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бадамдорж нар оролцов.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

   “Ж Х Ч , Б.Б  бид 2017 оны 07 сарын 09-ний өдөр “А б ” ХХК-тай Монгол Улсын Дорноговь аймгийн Айраг суманд орших жоншны уурхайн хөрс хуулалтын тухай гэрээг байгуулсан. Уг гэрээгээр “А б ” ХХК нь Б талд Монгол Улсын Дорноговь аймгийн Айраг суманд орших жоншны уурхайн хөрс хуулалтын ажлыг гүйцэтгүүлэхээр итгэмжилсэн. Ажлын агуулга нь хөрс хуулалт, тээвэрлэлт, нөхөн сэргээлт түүний дараа хүлээх хариуцлага, овоолгын нөхөн сэргээлт, борооны улиралд үерээс хамгаалах ажил, барилгын талбай болон  байгаль орчинг бохирдуулахаас хамгаалах ажлыг 2017 оны 07 сарын 09-ний өдрөөс 2017 оны 10 сарын 09-ний өдөр хүртэл хугацаагаар хийж гүйцэтгэх ёстой байсан. “А б ” ХХК-ийн хувьд Дорноговь аймгийн Айраг суманд Цагаан овоо гэх газарт байрлах жоншны уурхайд 100,000 м.куб талбай бүхий газрын хөрсийг хуулуулах ажил хийлгэх хэрэгцээ шаардлага байсан, харин Б.Б , Ж Х Ч  нарт ажил гүйцэтгэж, ашиг орлого олох хэрэгцээ байсан. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар талуудын хүсэл зориг, хэрэгцээ шаардлагын үндсэн дээр хэлцэл хийгдсэн. Энэхүү хэлцэлийн үр дүнд бид ажил гүйцэтгэж, ажил гүйцэтгэсэн хөлс авах, харин захиалагч ажлын үр дүнг хүлээн авч, хөлс төлөхөөр тохиролцсон тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Дээрх гэрээ бүрэн хэрэгжээгүй шалтгаан нь захиалагч тал ажлын гүйцэтгэх боломжийг хангах үүрэгтэй буюу хадтай газрыг тэсэлгээ хийж, чулууг буталж сулласнаар хөрс хуулалт бүрэн хийгдэх ёстой байсан. Бид 2017 оны 07 сарын 25-ны өдөр Улаанбаатар хотоос трайлер хөлслөн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Өгөөмөрийн уурхайд ажиллаж байсан эксковаторыг ачуулж, Дорноговь аймгийн Айраг сумын Цагаан дэлийн уурхайд авч ирж, байрласан. Биднийг ирэхэд хятад оператор, тогооч нар ирсэн байсан. Уурхай дээр ирээд 2017 оны 08 сарын 02-ны өдөр хүртэл ажил хийгдээгүй, сул зогссон. Энэ үед Ж Х Ч  В И Р захиралтай утсаар ярьж ажлаа хурдан эхлүүл гэхэд, тэсэлгээ хийгдээгүй байгаа, тэсэлгээний ажлыг О.О  гэдэг монгол хүн хариуцаж байгаа, тэр хүнтэй утсаар ярь гэсний дагуу ярьж тэсэлгээний ажлыг хурдан хий, түрээсийн техник сул зогсоод байна гэхэд, би ойлгож байна, В И Р захиралтай яриад эргээд хариу хэлье гэсэн. Олон хоног сул зогсож, ажил хийгдээгүй учраас Ж Х Ч  “А б ” ХХК-ийн ерөнхий инженер Д Б тай ярилцаж тэсэлгээний нүх өрөмдөж бэлдэхээр тохиролцож манай ажилтан Ж.Бишбаяраар өрөмдүүлэхээр болсон. Дээгүүрээ сул шороо ихтэй тул өрөмдсөн нүх буцаж булагдаад байсан болохоор хятад инженер Д Б  сул шороог ачуулж өрөмдлөг хийе, би В И Р захиралтай ярьсан, та нар бусад техникээ аваад ир, хөрс хуулалтын үед тэсэлгээ хийхээр болсон гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 08 сарын 16-ны өдөр бид бүх техникүүдээ авч ирж, хөрс хуулалтын ажлыг эхэлсэн. Инженер Д Б  өнөө маргаашгүй тэсэлгээний зөвшөөрөл гарна гэж хэлсээр байсан бөгөөд бид хөрсийг чадах хэмжээндээ хуулаад эксковатор хаданд тулаад ажиллах боломжгүй зогссон. Тэр үед тэсэлгээ хийхгүй, мөнгөө өгөхгүй байгаа учраас манайх ажлаа зогсоолоо гэж О.О той ярихад В И Р захиралтай өөрсдөө ярь, би мэдэхгүй гээд утсаа тасалсан. Дахин дахин залгахад утсаа авахгүй, мөнгөө ч төлөхгүй, ажил хийх боломжгүй болсон тул техникүүдээ 2017 оны 09 сарын 06-ны өдөр хот руу буцаагаад татсан. Тэр үед В И Р захирал Ж Х Ч  руу утсаар яриад 2017 оны 09 сарын 08-ны өдөр Хятадад хүрээд ир, үлдсэн техникүүдээ байлгаж бай, хохирлыг чинь төлнө гэж дуудсан. Ж Х Ч  2017 оны 09 сарын 09-ний өдөр Хятад руу яваад 09 сарын 11-ний өдөр В И Р захирал мөнгө өгсөн, тэсэлгээний ажлын зөвшөөрөл гарсан гэнэ. Одоо “А б ” ХХК-ийн талаас ямар ч асуудал гаргахгүй гэж байна, танайх сайн ажиллаж байгаа учраас өөр компанитай хамтран ажиллах сонирхолгүй гэж байна. Техникүүдээ буцаагаад уурхай руу тат гэсэн. 2017 оны 09 сарын 12-ны өдөр биднийг уурхай дээр буцаад ирэхэд хуучин байсан Д Б  нутаг буцаад шинэ инженер Цай ирсэн байсан. Цай инженер ил биш далд уурхай хийхээр болсон гээд өөрөө зураг зурж, гарын үсэг зуруулж ажлаа үргэлжлүүлж хийсэн. 2017 оны 09 сарын 30-ны өдөр хүртэл хийх ёстой ажлаа бүгдийг нь хийгээд тэсэлгээ хийгээгүй учраас дахиад хаданд тулаад зогссон. Тэгээд аргагүйн эрхэнд 2017 оны 10 сарын 01-ний өдөр техникүүдээ буцаагаад Улаанбаатар хот руу татсан. Тэсэлгээ хийгдээгүйгээс болоод хөрс хуулалтын ажлыг бүрэн гүйцэтгэх боломжгүй болсон. Тус компани нь тэсэлгээний зөвшөөрлөө аваагүй байснаас манайх ажлаа бүрэн гүйцэд гүйцэтгэх боломжгүй болсон. Дээрх гэрээт ажлыг гүйцэтгэхийн тулд бид эксковатор, самосвал, ковш, түлшний машин зэргийг бусдаас түрээслэн хөрс хуулалтын ажлыг гүйцэтгэсэн. Үүнд: автомашин, техникийн түрээсийн гэрээний төлбөрт 224,000,000 төгрөг, түлшний зардалд 23,000,000 төгрөг, ажилчдын цалин хөлсөнд 6,000,000 төгрөг, нийт 253,000,000 төгрөгийг зарцуулснаас “А б ” ХХК нь 155,400,000 төгрөгийг бидэнд төлсөн. 2019 оны 07 сарын 09-ний өдрийн жоншны уурхайн хөрс хуулалтын гэрээний ажил гүйцэтгэсэнтэй холбогдуулж, “А б ” ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс ажил гүйцэтгэгч талд учирсан хохирол болох зардлаасаа нотлох баримтаар нотлогдож байгаа баримтын хэмжээнд 97,600,000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан. Гэрээгээр тохирсон ажлыг шаардлагад болон хугацаанд нь гүйцэтгэх зорилгоор бүрэн бэлтгэж, их хэмжээний зардал бүхий ажил хийгдэж, ажиллах хүч, тоног төхөөрөмж, хүнс, түлш, байр сав гэх зэргээр их хэмжээний зардлууд гарсан. Ийнхүү захиалагчийн буруутай үйл ажиллагааны улмаас ажлыг бүрэн гүйцэтгэж чадаагүй, хохирол учирсан тул зөвхөн холбогдон гарсан зардлыг энэхүү нэхэмжлэлээрээ шаардаж байгаа болно. Тус шүүхэд иргэний хэрэг үүсэх үед хариуцагч нь “А б ” ХХК нэрээр улсын бүртгэлд бүртгэлтэй байх үед нь нэхэмжлэлээ гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч хуулийн этгээд нэрээ өөрчилсөн байх тул хариуцагчийн нэрийг “Д Ж А В ” ХХК болгон тодруулж бичгээр хүсэлтээ гаргасан. Иймд тус компаниас 97,600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Б.Б, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ж Х Ч  нар нь “А б ” ХХК-иас 97,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нар нь 2017 оны 07 сарын 09-ний өдрийн Хятад хэл дээр хийгдсэн гэрээнээс үүдэн нэхэмжлэл гаргаж байна. Дээрх гэрээг “А б ” ХХК-ийн талаас байгуулсан гэх этгээд нь компанийг төлөөлөн аливаа гэрээ, эрх зүйн үр дагаварт хүргэх хэлцэл хийх эрх зүйн чадамжгүй этгээд байсан бөгөөд гүйцэтгэх захирлаас хэлцэл, гэрээнд төлөөлөх, бие даан гарын үсэг зурах итгэмжлэл аваагүй юм. Бид энэхүү гэрээг байгуулагдаж, Ж Х Ч  хөрс хуулалтын ажлыг эхлүүлсний дараа гэрээ байгуулагдсан талаар мэдсэн. Нэгэнт ажил нь эхэлсэн байсан учраас бид Ж Х Ч д боломж олгож гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх нөхцөлөөр хангаж өгсөн боловч гэрээнд заагдсан хугацаанд ажлыг хийж амжаагүйн дээр гэрээгээр хүлээгээгүй үүрэг, биднээс хамаарахгүй нөхцөлийг манай компаниас шаардаж байсан учраас гэрээг цуцлах тухай хэлж, хоёр талаасаа мэргэжлийн хэмжилтийн компани авчирч хэмжилт хийлгэсэн. Хэмжилтийн үр дүнг тулгаж зөвшилцсөний үндсэн дээр хийгдсэн ажлын төлбөрийг төлсөн болно. Ямар ч өөрсдийн гэсэн хөрөнгө, техник байхгүй, авч ирсэн техникүүд нь жоншинд зориулагдаагүй, нүүрсэнд зориулсан техникүүд байсан. Тэдгээр нь өөрсдийнх нь биш болохоор тэсэлгээ хийхгүйгээр хийх боломжтой ажлыг гүйцэтгээгүй. Мөн ямар нэгэн гэрээ хийж байгаа бол компанийн хувьцаа эзэмшигч, захиралтай нь байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулах ёстой. Би гэрээнд гарын үсэг зураагүй учраас нэхэмжлэлийг татгалзах шалтгаан юм. Мөн гэрээний төлбөр тооцоог дандаа Хятадад хийсэн, тийм болохоор би үүнийг хууль бус гэж үзсэн. Монгол улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж Монгол улсдаа татвар тооцоогоо хийх ёстой. Би ажлыг хийх чадамжгүй компани байна, гэрээний хугацаанд хийсэн ажлын хөлсийг нь өгөөд гэрээг дуусгавар болгоё гэж санал тавьж байсан. Тухайн үед хөрс хуулалтын ажлын хөлс нь 1 м.куб нь 8 юань хавьцаа байсан, гэтэл 12 юаниар гэрээг хийсэн байсан нь эсэргүүцэх шалтгаан болсон. Гэрээний хугацаанд хийсэн ажлын хэмжээнд төлбөрийг төлсөн. Нэгэнт талууд зөвшилцөж гэрээг дуусгавар болгосон байхад биднээс мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 2017 оны 07 сарын 09-ний өдрийн гэрээнээс үүссэн хохирол гэж шаардаж байна. Нэхэмжлэгч талаас гэрээ байгуулсан хүн нь Ж Х Ч  бөгөөд  Б.Б  гэдэг хүн ямар учиртай нэхэмжлэл гаргаад байгааг ойлгохгүй байна. Хамтран эзэмшдэг компанитай учраас гэж тайлбарлаж байх боловч үнэхээр энэ хоёр хүн Монгол улсад татвар төлөх сонирхолтой байсан юм бол 2007 онд үүсгэн байгуулсан компаниараа яагаад гэрээ байгуулаагүй юм бэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар зохигчид гэдэгт Б.Б  гэж хүн орохгүй. 2017 оны 07 сарын 09-ний өдөр “А б ” ХХК-ийг Хун Чен Мин гэдэг хүн төлөөлөөд гарын үсэг зурсан байдаг. Энэ компанийг төлөөлөх эрх нь 2011 оноос хойш О.О  гэж хүнд л байсан. Иргэний хуульд хуулийн этгээдийн төлөөллийг хуулийн этгээдийн удирдлага баталгаажуулж тамга тэмдэг дарж, гарын үсэг зурна гэж зохицуулсан байгаа. Гэтэл гэрээ байгуулахад О.О  байгаагүй гэдгийг нэхэмжлэгч Б.Б  хэллээ. Мөнгийг ч гэсэн О.О  шилжүүлээгүй тул гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн гаргаж өгөөд байгаа мэйлээр итгэмжлэл олгосны дагуу гэрээг байгуулагдсан гэж ярьж байна. Тэгэхээр итгэмжлэлийг олгох эрхтэй этгээд олгоогүй, бичгээр байгуулагдсан гэрээ хуулийн шаардлага хангаагүй гэж харж байна. Талууд Иргэний хуульд заасны дагуу харилцан тохиролцож ажил гүйцэтгэсэн. Ажил гүйцэтгэх явцад тэсэлгээ хийгээгүй учраас нийт 100,000 м.куб ажлыг гүйцэтгэж чадаагүй гэж тайлбарладаг. Нийт гүйцэтгэсэн ажлыг хоёр талыг байлцуулаад “Гал гэр” ХХК 35,242.96 м.куб гэж тодорхойлсон. Тэгэхээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлд зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. Нэхэмжлэгч талын гүйцэтгэсэн ажлын үр дүнг хариуцагч тал зөвшөөрөөд 1 м.куб-ыг нь 12 юаниар бодоод хөлсийг нь өгсөн байгаа. Нэхэмжлэгч нь тэсэлгээ хийх ёстой байсан гэдэг зүйлийг ярьдаг, энэ талаар “А б ” ХХК-д мэдэгдэх ёстой. Мэдэгдсэн гэх ямар ч баримт хавтаст хэрэгт байхгүй. Мэдэгдээгүй байж тэсэлгээ хийгээгүйгээс хохирол учирсан гэж ярьж байгаа нь үндэслэлгүй юм. Хуульд зааснаар заавал мэдэгдэх үүрэгтэй. Хийсэн ажилд нь тохирсон үнийг нь төлсөн байгаа тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж Х Ч /, Б.Б  нар нь хариуцагч “А б ” ХХК-д холбогдуулан 97,600,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч хуулийн этгээд нэрээ “Д Ж А В ” ХХК болгон өөрчилсөнтэй холбогдуулан тус компаниас 97,600,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

 

            “А б ” ХХК нь оноосон нэрээ өөрчилж “Д Ж А В ” ХХК болсныг 2018 оны 05 сарын 21-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байна. /хавтаст хэрэг 2-ын 33 дахь хуудас/

 

            Хариуцагч нь нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажилд төлбөл зохих төлбөрийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гарган маргажээ.

 

          Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

            2017 оны 07 сарын 09-ний өдөр “А б ” ХХК, Ж Х Ч / нарын хооронд “Монгол Улсын Дорноговь аймгийн Айраг суманд орших жоншны ил уурхайн хөрс хуулалтын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдаж, гэрээнд Ж Х Ч , “А б ” ХХК-ийг төлөөлж Хуан Чимин /Huang Qiming/ гарын үсэг зурсан байна. /хавтаст хэрэг 1-ийн 10-15, хавтаст хэрэг 2-ын 174-180/

 

            Хариуцагч нь дээр дурдсан гэрээг тус компанийг төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан, компанийн захирал гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулаагүй тул гэрээг хүчин төгөлдөр бус гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.

 

“А б ” ХХК-ийн захирлаар О.О  2017 оны 05 сарын 26-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлэн, ажиллаж байгаа болох нь тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.

 

            Хэргийн үйл баримтаар нэхэмжлэгч Ж Х Ч / нь 2017 оны 07 сарын 09-ний өдөр байгуулсан гэрээний дагуу Дорноговь аймгийн Айраг суманд орших жоншны ил уурхайн хөрс хуулалтын ажлыг тодорхой хугацаанд хийж гүйцэтгэсэн, хариуцагч компанийн захирал О.О  нь гэрээт ажлын гүйцэтгэлд хяналт тавин ажиллаж, хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрт 155,400,000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байх бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй.

 

Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д “Эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэ” гэж заасан байх ба дээр дурдсан үйл баримтуудаас үзэхэд 2017 оны 07 сарын 09-ний өдрийн гэрээнд “А б ” ХХК-ийг төлөөлж Хуан Чимин /Huang Qiming/ гарын үсэг зурсан үйлдлийг тус компанийн захирал О.О  хожим дэмжин зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

2017 оны 07 сарын 09-ний өдрийн “Монгол Улсын Дорноговь аймгийн Айраг суманд орших жоншны ил уурхайн хөрс хуулалтын ажил гүйцэтгэх гэрээ”-ээр А тал буюу “А б ” ХХК нь Дорноговь аймгийн Айраг суманд орших жоншны ил уурхайн хөрс хуулалтын ажлыг Б тал буюу Ж Х Ч /-аар гүйцэтгүүлэхийг зөвшөөрч, Б тал 100,000 м.куб талбайд уурхайн бүсийн газар шорооны ажил хөрс хуулалт, шороо тээвэрлэж зайлуулах, газар тэгшлэх, уурхайн бүсэд зам тавих, замын засвар, үйлчилгээний ажил, хаягдлын далангийн хэсгийг нурахаас сэргийлж шороогоор дүүргэлт хийх, зуны улиралд борооны уснаас хамгаалах, ажлын талбай болон амьдрах бүсийн байгаль орчныг хамгаалах ажлыг хийж гүйцэтгэх, 1 км/м3 шорооны ажлын үнэлгээг 12 юань, гэрээт ажлын хугацаа 2017 оны 07 сарын 09-ний өдрөөс 2017 оны 10 сарын 09-ний өдөр хүртэл байхаар тохиролцсон байх бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна. /хавтаст хэрэг 1-ийн 10-15, хавтаст хэрэг 2-ын 174-180/

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу гэрээний талууд гэрээний үүргийн биелэлтийг нөгөө талаас шаардах эрхтэй.

 

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гэрээний дагуу Дорноговь аймгийн Айраг суманд орших жоншны ил уурхайн 100,000 м.куб талбайд хөрс хуулалтын ажлыг хийж гүйцэтгэхээр шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслийг бусдаас түрээслэн, гэрээт ажлыг гүйцэтгэж байсан боловч хариуцагч компани гэрээгээр тохирсон хугацаанд тэсэлгээний ажлыг хийж гүйцэтгээгүйгээс ажлыг цааш үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй болж ажлаа зогсоосон тул холбогдон гарсан зардлыг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.

 

            Хариуцагч нь хөрс хуулалтын ажлыг эхлүүлсний дараа гэрээ байгуулсан талаар мэдсэн, нэгэнт ажил эхэлсэн байсан тул Ж Х Ч д ажиллах боломж олгож гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх нөхцөлөөр хангаж өгсөн боловч гэрээнд заасан хугацаанд ажлыг хийж амжаагүй, авчирсан техникүүд жоншны ажилд зориулагдаагүй зориулалтын бус байснаас ажлыг гүйцэтгэх боломжгүй байсан тул хийж гүйцэтгэсэн ажлыг нь мэргэжлийн компаниар хэмжилт хийлгэн тодорхойлж, хийгдсэн ажлын төлбөрийг төлсөн тул нэхэмжлэгчид төлбөр төлөх үүрэггүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарласан.

 

            Геодезийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй “Гал гэр” ХХК Дорноговь аймгийн Айраг суманд байрлах “А б ” ХХК-ийн жоншны  уурхайн газар шорооны ажил /ухлага/-ын хэмжээг тодорхойлох хэмжилтийг 2017 оны 10 сарын 12, 13-ны өдөр хийж, газар шорооны ажлын хэмжээг 35,242.96 м.куб гэж тодорхойлсон байх бөгөөд зохигчид уг хэмжилтийн талаар маргаагүй. /хавтаст хэрэг 2-ын 182-183/

 

            Ж Х Ч /-ий данс руу 2017.07.11-ний өдөр 150,000 юань, 2017.09.11-ний өдөр 150,000 юань, 2017.10.24-ний өдөр 77,328 юань-ийг хөрс хуулалтын төлбөр гэж орлогын шилжүүлэг хийгдсэн болох нь Хятад улсын Тариалангийн банкны картны гүйлгээний хуулгаар тогтоогдож байна. Мөн эдгээр юанийн гүйлгээнээс гадна 2017.10.20-ны өдөр 17,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байх бөгөөд эдгээр мөнгийг гэрээний төлбөрт хариуцагч талаас шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд мөнгө төлсөн талаар зохигчид маргаагүй. /хавтаст хэрэг 1-ийн 155-168/

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн 35,242.96 м.куб газар шорооны ажлын төлбөрт шилжүүлсэн юанийг шилжүүлэг хийсэн өдрийн Монгол банкны ханшаар тус тус тооцон нийт 155,400,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь 35,242.96 м.куб газар шорооны ажлын төлбөрт уг мөнгийг авсаныг хүлээн зөвшөөрсөн.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч компани гэрээгээр тохирсон хугацаанд тэсэлгээний ажлыг хийж гүйцэтгээгүйгээс хөрс хуулалтын ажлыг цааш үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй болсон гэх тайлбар гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргаж байх боловч гэрээт ажлыг тэсэлгээ хийхгүйгээр гүйцэтгэх боломжтой байсан, нэхэмжлэгчийн техникүүд жоншны ажилд зориулагдаагүй зориулалтын бус байснаас ажлыг гүйцэтгэх боломжгүй болсон гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй, хариуцагчийн тайлбар баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.5.1-д зааснаар захиалагч нь ажил гүйцэтгэхэд зайлшгүй шаардагдах үйлдэл хийх үүргээ биелүүлээгүй бол ажил гүйцэтгэгч учирсан хохирлоо шаардах эрхтэй бөгөөд хариуцагч нь тэсэлгээний ажлын зөвшөөрөл аваагүй байсны улмаас хөрс хуулалтын ажлыг хийж гүйцэтгэх боломжгүй болсон гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч нь учирсан хохирлоо хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь гэрээт ажлыг гүйцэтгэхийн тулд эксковатор, самосвал, ковш, түлшний машин зэргийг бусдаас түрээслэн, түрээсийн төлбөрт 224,000,000 төгрөг, түлшний зардалд 23,000,000 төгрөг, ажилчдын цалин хөлсөнд 6,000,000 төгрөг, нийт 253,000,000 төгрөгийг зарцуулснаас “А б ” ХХК-ийн төлсөн  155,400,000 төгрөгийг хасч үлдэгдэл 97,600,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн.

 

2017 оны 07 сарын 09-ний өдрийн “Монгол Улсын Дорноговь аймгийн Айраг суманд орших жоншны ил уурхайн хөрс хуулалтын ажил гүйцэтгэх гэрээ”-ээр нэхэмжлэгч нь 100,000 м.куб талбайд уурхайн бүсийн газар шорооны ажил хөрс хуулалтын ажлыг хийж гүйцэтгэхээр шаардлагатай техник тоног төхөөрөмж болох эксковатор, ковш, самсомоль, түлшний машин, трайлер зэргийг түрээслэн, түрээсийн төлбөрт нийт 224,000,000 төгрөг зарцуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь түлшний зардалд 23,000,000 төгрөг, ажилчдын цалин хөлсөнд 6,000,000 төгрөгийг зарцуулсан гэж тайлбарлаж байх боловч 2017 оны 07 сарын 09-ний өдөр талуудын хооронд байгуулсан гэрээний Аравын 1-д “Б тал түлшийг өөрсдөө хариуцна” гэж заасан байх тул түлшний зардлыг А тал буюу “А б ” ХХК хариуцах үүрэггүй байна. Мөн нэхэмжлэгч талын ажилчдын цалин хөлсийг “А б ” ХХК  хариуцах үүргийг хүлээсэн болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй олох байсан орлогыг хохиролд тооцно” гэж тодорхойлсон бөгөөд үүрэг гүйцэтгэхтэй холбоотой учирсан хохирол нь гэрээний талуудад үүссэн бодит үр дагавар байхыг шаардана. Гэрээт ажил буюу 100,000 м.куб талбайн хөрс хуулалтын ажлыг хийж гүйцэтгэхтэй холбоотой техник, тоног төхөөрөмж түрээслэсэн зардал нь нэхэмжлэгчээс гарсан бодит зардал байх бөгөөд гэрээт ажлыг бүрэн хийж гүйцэтгэх боломжгүй болсон нь хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан байх тул гэрээт ажлыг гүйцэтгэхтэй холбоотой техник, тоног төхөөрөмж түрээслэхэд гарсан зардал 224,000,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 155,400,000 төгрөгийг хасч тооцон үлдэгдэл 68,600,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч Б.Б  нь гэрээт ажлыг гүйцэтгэхтэй холбоотой техник тоног төхөөрөмж түрээслэх гэрээг байгуулсан, төлбөрийг төлсөн гэх үндэслэлээр гэрээнээс учирсан хохирлыг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн байх боловч 2017 оны 07 сарын 09-ний өдрийн гэрээ нь Ж Х Ч /, “А б ” ХХК-ийн хооронд байгуулагдсан, Б.Б  нь гэрээний тал биш байх тул тэрээр уг гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “Д Ж А В ” ХХК-аас 68,600,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  Ж Х Ч /-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 29,000,000 төгрөгт холбогдох хэсэг, нэхэмжлэгч Б.Б гийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан 2017 оны 07 сарын 09-ний өдрийн “Монгол Улсын Дорноговь аймгийн Айраг суманд орших жоншны ил уурхайн хөрс хуулалтын ажил гүйцэтгэх гэрээ”-г хятад хэлнээс монгол хэл рүү орчуулсан “ПДДБ” ХХК-ийн орчуулгын хөлс 140,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж “ПДДБ” ХХК-д олгох, мөн гэрээг хятад хэлнээс монгол хэл рүү орчуулсан МУИС-ийн багш, хятад судлаач орчуулагч В.Батмаагийн орчуулгын хөлс 250,000 төгрөгийг нэхэмжлэгч, хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулж В.Батмаад олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

        ТОГТООХ нь:

                                                                                               

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан, хариуцагч “Д Ж А В ” ХХК-аас 68,600,000 /жаран найман сая зургаан зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  Ж Х Ч /-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 29,000,000 /хорин есөн сая/ төгрөгт холбогдох хэсэг, нэхэмжлэгч Б.Б гийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 645,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Д Ж А В ” ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 500,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж Х Ч /-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан хариуцагч “Д Ж А В ” ХХК-аас орчуулгын хөлс 140,000 төгрөгийг гаргуулж “ПДДБ” ХХК-д, нэхэмжлэгч Ж Х Ч /, хариуцагч “Д Ж А В ” ХХК нараас орчуулгын хөлс 125,000 төгрөгийг тус тус гаргуулж МУИС-ийн багш, хятад судлаач орчуулагч В.Батмаад тус тус олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Д.ЦЭРЭНДОЛГОР