Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батсайханы Мөнхзул |
Хэргийн индекс | 148/2017/00456/И |
Дугаар | 594 |
Огноо | 2017-11-03 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 594
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг, Дарь-Эхийн 2-8а тоотод оршин суух, Боржигон овогт Пунцагдашийн Цэрэндаш /МЕ-89080418 /-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Соёлын төв /эрхлэгч Ф.Болормаа/ -д холбогдох
“2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 06 тоот “Арга хэмжээ авах тухай тушаал, 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 09 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг тус тус хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, үндэслэлгүйгээр арга хэмжээ авч, ажлаас халах тухай тушаал гаргасан Соёлын төвийн эрхлэгч Ф.Болормаад арга хэмжээ авч ажлын хариуцлага тооцуулах, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацааны цалинг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Цэрэндаш, түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг, хариуцагч Ф.Болормаа түүний өмгөөлөгч А.Мөнхбат шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Цэрэндаш нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... Миний бие 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн №11 тоот тушаалын дагуу соёлын төвийн дэргэдэх спорт цогцолборын арга зүйчээр мэргэжлийн дагуу ажилд орсон болно.
Байгууллагын дотоод журамд заагдсан ажлын чиглэл тодорхой тусгагдаагүй боловч өгсөн үүрэг даалгаврын дагуу тус суманд зохиогдсон төрөл бүрийн уралдаан тэмцээнийг зохион байгуулж, үндэсний бөхийн секцийг тогтмол чанартай явуулж ирсэн. Мөн залуучуудын чөлөөт цагийг өнгөрүүлэх зорилгоор цогцолборын дэргэдэх фитнесс төв, спорт заалны засвар үйлчилгээ, тохижилтын ажлыг хийсэн.
Энэ хугацаанд удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлж, сар болгон хийсэн ажлаа тайлагнан дүгнүүлж байсан.
Тус сумын нутаг дэвсгэрт гарсан гал түймрийг унтраах ажиллагаанд 06 дугаар сарын 06-ны өдрөөс 13-ны өдрийг дуустал дайчлагдан ажилласан. Үүний дараа биеийн байдал муудаж сумын эмнэлэгт үзүүлж өвчний улмаас 06 дугаар сарын 15-ны өдрөөс 24-ний өдрийг дуустал хугацаанд Улаанбаатар хотод нарийн шинжилгээнд яваад ирсэн. Ирэхдээ акт болон тэр хугацааны листийг байгууллагаасаа авчирч өгсөн. Листийг өгөөгүй 6 дугаар сарын цалин буухад цалинг 10 хувиар хассан байсныг мэдсэн. Энэ нь хөдөлмөрийн тухай хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэхь хэсэг, байгууллагын дотоод журмын 9.1.4 дэхь хэсэгт заасныг зөрчсөн байна. 8 дугаар сарын 11-ний өдөр уг тушаалыг хуулбарлан авахаар очиход гарын үсэг тамга тэмдэггүй, спорт цогцолборын даргын тушаалын бланк дээр Соёлын төвийн эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгч тушаал гаргасан байсныг утсаар баримтжуулж авсан.
Ийм учраас энэ тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах, сум байгуулагдсаны 93 жилийн ойн баяр наадмын сурын комисст ажиллаж үүрэгт ажлаа биелүүлж байсан боловч цагийн бүртгэл дээрээ хөтлөгдөөгүй байсан. 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 9 тоот ажлаас чөлөөлсөн тушаалыг одоо хүртэл албан ёсоор мэдэгдээгүй байгаа нь хөдөлмөрийн хуулийн 43.1, 43.2, 43.3 дахь хэсэгт заасан заалтыг тус тус зөрчсөн байна.
Ажлаас чөлөөлөх тухай Ерөө сумын спорт цогцолборын даргын тушаалын үндэслэл болгосон хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, байгууллагын дотоод журмын 9 дүгээр зүйлийн 7,8,9 заалтуудыг хүлээн зөвшөөрөхгүй.
Ажлаас халсан талаар Соёлын төвийн нягтлан Р.Даариймаагаас 8 дугаар сарын 11-ний өдөр эрхлэгч Ф.Болормаагаас тодруулахад 07 дугаар сарын 28-ны өдөр Ерөө сумын засаг дарга М.Ганбаатар ажлаас хал гэж хэлсэний дагуу тушаал гаргасан гэсэн.
Учир иймд үндэслэлгүй уг тушаалыг хүчингүйд тооцуулах тамга тэмдэггүй, арга хэмжээ авах тушаал, цагийн бүртгэлийн хангалтгүй хөтлөлт, үндэслэлгүй ажлаас халах тушаал гарган түүнийгээ албан ёсоор мэдэгдээгүй байгаа хариуцлагагүй эрхлэгч Ф.Болормаад арга хэмжээ авахуулж ажлын хариуцлага тооцож өгнө үү! гэжээ.
Нэхэмжлэгч П.Цэрэндаш нь 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:
... Миний бие 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийнхээ 1 дэхь хэсэгт 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 06 дугаартай “арга хэмжээ авах” тухай тушаалыг хүчингүй болгуулах гээд нөхөж олгуулах тухай гэсэн утга авцалтай муутай өгүүлбэр бичсэн байна. Тухайн үед хуулийн хүнээс зөвлөгөө аваагүй байсан учир өөрийнхөө хэллэгээр бичсэн юм.
Одоо энэ нэхэмжлэлийнхээ “нөхөн олгуулах” гэдгийг хуулийн хэллэгээр үндэслэлгүй тушаалаар цалингаас суутгагдсан цалингийн арга хэмжээний 10 хувь болох 39.753 төгрөгийг гаргуулах гэж өөрчлөн бичиж байна. Харин дээрх гаргасан нэхэмжлэлийн шаардлагын 2 дахь заалт болох 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 09 тоот тушаалыг хүчингүй болгох гэсэн шаардлагатай холбогдуулан
а. ажилд эгүүлэн тогтоолгох
б. ажилгүй байсан хугацаааны цалинг шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацааны цалинг гаргуулах, би сард 496.912 төгрөгийн цалинтай байсан. Үүнийг нягтлан бодогч тодорхойлсон.
в. ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг эрүүл мэндийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх гэж нэмэгдүүлсэн шаардлагыг гаргаж байна.
Шинээр 4 хоног өвчтэй байсан листийг минь алга болгон өвчтэй байсан хугацааны цалин аваагүй тул цалингийн зөрүү 80.500 төгрөгийг гаргуулах зэрэг нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж байна.
Учир нь: 2017 оны 06 сарын цалинг авах үед миний цалингаас суутгал хийсэн байсан. Ингээд яагаад суутгал хийсэн талаар санхүүгээс асуухад мэдэх зүйл алга 10 хувь цалингаас суутга гэж Зулбадрах хэлсэн гэсэн өгүүлбэр хэлсэн. Энэ асуудал намжаагүй би арга хэмжээ авсан тушаалаа гардаж аваагүй байхад 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр ажлаас халсан тухай асуудлыг үйлчлэгчээсээ сонсож халагдах тушаалаа авъя гэхэд маргааш, нөгөөдөр ир гэсэн хариулт өгч 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр надад 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 09 дугаартай “ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг гардуулан өгсөн. Мөн өдрөө надад 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн цалингаас суутгал хийсэн сахилгын” арга хэмжээ авах тухай” 06 дугаартай даргын тушаал өгсөн боловч тэр тушаал дээр гарын үсэг зурагдаагүй байгууллагын тамга дарагдаагүй тушаал байсан учир Болормаа дарга руу утсар ярьж надад миний цалингаас суутгал хийсэн тушаал гарын үсэг тамга байхгүй байна гэхэд за одоохон Зулбадрахыг явуулчихъя гарын үсэг тамга дар гэж хэлье гээд хэсэг хугацааны дараа Зулбадрах ирж гарын үсэг зурж, тамга дарж өгсөн тушаалын нэг хувийг надад өгсөн учир би дээрхи нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж байгаа болно.
Мөн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 09 тоот тушаалын хувь хууль зүйн үндэслэлгүй тушаал гаргасан учир хүчингүй болгуулах үүднээс дээрх шаардлагуудыг гаргасан болно.
Хууль зүйн үндэслэлгүй гэдэг нь хэд хэдэн хуулийн заалтаар тогтоогдож байна. Үүнд:
1. Надад ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулахдаа ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг баримтлаагүй нь тушаал үндэслэлгүй гаргасаны нотолгоо. /Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3/
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэхь заалтыг баримталсан боловч сахилгын зөрчил удаа дараа гаргаж байсныг нотлоогүй, ноцтой зөрчил гэж юуг үндэслэн ийм заалт баримталсан нь тодорхойгүй байгаа нь тушаал үндэслэлгүй гаргасны нотолгоо.
3. Намайг гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж бичсэн боловч ямар ямар үүргийг удирдлагаас хэдээ хэдийд өгсөн болон түүнийн хэзээ хэрхэн биелүүлээгүй талаар ямар ч баримт нотолгоогүй зүйл бичсэн байгаа нь үндэслэлгүй гаргасан нотолгоо.
4. Уг тушаалд миний ажлыг хүлээж авах бүрэлдэхүүн томилогдоогүй.
5. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлд заасан хэдий хугацаанд ажлыг хүлээж авах талаар Дээд шүүхийн 33 дугаар тогтоолд заасан заалтыг хууль тогтоомжийг баримтлаагүй олон зөрчил байгаа тул уг тушаалуудыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдож байгаа гэж үзэн нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч П.Цэрэндаш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 06 дугаар сард түймэр унтраах ажилд яваад ирсэн. Гал унтрааж байгаад ирээд нуруу нугасны өвчтэй болохоор 10 орчим хоног гэртээ байсан. Ингээд ажил дээр очтол надад сахилгын шийтгэл оногдуулсан тушаал гаргасан байсан. 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн соёлын төвийн эрхлэгчийн 06 тоот тушаал үндэслэлгүй.
Учир нь: Намайг чөлөөтэй байх хооронд энэ тушаалыг гаргасан байсан. Энэ тушаал гарсан талаар би огт мэдээгүй байсан. Дансанд цалин дутуу орсон байсан. Би яагаад дутуу орсон талаар санхүүгээс асуухад “сахилгын арга хэмжээ авагдсан тул 10 хувийн цалин хасч олгосон” гэж хэлсэн. Мөн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр №09 тоот тушаалаар намайг ажлаас халсан тушаал гаргасан байсан. Би 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр ажлаас халагдсан тушаалаа авахдаа цалин 10 хувь буруулж олгох тушаалыг гарын үсэг тамга тэмдэггүйгээр хүлээж авсан. Яагаад надад сахилгын шийтгэл оногдуулж цалинг 10 хувиар бууруулсныг би одоо ч гэсэн ойлгохгүй байна. Би архи дарс хэрэглээд байдаггүй. Би ажлын байрны тодорхойлолтонд заагдсан ажил үүргээ цаг хугацаанд нь гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэгч ийм тушаал гаргах эрхгүй байдаг гэж бодож байна. Намайг ямар шалтгаанаар ажлаас халсаныг ойлгохгүй байна.
Иймд миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү! гэжээ.
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Соёлын төвийн дэргэдэх “Спорт цогцолбор нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
Ажлаас халсан тушаалын хувьд П.Цэрэндаш нь 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүртэл ямар ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан тул хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, хөдөлмөрийн хууль баримтлан ажлаас нь чөлөөлсөн. Иймд П.Цэрэндашийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. П.Цэрэндаш нь 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 28-ны өдрүүдэд шалтгаангүй ажил тасалж хөдөлмөрийн сахилга зөрчсөн асуудалд зохих хариуцлага тооцсон учир хариуцагч болсон ба ажил тасалсныг зөвтгөх үндэслэл байхгүй. Ажлаас чөлөөлсөн тушаалыг хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын дотоод журмыг үндэслэж гаргасан.
Учир нь: П.Цэрэндаш маш олон хоног ажил тасалсан. Ажил тасалсан шалтгаанаа баяр наадмын комисст ажилласан гэж тайлбарласан. П.Цэрэндашийг наадмын комисст орж ажиллах тухай ямар нэгэн албан ёсны шийдвэр гараагүй. 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хамт олны хурал хийсэн. Энэ хурлын үеэр хамт олны зүгээс П.Цэрэндашийг байгууллагын ажилд ерөөсөө идэвхи санаачлага гаргахгүй байна гэж хэлж байсан.
Мөн П.Цэрэндашийг олон хоног ажил тасалсан тул ажлаас чөлөөлөх тухай асуудал яригдахад бүх албан хаагч нар хүлээн зөвшөөрсөн. Би П.Цэрэндашийг дуудаад яагаад ийм үйлдэл гаргаад байгаа талаар асуухад эхэндээ шүүмжлэл хүлээж авч байсан бол дараагаас нь уурлаад хаалга саваад гардаг болсон.
Нэхэмжлэгчийг хуулийн дагуу л ажлаас нь чөлөөлсөн тиймээс түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү! гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Цэрэндаш нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Соёлын төвд холбогдуулан “2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 06 тоот “Арга хэмжээ авах тухай тушаал, 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 09 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг тус тус хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, үндэслэлгүйгээр арга хэмжээ авч, ажлаас халах тухай тушаал гаргасан Соёлын төвийн эрхлэгч Ф.Болормаад арга хэмжээ авч ажлын хариуцлага тооцуулах, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацааны цалинг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Ажил олгогч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч П.Цэрэндаш нь 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 2017 оны 07 дугаар сарын 27-ны хүртэл ямар ч хүндэтгэн үзэх шатгаангүйгээр ажил тасалсан бөгөөд түүний ажил тасалсаныг зөвтгөх үндэслэлгүй гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд авч үзвэл: Ажилтан П.Цэрэндаш нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Соёлын төвийн дэргэдэх “Спорт цогцолбор”-т 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс арга зүйчээр ажилд орсон байх бөгөөд түүнийг Ерөө сумын Соёлын төвийн дэргэдэх “Спорт цогцолборын” даргын 2016 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 06 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, байгууллагын дотоод журмын 9.7, 9.8, 9.9 дэхь хэсэгт заасныг үндэслэн П.Цэрэндашийн цалинг 10 хувиар бууруулах арга хэмжээ авсан байна.
Мөн тус цогцолборын даргын 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 09 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг баримтлан байгууллагын дотоод журмыг зөрчсөн ажил тасалсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн болох нь зохигчдын тайлбар, ажлаас чөлөөлөх тушаал зэргээр тогтоогдож байна.
Ажилтан ажил олгогч нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болох цуцлах тохиолдлыг “хөдөлмөрийн гэрээний 2.9-ийн “з”-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлыг дараалан 2 ба түүнээс дээш хоног тасалсан”, мөн гэрээний 3.1-д Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан үндэслэлээр дуусгавар болно. Мөн хуулийн 38,39,40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр цуцлана” гэж заажээ.
Нэхэмжлэгч П.Цэрэндаш нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлж, сар болгон хийсэн ажлаа тайлагнан дүгнүүлж байсан бөгөөд тус сумын нутаг дэвсгэрт гарсан гал түймрийг унтраах ажиллагаанд 06 дугаар сарын 06-ны өдрөөс 13-ны өдрийг дуустал дайчлагдсан мөн үүний дараа биеийн байдал муудаж сумын эмнэлэгт үзүүлж өвчний улмаас 06 дугаар сарын 15-ны өдрөөс 24-ний өдрийг дуустал хугацаанд Улаанбаатар хотод нарийн шинжилгээнд явсан. 6 дугаар сарын цалин буухад цалинг 10 хувиар хассан байсныг мэдсэн. 7 дугаар сард сум байгуулагдсаны 93 жилийн ойн баяр наадмын сурын комисст ажиллаж үүрэгт ажлаа биелүүлж байсан боловч түүнийг маань цагийн бүртгэл дээрээ хөтлөлгүй үндэслэлгүй ажлаас халах тушаал гаргасан. Болормаа даргад энэ байдлыг хэлсэн мэдэгдсэн ...” гэж тайлбарлах боловч уг тайлбараа баримтаар нотолж чадаагүй гэж үзлээ.
Нэхэмжлэгч П.Цэрэндаш нь 2017 оны 6 дугаар сарын 06-наас 13-ны өдөр, 6 дугаар сарын 15-наас 24, 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 7 сарын 28-ны өдрүүдэд тус тус шалтгаангүйгээр ажил тасалж, уг зөрчилд нь Ерөө сумын Соёлын төвийн дэргэдэх “Спорт цогцолборын даргын 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 05 тоот тушаалаар цалинг 10 хувиар бууруулах арга хэмжээ ногдуулсан ба дахин 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 28-ны өдрүүдэд ажил тасалсан байна.
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Соёлын төвд холбогдуулан хэдийгээр өвчтэй байсан гэх боловч 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 24-ний өдөр хүртэл ажлаас чөлөөлсөн тухай баримт ирүүлсэн, харин 2017 оны 06 дугаар сарын 06-наас 13-ны өдрүүдэд түймрийн дайчилгаанд явсан гэж тайлбарлаж байгаа ч тухайн сум орон нутгийн засаг дарга хүн хүч, техник хэрэгслийг дайчлан нутаг дэвсгэртээ гарсан ой, хээрийн түймрийг унтраах ажлыг шуурхай зохион байгуулсан эсэх, хэрэв зохион байгуулсан бол түүнтэй холбогдсон Засаг даргын шаардлага Соёлын төвд хүргэсэн болон П.Цэрэндашийг түймрийн дайчилгаанд явуулах талаар албан ёсны тушаал шийдвэрийг тухайн байгууллагаас гарсан баримт хэрэгт авагдаагүй байна.
Дээрх өдрүүдэд нэхэмжлэгч ажил дээрээ байгаагүй болох нь цагийн бүртгэл, гэрчүүдийн мэдүүлэг, Ардын хувьсгалын 96 жил, Сум байгуулагдсны 93 жилийн ойн баяр наадамд сурын комиссын сурын талбайд хийгдсэн бэлтгэл ажил, бай шагналын тайлан илтгэх хуудас /2017.07.01-2017.07.11/, хурлын тэмдэглэл, цагийн бүртгэл зэргээр тогтоогдож байх бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар П.Цэрэндашийн асуудлыг хэлэлцсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй болох нь хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэхь хэсэгт зааснаар “...ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахаар заасан ба ажил олгогчийн шийдвэр энэ заалтад нийцэж байна.
Иймд нэхэмжлэгчийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 06 тоот “Арга хэмжээ авах тухай тушаал, 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 09 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг тус тус хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, үндэслэлгүйгээр арга хэмжээ авч, ажлаас халах тухай тушаал гаргасан Соёлын төвийн эрхлэгч Ф.Болормаад арга хэмжээ авч ажлын хариуцлага тооцуулах, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацааны цалинг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар уг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19.550 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар П.Цэрэндашийн “2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 06 тоот “Арга хэмжээ авах тухай тушаал, 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 09 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг тус тус хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, үндэслэлгүйгээр арга хэмжээ авч, ажлаас халах тухай тушаал гаргасан Соёлын төвийн эрхлэгч Ф.Болормаад арга хэмжээ авч ажлын хариуцлага тооцуулах, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацааны цалинг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар уг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19.550 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар уг шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ