Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2020/00738

 

З-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 148 дугаар шийдвэр,

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 14 дүгээр магадлалтай,

З-ын нэхэмжлэлтэй,

Н.Б-д холбогдох,

Ажил үүргээ гүйцэтгэх үедээ байгууллагад учруулсан хохирол 1 235 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Отгон сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Н.Б нь Отгон сумын иргэн Пүрэвээ овогтой Лхамсүрэн /ИЙ71031902/-д Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсэгт зааснаар тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхдэд олгох тэтгэврийг олгохдоо П.Лхамсүрэнгийн ууган хүүхэд Мөнхбат овогтой Гомбосүрэн /РД:ИЙ98010115/ 2016 оны 01 сарын 01-ний өдөр 18 нас хүрээд тэтгэвэрээс хасагдах байсныг зогсоогоогүй, 2016 оны 4 сараас 2018 оны 8 дугаар сарыг дуустал 2 жил 5 сар тэтгэврийг олгож байгууллагад 2 062 250 төгрөгийн хохирол учруулсан. Мөн Отгон сумын иргэн Цэнд-Аюушийн Цэцэг /ИЙ68062507/-т тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхдэд олгох тэтгэврийг олгохдоо ууган хүүхэд Баянмөнх овогтой Бямбасүрэн /РД:ИЙ99022701/ 2017 оны 03 дугаар сараас 2018 оын 07 сар дуустал 1 жил 5 сар тэтгэврийг үргэлжлүүлэн олгож байгууллагад 1 235 000 төгрөгийн хохирол учруулсан байна. Иймд Б.Н.Бгийн буруутай үйлдлийн улмаас манай байгууллагад 3 297 250 төгрөгийн хохирол учирсан тул уг хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нийгмийн халамжийн үйлчилгээг иргэдэд хүргэхээр манай байгууллага сум бүрт нэг нэг хүн томилж ажиллуулдаг. Завхан аймгийн Отгон сумд Б.Н.Б ажиллаж байна. Энэ хүн нь Отгон сумын иргэн Цэцэгээ гэдэг хүний ууган хүү Б.Бямбасүрэнд тогтоосон тэжээгчээ алдсаны тэтгэврийг 1 жил 5 сарын буюу 1 235 000 төгрөгийн илүү тэтгэмж олгосон гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргаж нэхэмжилж байгаа юм.

Энэ үйл явдал нь 2012 оны 01-р сарын 19-нд батлагдсан Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 185 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох журам-ын дагуу тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны 3-4 хүүхдэд Засгийн газраас тогтоосон нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 1.5 дахин нэмэгдүүлэн олгоно гэж заасан байдаг. Үүнийг тухайн иргэний хүүхдийн тэжээгчийг тогтоох явцад тэр айл гурван хүүхэдтэй байсан. Гурван хүүхэд нь 18 насанд хүрээгүй байсан учраас 1.5 дахин нэмэгдүүлэн олгож байсан. 2017 оны 02-р сарын 27-нд Цэцэгийн ууган хүүхэд Бямбасүрэн нь 18 нас хүрхэд түүний бага дүүд Засгийн газраас тогтоосон нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг бууруулан тогтоох байсан. Үүнийг сум бүрт ажиллаж байгаа байцаагч нар тухай бүр хөдөлгөөнөө хянаж, бүртгэлээ хийж ирүүлэх ёстой юм. Тэжээгчээ алдсан гэх Б.Бямбасүрэнг насанд хүрмэгц програм автоматаар тэтгэмж зогссон гэж гарч ирдэг юм. Гэтэл Б.Н.Б нь иргэн Б.Бямбасүрэнгийн бүртгэлийг 2017 оны 02-р сарын 27-ны өдрөөс эхлүүлээд 2017 оны 04-р сарын 04-нд шинээр бүртгэлд оруулж, тэтгэмж олгосон байгаа юм. Энэ үйлдэл нь тухайн ажилтны ажлын хариуцлага алдсан санаатай үйлдэл гэж үзэж байгаа юм. Энэ нь юугаар нотлогдож байгаа юм бэ гэхээр Б.Бямбасүрэнгийн хувийн хэрэг, програмыг харахаар ийм байдаг юм. Нийгмийн ажилтан хүн юу хийх ёстой, хэдээс хэдэн насны хүнд тэтгэвэр, тэтгэмж олгох, хэдээс хэдэн нас хүрсэн тохиолдолд тэтгэвэр, тэтгэмж зогсох ёстой гэх мэт иргэдийн мэдээлэл, хөдөлгөөнүүдийг хийх талаар Нийгмийн халамжийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т заасан, мөн Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох журмын 7.4, мөн журмын 5.1-д заасан байдаг. Б.Н.Бг эдгээр заалтуудыг зөрчсөн гэж үзэж байгууллагад учирсан мөнгийг төлүүлэхээр нэхэмжилж байна. Б.Н.Бгээр өөрөөр нь төлүүлэх шаардлагыг тавьсан байгаа. Яагаад гэвэл тухайн иргэн тэр мөнгийг хүчээр аваагүй, ажилтны хариуцлагагүй байдлаас болж иргэнд илүү мөнгө олгогдсон байгаа учраас хэн буруутай этгээдээр уг мөнгийг төлүүлнэ гэсэн заалттай байгаа болохоос биш, иргэнээр мөнгийг төлүүлнэ гэсэн заалт байхгүй. Ийм учраас Б.Н.Бгээс байгууллагад учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Н нь анх Зт Отгон сумын Хөдөлмөр эрхлэлтийг хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад жирэмсний амралтаа авч Хөдөлмөр халамж 2 байгууллага нэгдсэний дараа ажилдаа орж Завхан аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын даргын 2016.12.09-ний өдрийн Б/46 тоот тушаалаар Отгон сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдсон байна.

Нэхэмжлэлд дурдагдсан Отгон сумын иргэн П.Лхамсүрэнгийн ууган хүүхэд М.Гомбосүрэнд олгох тэжээгчээ алдсаны тэтгэврийг 18 нас хүрэхэд нь буюу 2016.01.01-нд зогсоох ёстой байсныг зогсоогоогүй гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь тухайн үед Отгон сумын халамжийн мэргэжилтнээр ажиллаж байсан Ж.Мөнхбат нь М.Гомбосүрэнгийн тэжээгчээ алдсаны тэтгэврийг зогсоож М.Гомбосүрэнгийн дүү болох М.Болор-Эрдэнэд тэтгэврийг шилжүүлсэн байдаг. Энэ талаар Завхан аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дэд дарга Балжинням, хяналтын шинжилгээний мэргэжилтэн Болормаа нар нь хариуцагч Б.Н.Бгээс утсаар лавлаж асуухад нь тайлбарласан байх бөгөөд учрыг нь ойлголоо гэж байсан байна.

Мөн нэхэмжлэлд дурдагдсан Отгон сумын иргэн Цэцэгийн ууган хүүхэд Б.Бямбасүрэнд тэжээгчээ алдсаны тэтгэмжийг олгохдоо мөн зогсоогоогүй гэдэгт хариуцагч Б.Н.Бг буруутгасныг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь аливаа тэжээгчээ алдсаны тэтгэврийн хувийн хэргийг аймгийн ХХҮГ-ийн сангийн мэргэжилтэн хянаж баталгаажуулан эцсийн шийдвэрийг гаргадаг байх бөгөөд Б.Бямбасүрэнгийн хувийн хэргийг мөн сунгалт хийлгэх эсэхийг хянуулахаар аймгийн ХХҮГ-ийн сангийн мэргэжилтэн рүү явуулсныг сангийн мэргэжилтэн хянаад баталгаажуулсан байна. Иймд Б.Н.Бгийн буруутай үйлдлийн улмаас тус байгууллагад хохирол учирсан гэдэг нь үндэслэлгүй байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Н.Б нь анх Хөдөлмөрийн хэлтэс гэж байхад Завхан аймгийн Отгон сумд хөдөлмөр хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаад хоёр байгууллага нэгдсэний дараа жирэмсний амралтаа авч, тэгээд 2016 оны 12-р сарын 09-ний өдөр Завхан аймгийн Отгон сумын хөдөлмөр эрхлэлт халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажилласан байдаг. Н.Бг томилогдсон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагад дурдаад байгаа Отгон сумын иргэн Цэцэг, Цэцэгийн ууган хүүхэд Бямбасүрэнгийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг олгохдоо илүү олгосон гээд Б.Н.Бг буруутгаж байгааг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд болон Б.Н.Бгийн хувьд үүнийг үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэхээр нэгдүгээрт сум хорооны халамжийн ажилтан дангаараа иргэний тэтгэмжийг зогсоож, тэтгэврийг олгоод явах бүрэн эрх байдаггүй, хоёрдугаарт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу С.Болормаа гэж энэ хүн Завхан аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр ажилладаг. Энэ хүн өөрийгөө 2010 оноос хойш ажиллаж байгаа гэж танилцууллаа. Энэ хүн ямар үүрэгтэй вэ гэхээр сум хорооны халамжийн мэргэжилтний анхан шатны бүрдүүлсэн баримтыг амьжиргаа дэмжих зөвлөлийн хурлаараа оруулж баталгаажуулаад /сумд амьжиргаа дэмжих зөвлөл гэж байгаа/, амьжиргаа дэмжих зөвлөлийн шийдвэр гарсан тохиолдолд иргэний тэтгэмжийг үргэлжлүүлж олгох, эсхүл зогсоохоор, аль эсвэл шинээр олгохоор сум хорооны мэргэжилтэн аймгийн халамжийн хэлтэс рүү шилжүүлдэг. Тэгээд сум хорооны мэргэжилтний бүрдүүлсэн анхан шатны баримт мөн праграммд шивсэн баримт зэргийг аймгийн төв дээр байгаа С.Болормаа гэдэг мэргэжилтэн хянадаг. Баримтыг хянаад болж байна гэх юм бол праграмм болон цаасаар баталгаажуулаад халамжийн сангийн мэргэжилтэн рүү шилжүүлдэг байгаа. Сангийн мэргэжилтэн, хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтэн хоёроос баталгаажиж ирсэн файл цаасан шийдвэрүүдийг үндэслээд холбогдох арилжааны банк руу иргэний материалуудыг нь явуулдаг ийм л журмаар ажил явагддаг.

Тэгэхээр нэхэмжлэлдээ Б.Н.Б ганцаараа буруутай, Б.Н.Б иргэний тэтгэмжийг дур мэдээд программд зогссон байсныг сэргээгээд, мөнгийг нь дур мэдэн олгоод яваад байгаа ойлголт биш юм. Нөгөө талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч та өөрөө жинхэнэ гол үүрэг болох байцаагчийн хийж байгаа ажил үүрэгт нь хяналт шинжилгээг хийж, алдаа дутагдал гарсан тохиолдолд хянаад зогсоох арга хэмжээг авч, энэ талаарх баримт бичгийн бүрдүүлэлт дутуу, аль эсвэл тэтгэмж нь зогссон бол буцаах эрх үүрэг нь хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтэн танд байдаг.

Ийм хүнийг аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилчхоод, мөн ашиг сонирхолтой хүнийг Цэцэгийн тэтгэвэр тэтгэмж тогтоолгох хувийн хэрэгт С.Болормаа хяналт шалгалт хийлгэсэн байгаа юм. Хяналт шалгалт хийсэн материал дотор С.Болормаа гарын үсэг зурсан боловч Б.Н.Б уг шалгалтыг хийх гэж С.Болормаа нь манай сумд ирээгүй, би шалгалт хийснийг хараагүй гэж хэлдэг. Н.Б юу гэж хэлсэн бэ гэхээр нэхэмжлэгч байгууллагаас өмнө нь нэхэмжлэлийн шаардлага 3 200 000 төгрөг байхад Гомбосүрэн гэсэн хүний тэтгэврийг илүү олгосон гэсэн асуудал яригдсан. Гэтэл дараа нь энэ асуудлыг шалгаж үзлээ. Чиний зөв байна аа гээд учрыг нь тайлбарлаад утсаа салгасан байдаг. Тэрнээс биш Болормаа ирж Цэцэг гэж хүний хувийн хэрэгт шалгалт хийснийг мэдээгүй, энэ талаар Болормаа нь надад хэлээгүй гэж Н.Б хэлсэн. С.Болормаа гэж хүн өнөөдөр өөрөө ашиг сонирхлын зөрчилтэй Б.Н.Бгийн ажил дээр шалгалт хийлгээд, шүүхийн шатанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа нь энэ хүн Н.Бг гэм буруутай гэдгийг нотлохын тулд улайран дайрч байна гэсэн үг юм.

Гуравдугаарт хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан Болормаа гэж хүнээс гадна тухайн суманд сумын засаг даргаар ахлуулсан амьжиргаа дэмжих зөвлөл гэж байдаг. Энэ зөвлөл нь 5-н гишүүний бүрэлдэхүүнтэй. Уг зөвлөл юу хийдэг вэ гэхээр шинээр халамжийн тэтгэвэр, тэтгэмжид орж байгаа иргэн, эсвэл тэтгэмжийн хугацаа нь сунгагдаж байгаа иргэн, мөн бусад асуудлуудыг шинээр оруулах, болон хасалт хийх, зогсоох, энэ үйл ажиллагаануудыг шийдвэрлэдэг. Амьжиргаа дэмжих зөвлөлийн шийдвэр гарахгүйгээр Б.Н.Б дур мэдэн нэг хүний тэтгэвэр, тэтгэмжийг илүү олгоод хяналт шалгалтыг алгасаад явах ямар ч боломжгүй юм. Хэрэв Н.Б буруудах дээрээ тулбал энэ амьжиргаа дэмжих зөвлөл, Б.Н.Б, С.Болормаа нар бүгдээрээ буруутгагдах ёстой. Бүгдээрээ адилхан чиг үүргээ хэрэгжүүлж ажилладаг хүмүүс байж ганцхан Н.Б рүү дайраад байгаа нь өөр ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж үзэж байна. Учир нь Б.Н.Бг оны өмнөхөн ажлаас чөлөөлсөн байдаг. Тэгээд Захиргааны хэргийн шүүх дээр эвлэрээд Н.Бг эргүүлээд ажилд нь авсан байдаг. Үүний дараахан Н.Бг шалгуулахаар цагдаад өгсөн байсан боловч тухайн хэрэг нь хаагдсан гэсэн. ...Өнөөдөр надад Б.Н.Б прокурорын хэрэг бүртгэлийг хаасан тухай тогтоол явуулна гэсэн боловч Отгон сумаас дайж явуулсан хүн нь утсаа авалгүй алга болсон. Тийм учраас энэ баримтыг би гаргаж өгч чадсангүй. Хэрэг бүртгэлийн ажиллагаа хаагдсан байгаа. Ямар үндэслэлээр хаагдсан бэ гэхээр Б.Н.Б гэм буруутай нь нотлогдохгүй байна. Хамгийн гол буруутай хүн нь хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтэн нь буруутай юм байна гэсэн прокурорын хэрэг бүртгэлийг хаах тухай тогтоол гарсан байна гэсэн. Мөн энэ асуудлыг шийдвэрлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэсэн. Хэрэг бүртгэлтийг хаах тухай прокурорын тогтоолыг хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт 7 хоногийн өмнө гаргаж өгсөн байгаа. Өнөөдөр яагаад энэ хүн прокурорын хэрэг бүртгэлийг хаах тухай тогтоолыг авчирч өгсөнгүй вэ гэхээр тухайн тогтоол дээр нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Болормааг буруутгасан байгаа юм. Хяналт шинжилгээ үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтэн нь ханалт шинжилгээнийхээ үүргийг биелүүлж ажиллаагүйгээс иргэнд илүү олголт хийгдсэн байна гэсэн тогтоол гарсан. Дөрөвдүгээрт Б.Н.Б нь ТЗ буюу төрийн жинхэнэ албан хаагч гэж явдаг. ТЗ бол үр дүнгийн гэрээ байгуулдаг. ТЗ-гээр төрийн алба хаадаг хүмүүс эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулдаг. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн хариуцлагын гэрээг уншихаар эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний агуулга байхгүй байна гэж үзэж байгаа. Яагаад гэвэл хөдөлмөрийн тухайн хуулийн 135 дугаар зүйл дээр эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй бол ажилтанд хариуцлага тооцохыг хориглоно гэж заасан байдаг. Тэгвэл хөдөлмөр, халамж үйлчилгээний газар хариуцлагын гэрээндээ ийм тохиолдолд ажилтанд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэнэ, ийм тохиолдолд хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэнэ, мөн ийм ийм заалтыг зөрчсөн тохиолдолд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэнэ гэсэн агуулгыг гэрээндээ тусгаж өгөх ёстой. Гэтэл тухайн хариуцлагын гэрээн дээр юу байна вэ гэхээр сахилга хариуцлагатай холбоотой ажлын цаг ашиглалт, эд хөрөнгө ашиглалт, ёс зүй гэх мэт зүйлүүдийг дурдсан байгаа. Үүнийг би эд хөрөнгөтэй холбоотой гэрээ гэж үзэхгүй байна. Тэгэхээр хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар Б.Н.Бтэй эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй байна. Мөн энэ хариуцлагын гэрээний хугацаа дуусан байгаа юм.

Ийм учраас миний зүгээс бол хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Б.Н.Бд холбогдох иргэнд тэтгэвэр, тэтгэмж илүү олгосон гэдэг нь тогтоогдохгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэжээ.

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 148 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 135 дугаар зүйлийн 135.1.2, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Зын нэхэмжлэлтэй Завхан аймгийн Отгон сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Н.Бгээс иргэн Б.Бямбасүрэнд нийгмийн халамжийн сангаас илүү олгосон 1 235 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага болох Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 14 дүгээр магадлалаар: Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 148 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 135 дугаар зүйлийн 135.1.2, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Зын нэхэмжлэлтэй Завхан аймгийн Отгон сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Н.Бгээс иргэн Б.Бямбасүрэнд нийгмийн халамжийн сангаас илүү олгосон 1 235 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Монгол улсын Нийгмийн Халамжийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Н.Бгээс 1 235 000 төгрөгийг гаргуулж, Завхан аймгийн нийгмийн халамжийн санд оруулахаар тогтоож, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Болормаагийн давж заалдах гомдлыг хангасугай” гэж.

Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Н.Бгээс тэмдэгтийн хураамжинд 34 190 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Тус хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэсэн Завхан аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 сарын 02-ны өдрийн 14 тоот магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Магадлалыг эс зөвшөөрч буй үндэслэл:

1.  Анхан шатны шүүх шийдвэрээ хуулийг зөв хэрэглэж, тайлбарлаж, хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүхээс хэргийг хуулийг буруу тайлбарлаж, хавтаст хэрэгт байх нотлох баримтанд үндэслээгүй, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч Б.Н.Бг өөрийн ажил үүргээ гүйцэтгэх явцдаа санаатайгаар Отгон сумын иргэн Цэцэгээгийн ууган хүү Б.Бямбасүрэнгийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг зогссон байхад WASS программ дээр өөрчлөлт оруулж, 1.5 жилийн тэтгэмж 1 235 000 төгрөгийг илүү олгосон гэж буруутган, хариуцагчаас дээрх тэтгэмжийн мөнгө болох 1 235 000 төгрөгийг нэхэмжилсэн байдаг. Гэтэл тэтгэвэр тэтгэмжийн сунгалтыг ганцхан сумын Халамжийн мэргэжилтэн хийдэггүй, олон шат дамжлага дамждаг бөгөөд сумын мэргэжилтэн зөвхөн анхан шатны баримтыг бүрдүүлэн аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дотоод хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн, сангийн мэргэжилтэн нар хянан баталгаажуулсан байхад Б.Н.Бг энэ хохирлыг учруулсан гэж үзэж нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм.

Мөн хавтаст хэрэгт нэхэмжлэгч байгууллагаас Б.Н.Бг WASS программ дээр хөдөлгөөн хийсэн гэдгийг нотлохоор тус программаас нотолсон гэх хэвлэсэн хуудсыг гарган өгсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангахгүй байхад тус хуулбар баримтаар үндэслэн Б.Н.Бг гэм буруутай гэж дүгнэн, нэхэмжлэлийг хангасанд гомдолтой байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч талаас би программ дээр хөдөлгөөн хийгээгүй гэж маргаж байхад нэхэмжлэгч байгууллага нь үнэхээр программ дээр Б.Н.Б хөдөлгөөн хийсэн гэж үзэж байгаа бол уг программд шүүхээс үзлэг хийлгэх, хөндлөнгийн шинжээч томилуулан, шинжилгээ хийлгүүлэх боломжтой байхад өөрөө программаас хэвлэсэн гэх канондсан цаас шүүхэд гарган өгч, давж заалдах шатны шүүх нь түүнийг үнэлэн хэргийг нэхэмжлэгчийн талд шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Мөн Б.Н.Бг энэхүү гэм хорыг учруулсан гэдэг нь хангалттай нотлогдохгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

2.  Давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг Нийгмийн халамжийн тухай хуулийн 30-р зүйлийн 30.5 дахь хэсэгт заасныг үндэслэсэн гэжээ. Гэтэл Нийгмийн халамжийн тухай хуулийн энэхүү заалтаар ажилтанд эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэхэд ч хөдөлмөрийн харилцааг зохицуулсан суурь хууль болох Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилтантай Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан байхыг шаардах учиртай. Үүний дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 135-р зүйлийн 135.3, 135.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь Б.Н.Бтэй Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй байхад түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019.04.04-ний өдрийн 03 тоот магадлалаар Завхан аймгийн Шилүүстэй сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй, С.Дэлгэртөрд холбогдох байгууллагад учруулсан хохирол болох 3 608 600 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч нартай Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй атлаа эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй юм гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж байсан.

Уг хэргийн хариуцагч С.Дэлгэртөр нь сумын Санхүүгийн албаны дарга буюу Төрийн захиргааны албан хаагчийн ангилалд багтдаг. Харин энэхүү хэргийн хариуцагч Б.Н.Б нь мөн адил сумын Халамжийн мэргэжилтэн буюу Төрийн захиргааны албан тушаалын ангилал зэрэглэлд багтах албан тушаал хашдаг. Гэтэл Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх буюу 1 шүүхээс адилхан төрийн байгууллага ажилтнаасаа гэм хорын хохирол нэхэмжилж байгаа хэрэг дээр адил ангилал зэрэглэлийн 2 албан тушаалтан дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 135-р зүйл буюу Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг 1 хэрэг дээр нь байгуулах ёстой гэж дүгнээд, нөгөө хэрэг дээр нь хариуцагчийн зүгээс Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулах шаардлагагүй мэтээр шийдвэрлээд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан байх ёстой гэж мэтгэлцсэнд ямар нэг дүгнэлт хийлгүйгээр хариуцагчид эд хөрөнгийн хариуцлага ногдуулах нь үндэслэлтэй гэж шийдвэрлэснээс үзвэл 1 шүүх 1 хуулийн заалтыг өөр өөрөөр тайлбарлан дур зоргоороо хэрэглэж байгаа нь харагдаж байна.

Энэ нь хуулийн өмнө хүн бүр эрх тэгш байх, хуулийг нэг мөр ойлгож хэрэглэх зарчмуудыг алдагдуулж байна.

3.  Нэхэмжлэгч байгууллага нь энэхүү хэргийг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх явцдаа Б.Н.Бг Завхан аймгийн Цагдаагийн газарт гомдол гарган энэхүү асуудлаар шалгуулсан бөгөөд энэхүү хэрэг нь прокурорын хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор хаагдсан. Учир нь Б.Н.Бгийн гэм буруу нь тогтоогдоогүй бөгөөд харин ч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Дотоод хяналт шалгалт хариуцсан ажилтан болох С.Болормааг өөрийн үүрэгт ажилдаа хайнга хандсан гэж дүгнэсэн байдаг. Энэ талаар анхан, давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа.

Гэтэл энэхүү байгууллага нь гэм буруу нь тогтоогдоогүй ажилтан болох Б.Н.Бгээс гэм хорын хохирлыг гаргуулахаар шийдвэрлүүлж байгаа нь шударга бус байна.

4.  Мөн нэхэмжлэгч байгууллага болох Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний байгууллагад ямар ч хохирол учраагүй бөгөөд илүү олгогдсон гэх 1 235 000 төгрөгийн тэтгэмжийн мөнгө нь Улсын төсвөөс санхүүждэг Халамжийн сангийн мөнгө бөгөөд нэхэмжлэгч байгууллага нь Б.Н.Бгээс энэхүү мөнгийг нэхэмжлэхээс өмнө болон өнөөдрийг хүртэл өөрийн төсвөөсөө уг хохирлыг төлөөгүй байгаа юм.

Энэ нь Иргэний хуулийн 498-р зүйлийн 498.2 дахь хэсэгт заасныг зөрчиж байгаа бөгөөд эхлээд ажилтан гэм хор учруулсан бол тухайн ажилтны ажиллаж байгаа байгууллага хариуцан арилгаад дараа нь гэм буруутай албан тушаалтнаар төлүүлэх эрх үүсэх ёстой юм.

Иймд давж заалдах шатны шүүх нь хуулийн шаардлага хангахгүй нотлох баримтыг үндэслэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэргийг хэт нэг талыг барьж шийдвэрлэснээс магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байх тул Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.07.02-ны өдрийн 14 тоот магадлалыг хүчингүй болгож, Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.04.08-ны өдрийн 148 тоот шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Болормаа хяналтын гомдолд гаргасан хариу тайлбартаа: Нийгмийн халамжийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5. Нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага, ажилтны гаргасан алдааны улмаас илүү олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг буцаан суутгахгүй бөгөөд хохирлыг шүүхийн журмаар буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж тухайн ажилтны үндэслэлгүй илүү тэтгэмж олгосныг шүүхийн журмаар нөхөн төлүүлэхээр тухайлан заасан бөгөөд үүний дагуу Завхан аймгийн хөдөлмөр халамж, үйлчилгээний газар нь нэхэмжлэл гаргасан юм.

Отгон сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Н.Б нь нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсэгт тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхдэд олгох тэтгэврийг буюу Отгон сумын иргэн Цэнд-Аюушийн Цэцэг /ИЙ68062507/-т тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхдэд олгох тэтгэврийг олгохдоо ууган хүүхэд Баянмөнх овогтой Бямбасүрэнд /РД:ИЙ99022701/ программ дээр автоматаар хугацаа дууссан төлөвтэй байхад бүртгэлийг шинээр эхлүүлж 2017 оны 03 дугаар сараас 2018 оны 07 сар дуустал 1 жил 5 сар тэтгэврийг үргэлжлүүлэн олгож байгууллагад буюу нийгмийн халамжийн санд 1 235 000 төгрөгийн хохирол учруулсан.

Энэ үйл явдал нь 2012 оны 01-р сарын 19-нд батлагдсан Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх заалт, Монгол улсын Засгийн газрын 2012 оны 185 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох журам”-ын дагуу тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны 3-4 хүүхдэд Засгийн газраас тогтоосон нийгмийн халамжийн тэтгэвэрийн хэмжээг 1.5 дахин нэмэгдүүлэн олгоно гэж заасан байдаг. Гурван хүүхэд нь 18 насанд хүрээгүй байсан учраас 1.5 дахин нэмэгдүүлэн олгож байсан.

Тэжээгчээ алдсан гэх Б.Бямбасүрэнг насанд хүрмэгц програм автоматаар тэтгэмж зогссон гэж гарсан байсан.

Гэтэл хариуцагч Б.Н.Б нь иргэн Б.Бямбасүрэнгийн бүртгэлийг 2017 оны 02-р сарын 27-ны өдрөөс эхлүүлээд 2017 оны 04-р сарын 04-нд шинээр бүртгэлд оруулж тэтгэмж олгосон байсан дүгнэлтээр нотлогддог.

Энэ хүнд сумын мэргэжилтэн дахин тэтгэмжийг олгохоор бол Сумын амьжиргааг дэмжиж зөвлөлөөр заавал орж зөвшөөрүүлсэн баримт байх журамтай. Энэ нь тухайн ажилтны санаатай үйлдэл юм. Б.Бямбасүрэнгийн хувийн хэрэг, хяналт шалгалтын дүгнэлт болон шүүхэд гаргаж өгсөн бусад баримтаар тогтоогддог. Нийгмийн ажилтан хүн юу хийх ёстой, хэдээс хэдэн насны хүнд тэтгэвэр, тэтгэмж олгох, хэдээс хэдэн нас хүрсэн тохиолдолд тэтгэвэр, тэтгэмж зогсох ёстой гэх мэт иргэдийн мэдээлэл хөдөлгөөнүүдийг хийх талаар Нийгмийн халамжийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т заасан, мөн Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох журмын 7.4, мөн журмын 5.1-д заасан байдаг.

Хариуцагч Б.Н.Б дээрх заалтуудыг шууд зөрчсөн.

Тэрээр Б.Н.Б хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа буюу Халамжийн үйлчилгээний WAIS програм автоматаар зогсоогдсон байсан үйлчилгээг дур мэдэн дахин шинээр бүртгэн зогсоогдсон үйлчилгээг сэргээн (Сумын амьжиргааг дэмжих зөвлөлөөр оруулалгүй) шууд үргэлжлүүлэн Б.Бямбасүрэнгйн бүртгэлийг 2017 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс эхлүүлээд 2017 оны 04 сарын 04-нд шинээр бүртгэлд оруулж, тэтгэмж олгосноор байгууллагад буюу халамжийн санд 1 235 000 төгрөгийн хохирол учирсан.

2010 оноос хойш бүх Халамжийн тэтгэвэр, тэтгэмж нь бүгд программаар шивэгдэж баталгааждаг ба тухайн программд хэн гэдэг ажилтан хэзээ орж ямар өөрчлөлт хийсэн бүх зүйл ил тод харагддаг юм.

Хавтаст хэргийн 77-р хуудас. Хариуцагчийн ажлын байрны тодорхойлолтоор дараах ажил үүргийг хүлээсэн байдаг. Ажлын байрны гол үйл ажиллагаа хэсэгт: Ажлын байрны 2-р зорилт: 1-т Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг санхүүжүүлнэ. 2-т Нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон журмуудын хэрэгжилтийг ханган ажиллана.

Ажлын байрны гол үйл ажиллагаа. Ажлын байрны 2-р зорилт: 2.1-т Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлтөнд ... анхан шатны баримтын бүрдлийн хангаж, программд мэдээллийг байршуулах, 2.3-т Үйлчилгээ үзүүлсэн тухай анхан шатны баримтын бүрдлийг хангаж, хувийн хэргийг баталгаажуулах, 2.4-т Амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлыг сард хоёроос доошгүй удаа хийж ... Эдгээр ажиллагаа бүрэн хийгдээгүй, программд дууссан төлөвтэй байхад зориуд өөрчлөлт оруулж 1 жил 5 сар илүү олгосон байсан.

Хавтаст хэргийн 4-5, 7-р хуудас. Отгон сумын тэтгэврийн хувийн хэрэгт хийсэн ажлын дүгнэлтээр Бямбасүрэнд 1 235 000 төгрөгийг илүү олгож, халамжийн санд хохирол учруулсан ба өөрөө тухайн шалгалтын үеэр илүү олгосон гэдгээ хүлээн зөвшөөрч, Бямбасүрэнгээр буцаан төлүүлж, санг хохиролгүй болгож өгнө гэж тайлбарлаж байсан. Сүүлд Бямбасүрэн нь төлөхгүй гэж маргасан гэж тайлбарласан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын шатны гомдолдоо:

1. Тухайн байгууллагад олон шат дамжлагатай, жишээлбэл дотоод хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн, сангийн мэргэжилтэн нар гэж бичсэн байна.

Миний үндсэн үүрэг гүйцэтгэлийн шалгалт буюу үйлчилгээ үзүүлсний дараа хяналт шалгалтыг хийдэг. Н.Бгийн энэ зөрчил нь дотоод хяналт шалгалтаар илэрсэн. 24 сумын бүх мэргэжилтний бүх үйлчилгээг буюу гүйлгээ бүрийг хянах боломжгүй байдаг тул хугацаат болон гүйцэтгэлийн хяналт шалгалтыг дотооддоо хийдэг. Энэ шалгалтаар гарч ирсэн зөрчил юм.

2.  Хариуцагчийн гомдолд программын баримт хуулбар байсан гэж бичсэн байна.

Хариуцагч нь нэхэмжилсэн мөнгө дээр маргаагүй буюу программаар гарч ирсэн 1 235 000 төгрөг дээр маргаагүй хүлээн зөвшөөрч байсан.

Харин хариуцагчаас маргаж байгаа маргаан нь хариуцагчийн үйлдлээс болоогүй, миний алдааг дотоод хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн засах ёстой миний буруу биш, Хөдөлмөрийн тухай хуулиар би 100 хувь хариуцлага хүлээх боломжгүй гэж маргадаг. Өөрөөр хэлбэл программ дээр гараагүй, программаас илүү нэхэмжилсэн, би огт илүү олгоогүй гэж маргаагүй. Тэгсэн атлаа программын баримт хуулбар байсан гэж огт маргаагүй зүйлээс бичсэн байна.

3.  Хариуцагч нь хөдөлмөрийн тухай хуулиар бүрэн хариуцлага хүлээх боломжгүй гэж бичсэн байна.

Энэ нь үндэслэлгүй бөгөөд Б.Н.Б нь төрийн жинхэнэ албан хаагч ба Нийгмийн халамжийн тухай хуулиар буюу тухайн халамжийн мэргэжилтний ажил үүрэг, хөдөлмөрийн харилцаа, буруутай албан тушаалтнаар төлүүлэхээр тухайлан зохицуулсан хуулиар тогтоосон байдаг. Хэрэв Нийгмийн халамжийн тухай хуулд заагдаагүй байсан бол Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн хохирлын заалтууд үйлчлэх боломжтой байсан.

4.  Нэг шүүхээс хоёр өөр шийдвэр гарч байна, алагчилж үйлчилж байна гэх зүйл бичсэн байна.

Манай улсад шүүхийн жишгийг хэрэглэх хууль байхгүй. Хэрэг бүр өөр өөр үйл явдалтай учир давж заалдах шатны шүүхийг буруутгах боломжгүй.

5.  Хариуцагчаас ажилтны гаргасан хохирлыг эхлээд байгууллага нь хариуцах ёстой гэх утгатай зүйл бичсэн байна.

Энэ заалтыг ажилтан нь бусад этгээд хувь хүн, хуулийн этгээдийг хохироосон бол эхлээд байгууллага нь буюу төр хариуцаад дараах буруутай албан тушаалтнаас гаргах хуулийн заалттай. Гэтэл энэ үйл явдал нь хариуцагч нь өөрийн ажиллаж байгаа байгууллага, төрийн сан буюу нийгмийн халамжийн санг хохиролд оруулсан үйлдэл юм.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

З тус аймгийн Отгон сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Бд холбогдуулан ажил үүргээ гүйцэтгэх үедээ байгууллагад учруулсан хохирол 1 235 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ...хэт нэг талыг барьж, нотлох баримтыг үндэслэлгүй хэргийг шийдвэрлэсэн... тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэжээ.

Анхан шатны шүүх ажилтны гэм буруутай үйлдлээс байгууллагад хохирол учирсан болох нь нотлогдоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүх хариуцагчийг ажил үүргээ гүйцэтгэх явцдаа Нийгмийн халамжийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэм буруутай гэж тодорхойлон нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Хоёр шатны шүүх хэргийн оролцогчоос гаргаж хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхдээ зөрүүтэй дүгнэлт хийсэн, талуудын хооронд үүссэн маргааны эрх зүйн харилцааг үндэслэл бүхий тодорхойлоогүйгээс талуудын мэтгэлцээн бүрэн хэрэгжээгүй, түүнчлэн хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдаа гаргасан байх тул шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Н.Б нь З-н Отгон сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан тул зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үйлчилж байсан гэж үзэхээр байна.

Ажилтан ажил үүргээ гүйцэтгэх явцад өөрийн буруутай үйлдлийн улмаас 18 насанд хүрсэн Б.Бямбасүрэнгийн тэжээгчээ алдсаны тэтгэврийг зогсоолгүй 1 жил 5 сар тэтгэврийг үргэлжлүүлэн олгож, байгууллагад 1 235 00 төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэлээр уг хохирлыг арилгуулахаар ажил олгогчоос нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1.-д хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ гэж, 133 дугаар зүйлийн 133.1.-д энэ хуулийн 135 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэх бөгөөд тэр нь уг ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтэрч болохгүй гэж, 135 дугаар зүйлийн 135.1.-д эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх ажилтныг тодорхойлжээ.

Ажилтан ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан эсэх, тэрээр бүрэн эсхүл хязгаарлагдмал хариуцлага хүлээх албан тушаалтны аль нь болох, түүнтэй эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан эсэх, ажил олгогч хууль зүйн ямар үндэслэлээр эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр шаардлага гаргасан зэрэг нөхцөл байдлыг тодруулсны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

Хэрэгт ажил олгогч, ажилтны хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ авагдаагүй, хэргийн 139 дүгээр талд авагдсан Хариуцлагын гэрээ нь маргаантай асуудлыг шийдвэрлэх үндэслэлд хамаарахгүй, нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл тодорхойгүй байна.

Иймд хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул  шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн хариуцагчийн гомдлыг  хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 148 дугаар шийдвэр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 14 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Б.Н.Бгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД