Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 00067

 

Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

нарийн бичгийн дарга С.Гончигбал,

улсын яллагч Г.Эсэн,

хохирогч Ц.Чингис,

шүүгдэгч Ч.Билгүүн, М.Шаравжамц, түүний өмгөөлөгч П.Ган-Очир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Билгүүн, М.Шаравжамц нарт холбогдох эрүүгийн 201606000079 дугаартай, 132/2016/0062/Э индекстэй хэргийг 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамт Булган аймгийн Булган сум 5 дугаар баг, барилгын 36-05 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 2 удаагийн ял шийтгэлтэй 2009 онд Булган аймгийн сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн 39 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулсан, 2012 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн 35 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сар хорих ял шийтгүүлж 2 жил 3 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 42 дугаатай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 хоногийн хорих ялаар шийтгүүлж, Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 80 дугаартай цагаатгах тогтоолоор цагаатгагдсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогт Чинбатын Билгүүн /РД: ГЮ91090510/

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1994 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Булган аймгийн Сайхан суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав,  ээж,  ах, дүүгийн хамт Булган аймгийн Булган сум, 5 дугаар баг 5б-6-2 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Адуучин овогт Мөнхцуургын Шаравжамц /РД: ГЗ94050217/

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Ч.Билгүүн, М.Шаравжамц нар бүлэглэн, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, шунахай сэдэлтээр 2016 оны 03 дугаар сарын 12-ны шөнө 01 цагийн үед Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багт оршин суух Ц.Чингисийн байшинд хууль бусаар нэвтрэн орж, гартаам гүйдэлтэй мана хөөрөг, зүү ороож луу оёсон даалин, биет 60.000 /жаран мянга/ төгрөг зэрэг эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. 

   Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах, хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Билгүүн мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул өөр нэмж ярих зүйл байхгүй гэв.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Шаравжамц мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул өөр нэмж ярих зүйл байхгүй гэв.

  Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Чингисийн өгсөн: Би эд зүйлээ хулгайд алдсанаа 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдөр манай хүү утсаар мэдэгдсэн. Би тэр үед хотод байсан юм. Цагдаагаас бас надад мэдэгдсэн. Танай хүүхэдтэй цуг тоглож явсан найзууд нь танай хүүхдийг хичээлдээ явсан хойгуур нь ороод таны эд зүйлийг авсан байна гэсэн. Миний хувьд одоо гомдол санал гээд байх юм байхгүй. Энэ хоёр надад хөөрөгний дайланг шатаасан гээд байсан. Цагдаад болохоор хүнд өгсөн гээд байгаа гэсэн. Хэрвээ хүнд өгсөн бол надад үнэнээ хэл би дайлангаа олж авах гэсэн юм. Та нарын хувьд залуу хүмүүс буруу юм хийж байна. Ингэж явж болохгүй ажил хөдөлмөр эрхлэх хэрэгтэй, ирээдүй байна. Надад хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх мэдүүлэг,

Эрүүгийн 201606000079 дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч Ц.Чингисийн өгсөн:…2016 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хотод байхад манай хүү Баттулга над руу залгаад урьд шөнө манай байшингийн хаалганы хажуу талын нарийхан өндөр вакум цонхыг хөшиж онгойлгож ороод сервантан дотор байсан таны хөөрөг, 70.000 мянган төгрөг зэрэг эд зүйлсийг авсан байна гэж хэлсэн. Тэгээд би юу ч битгий оролд цагдаад дуудлага өг, хөөргө байсан газраа асуусан чинь таны хөөргө зурагтын доод талын шүүгээнд байсан чинь бүгдыг нь онгичиж байгаад авсан байна шөнө 22 цагийн үед л авсан байх гэж ярьж байсан. Тэгээд цагдаа нар ирж шалгасан гэсэн. Би тухайн үед байхгүй байсан болохоор хэн гэдэг хүн манайд орж гарсныг мэдээгүй учир энэ хэрэг дээр шалгуулах болон сэжиглэж байгаа хүн байхгүй байна. Хүү ганцаараа үлдсэн болохоор энд тэндхийн хүн оруулж байгаад хулгайд юмаа алдсан байх гэж бодож байна. Манайх энд буугаад удаж байна. Урьд өмнө нь хулгай орж байгаагүй. Миний алдсан хөөрөг нэг талдаа гартааман цагаан судалтай, судал дотроо хүрэн манатай мана хөөрөг юм. Даалин болохоор дээр үеийн торгон дээр шар утсаар зүү ороож товойлгож луу оёсон дээр үеийн даалин байсан. Луу нь даалингаа битүү ороож оёсон байсан. Миний ааваас уламжлагдан ирсэн юм. Би гартаамтай мана хөөргөө 1.200.000 төгрөгөөр үнэлж байна. Харин даалингаа 1.100.000 төгрөгөөр үнэлж нийт 2.300.000 төгрөгөөр үнэлж байна гэх мэдүүлэг /хх-ийн 24-р тал/

Гэрч  Б.Баттулгын өгсөн...2016 оны 03 дугаар сарын эхээр билляърд тоглож байгаад Билгүүнтэй тааралдаад ганц нэг пиво ууя гээд хамт гарсан юм. Тэгээд бид хоёр 2.5 литрийн Боргио нэртэй пиво аваад 1 дүгээр сургуулийн ар талд орж талд ортол хувааж уугаад үлдсэн талыгаа аваад миний зүс таних ахын гэрт нь очоод уусан. Гэрт нь ороход Шаравжамц байж байсан. Тэгээд Шаравжамц, Билгүүн, тэр ах бид 4,  1 шил 0.75 литрийн багтаамжтай архи уугаад Шаравжамцыг аваад гаръя гэхэд Билгүүнээ хамт явъя гээд байсан. Тэгээд бид 3 гараад манай гэрт очиж зурагтны доод талын тавиураас мөнгө аваад ганц хоёр пиво ууя гээд Халиун булагт сууж байгаад 1, 1 лааз пиво уугаад байж байгаад намайг ОО-ийн өрөө ороод гараад ирэх хойгуур Билгүүн, Шаравжамц нар гараад явчихсан байсан. Тэгээд би тэндээс гараад Анар орж 2 лааз пиво уучихаад гэртээ 01 цагийн үед хариад мөнгө авах гээд зурагтны доод талын тавиурыг нээж үзэхэд мөнгө алга болчихсон байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн юм. Би гэртээ тэр хоёрыг дагуулж ороод нүдэн дээр нь зурагтны доод талын тавиурны шургуулганаас мөнгө авсан юм. Манай гэрээс бэлэн 60.000 төгрөг, аавын барьдаг мана орсон гартаам хөөрөг, луу ороосон даалинтай хамт алдагдсан гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/

Гэрч Л.Баасанжавын өгсөн...2016 оны 03 дугаар сарын яг хэдний өдөр манайд ирсэн гэдгийг нь санахгүй байна. 19 цаг өнгөрч байхад Шараваа манай гэрт 0.75 граммын Ерөөл архи, том савтай Боргио пивотой цуг барьж орж ирсэн. Тэгээд уугаад сууж байхад Билгүүн орж ирсэн. Бас Сараагийн хүү Баттулга хамт явсан. Манайд орж ирэхдээ согтуу орж ирсэн. Архиа ууж дуусгаагүй 21 цагийн орчимд Шараваа Билгүүн, Баттулга нар гараад явсан. Би Билгүүнийг сайн мэдэхгүй. Шараваа бол хүнд тусархуу сайн хүүхэд юм гэх мэдүүлэг /хх-ийн 28 тал /

Гэрч Ц.Амгалангийн өгсөн ...2016 оны 03 дугаар сарын 13-ны өдөр өндөр нам 2 залуу орж ирээд ах хөөрөг авах уу гэж асууж байсан. Би яг ямар хөөрөг байсныг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан шаравтар билүү бор шар өнгийн даалинтай байсан байх. Би сүүлийн үеийн хөөрөг байна авахгүй, 20.000 төгрөг л хүрэх байх гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 29 тал /

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-6 тал/, бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургын үзүүлэлүүд /хх-ийн 8-10 тал/, алдагдсан эд зүйлийн үнэлгээ тогтоосон комиссын дүгнэлт /хх-ийн 37-43 тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд шүүгдэгч нь Ч.Билгүүн, М.Шаравжамц нар нь бүлэглэн, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, шунахай сэдэлтээр 2016 оны 03 дугаар сарын 12-ны шөнө 01 цагийн үед Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багт оршин суух Ц.Чингисийн байшинд хууль бусаар нэвтрэн орж, гартаам гүйдэлтэй мана хөөрөг, зүү ороож луу оёсон даалин, биет 60.000 /жаран мянга/ төгрөг зэрэг эд зүйл хулгайлан 2130000 /хоёр сая нэг зуун гучин мянга /төгрөгийн  бага бус хэмжээний  хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна. 

Энэ үйл баримт нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Ч.Билгүүн, М.Шаравжамц  нарын мэдүүлэг, хохирогч Ц.Чингисийн…2016 оны 03 дугаар сарын 12-ны өдөр намайг хотод байхад манай хүү Баттулга над руу залгаад урьд шөнө манай байшингийн хаалганы хажуу талын нарийхан өндөр вакум цонхыг хөшиж онгойлгож ороод сервантан дотор байсан таны хөөрөг, 60.000 мянган төгрөг зэрэг эд зүйлсийг авсан байна гэж хэлсэн...Хөөрөг, бэлэн мөнгийг авсан, хөөрөгний даалин өв уламжлагдсан ирсэн манай эцгийнх байсан. Нэгэнт хөөрөгний дааланг устгасан болохоор нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэх мэдүүлэг, гэрч Б.Баттулгын өгсөн.. 2016 оны 03 дугаар сарын эхээр билляърд тоглож байгаад Билгүүнтэй тааралдаад ганц нэг пиво ууя гээд хамт гараад  манай гэрт очиж зурагтны доод талын тавиураас мөнгө аваад  Халиун булагт сууж байгаад 1, 1 лааз пиво ууж, намайг ОО-ийн өрөө ороод гараад ирэх хойгуур Билгүүн, Шаравжамц нар гараад явчихсан байсан. Гэртээ ирээд мөнгөө авах гэтэл алга болсон байсан гэх мэдүүлэг, гэрч Ц.Амгалангийн өгсөн.. 2016 оны 03 дугаар сарын 13-ны өдөр өндөр нам 2 залуу орж ирээд ах хөөрөг авах уу гэж асууж байсан. Шаравтар билүү бор шар өнгийн даалинтай байсан байх. Би сүүлийн үеийн хөөрөг байна авахгүй, 20.000 төгрөг л хүрэх байх гэж хэлсэн гэх мэдүүлэг, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, алдагдсан эд зүйлийн үнэлгээ тогтоосон комиссын дүгнэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулагдаж бэхжүүлэгдсэн шууд болон шууд бус нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Хууль сануулж авсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт, шалтгаан, нөхцөлийн талаар хоорондоо зөрүүгүй, эх сурвалжаа тодорхой заан мэдүүлсэн байх тул шүүх үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Иймд шүүгдэгч Ч.Билгүүн, М.Шаравжамц нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Чингист 2130000 төгрөгийн хохирол учирсан байх ба шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Чингис хохирол төлбөргүй, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлж байх тул  хохирол төлөгдсөн  гэж үзлээ.

     Шүүгдэгч Ч.Билгүүн нь  2012 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Булган аймаг дахь Сум дундын  шүүхийн 35 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сар хорих ял шийтгүүлж 2 жил 3 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан байх ба эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-т заасан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй ялгүй болсон байх тул анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгч нарын эд хөрөнгөгүй байдлыг харгалзан эд хөрөнгө хураахгүйгээр, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Шүүгдэгч Ч.Билгүүн, М.Шаравжамц нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Чинбатын Билгүүн, Адуучин овгийн Мөнхцуургын Шаравжамц нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Ч.Билгүүн, М.Шаравжамц нарт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, шүүгдэгч Ч.Билгүүнийг 02 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын, шүүгдэгч М.Шаравжамцыг 2 /хоёр/ жил 04 /дөрөв/ сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ч.Билгүүнд оногдуулсан 02 /хоёр/ жил 06 /зургаа/ сар, шүүгдэгч М.Шаравжамцад оногдуулсан 2 /хоёр/ жил 04 /дөрөв/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Ч.Билгүүнд оногдуулсан 02 /хоёр/ жил 06 /зургаа/ сар, шүүгдэгч М.Шаравжамцад оногдуулсан 2 /хоёр/ жил 04 /дөрөв/ сарын хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг мөн хугацаагаар тогтоож, түүнд хяналт тавихыг Булган аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

   

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ЦЭРЭНДУЛАМ