Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2353

 

Т.А, Д.Т нарын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 184/ШШ2017/02065 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Т.А, Д.Т,

Хариуцагч С.Ж, А ХХК-д холбогдох,

 

Т.А С.Ж нарын хооронд 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2201016735 дугаарт бүртгэлтэй хувийн сууц, Г-22010044757 дугаарт бүртгэлтэй газар бэлэглэх гэрээ, Д.Т, С.Ж нарын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан Ү-2201016725 дугаарт бүртгэлтэй орон сууц бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тамир, өмгөөлөгч Э.Батбаяр,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дашдаваа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тамир, өмгөөлөгч Э.Батбаяр нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Т.А нь “А” ХХК-д 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр ажилд орж, 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл худалдааны төлөөлөгчөөр ажилладаг байсан. Гэтэл миний нэр дээр 44 630 790 төгрөгийн өр дутагдал гарсныг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст өргөдөл гаргаж сэжигтнээр тооцуулан шалгасан. Шалгуулж байх хугацаанд тус компанийн хуулийн зөвлөх н.Энхдуулал, н.Ачмаа нар миний үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн авахын тулд “...бэлэглэлийн гэрээгээр шилжүүл, тэгвэл эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө...” гэсний дагуу М.Жавзан-Орломд 2016  оны 12 дугаар сарын 22-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2201016735 дугаарт бүртгэлтэй хувийн сууц, Г-2201004757 дугаарт бүртгэлтэй газрыг шилжүүлсэн.

Миний бие С.Ж гэдэг хүнийг өмнө нь танихгүй, үл хөдлөх эд хөрөнгөө бэлэглэх шаардлага ч байгаагүй. Гаргасан өр дутагдлын тухайд үүссэн эрүүгийн хэрэг прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болсон бөгөөд “А” ХХК-тай 2016  оны 12 дугаар сарын 22-ны өдөр 12LD-ZG-08 дугаартай зээлийн гэрээ байгуулан нийт 38 243 014 төгрөгийг 6 сарын хугацаанд төлөхөөр тохиролцсон байсан. Иймд миний С.Жтой 2016  оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2201016735 дугаарт бүртгэлтэй хувийн сууц, Г-2201004757 дугаарт бүртгэлтэй газар бэлэглэх гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр буст тооцож өгнө үү.

Миний бие Д.Т нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 1М байр, 24 тоотод байрлах өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2201026725 дугаарт бүртгэлтэй орон сууцны өмчлөгч билээ. Миний эхнэр Ц.Болормаа “А” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 33 958 588 төгрөгийн өр дутагдал гаргасан гэж тус компаниас цагдаагийн байгууллагад  өргөдөл гаргасны дагуу Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн сэжигтнээр тооцон шалгаж, 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр прокурорын 17 дугаартай тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл “А” ХХК-ийн хуулийн зөвлөх н.Энхдуулал, н.Ачмаа нар миний эхнэрийг дарамтлан “...нөхрийнхөө нэр дээр байгаа орон сууцаа бэлэглэлийн гэрээгээр С.Ж гэдэг хүн рүү шилжүүл, тэгвэл эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө” гэж дарамталснаас би аргагүйн эрхэнд бэлэглэлийн гэрээ гэх зүйл хийж, өмчлөх эрхээ танихгүй хүнд шилжүүлсэн. Иймд 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр С.Жтой байгуулсан Ү-2201026725 дугаарт бүртгэлтэй орон сууц бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр буст тооцож өгнө үү.

Нэхэмжлэгч нар нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдээ С.Жд бэлэглэх хүсэл зориг байгаагүй, харин “А” ХХК-д ажиллаж байх үедээ учруулсан гэх хохиролтой холбоотой асуудлаар цагдаагийн байгууллагаар шалгагдаж байх үед нь сүрдүүлж энэхүү хэлцлийг хохирлыг төлүүлэх баталгаа болгох үүднээс хийлгэсэн байдаг.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлийн “А” ХХК-д холбогдох хэсгээс татгалзаж байна. Учир нь, бэлэглэлийн гэрээ нь С.Ж болон нэхэмжлэгч нарын хооронд байгуулагдсан бөгөөд “А” ХХК-д холбогдох асуудал бол тусдаа шийдвэрлэгдэх өр төлбөрийн тухай юм. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул хариуцагчиийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Т.А нь “А” ХХК-тай 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 12A-HR-69 тоот хөдөлмөрийн гэрээ, 12HRD-ED-69  тоот “Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ”, нэхэмжлэгч Д.Тын эхнэр Ц.Болормаа нь  2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 12A-HG-151 тоот хөдөлмөрийн гэрээ, 12HRD-ED-151 тоот эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг  тус тус байгуулж худалдааны төлөөлөгчийн ажилд орсон. Худалдааны төлөөлөгч нь их хэмжээний бараа бүтээгдэхүүн бэлэн мөнгөтэй харьцдаг тул ажлын байрны онцлог нөхцөл байдалтай тохируулан ажил үүргээ хариуцлагатай биелүүлэх алдаа дутагдал гаргахгүй байх, байгууллагад хохирол учруулсан тохиолдолд нөхөн төлүүлэх баталгаа болгох үүднээс Т.Атай 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 12AG-BG-07 тоот барьцааны гэрээ, Ц.Болормаатай 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 12AG-НТ-ВG-28 тоот барьцааны гэрээг тус тус байгуулсан.

Энэхүү гэрээгээр Т.Аын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, Зүүн салаа, 30 дугаар гудамж, 43 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201016735 дугаарт бүртгэлтэй хувийн сууц, Г-2201004757 дугаарт бүртгэлтэй газар, Д.Тын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 1 дүгээр байр, М-24 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201026725 дугаарт бүртгэлтэй орон сууцыг барьцаалж, гэрээгээ улсын бүртгэлд бүртгүүлсэн, гэрээнд нэхэмжлэгч нар хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан байдаг.

Нэхэмжлэгч Т.А болон нэхэмжлэгч Д.Тын эхнэр Ц.Болормаа нар нь тус байгууллагад ажиллаж байхдаа олон сая төгрөгийн дутагдал гаргасныг цагдаагийн байгууллагаар шалгуулж, учруулсан хохирлын хэмжээг тус бүрд нь тогтоолгосон бөгөөд прокурорын байгууллагаас иргэний журмаар хянан шийдвэрлэвэл зохих маргаан байна гэх үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч нар өр төлбөрөө төлөх баталгаа болгон дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг “А” ХХК-ийн хангамжийн албаны дарга С.Жын нэр дээр шилжүүлсэн нь тэдний өөрсдийн илэрхийлсэн хүсэл зориг байсан бөгөөд өөрсдөө нотариатад биечлэн  очиж, гарын үсэг зурсан юм. Иймд нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2, 56.5 дахь хэсгүүдэд  заасныг баримтлан Т.А, С.Ж нарын хооронд  2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, Зүүн салаа, 30 дугаар гудамж, 43 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201016735 дугаарт бүртгэлтэй хувийн сууц, Г-2201004757 дугаарт бүртгэлтэй газрыг бэлэглэсэн гэрээ, нэхэмжлэгч Д.Т, С.Ж нарын хооронд нь 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 1 дүгээр байр, М-24 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201026725 дугаарт бүртгэлтэй орон сууцыг бэлэглэсэн гэрээг  тус тус хүчин төгөлдөр буст тооцож, энэхүү гэрээний үндсэн дээр хариуцагч С.Жын өмчлөлд шилжсэн өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Т.А, Д.Т нарын өмчлөлд шилжүүлэн бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нар нь “А” ХХК-д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950 төгрөг, нэхэмжлэгч Д.Тын төлсөн 175 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Жоос 307 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Ад, 175 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Тд тус тус олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дашдаваа, өмгөөлөгч Ч.Нямцоож нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, гэрчийн мэдүүлэг зэргийг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, талуудын хооронд үүссэн нөхцөл байдалд зөв дүгнэлт хийгээгүйгээс үүдэн хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байгаа тул дор дурдсан үндэслэл, шалтгааны улмаас шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, барьцааны гэрээ, зээлийн гэрээ, прокурорын тогтоол, хүсэлт, баталгаа зэрэг бичмэл нотлох баримтуудаар нэхэмжлэгч Т.А нь “А” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа 38 243 014 төгрөг, нэхэмжлэгч Д.Тын эхнэр Ц.Болормаа нь 26 142 688 төгрөгийн хохирол компанид учруулсан, маргаан бүхий гэрээний зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгүүдийг анх ажилд орохдоо барьцааны гэрээгээр барьцаалж, үүссэн өр төлбөрийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байсан, өр төлбөрөө төлөх баталгаа болгож өмчлөх эрхээ С.Жд сайн дураараа, өөрсдөө хүсэлт гаргаж шилжүүлсэн үйл баримт тогтоогддог.

Өөрөөр хэлбэл талуудын хооронд нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг үндэслэн байгуулагддаг гэрээ болох Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д заасан бэлэглэлийн гэрээ байгуулагдсан. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасны дагуу талуудын хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсон, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 42.4-т тус тус зааснаар талууд хүсэл зоригоо бүрэн, бодитой илэрхийлж, гарын үсэг зурж баталгаажуулан, гэрээний үнэн зөв, хүчин төгөлдөр, үл маргах шинжтэй болохыг нотариатчаар гэрчлүүлж, холбогдох өөрчлөлтийг хуульд заасан хугацааны дотор, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн Улсын бүртгэлийн байгууллагад хүсэлтээ бичгээр гарган бүртгүүлсэн тул уг гэрээг Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.2-д зааснаар байгуулагдсан гэж тооцох хууль зүйн үндэслэлтэй юм.

Нэгэнт талуудын хооронд хүчин төгөлдөр бэлэглэлийн гэрээ байгуулагдсан, хуулийн хүчин төгөлдөр болсон, уг гэрээгээр илэрхийлсэн талуудын хүсэл зориг бодитойгоор бүрэн биелэгдсэн ба нэхэмжлэгч нарыг хариуцагч нарын зүгээс хуурч, мэхэлж, дарамталж, хүч хэрэглэж тэдний өмчлөх эрхийг шилжүүлж авсан нөхцөл байдал тогтоогддоггүй болно.

Шүүх нэхэмжлэгч нар зөвхөн холбогдох гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг
тогтоолгох талаар шаардлага гаргаж, хэлцлийн үр дагаврыг арилгах талаар шаардлага
гаргаагүй байхад нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс илүү хэмжээгээр хэргийг шийдвэрлэж, хариуцагч биш этгээдэд хэлцлийн үр дагаврыг арилгахтай холбоотой үйлдэл хийхийг даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэх шаардлагыг хангаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгч нь хэнээс юуг, ямар үндэслэлээр шаардах, зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах арга, хэрэгслийг өөрөө тодорхойлдог билээ. Гэтэл нэхэмжлэгч нарын тухайд дээр дурдсанчлан нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгээгүй, хэлцлийн үр дагаврыг арилгах талаар шаардлага гаргаагүй байхад шүүх санаачилгаараа нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс илүү хэмжээгээр хэргийг шийдвэрлэж, тухайн хэрэгт мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч, хамтран хариуцагчаар оролцоогүй Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт тодорхой үйлдэл хийхийг даалгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хариуцагч талыг шүүх хуралдаанд биеэр оролцуулаагүй, хариуцагчид нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтаа нэмэлтээр гаргаж өгөх боломж олгоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд гомдолд дурдаж буй дээрх үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.8, 168.1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл бүрдэж байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Т.А, Д.Т нар нь хариуцагч С.Жд холбогдуулан 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2201016735 дугаарт бүртгэлтэй хувийн сууц, Г-2201004757 дугаарт бүртгэлтэй газар бэлэглэх гэрээ, 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан Ү-2201026725 дугаарт бүртгэлтэй орон сууц бэлэглэх гэрээг тус тус хүчин төгөлдөр буст тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, дээрх хоёр бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцсоноос гадна хариуцагч С.Жын нэр дээр шилжин бүртгэгдсэн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын өмчлөлд шилжүүлэн бүртгэхийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч нарын шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлага, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан нэмэлт тайлбар болон шүүх хуралдаанд талуудын мэтгэлцсэн нь тэмдэглэлд тусгагдсанаас үзвэл бэлэглэлийн гэрээнд дурдсан орон сууц, газар, хувийн сууцны өмчлөх эрхийг хариуцагч С.Жын нэр дээр бүртгэсэн гэрчилгээг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын өмчлөлд буцаан бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газарт холбогдуулан нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр гаргаагүй, үүнтэй холбоотой улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Улсын бүртгэлийн газар хариуцагчаар оролцож, уг асуудлаар зохигчид мэтгэлцээгүй байна.

Дээрхээс үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргаагүй, зохигчид мэтгэлцээгүй асуудлаар шийдвэр гаргасан байх бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр шийдвэрийг гаргах мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсгийг шүүх зөрчсөн, энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 184/ШШ2017/02065 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч С.Жын төлсөн 357 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                    ШҮҮГЧИД                                           Т.ТУЯА

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ