Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 634

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа даргалж, шүүгч Б.Мөнхзул шүүгч Д.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хурлын танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар П.Батсайханы нэхэмжлэлтэй, Б.Нямжавд  холбогдох  “Гэм хор учруулсаны хохирол 1.367.500 төгрөг гаргуулах”, Б.Нямжавын сөрөг нэхэмжлэлтэй П.Батсайханд холбогдох “Адууны үнэ 800.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

         Шүүх  хуралдаанд:

         Нэхэмжлэгч, сөрөг нэхэмжлэлийн харуицагч П.Батсайханы өмгөөлөгч             

                                                                                                               М.Гансүх

 

          Хариуцагч: Б.Нямжавын итгэмжлэгдсэн төлөөлөгч:Сэлэнгэ аймаг, Жавхлант сум, Бумбат 1 дүгээр баг, “Унгал” гэх газарт оршин суух, тэтгэвэрт байдаг

                                     Харагчин  овгийн Чунагийн Буянаа             

                                     регистрийн  дугаар: МУ- 61122168

 

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  өмгөөлөгч                                    

                                                                                       А.Ариунзаяа

 

         Шүүх  хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Янжинлхам  нар  оролцов.                                        

                                                            

                                                      Тодорхойлох нь:

         Нэхэмжлэгч: П.Батсайхан  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

     ...Нэхэмжлэлийн үндэслэл: П.Батсайхан миний бие хувиараа хөдөлмөр эрхэлдэг бөгөөд ОХУ-аас Улаанбаатар хот руу хөлсөөр бараа бүтээгдэхүүн тээврийн хэрэгслээр хүргэдэг. 2017 оны 04 дүгээр сарын 13-ны шөнө “Сэлэнгээс –Улаанбаатар” хот руу ачаа бараа хүргэх гэж өөрийн эзэмшлийн “Хино” маркийн сэү 55-53  улсын дугаартай ачааны автомашиынг жолоодож Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын нутаг дэвсгэр “Жавхлантын Энгэр” гэх газар засмал дээр явж байхад гэнэт зүүн гар талаас 2 хариулгагүй адуу давхиад ороод ирсэн. Би зам тээврийн осол гаргахгүй байх ямар  л бололцоотой арга хэмжээ авах ёстой тэр болгоныг авсан боловч сүүлд нь явж байсан адуу мөргөгдөж миний тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл учирсан.

        Тухайн үед тэр 2 адуу ямар ч хариулгагүй, малчин нь байхгүй явж байсан. Хэрэв энэ малын эзэн нь адуу малаа маллаж хариулж байсан бол ийм осол гарч миний тээврийн хэрэгсэлд хохирол учирахгүй байсан. Энэ 2 адуу нь Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын 1 дүгээр багийн иргэн Б.Нямжавын адуу гэдэг нь тогтоогдсон. Ийм учраас доорх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

           Нэхэмжлэлийн шаардлага: Б.Нямжавын адуу мал нь хариулгагүй малалгаагүй явуулснаас  болж зам тээврийн осол гарч надад гэм хорын хохирол 1.367.500 төгрөгний хохирол учирсан тул энэ хохирлыг Б.Нямжаваас гаргуулж өгнө үү! ... гэжээ.

 

            Хариуцагч Б.Нямжав 2017 оны 06 дугаар сарын 19-нд шүүхэд гаргасан тайлбартаа:

        ...П.Батсайхан нь 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хот руу явж байхдаа зам тээврийн осол гаргаж, иргэн миний адууг дайрсан байна. П.Батсайхан нь 1.367.000 төгрөгийг гэм хорын хохиролд нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Иргэн миний хувьд адуу малаараа хохирсон тул П.Батсайханы нэхэмжилсэн 1.367.500 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна... гэжээ.  

 

          Нэхэмжлэгч Б.Нямжав шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

        ...Иргэн Б.Нямжав миний бие нь Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд мал маллаж амьдардаг. 2017 оны 04 дүгээр сарын 13-нд сумын хэсгийн төлдөөлөгчөөс  адуугаа дайруулсныг мэдсэн. Тухайн үед би ямар машин тэрэг дайрч осол гаргасныг мэдээгүй. Миний адуу дайрагдсан газар нь айлын зуслан, хаваржаа, сумын байгаль орчны хяналтын пост зэрэг хөл хөдөлгөөн ихтэй газар  байгаа юм. Миний адуу унагалах дөхсөн байдас гүү байсан тул үнэлгээний комиссоор үнэлгээ тогтоолгож, иргэн П.Батсайханаас 800.000 төгрөг нэхэмжилж байна... гэжээ.

 

            Сөрөг нэхэмжлэлийн хариуцагч П.Батсайхан 2017 оны 07 дугаар  арын 18-нд сөрөг  нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

         ...Хариуцагч Б.Нямжавын 800.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн зам тээврийн осол миний буруутай үйл ажиллагаа болон надаас шалтгаалж гарсан зүйл байхгүй. Харин хариуцагчаас болсон гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдсон. Тийм учраас би анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжиж байна.

            Ийм учраас сөрөг нэхэмжлэлийг хэсэгсэхгүй болгож, миний гаргасан үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү! ... гэжээ.  

 

           Хариуцагч Б.Нямжавын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Буянаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

     ... Тухайн үед энэ жолооч осол гаргасан. Жолооч хариуцлагатай байж аюулгүйн дүрмийг баримтлах ёстой байсан. Шарын голын хар замын ойролцоо маш олон айл гол усаа дагаж зусдаг. Малчид бог малаа байнга хариулж, бод малаа хариулдаггүй. Шөнийн цаг бол амралтын цаг байдаг. Тэр хавиар замын цагдаагийн пост, дэлгүүр гээд байдаг. Үзэж харсан хүмүүс байх ёстой. Манайх хар замаас 3-4 километр зайд байдаг. Би энэ гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бод мал бол хариулга шаарддаггүй, нүүдэлчин удмаасаа л тийм байсан. Манайх зуншдаг тэр газарт 4 дүгээр сараас 10 дугаар сар хүртэл  ойр хавьд 5-500 метр зайд айл байдаг тийм л газар. Жолооч өөрөө сонор сэрэмжтэй байсан бол осол гарахгүй л байсан байх. Бид өөрсдийгөө буруутай гэж үзэхгүй байгаа.

 Сөрөг нэхэмжлэлийн тухайд бол тэр машинд дайрагдсан байдас унагалах байдас байсан. Мал бол төрийн хамгаалалтанд байдаг. Үүнийг төр хамгаалах ёстой. Сөрөг нэхэмжлэлээр гүүгээ үнэлгээний комиссоор орж үнэлгээ тогтоолгосон. Сумын үнэлгээний комисс 800.000 төгрөгөөр үнэлсэн. Харин манайх  750.000 төгрөгийг нэхэмжилж байгаа...  гэв.

 

           Иргэний хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  Үндэслэх нь:

        

       Нэхэмжлэгч  П.Батсайхан нь 2017 оны 04 дүгээр сарын 13-ны шөнө Сэлэнгээс Улаанбаатар явах замд Жавхлант сумын нутаг “Жавхлантын энгэр” гэх газарт хариуллагагүй мал бэлчээсний улмаас иргэн Б.Нямжавын 2 тооны адуу засмал зам дээр гэнэт гарч ирж зам тээврийн осол гаргаж, нэхэмжлэгчийн “ХИНО” маркын  СЭҮ-55-53 дугаарын ачааны автомашинд  эвдрэл гарсны улмаас гэм хор учруулсны хохирол 1.367.500 төгрөгийг хариуцагч Б.Нямжаваас гаргуулахаар шүүхэд  нэхэмжлэл гаргасан  байна.     

          Хариуцагч Б.Нямжав нь  “...П.Батсайхан нь 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хотруу явж байхдаа зам тээврийн осол гаргаж, иргэн миний адууг дайрсан байна. П.Батсайхан нь 1.367.000 төгрөгийг гэм хорын хохиролд нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна...” гэснээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж,  өөрийн адууны үнэ болох 800.000 төгрөгийг П.Батсайханаас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

           Зохигчид нь машины эвдрэлийн үнэлгээ 1.367.500 төгрөг, болон адууны үнэлгээ 750.000 төгрөг болох талаар маргаагүй, харин осол гарахад хэн аль нь буруутай эсэх талаар маргажээ.

            Шүүхэд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд “...Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын нутаг дэвсгэр “Жавхлантын Энгэр” гэх газар засмал дээр явж байхад гэнэт зүүн гар талаас 2 хариулгагүй адуу давхиад ороод ирсэн...  Тухайн үед тэр 2 адуу ямар ч хариулгагүй, малчин нь байхгүй явж байсан. Хэрэв энэ малын эзэн нь адуу малаа маллаж хариулж байсан бол ийм осол гарч миний тээврийн хэрэгсэлд хохирол учирахгүй байсан...” гэсэн нэхэмжлэл гаргасан ба хариуцагч Б.Нямжавын хоёр тооны адуу осол гарах шөнө хариуллагагүй явж байсан болох нь  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралд өгсөн “...Малчид бог малаа байнга хариулж, бод малаа хариулдаггүй. Шөнийн цаг бол амралтын цаг байдаг... Бод мал бол хариулга шаарддаггүй, нүүдэлчин удмаасаа л тийм байсан...” гэх тайлбараар нотлогдсон байна.

 Мөн Сэлэнгээс – Улаанбаатар явах  замд Жавхлант сумын нутаг “Жавхлантын энгэр” гэх газарт 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн шөнө гарсан зам тээврийн осол нь  Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Мөнхбатын гаргасан 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 24 дугаартай шинжээчийн дүгнэлт, уг дүгнэлтийг эс зөвшөөрч Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн бүрэлдэхүүнтэй томилогдож давтан гаргасан шинжээч 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 108 дугаартай дүгнэлтүүдэд “... засмал замд 50 метрээс дотогш хариуллагагүй мал байлгасны улмаас  гарсан, “...малчин Б.Нямжав нь ... засмал замд 50 метрээс дотогш хариуллагагүй мал байлгахыг хориглоно... дээрх заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах нөхцлийг бүрдүүлсэн...”, жолооч П.Батсайхан нь замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй,  “зогсоох арга хэмжээг жолооч П.Батсайхан авсан болох нь ...” дээрх дүгнэлтүүдээр тогтоогдсон байна.

             Иймд хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн Б.Нямжаваас машины хохирол 1367.500 төгрөг гаргуулан П.Батсайханд олгож, Б.Нямжавын сөрөг нэхэмжлэлтэй П.Батсайханд холбогдох адууны үнэ 750.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох шийдвэрлэх үндэслэлтэй байна.   

            Хариуцагч Б.Нямжав нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд  “Унагалах байдасны үнэ 800.000 төгрөг гаргуулах” гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага нэхэмжлэгч П.Батсайханд холбогдуулан гаргасан боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Буянаа нь шүүх хуралдааны шатанд “Адууны үнэ 750.000 төгрөг” гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар багасгасан болохыг дурдах нь зүйтэй байна.

            Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч П.Батсайханы улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 36.860 төгрөг, Б.Нямжавын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 23.750 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Нямжаваас улсын тэмдэгтийн хураамж 36.860 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид  олгох нь зүйтэй.  

  Шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгч Н.Мөнх-Очир нь шүүх хуралд хүрэлцэн ирээгүй ба зохигчид иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэхийг зөвшөөрсөн, мөн нэхэмжлэгч П.Батсайхан “Миний бие шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Учир нь Миний бие ОХУ-д яаралтай ачаа ачих гэрээтэй. Иймд миний хууль ёсны эрх ашгийг хамгаалах өмгөөлөгч М.Гансүх оролцоно. Намайг байлцуулахгүйгээр өмгөөлөгчийг оролцуулан шүүх хуралдааныг хийхэд татгалзах зүйлгүй” гэсэн хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн  байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгч,  мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийн хянан шийдвэрлэсэн болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар   зүйлийн  115.2.1, 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д  зааснаар Б.Нямжаваас 1367.500  төгрөг гаргуулан П.Батсайханд олгож, Б.Нямжавын нэхэмжлэлтэй П.Батсайханд холбогдох “Адууны үнэ 750.000 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч П.Батсайханы улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 36.860 төгрөг, Б.Нямжавын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 23.750 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Нямжаваас улсын тэмдэгтийн хураамж 36.860 төгрөгийг гаргуулан  нэхэмжлэгчид  олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  119 дүгээр  зүйлийн  119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан  хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр   зүйлийн  119.5-д зааснаар  мөн  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4-т заасны  дагуу  хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн,  мөн   хуулийн 119 дүгээр  зүйлийн  119.6-д  зааснаар шийдвэрийг  гардан   авсанд   тооцсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр  зүйлийн  119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас  өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах  шатны шүүхэд давж  заалдах гомдол  гаргах  эрхтэй.

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Л.СОЁЛМАА   

                  БҮРЭЛДЭХҮҮН  ШҮҮГЧИД                                Б.МӨНХЗУЛ

                                                                                               Д.МӨНХЦЭЦЭГ