Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 02

 

П.Батсайханы  нэхэмжлэлтэй иргэний

                    хэргийн тухай

 

                                                                            Хэргийн индекс: 148/2017/00333/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                             Даргалагч,

                             Ерөнхий шүүгч                     Б.Батзориг

                             Шүүгчид                           Л.Амарсанаа

                                                                      Г.Давааренчин

                     Оролцогчид

                                Нэхэмжлэгчийн өмгөөлөгч  М.Гансүх

                                Хариуцагчийн өмгөөлөгч    А.Ариунзаяа

                               Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцож,  Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа даргалж, шүүгч Б.Мөнхзул, шүүгч Д.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан  2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 634 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор П.Батсайханы нэхэмжлэлтэй, Б.Нямжавд холбогдох “Гэм хор учруулсаны хохирол 1.367.500 төгрөг гаргуулах”, Б.Нямжавын сөрөг нэхэмжлэлтэй П.Батсайханд холбогдох “Адууны үнэ 800.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Тодорхойлох нь:

      Нэхэмжлэгч П.Батсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  П.Батсайхан миний бие хувиараа хөдөлмөр эрхэлдэг бөгөөд ОХУ-аас Улаанбаатар хот руу хөлсөөр бараа бүтээгдэхүүн тээврийн хэрэгслээр хүргэдэг. 2017 оны 04 дүгээр сарын 13-ны шөнө Сэлэнгээс Улаанбаатар хот руу ачаа бараа хүргэх гэж өөрийн эзэмшлийн Хино маркийн сэү 55-53 улсын дугаартай ачааны автомашиныг жолоодож Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын нутаг дэвсгэр Жавхлантын Энгэр гэх газар засмал дээр явж байхад гэнэт зүүн гар талаас 2 хариулгагүй адуу давхиад ороод ирсэн. Би зам тээврийн осол гаргахгүй байх ямар л бололцоотой арга хэмжээ авах ёстой тэр болгоныг авсан боловч сүүлд нь явж байсан адуу мөргөгдөж миний тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл учирсан. Тухайн үед тэр 2 адуу ямар ч хариулгагүй, малчин нь байхгүй явж байсан. Хэрэв энэ малын эзэн нь адуу малаа маллаж хариулж байсан бол ийм осол гарч миний тээврийн хэрэгсэлд хохирол учирахгүй байсан. Энэ 2 адуу нь Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын 1 дүгээр багийн иргэн Б.Нямжавын адуу гэдэг нь тогтоогдсон. Ийм учраас доорх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлага: Б.Нямжавын адуу мал нь хариулгагүй малалгаагүй явуулснаас болж зам тээврийн осол гарч надад гэм хорын хохирол 1.367.500 төгрөгний хохирол учирсан тул энэ хохирлыг Б.Нямжаваас гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Б.Нямжав шүүхэд гаргасан тайлбартаа: “.....П.Батсайхан нь 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хот руу явж байхдаа зам тээврийн осол гаргаж, иргэн миний адууг дайрсан байна. П.Батсайхан нь 1.367.000 төгрөгийг гэм хорын хохиролд нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Иргэн миний хувьд адуу малаараа хохирсон тул П.Батсайханы нэхэмжилсэн 1.367.500 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна” гэжээ.

Нэхэмжлэгч Б.Нямжав шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ...Иргэн Б.Нямжав миний бие нь Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд мал маллаж амьдардаг. 2017 оны 04 дүгээр сарын 13-нд сумын хэсгийн төлөөлөгчөөс адуугаа дайруулсныг мэдсэн. Тухайн үед би ямар машин тэрэг дайрч осол гаргасныг мэдээгүй. Миний адуу дайрагдсан газар нь айлын зуслан, хаваржаа, сумын байгаль орчны хяналтын пост зэрэг хөл хөдөлгөөн ихтэй газар байгаа юм. Миний адуу унагалах дөхсөн байдас гүү байсан тул үнэлгээний комиссоор үнэлгээ тогтоолгож, иргэн П.Батсайханаас 800.000 төгрөг нэхэмжилж байна” гэжээ.

Сөрөг нэхэмжлэлийн хариуцагч П.Батсайхан сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч Б.Нямжавын 800.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн зам тээврийн осол миний буруутай үйл ажиллагаа болон надаас шалтгаалж гарсан зүйл байхгүй. Харин хариуцагчаас болсон гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдсон. Тийм учраас би анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжиж байна. Ийм учраас сөрөг нэхэмжлэлийг хэсэгсэхгүй болгож, миний гаргасан үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Б.Нямжавын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Буянаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн үед энэ жолооч осол гаргасан. Жолооч хариуцлагатай байж аюулгүйн дүрмийг баримтлах ёстой байсан. Шарын голын хар замын ойролцоо маш олон айл гол усаа дагаж зусдаг. Малчид бог малаа байнга хариулж, бод малаа хариулдаггүй. Шөнийн цаг бол амралтын цаг байдаг. Тэр хавиар замын цагдаагийн пост, дэлгүүр гээд байдаг. Үзэж харсан хүмүүс байх ёстой. Манайх хар замаас 3-4 километр зайд байдаг. Би энэ гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бод мал бол хариулга шаарддаггүй, нүүдэлчин удмаасаа л тийм байсан. Манайх зуншдаг тэр газарт 4 дүгээр сараас 10 дугаар сар хүртэл ойр хавьд 5-500 метр зайд айл байдаг тийм л газар. Жолооч өөрөө сонор сэрэмжтэй байсан бол осол гарахгүй л байсан байх. Бид өөрсдийгөө буруутай гэж үзэхгүй байгаа.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд бол тэр машинд дайрагдсан байдас унагалах байдас байсан. Мал бол төрийн хамгаалалтанд байдаг. Үүнийг төр хамгаалах ёстой. Сөрөг нэхэмжлэлээр гүүгээ үнэлгээний комиссоор орж үнэлгээ тогтоолгосон. Сумын үнэлгээний комисс 800.000 төгрөгөөр үнэлсэн. Харин манайх 750.000 төгрөгийг нэхэмжилж байгаа” гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатын шүүх хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд 634 дугаартай шийдвэрээр:

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Б.Нямжаваас 1367.500 төгрөг гаргуулан П.Батсайханд олгож, Б.Нямжавын нэхэмжлэлтэй П.Батсайханд холбогдох Адууны үнэ 750.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч П.Батсайханы улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 36.860 төгрөг, Б.Нямжавын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 23.750 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Нямжаваас улсын тэмдэгтийн хураамж 36.860 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч А.Ариунзаяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн П.Батсайхан нь 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгээс Улаанбаатар хот руу зорчиж явахдаа Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын нутаг болох Жавхлантын энгэр гэх газар Б.Нямжавын 1 тооны адууг дайрч зам тээврийн осол гаргасан бөгөөд уг адуу дайрагдсаны улмаас өөрийн машины эд ангид учирсан хохирол болох 1.367.500  төгрөгийг малын эзэн болох Б.Нямжаваас нэхэмжилсэн, мөн Б.Нямжав нь өөрийн дайрагдаж үрэгдсэн адууны үнэ болох 750.000  төгрөгийг тээврийн хэрэгслийн эзэмшигч П.Батсайханаас нэхэмжилсэн бөгөөд анхан шатны шүүхээс Б.Нямжаваас 1.367.500 төгрөгийг гаргуулан П.Батсайханд олгохоор, мөн сөрөг нэхэмжлэл болох малын үнэ 750.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Нэхэмжлэгч П.Батсайхан нэхэмжлэлдээ уг зам тээврийн осол шөнийн 01 цагаас 02 цагийн хооронд болсон талаараа бичсэн бөгөөд тухайн үед малчдыг малаа хариулаад явж байх ёстой гэж шүүхээс дүгнэснийг ойлгохгүй байна. Шүүхээс хариуцагч Б.Нямжавыг малаа хариулаагүй эс үйлдэхүйгээр бусдад гэм хор учруулсан гэж буруутгаж байна. Олон жил мал маллаж байгаагийн хувьд малчдыг шөнийн цагаар малаа хариулах ёстой гэж үзсэн энэ тохиолдлын үнэн зөвийг нь ялгаж өгнө үү.

Монголчууд эрт дээр үеэсээ мал маллах арга барилд өдөр шөнөгүй малаа маллах ёстой гэсэн зүйл байхгүй, одоогийн хууль дүрэм нь зан заншлын хэм хэмжээтэйгээ зөрчилдөж байгаагийн илрэл юм болов уу. Ер нь тэр хэсэгт айлууд нүүдэллэн амьдардагийг мэдэхээс хойш засаг захиргааны байгууллагаас цагдаагийн байгууллагатай хамтран Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Замын тэмдэг, тэмдэглэл”-ийн 1.21 “Мал тууж гарах газар”, 1.22 “Ан амьтан”-мал, ан амьтан гарч ирж болзошгүй замын хэсэг байгааг тэмдэглэсэн тэмдэглэгээг уг хавсралтын 2-т заасан зохицуулалтын дагуу /....1.5-1.27 тэмдгийг хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй замын хэсэг эхлэх газраас суурин газрын доторхи замд 50-100 метр, суурин газрын гаднах замд 150-300 метрийн өмнө байрлуулна/ байрлуулах үүрэгтэй байсан. Төрийн байгууллага үүргээ биелүүлээгүйн улмаас жирийн малчин иргэн бид хохирох учиргүй. Тээврийн хэрэгсэл жолоодож байгаа жолооч хүн бүрэн хариуцлага хүлээж яваагийнхаа хувьд сонор сэрэмжтэй байх ёстой, ялангуяа шөнийн цагаар илүү анхааралтай явах ёстой байсан. Жолооч П.Батсайхан нь зогсоох арга хэмжээ авсан гэж байгаа боловч тухайн үеийн хурдыг тогтоох ямар ч боломжгүй, гэхдээ хурдтай явж байсан учраас л дайрагдсан адуу газар дээрээ үхсэн байх гэж бодож байна. Хариуцагчийн зүгээс шүүхэд хүсэлт гаргаж дахин шинжээч томилсон бөгөөд уг шинжээчийн дүгнэлт нь өмнөх захиргааны арга хэмжээний материалын хүрээнд гаргасан гэж бичсэн, мөн П.Батсайханыг зогсоох арга хэмжээ авсан гэж үзэж дүгнэлт гаргав гэсэн байдаг. Хариуцагчийн талаас ер нь бол уг захиргааны арга хэмжээний материалд дурдаагүй, хөндөгдөөгүй зарим асуудпуудыг тодорхой болгохын тулд дахин шинжээч томилуулсан хэдий ч хязгаарлагдмал байдлаар дүгнэлт гаргасан. Уг 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 108 дугаартай шинжээчийн дүгнэлтийг сайн уншвал Цагдаагийн байгууллага хэт нөгөө талд үйлчилсэн гэдэг нь харагдаж байгаа. Уг зам тээврийн осол болсон газрын зорчих хэсэгт замын хөдөлгөөний дүрэмд заагдсан ямар замын тэмдэг тэмдэглэгээ үйлчилж байсан эсэхийг тодруулахаар хүсэлтээ гаргасан хэдий ч төдийлөн анхаарч авч үзээгүй, дүгнэлтэд “Захиргааны арга хэмжээний материалд замын тэмддэг тэмдэглэгээний талаар баримт авагдаагүй” гэх байдлаар дүгнэлт гаргасан байсан. Тухайн зам тээврийн осол болсон газрын орчимд хавар, зуны цагт малтай айлууд хаваржиж, зусдаг. Сэлэнгээс Улаанбаатарын чиглэлд ачаа тээвэрлэдэг гэх жолооч П.Батсайхан нь энэ талаар мэдэхгүй байх учиргүй. Өөрөөс нь асууж тодруулах зүйлууд байсан хэдий ч нэг ч удаа уулзаагүй. Сөрөг нэхэмжлэлийн хувьд уг зам тээврийн ослын улмаас Б.Нямжавын 1 тооны адуу үхэж 750.000 төгрөгийн хохирол учирсан байхад жолоочоор уг хохирлыг төлүүлэхгүй байгааг гайхаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл муутай гарсан гэж үзэж гомдол гаргаж байна.  П.Батсайханы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагчийн гэм буруугийн талаар шинжээчийн дүгнэлт гарсан байгаа. Жолоочийн зүгээс замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй тухайн үед зогсоох арга хэмжээ авсан.  Шөнийн цагаар малаа  хариулах эсуудал бол малчдын үүрэг гэж ойлгож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гаргсан гэж үзэж байна гэв.

Үндэслэх нь:

Нэхэмжлэгч П.Батсайхан нь хариуцагч Б.Нямжавт холбогдуулан эд хөрөнгөд учирсан хохирол 1.367.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, хариуцагч Б.Нямжав адууны үнэ 700.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг  нэхэмжлэгчид холбогдуулан тус тус гаргасан байх ба анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ханган, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэн нь үндэстэй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын дагуу хэргийн материалыг судлан үзэхэд 2017 оны 04 дүгээр сарын 13-ны шөнө Сэлэнгэ Улаанбаатарын төв замд буюу  Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын нутагт  ХИНО маркийн СЭҮ-55-53 улсын дугаартай  автомашинд адуу дайрагдсан осол гарсан бөгөөд хэргийн зохигчид гэм буруугийн талаар маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл:  Сэлэнгээс Улаанбаатар явах замд Жавхлант сумын нутаг Жавхлантын энгэр гэх газарт 2017 оны 04 дүгээр сарын       13-ны өдрийн шөнө гарсан зам тээврийн осол нь  хариуцагч Б.Нямжавын Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасан “... засмал замд 50 метрээс дотогш хариулагагүй мал байлгахыг хориглоно.” гэсэн хуулийн заалтыг биелүүлээгүй  буруутай эс үйлдэхүйн улмаас  гарсан болох нь 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 24 дугаартай шинжээчийн ”Жолооч П.Батсайхан нь МУ-ын Замын хөдлөгөөний дүрмийн заалт зөрчөөгүй, малчин Б.Нямжав нь МУ-ын Замын хөдлөгөөний дүрмийн 3.7 дахь заалтыг зөрчсөн” гэсэн дүгнэлт, тухайн зөрчилд нь 2017 оны 04 сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас 0634174 тоот шийтгэврээр 60.000 төгрөгөөр торгосон  зэрэг бичгийн баримтуудаар  тогтоогдсон байна.

Хариуцагч Б.Нямжаваас “нэхэмжлэгч /жолооч/ П.Батсайхан нь замын хөдөлгөөний дүрэм зөрчин зогсоох осол аюул тохиолдсон нөхцөлд жолооч тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авах үүрэгтэй энэхүү үүргээ биелүүлээгүй” гэж марган өөрт учирсан хохирол буюу адууны үнэ 700.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад түүний хүсэлтээр шүүх нэхэмжлэгчийг Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх талаар шинжээчээр давтан дүгнэлт гаргуулсан  байх ба шинжээчийн 2017 оны 11 сарын 06-ны өдрийн 108 дугаартай дүгнэлтээр  нэхэмжлэгч /жолооч/ П.Батсайхан нь  тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авсан байна гэжээ.

 

Иймд  хариуцагч Б.Нямжавын  нэхэмжлэгчийн эд хөрөнгөд гэм хор учруулсан нь өөрийн буруугаас болоогүй,  жолооч өөрөө аюул тулгарсан үед зогсоох арга хэмжээ авах үүргээ биелүүлээгүй гэсэн татгалзал үндэслэлгүй  байх тул  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар бусдын эд хөрөнгөд болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйгээр  гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээдэг тул  нэхэмжлэгч П.Батсайханы нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Харин хариуцагч Б.Нямжавын  малчид эрт цагаас бог малаа байнга хариулж, бод малаа хариулдаггүй байсан гэсэн тайлбар нь хуульд нийцээгүй, хэдийгээр зан заншлын хэм хэмжээний талаар тайлбарлаж байгаа боловч энэхүү зан заншлын хэмжээ нь хуулиар  нэгэнт тогтоосон хэм хэмжээнээс илүү хүчин чадалтай хэм хэмжээ биш гэдгийг дурьдах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн игэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь үндэстэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Сэлэнгэ аймаг  дахь  сум дундын Иргэний хэрийн сум дундын шүүхийн 2017 оны 11 сарын 29-ний өдрийн 634 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.  

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар  зүйлийн 57.1 дэх хэсэгт  зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Буянаагаас  давж заалдах гомдол гаргахдаа төлсөн  тэмдэгтийн хураамж 36.860 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй. 

 

                                      ДАРГАЛАГЧ                   Б.БАТЗОРИГ

                                      ШҮҮГЧИД                      Л.АМАРСАНАА

                                                                            Г.ДАВААРЕНЧИН