Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2354

 

О.Эийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/02457 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч О.Э,

Хариуцагч Е ХХК-д холбогдох,

 

Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн хувьцаа эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээнүүдээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн хувьцааг буцаан авах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Үлэмжийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч О.Э, түүний өмгөөлөгч С.Үлэмж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнжаргал, өмгөөлөгч Э.Билгүүн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч С.Үлэмж, Г.Бадамханд нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тус шүүхэд Е ХХК-тай 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон мөн өдрийн компанийн хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн. Эдгс ХХК нь мах, махан бүтээгдэхүүн боловсруулах, тусгай зөвшөөрөл эзэмшигч 1 000 000 төгрөгийн дүрмийн сантай аж ахуйн нэгж юм. Тухайн компанийн үйл ажиллагаа явуулах үндэс суурь болж буй үйлдвэрийн цогцолбор нь О.Э, Г.Энхдарь нарын өмчлөлийн эд хөрөнгө болно.

Талууд гэрээ байгуулахдаа үйлдвэрийг худалдан авахтай уялдуулан харилцан тохиролцсоны дагуу Эдгс ХХК-ийн нэг бүрийн үнэ 10 000 төгрөгийн үнэ бүхий 70 ширхэг хувьцаа буюу нийт хувьцааны 70 хувийг Е ХХК худалдан авч 700 000 төгрөгийн төлбөрийг төлсөн. Улмаар Е ХХК нь О.Э, Г.Энхдарь нарын өмчлөлийн үйлдвэрийн цогцолборын 70 хувийг 644 000 000 төгрөгөөр худалдан авах, мөн төлбөрийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр хэлэлцэн тохиролцсон. Гэтэл яг үйлдвэрийг худалдах, худалдан авах гэрээ хийх мөчид Е ХХК худалдан авах нь буруу Эдгс ХХК худалдаж авах ёстой гэж О.Э, Г.Энхдарь нар биднийг төөрөлдүүлэн Эдгс ХХК-тай гэрээ хийлгэсэн.

Бид хувьцааныхаа 70 хувийг өгсөн Е ХХК-тай гэрээ хийнэ гэхэд бид нар Эдгс ХХК-ийн 70 хувийг худалдаж авсан учир Эдгс ХХК-тай хийнэ гээд бидний саналыг хүлээж аваагүй. Улмаар гэрээнд Эдгс ХХК-ийг төлөөлж Х.Шаует нь гарын үсэг зурсан. Уг махны үйлдвэрийг худалдах, худалдан авах гэрээг нотариатаар батлуулах хүсэлт тавихад мөн хүлээн аваагүй. Тухайн үед О.Э миний бие Эдгс ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан. Гэтэл Е ХХК ба Х.Шаует нар нь бидний хууль мэдэхгүйг далимдуулан төөрөгдүүлж, хууран мэхэлж чухамдаа биднийг өөрөө өөрсөдтэй нь гэрээ хийлгэсэн болохыг хожим мэдсэн. 

Мөн Е ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Шаует нь Эдгс ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг удаа дараа хууль бусаар авах оролдлого хииж байсан. Жишээ нь, 2016 оны 9 дүгээр сард Эдгс ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Э надад компанийн гэрчилгээ, тамга тэмдэг байсныг мэдсээр байж Е ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Шаует нь санаатайгаар хууран мэхэлж, гээгдүүлсэн мэтээр сонинд зарлуулж, улмаар Завхан аймгийн Улсын бүртгэлийн газрын хуулийн этгээдийн хэлтэст тамга болон гэрчилгээг гээгдүүлсэн гэж хүсэлт гаргаж гэрчилгээг шинээр хэвлүүлэн авч улмаар тамга, тэмдэг захиалан хийлгүүлж байсныг улсын байцаагч н.Бат-Эрдэнэ үйлдлийг зогсоож, тамга гэрчилгээг хураан авч хүчингүй болгосон.

Бид үйлдвэрийн цогцолборын 70 хувийг худалдан авах үнийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлж дуусгах, эсвэл төлбөр хийсэн хэмжээндээ тохируулж гэрээг өөрчлөх зэрэг саналуудыг 2 удаа тавьсан боловч ямар ч ахиц өөрчлөлт гараагүй төдийгүй ямар нэгэн санал ирээгүй. Харин ч төлбөр төлөх үүрэг Е ХХК-д хамааралгүй, Эдгс ХХК гэрээ хийсэн учраас Эдгс ХХК хариуцах ёстой гэсэн агуулгатай хариу өгсөн. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд хариуцагч Е ХХК нь Эдгс ХХК-ийн 700 000 төгрөгийн хувьцааг худалдан авснаараа далимдуулан бидний үйлдвэрийн цогцолборыг хууран мэхэлж авах гэсэн санаа зорилготой байсан нь илт харагдаж байна. 

Хариуцагч тал Е ХХК нь Эдгс ХХК-ийн нэг бүрийн үнэ 10 000 төгрөгийн үнэ бүхий 70 ширхэг хувьцаа буюу нийт хувьцааны 70 хувийг худалдан авахдаа О.Э намайг төөрөлдүүлэн, хууран мэхэлж гэрээ хийснээс гадна О.Э  Г.Энхдарь нарын үйлдвэрийн цогцолборыг худалдан авах гэрээний үүргээ зөрчсөн ба зөрчлийг арилгах талаар ямар нэгэн арга хэмжээ авахгүй байгаа нь цаашид хамтран ажиллах боломжгүй гэдгийг харуулж байгаа тул Эдгс ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, махны үйлдвэрийн цогцолборын хууль ёсны өмчлөгч О.Э миний бие 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ мөн компанийн хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээнүүдээс Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасныг үндэслэн татгалзаж байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Хувьцааг буцаан шилжүүлүүлэх хүсэлтэй, хариуцагчаас өгсөн бүх төлбөрүүдийг буцаан өгөх болно гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний төлөөлөгч Ц.Цэрэнжаргал, өмгөөлөгч Э.Билгүүн нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Эрх шилжүүлэх гэрээг байгуулсанд маргаагүй атлаа гэрээнээс татгалзаж байгаа хууль зүйн үндэслэл нь тодорхой бус байна. Цогцолбор худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой асуудал байгаа. Мөн компанийн тамга, тэмдэгтэй холбоотой асуудал нь тусдаа юм. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тамга, тэмдэгтэй холбоотой маргаан байгаа тул тус шүүх шийдвэрлэх байх.

Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээнүүд дуусгавар болсон. Гэрээнээс татгалзах эрхийг хэрэгжүүлэх журмыг Иргэний хуулиар журамласан байдаг. Гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд үүргийн биелэлтийн асуудал яригдана. Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгч нь тодорхой үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзаж болно гэж заасан байгаа. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд зааснаар гэрээнээс татгалзах бол нөгөө талдаа мэдэгдэх, мэдэгдлийг хүлээн авсан тал нь хугацааг тогтоох журамтай. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Эийн хариуцагч Е ХХК-д холбогдуулан гаргасан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн хувьцаа эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээнүүдээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн хувьцааг буцаан авах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр урьдчилан төлсөн 70 200 төгрөг, 28 850 төгрөг, нийт 99 050 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Үлэмж давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна” гэж дүгнэсэн ба энэхүү гэрээ нь мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасан эрх зүйн харилцааг дуусгавар болгоогүй, харин эрх зүйн харилцаа үүсгэж буй хэлцэл гэдгийг анхаарч үзээгүй. Учир нь, талууд хувьцааны эрхийг шилжүүлж, хувьцааг худалдсанаар Иргэний хууль болон Компапийн тухай хуульд заасан ашгийн төлөө хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хамтран ажиллахаар тохиролцож шинэ эрх зүйн харилцаа үүсгэж байгаа бөгөөд маргаж буй гэрээний нөхцөлийг бүрэн биелүүлснээр эрх зүйн харилцаа дуусгавар болсон гэж үзэх нь учир дутагдалтай.

 Компанийн хувьцааг худалдан авснаар хариуцагч тал нь Компанийн тухай хуульд заасан хувьцаа эзэмшигчийн эрх, эдэлж үүрэг хүлээх бөгөөд дээрх хууль тогтоомжийг зөрчиж, байгууллагын тамга, тэмдэг гэрчилгээг дахин авахаар завдсан нь цаашид хуулийн этгээдийн үйл ажиллагааг хамтран эрхлэх боломжгүй гэсэн үндэслэлийг гаргаж байгаа болно. Иргэний хуулийн 205 дугаар зүйлд зааснаар талууд гэрээнээс татгалзах эрхтэй боловч мөн хуулийн 221 дүгээр зүйлд дээрх татгалзах эрхийг нарийвчлан зохицуулж өгсөн байна.

Шүүх дүгнэхдээ Иргэний хуулийн 221 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал үүсээгүй байх тул гэсэн боловч яг ямар нөхцөл байдал үүсээгүйг тодорхойлоогүй. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийг хэрэглэхдээ урт хугацааны үйлчлэл бүхий гэрээнээс татгалзахад хэрэглэх заалт бөгөөд талуудын хооронд байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон хувьцааны эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр үүсэж буй компанийн эрх зүйн харилцаа нь энэхүү урт хугацаанд үргэлжлэх гэрээний харилцаанд зүй ёсоор орно. Иймд шүүх хууль буруу хэрэглэсэн бөгөөд цаашид үүссэн эрх зүйн харилцаанд дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр хуулийн хүрээнд байна гэж үзэхэд эргэлзээ бүхий байдал бий болгож байна.

            Талуудын хооронд байгуулагдсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон хувьцааны эрх шилжүүлэх гэрээ нь эрх зүйн харилцааг дуусгаж байгаа биш бөгөөд эрх зүйн харилцааг үүсгэж буй гэрээнүүд тул эрх зүйн харилцаа дууссан мэтээр тайлбарлаж гэрээнээс татгалзах боломжгүй гэж дүгнэх нь үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэснээр шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч О.Э нь хариуцагч Е ХХК-д холбогдуулан 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, “Компанийн хувьцаа эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ”-нүүдээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн хувьцааг буцаан авах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч О.Э нь хариуцагч Е ХХК-д өөрийн өмчлөлийн “ЭДГС” ХХК-ийн 70 ширхэг хувьцааг худалдан, гэрээгээр хэлэлцэн тохиролцсоны дагуу нэхэмжлэгчид хувьцааны үнэ 700 000 төгрөгийг хариуцагчаас шилжүүлсэн, улмаар хариуцагчийг “ЭДГС” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр хувьцаа эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээний дагуу бүртгүүлсэн /хх 4/ үйл баримт зохигчдын тайлбар, талуудын хооронд 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, “Компанийн хувьцаа эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ”, /хх 5-6/ 2016 оны  06 дугаар сарын 10-ны өдрийн Голомт банкны төлбөрийн баримтаар /хх 34/ тогтоогдож байна.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Нэхэмжлэгч О.Э нь дээрх гэрээнээс татгалзах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч нь “ЭДГС” ХХК-ийн удирдлагыг хууль бусаар авахаар оролдсон, мөн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн эд хөрөнгө худалдах, худалдан авах, түрээслэх гэрээний үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлажээ.

Маргаан бүхий 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, “Компанийн хувьцаа эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ” байгуулагдсанаас хойш 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр О.Э, Г.Энхдарь нар болон “ЭДГС” ХХК харилцан тохиролцож эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээг байгуулахдаа талууд гэрээтэй холбоотой маргаанаа арбитраар шийдвэрлүүлнэ гэж тохиролцсон байх тул маргаан бүхий гэрээний үүрэгт хамааралгүй, тусад нь шийдвэрлүүлэх боломжтой, өөр гэрээний маргаан тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж шүүх дүгнэснийг буруутгах боломжгүй байна.

Түүнчлэн, Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах үндэслэл нь гэрээний нэг тал гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйтэй холбоотой үүсэх шаардах эрхэд хамаарах бөгөөд хариуцагч дээрх “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу хувьцааны үнийг төлж, улмаар “Компанийн хувьцаа эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ”-ний дагуу “ЭДГС” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдэн, дурдсан гэрээнүүдийн үүрэг дуусгавар болсон, үүргийг зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй байхад гэрээнээс татгалзах, улмаар татгалзсантай холбоотой үр дагаврыг шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй юм.

Иймд гэрээнээс татгалзах хуульд заасан үндэслэл бүрдээгүй, улмаар гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцаах үндэслэл бүрдээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн энэ талаарх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Үлэмжийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/02457 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                        ШҮҮГЧИД                                           Т.ТУЯА

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ