Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 231

 

М.П-ид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ш.Эрдэнэбилэг,

нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулан,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 160 дугаар шийтгэх тогтоол,

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 52 дугаар магадлалтай, М.Пүрэвдоржид холбогдох эрүүгийн 201609000684 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяагийн гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1980 онд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой,

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял шийтгүүлж, 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 21 дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар 23 хоногийн хорих ялыг хугацаанаас нь өмнө тэнсэн сулласан, хэрэг хариуцах чадвартай, Малчин овогт Мягмарын Пүрэвдорж нь Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хулгайлахыг завдсан” гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  шүүгдэгч М.Пүрэвдоржийг орон байранд нэвтэрч бусдын эд зүйл хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 1 жил 4 сар хорих ял оногдуулж, уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийтгэж, шүүгдэгчийн цагдан хоригдсон 114 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох”-оор шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3, 5 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч М.Пүрэвдоржид холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуульд /шинэчилсэн найруулга/ заасан “Хулгайлах” гэмт хэрэгт дүйцүүлэн өөрчилж, оногдуулах хорих ялыг хөнгөрүүлсэнтэй холбогдуулан Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 160 тоот шийтгэх тогтоолын тогтоох хэсгийг “Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/ ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Пүрэвдоржид Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож ирүүлснийг Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/ тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 гэж өөрчилж,

шүүгдэгч М.Пүрэвдоржийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүний байнга амьдрах орон байранд нэвтрэн орж хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Пүрэвдоржид 1 жил хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Пүрэвдоржид оногдуулсан 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Пүрэвдоржийн цагдан хоригдсон 147 хоног хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас нь хасах”-аар бүхэлд нь өөрчилж” шийдвэрлэжээ.

Шүүгч Б.Цогтын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэгийн хууль зүйн дүгнэлтийг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “… 2015 оны Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ” гэж заажээ. 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хүндэвтэр ангилалд хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасныг журамлан төгссөн завдалтаар анхан шатны шүүх шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх төгссөн гэмт хэрэг гэж 2015 оны эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хүнд зүйл ангиар ял оногдуулсан нь тус хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэсэн заалтыг зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд зааснаар хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа тул хянаж өгнө үү” гэжээ.

Прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн дүгнэлтдээ: “... шүүгдэгч М.Пүрэвдорж нь ялтай байхдаа 2016 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө  Дархан-Уул аймгийн Дархан  суманд байрлах  иргэн Туяагийн гэрт нэвтрэн орж 835.000 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд шүүгдэгч М.Пүрэвдорж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь хангалттай нотлогдож тогтоогдсон байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Пүрэвдоржид 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн145.2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулсан, давж заалдах шатны шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1-д зааснаар дүйцүүлэн өөрчлөн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж дүгнэлт хийж байна. Уг хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээ 2 жилээс дээш байгаа бөгөөд ийм учраас 1 жил хорих ял авах үндэслэл байхгүй. Хяналтын шатны шүүхээс шинэ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан хуулийг буцаан хэрэглэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д зааснаар М.Пүрэвдоржид ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанаар анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал шүүгдэгч М.Пүрэвдорж нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны шөнө Дархан-Уул аймгийн Дархан сум, 8 дугаар багийн 11 дүгээр байрны 55 тоот руу нэвтрэн 835.000 төгрөгийн эд зүйл хулгайлахыг завдсан болох нь тухайн хэрэгт ач холбогдолтой, хамаарал бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон гэж хэргийн үйл баримтыг тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдлыг буюу шүүхийн тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л үйл баримтыг бүрэн шалгаж эргэлзээгүй байдлаар тогтоосон бөгөөд шүүгдэгч болон хэргийн бусад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч буюу хязгаарлах замаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдохгүй байна.

Бусдын эд хөрөнгийг хулгайлсан шүүгдэгчийн үйлдэл нь түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдал буюу орцны хаалганы нууц дугаарыг мэдэхгүйн улмаас орцноос гарч чадалгүй таслан зогсоогдож туйлдаа хүрээгүй учир төгссөн завдалт мөн болно.

Нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдэх үеийн Эрүүгийн хуулийг хэрэглэдэг бөгөөд анхан шатны шүүх тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хорих ялыг мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасан журмын дагуу буюу тухайн төгссөн гэмт хэрэгт оногдуулахаар заасан аль хүнд төрлийн ялын доод хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэлгүй 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж хэрэглэвэл зохих хуулийг жинхэнэ агуулгаар нь зөв ойлгож хэрэглэсэн байна.

Харин давж заалдах шатны шүүх хэргийг хянан магадлах үед буюу 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт оногдуулах ялыг зөвхөн хоёроос найман жил хүртэл хугацаагаар хорих ялаар тогтоожээ.

Гэтэл 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт торгох, баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ялыг сонгож оногдуулахаар заасан байтал давж заалдах шатны шүүх “... ихэнх гэмт хэргүүдэд оногдуулах эрүүгийн хариуцлага хөнгөрч байна” гэж хууль буцаан хэрэглэх үндэслэл тогтоогдсон мэтээр хэт ерөнхий оновчтой бус дүгнэлт хийж, шүүгдэгч М.Пүрэвдоржид холбогдох хэргийн зүйлчлэлийг шинээр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 болгож, 1 жил хорих ял оногдуулж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.

Учир нь 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зөвхөн хорих ял оногдуулахаар заасан бөгөөд хорих ялын дээд хэмжээг хуучин хуулиас нэмж тогтоосон болно.

Мөн хуучин Эрүүгийн хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд оногдуулах ялын дээд хэмжээ нь төгссөн гэмт хэрэгт оногдуулахаар заасан аль хүнд төрлийн ялын доод хэмжээний гуравны хоёроос хэтрэхгүй гэж заасан бол шинэ хуулийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж ял оногдуулах журмыг чангаруулан өөрчилжээ.

Дээр дурдсан оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан нөхцөл байдал нь хуулийг буцаан хэрэглэхгүй гэсэн 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлүүд болно.

Иймд давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул магадлалыг хүчингүй болгуулах тухай шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяагийн хяналтын шатны шүүхэд гаргасан хууль хэрэглээний талаарх гомдол хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин хууль тогтоогч Эрүүгийн хуулийг шинэчлэн найруулахдаа гэмт хэргийн ангилалыг шинээр тогтоосон тул “... давж заалдах шатны шүүх хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүнд гэмт хэрэг үйлдсэн мэтээр ял оногдуулсан” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн ажиллагаа, шийдвэртэй холбогдуулан гаргасан талуудын гомдол, эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ шийдвэрийг хэвээр үлдээх, бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгох, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлэх, эсхүл хүндрүүлж өөрчлөх  эрхтэй боловч шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоох нь учир дутагдалтай болно.

Гагцхүү анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэдэг тул шинэ хуульд нийцүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа уг асуудлыг цаашид анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүхээс ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 52 дугаар магадлалыг хүчингүй болгож, мөн аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 160 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Пүрэвдоржийн өмгөөлөгч Ж.Туяагийн хяналтын шатны шүүхэд гаргасан “... давж заалдах шатны шүүх хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүнд гэмт хэрэг үйлдсэн мэтээр ял оногдуулсан” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

ДАРГАЛАГЧ,

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                    Т.УРАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                         Д.ГАНЗОРИГ

                                                                                         Ч.ХОСБАЯР

                                                                                         Б.ЦОГТ