Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2017/04015

 

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 13 өдөр           Дугаар 101/ШШ2017/04015           Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Амаржаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 0 дугаар хороо, Хуучин цэргийн хотхон 0 тоотод оршин суух, 50 настай, эмэгтэй, М овогт Чгийн Т-ийн /**************/  нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Сэлбийн 0 дугаар гудамж, 0 тоотод оршин суух, 51 настай, эмэгтэй, Ж овогт Бын Мд /*************/ холбогдох,

           

Гэрээний үүрэгт 4 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө, хариуцагчийн өмгөөлөгч М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.НаранТ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

           

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

            Ч.Т миний бие иргэн Б.Мд 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 13.6 грамм ээмэг, 2.93 грамм бөгж нийт 21.88 грамм монетон эдлэлийг ажлын 25 хоногт өдрийн 70.016 төгрөг төлөхөөр тохиролцон зээлсэн. Б.М нь хугацаандаа мөнгөө төлөөгүй бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр өмнө авсан монетны үлдэгдэл 1 070 400 төгрөг дээр 25.02 грамм 2 001 600 төгрөгийн үнэ бүхий монетон ээмэг бөгжийг нэмж нийт 3 072 000 төгрөг болгоод 30 хоногийн хугацаанд өдөрт 102 400 төгрөг төлөхөөр тохиролцож зээлсэн.

            Б.М нь нийт 1 072 000 төгрөгийг надад өгсөн бөгөөд үлдэгдэл 2 000 000 төгрөгийг 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 10 хувийн хүүтэй өгөхөөр тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. Б.М нь үүнээс хойш надад нэг ч төгрөг өгөөгүй. Иймд хариуцагчаас үндсэн зээл 2 000 000 төгрөг, хүү 2 400 000 төгрөг, нийт 4 400 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.              

            Хариуцагч Б.М шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

            Би мөнгө хүүлэгч Ч.Тгаас бараа татах мөнгө нэмэх зорилгоор монетон гинж авч ломбарданд тавьж тэр хооронд нь өдрийн орлогоосоо хэсэгчлэн төлж байсан. 2014 оны цагаан сарын дараа орлого муудаж төлөх боломжгүй болохоор нь гинж болон ээмэгнүүдийг буцаан авч өгсөн. Гинжийг нөхөр З.Ганбатад буцаан авч өгсөн. Ингээд энэ тооцоо төлөгдөж дууссан. Би энэ хүнд өгөх өглөг байхгүй. Энэ хүн мөнгө хүүлэгч болохоор өгсөн мөнгө болон буцаасан эдлэлүүдийг өгөөд дуусдаггүй графикаар ажилладаг нь ийм байдалд хүргэлээ. Энэ нэхэмжлэлийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр 1 800 000 төгрөгөөр намайг өгч байсан. Тус цагдаагийн газар нь прокуророор дамжуулан нотлох баримтгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн хариу өгсөн. Мөн Сонгинохайрхан дүүргийн шүүхэд 240 000 төгрөгөөр нэмэгдүүлж нэхэмжлэл гарган уг нэхэмжлэлээ нотлох баримтгүй, шийдвэрлэх боломжгүй гээд буцаасан. Одоо танайд буюу Баянзүрх дүүргийн шүүхэд 4 400 000 төгрөгөөр өгчээ. Энэ хүний нэхэмжлэл цагдаа шүүх дамжин явахдаа сая саяар нэмэгдсэн байна. Надад энэ хүнд өгөх тооцоо байхгүй, зээлийн гэрээ байхгүй, хийх үндэслэл ч байхгүй, аваад буцаан өгсөн монетон эдлэл дээр зурсан гарын үсэг дээр тулгуурлан зээлийн гэрээтэй гэж гүтгэсэн байна.

            Иймд энэ мөнгө хүүлэгчийн мөнгө автоматаар өсөн нэхэмжилдэг үйл ажиллагааг таслан зогсоож нэхэмжлэл буюу 4 400 000 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.   

 

Шүүхэд болон шүүх хуралдааны үед зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ НЬ:

           

Нэхэмжлэгч Ч.Т нь хариуцагч Б.Мд холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөрт 2 000 000 төгрөг, хүүнд 2 400 000 төгрөг, нийт 4 400 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг зохигч хооронд байгуулсан гэрээний үүргийн дагуу хангуулна гэжээ.

Нэхэмжлэгч Ч.Т нь хариуцагч Б.Мд тодорхой хэмжээ бүхий монетон эдлэл шилжүүлсэн, түүний төлбөрт мөнгөн төлбөр авах, өгөх хүсэл зориг харилцан илэрхийлсэн талаар талууд маргаагүй.

Харин хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэлийг хэчнээн хэмжээний монетон эдлэл хүлээн авсан гэх баримтгүй гэж тайлбарлах бөгөөд мөнгөн төлбөрт тодорхой хэмжээний төлбөр төлсөн гэдэгтэй маргаагүй байна. Түүнчлэн монетон эдлэлийг буцаан өгсөн тул төлбөр тооцооны үлдэгдэлгүй гэсэн тайлбарыг өгч байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаар 2 000 000 төгрөгийг гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэлд гаргуулна гэжээ.

Энэ шаардлагыг 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр үйлдсэн бичмэл баримтаар /х.х-ийн 75 дахь талд/ нотолно гэжээ.

Тус баримтын хувьд хариуцагч талаас “Х/з-Б.М” гэснийг хүлээн зөвшөөрсөн гэж тайлбарлах нь буруу гэх боловч тухайн баримтын агуулга, зорилго зэргээс дүгнэн үзэхэд “хүлээн зөвшөөрсөн” гэж тайлбарлана гэсэн нэхэмжлэгчийн

 

итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үгүйсгэх боломжгүй байна. Түүнчлэн гарын үсгийн хувьд хуурамч гарын үсэг гэж маргаагүй, энэ талаар ажиллагаа явуулах хүсэлт гаргаагүй байна.

Тус баримтын агуулгаар, монетон эдлэл шилжүүлсэн, түүний төлбөрийг граммаар хэмжин тодорхойлсон, мөнгөн төлбөрөөр төлөх үүргийн үнийн дүнг тусгасан зэрэг агуулга байх тул амаар хийсэн гэрээний дагуу илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийг нотлох баримт гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт, “...иргэний эрх, үүргийг иргэн өөрийн нэрээр олж авч, хэрэгжүүлнэ.” гэж зохицуулсан байх бөгөөд ямар хүсэл зориг илэрхийлснээ өөрийн гарын үсгээр баталгаажуулан өөртөө эрх, үүрэг үүсгэсэн гэж үзнэ.     

Тус баримтыг шүүх бичгээр хийсэн зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж үзээгүй бөгөөд харин талууд амаар байгуулсан гэрээгээр ямар хүсэл зориг илэрхийлж байснаа нотлох бичгийн нотлох баримт гэж үзсэнийг дурдах нь зүйтэй. Энд бичгээр байгуулсан гэрээ болон амаар хийсэн гэрээг нотлох бичгийн нотлох баримтыг ялгаж үзэх шаардлагатай. 

Талуудын хүлээн зөвшөөрсөн хүсэл зоригийн илэрхийллээс дүгнэн үзэхэд, нэг талаас монетон эдлэл шилжүүлэх, нөгөө талаас тухайн монетон эдлэлийг буцаах бус мөнгөн төлбөрийг граммаар тооцон шилжүүлэх үүрэг буюу үнэ төлөх үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Дурдсан агуулга нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар зээлээр худалдах худалдан авах гэрээний зохицуулалтад нийцэх ба тухайн хөрөнгийг цааш барьцаалах зэргээр эрх үүсгэсэн нь үнийг төлөөгүй байхад хариуцагчийн өмчлөх эрхэд шилжүүлсэн гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 263 дугаар зүйлд зааснаар тус гэрээг бичгээр байгуулах хэлбэрийн зохицуулалт нь мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.4 дэх хэсэгт зааснаар гэрээг байгуулсныг үгүйсгэх, хүчин төгөлдөр бус байх хэлбэрийн шаардлага биш бөгөөд харин талуудын үйлдсэн баримтаар /х.х-ийн 75 дахь талд/ тус гэрээ байгуулагдсан нь нотлогдоно гэж үзэв.  

Хариуцагч талаас шилжүүлэн авсан монетны хэмжээг мэдэхгүй бөгөөд эхлээд 21.88 грамм монетон эдлэл, дараа нь 25,02 грамм монетон эдлэл, нийт 3 752 000 төгрөгийн /1 грамм нь 80 000 төрөг гэх/  эдлэл хүлээн авсан гэсэн нэхэмжлэгч талын тайлбарыг баримтаар няцаагаагүй байна.

Нөгөө талаар буцаан төлөх төлбөрөөс “өдрийн орлогоос хэсэгчлэн төлж байсан” гэсэн хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар, нийт төлбөрөөс хариуцагч 1 072 000 төгрөгийг буцаан өгсөн гэх нэхэмжлэгчийн тайлбартай хариуцагч маргаагүй зэргээс дүгнэхэд, шилжүүлэн авсан монетны төлбөрт 3 072 000 төгрөг төлөх үүрэгтэй, үүнээс үлдэгдэл төлбөрт 2 000 000 төгрөг төлөх үүрэгтэй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч талаас шилжүүлэн авсан монетыг буцаан өгсөн тул төлбөрийн үлдэгдэлгүй гэж мөн тайлбарлаж байна. Буцаан өгсөн үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул мөнгөн төлбөрийн үүрэг хэвээр хадгалагдана гэж үзэв.

 

 

Иймд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар худалдан авсан хөрөнгийн үнийг төлөх үүргээ зөрчсөн тул мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар тус үүргийг хөрөнгө шилжүүлсэн тал шаардах эрхтэй гэж үзэн хариуцагчаас 2 000 000 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч 2 400 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч 2 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулаагүй тул үндэслэлгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч тус шаардлагыг хангуулах үндэслэлийг 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр үйлдсэн баримтаар /х.х-ийн 77 дахь талд/ хүү шаардах эрхтэй тул зээлийн гэрээний үүргийн дагуу хангуулна гэж тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 болон 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээний дагуу мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн этгээдэд тухайн мөнгөн хөрөнгө болон хүү шаардах эрх үүсэж болох хэдий ч хэлбэрийн шаардлагын хувьд бичгээр тус гэрээг байгуулаагүй бол хүү шаардах эрхгүй байх хуулийн зохицуулалттай.

Гэрээ байгуулсан гэх 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 2 000 000 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогдохгүй ба энэ нь 2 000 000 төгрөгийг зээлдүүлэхээр шилжүүлсэн бус харин өмнө үүссэн үүргийн дагуу төлөх төлбөрийн үлдэгдэл дүн гэдэгтэй зохигч хэн аль нь маргаагүй байна.

Иймд зээлийн гэрээ байгуулах хүсэл зориг илэрхийлэгдэж тухайн үүргийн дагуу 2 000 000 төгрөг шилжүүлсэн гэж үзэхгүй тул зохигчид хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй, хүү шаардах эрх үүсээгүй гэж үзэв.

Иймд хүүнд шаардсан 2 400 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 2 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх 2 400 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэг, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэг, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Маас 2 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Тд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 400 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч Б.Маас 46 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Тд олгосугай.

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Г.АМАРЖАРГАЛАН