Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 460

 

Ч.Т-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Б.Нармандах, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2017/04015 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ч.Т-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.М-д холбогдох

 

Гэрээний үүрэгт 4 400 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М,

Хариуцагч Б.М-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Т- миний бие Б.М-д 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 13.6 грамм ээмэг, 2.93 грамм бөгж нийт 21.88 грамм монетон эдлэлийг ажлын 25 хоногт өдрийн 70 016 төгрөг төлөхөөр тохиролцон зээлсэн. Б.М- нь хугацаандаа мөнгөө төлөөгүй бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр өмнө авсан монетны үлдэгдэл 1 070 400 төгрөг дээр 25.02 грамм 2 001 600 төгрөгийн үнэ бүхий монетон ээмэг бөгжийг нэмж нийт 3 072 000 төгрөг болгоод 30 хоногийн хугацаанд өдөрт 102 400 төгрөг төлөхөөр тохиролцож зээлсэн. Б.М- нь нийт 1 072 000 төгрөгийг надад өгсөн бөгөөд үлдэгдэл 2 000 000 төгрөгийг 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 10 хувийн хүүтэй өгөхөөр тохиролцож зээлийн гэрээ байгуулсан Б.М- нь үүнээс хойш надад нэг ч төгрөг өгөөгүй. Иймд хариуцагчаас үндсэн зээл 2 000 000 төгрөг, хүү 2 400 000 төгрөг, нийт 4 400 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би мөнгө хүүлэгч Ч.Т-гаас бараа татах мөнгө нэмэх зорилгоор монетон гинж авч ломбарданд тавьж тэр хооронд нь өдрийн орлогоосоо хэсэгчлэн төлж байсан. 2014 оны цагаан сарын дараа орлого муудаж төлөх боломжгүй болохоор нь гинж болон ээмэгнүүдийг буцаан авч өгсөн. Гинжийг нөхөр З.Г-ад буцаан авч өгч тооцоо дууссан. Би энэ хүнд өгөх өглөг байхгүй. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр 1 800 000 төгрөгөөр намайг өгч байсан боловч цагдаагийн газар нь прокуророор дамжуулан нотлох баримтгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн хариу өгсөн. Мөн Сонгинохайрхан дүүргийн шүүхэд 240 000 төгрөгөөр нэмэгдүүлж нэхэмжлэл гарган уг нэхэмжлэлээ нотлох баримтгүй, шийдвэрлэх боломжгүй гээд буцаасан. Энэ хүний нэхэмжлэл цагдаа шүүх дамжин явахдаа сая саяар нэмэгдсэн байна. Надад энэ хүнд өгөх тооцоо байхгүй, зээлийн гэрээ байхгүй, хийх үндэслэл ч байхгүй, аваад буцаан өгсөн монетон эдлэл дээр зурсан гарын үсэг дээр тулгуурлан зээлийн гэрээтэй гэж гүтгэсэн байна. Иймд энэ мөнгө хүүлэгчийн мөнгө автоматаар өсөн нэхэмжилдэг үйл ажиллагааг таслан зогсоож нэхэмжлэл буюу 4 400 000 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэг, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэг, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.М-аас 2 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Т-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 400 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч Б.М-аас 46 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Т-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2017/04015 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна. Миний бие мөнгө хүүлэгч Ч.Т-гаас бараа татах мөнгөний хэрэг гарч монетон эдлэл авч ломбарданд тавьж мөнгийг нь хэрэглээд дараа нь буцаагаад төлж дуусгасан байтал илүү мөнгө нэхэж дарамталсан. Миний зүгээс тодорхой хэмжээний хүү төлсөн бөгөөд монетон эдлэлийг, монетон эдлэл чигээр нь буцаан өгсөн. Ч.Т-, нөхөр З.Г- нар өөрсдөө хамт очиж авсан. Гэтэл шүүх хуралдааны явцад монетон эдлэлүүдээ огт буцааж аваагүй гэж гүтгэсэн байна. Гэхдээ би монетон эдлэлүүдийг буцаагаад өгсөн гэдгээ нотлохоос өмнө тэд надад өгсөн гэдгээ нотлох нь зүйн хэрэг болов уу.

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлзх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах, 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй гэж заасан байдаг. Ч.Т-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны үед нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан тайлбар зэрэг нь хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүргээ зөрчсөн нь илэрхий байх ба нэхэмжлэлийн шаардлагын агуулга, ямар үйл баримтыг үндэслэж юу нэхэмжилж байгаа үндэслэл нь тодорхой бус, нэг болохоор монетон эдлэлийн үнийг нэхээд байгаа гэж тайлбарлаж, дахиад өөрөөр талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу зээлээ төлөхийг шаардаж байна гэж тайлбар гаргадаг. Шүүх талуудын хооронд үүссэн харилцааг зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа гож тодорхойлсон атлаа, 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 2 сая төгрөг төлөх үндэслэлтэй гэсэн нь 2 өөр үйл баримтыг хооронд нь хольж хутган дүгнэсэн. Тодруулбал, бидний хооронд монетон эдлэлийг ашиглаад буцаагаад өгөх үйл явдал болсон болохоос мөнгө зээлж зээлийн гэрээ байгуулсан гэрээний дагуу мөнгө хүлээж авсан зүйл огт байхгүй юм.

2. Шүүх гэрээний үнэд 2 000 000 төгрөг надаар төлүүлэх шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Ч.Т- нь надад хэдэн граммтай, хэдэн ширхэг, ямар ямар монетон эдлэл хэзээ хэрхэн яаж хүлээлгэн өгсөн, хүлээлгэн өгсөн нь ямар баримтаар хэрхэн нотлож байгаа зэрэг хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтуудыг нэг бүрчлэн тогтоогоогүй атлаа 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн гэрээний дагуу төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь хууль бус гэж үзэж байна. Гэрээ гэх зүйл огт хийгээгүй, гэрээний дагуу нэг төгрөг ч хүлээн аваагүй. Тодруулбал, анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ үндэслэл болгосон 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн гэрээ гэх баримтанд “Х/з Б.М-” гэснийг шүүх “хүлээн зөвшөөрсөн” гэж тайлбарлах үндэслэлтэй гэснийг зөвшөөрөхгүй байна.

Учир нь Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т заасныг зөрчиж X/3 гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэж шууд ойлгож шийдвэрийн үндэслэл болгох нь хууль бус гэж үзэж байна.

3. Хууль шүүхийн байгууллагыг нийгэмд шударга ёсыг тогтоох үүрэгтэй гэж боддогийн хувьд Ч.Т- нь нөхөр З.Г-ын хийж буй үйлдэл үйл ажиллагааг хатуу хянах хэрэгтэй гэж үзэж байна. Мөнгөний яаралтай хэрэг гарсан хүмүүсийн сэтгэл зүйг ашиглан хэд нугалсан үнээр зах зээлийн ханшаас хэт өндрөөр монетон эдлэл шахаж, түүнийгээ мөнгөн дүнгээр нь буцаан нэхэж мөнгө хүүлдэг. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэл нь тодорхойгүй, яг хэд хэдэн граммтай, хэдэн ширхэг, ямар монетон эдлэл, граммыг нь хэдэн төгрөгөөр өгсөн гэдгээ нэхэмжлэгч тодорхойлоогүй. 1 грамм монет тухайн үеийн зах зээлийн ханш хэд байсан гээд үйл баримт, нөхцөл байдлын талаар тодорхой нотлогдоогүй, нотлох баримт гэх зүйл нь нийт грамм тавиад нэгдсэн үнэ тавьсан байх ба граммд нь хуваавал 1 грамм нь 80 000 төгрөг болохоор нэхэмжлэл бүхэлдээ хэрэгсэхгүй болох хууль зүйн үндэслэлтэй байхад зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг огт зөвшөөрөхгүй байна.

Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулсан, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэн хэргийг шийдвэрлэсэн боловч зохигчдын хооронд үүссэн маргаанд хамааралтай хуулийн заалтыг оновчтой хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйг зөвтгөн өөрчлөх шаардлагатай.

 

Гэрээний үлдэгдэл төлбөр 2 000 000 төгрөг, хүүнд 2 400 000 төгрөг, нийт 4 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.М-д холбогдуулан гаргасныг эс зөвшөөрч маргасан байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагч нь монетон эдлэлийг дараа нь мөнгийг нь өгөхөөр зээлж авсан” гэж, хариуцагч нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ “монетон эдлэлийн үнийн зарим хэсгийг төлж, үлдэх монетон эдлэлийг буцаан өгч тооцоо дууссан” гэж тус тус тайлбарлажээ.

 

Талуудын тайлбар болон хэрэгт цугларсан баримтаас үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгчээс 25.02 грамм монетон эдлэлийг 1 граммыг нь 80 000 төгрөгөөр үнэлж авахаар, нийт 3 072 000 төгрөгийг хоногт 102 400 төгрөгийг төлөхөөр тохиролцсон үйл баримт нь тэдгээрийн үйлдсэн бичгийн баримтаар тогтоогдож байх ба хариуцагч 3 072 000 төгрөгийн монетон эдлэлийг авсан болон уг баримтанд гарын үсэг зурсан болохыг үгүйсгээгүй байна. Нэхэмжлэгчид хэдэн төгрөг төлсөн талаар нотлох баримтыг хариуцагч гаргаагүй тул 1 072 000 төгрөгийг авсан гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын дагуу хариуцагч 2 000 000 төгрөгийн төлбөрийг төлөх үүрэгтэй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй. /хэргийн 75 дугаар тал/

 

Хэргийн 75 дугаар талд авагдсан баримтын агуулгаас үзэхэд нэхэмжлэгчийн шилжүүлсэн монетон эдлэлийг граммаар хэмжин, төлбөрийг мөнгөн хэлбэрээр тооцон төлөхөөр хариуцагчийн үүргийг тодорхойлсон байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.   

 

Хариуцагч төлбөрийг тодорхой хугацаатайгаар хэсэгчлэн төлөхөөр талууд тохиролцсон хэдий ч Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээнд заавал тусгах нөхцөл байдлын талаар тохиролцсон зүйлгүй байх тул зохигчдын хооронд мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь буруу болжээ. Түүнчлэн нэхэмжлэгч нь эд зүйлийг хариуцагчид зээлсэн буюу Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа тэдгээрийн хооронд үүссэн гэх үйл баримт хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байхад шүүх хэргийг шийдвэрлэхдээ мөн хуулийн заалтыг давхар баримтласан нь буруу юм.

 

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хариуцагч нь 3 072 000 төгрөгийн монетон эдлэлийг нэхэмжлэгчээс хүлээн авснаас 1 500 000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэх монетон эдлэлийг нэхэмжлэгч, түүний нөхөр нарт буцаан хүлээлгэн өгсөн хэдий ч, энэ талаарх баримтгүй гэж тайлбарлаж байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй тайлбарын үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлэгүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй болно.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн харилцааны төрлийг зөв тодорхойлоогүйгээс эрх зүйн үүднээс үндэслэлтэй дүгнэлт хийж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглээгүй байх тул шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах журмаар алдааг залруулах боломжтой гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2017/04015 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэг, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэг, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх” гэснийг “243 дугаар зүйлийн 243.1 дэх” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Б.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                                          ШҮҮГЧИД                                Б.НАРМАНДАХ

 

                                                        С.ЭНХТӨР