Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 558

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн шүүх хуралдаанаар: 

 

Нэхэмжлэгч: Ч.Сгийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Од холбогдох

 

“Эцэг тогтоолгож, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч Ч.С шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тйалбартаа: Миний бие нь Б.Отэй 2008 онд Сүхбаатар аймагт найзуудаараа дамжуулан танилцаж, улмаар дотносон, дотно харилцаанд орж 2012 оны 7 дугаар сарын 01-ний өдөр охин Ц бидний дундаас төрсөн. 2010 онд Б.О Улаанбаатар хот руу шилжин нүүсэн бөгөөд Б.О нь ирэн очин байх зуураа бид хоёр үргэлжлүүлэн уулзалддаг байсан. Б.О нь гэр бүл болохоос татгалзсан ба хамтран амьдрах хүсэлгүй байгаа нь тодорхой байгаа тул миний бие шүүхэд эцэг тогтоолгож, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан гэв.

 

Хариуцагч Б.О шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ч.Сгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцсан боловч Ц нь миний хүүхэд мөн эсэх талаар эргэлзээ байсан учраас эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэсэн. Шүүхийн шинжилгээний хариугаар Ц нь миний хүүхэд мөн гэж гарсан учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.С нь хариуцагч Б.Од холбогдуулан “Эцэг тогтоолгож, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Ч.С нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, хариуцагч Б.О нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, маргахгүй байна.

 

Нэхэмжлэгч Ч.Сгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ч.С, хариуцагч Б.О нар нь хууль ёсны гэрлэлтийн баталгаагүй гэр бүлийн харилцаа тогтоон амьдрах хугацаандаа 2012 оны 7 дугаар сарын 01-ний өдөр охин С.Цийг төрүүлсэн болох нь 0000804075 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар,  Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 10763 дугаартай “шинжээчийн дүгнэлт” /Б.О нь С.Цийн биологийн эцэг байх боломжтой байна. Биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99,99%-ийн магадлалтай/, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна. 

 

Иймд 2012 оны 7 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин С.Цийн төрсөн эцэг нь Б.О мөн болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар охин С.Цийг эх Ч.Сгийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт зааснаар "Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ", мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1дэх хэсэгт зааснаар “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” болно. Иймд 2012 оны 7 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин С.Цийг тэжээн тэтгэх үүрэг хуульд зааснаар хариуцагч Б.Од үүсч байх тул хариуцагчаас хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Ч.С нь 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 967 дугаартай шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.Оэс улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, мөн хүүхдийн тэтгэлэгт нэг жилд төлбөл зохих  994 200 төгрөг /Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн А/13 тоот тушаалын хавсралтад Хүн амын амьжиргааны доод түвшинг бүс нутгаар тогтоосон байх бөгөөд зүүн бүс нутагт 165 700 төгрөг х 12 сар = 1 988 400:2=994 200/-нөөс улсын тэмдэгтийн хураамж тооцож 28 416 төгрөгийг      тус тус гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.    

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар 2012 оны 7 дугаар сарын 01-ний өдөр  төрсөн охин Очир овогт Соёлмаагийн Цийн төрсөн эцэг нь /РД:ЛЮ85090418/ Б.О мөн болохыг тогтоосугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар охин Очир овогт Соёлмаагийн Цийг эх Ч.Сгийн асрамжид үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2012 оны 7 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин С.Цийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Б.Оэс гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Оэс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай. 

           

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч Ч.С, хариуцагч Б.О нар нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учиртай болохыг мэдэгдсүгэй. 

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.С нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Оэс улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, нэг жилд хүүхдийн тэтгэлэгт төлбөл зохих 994 200 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 28 416 төгрөгийг тус тус гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.ЭРДЭНЭЗУУ