Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2017/03207

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2017/03207

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: А.М-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Х банк-д холбогдох,

 

Ажлын хөлс 3,369,291.5 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.М, хариуцагчийн төлөөлөгч М.Ж, Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Х банктай 2013 оны 12 сарын 24-ний өдөр 4/13-228 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, тус банкны зээлдэгч болох Ш.Д болон Н.Н нарт холбогдох зээлийг төлүүлэх ажиллагааг хийж гүйцэтгэсэн.

Миний бие гэрээгээр хүлээсэн үүрэгтээ хариуцлагатай хандан, Х банкны нэхэмжлэлтэй хариуцагч Ш.Д болон Н.Н нарт холбогдох иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсоноор тухай үеийн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхээс 2014 оны 03 сарын 12-ны өдөр 804/2912/с дугаартай шүүхийн шийдвэр гарч, нэхэмжлэлийг бүрэн хангуулж, нэхэмжлэгчийн эрх ашгийг хамгаалсан.

Улмаар шүүхийн шийдвэрийн дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаа хөрөнгүүдийг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны журмаар дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгох хурлыг зохион байгуулж барьцаа үл хөдлөх хөрөнгүүдийг төлбөр авагч Х банкны өмчлөлд шилжүүлэн авсан.

Барьцаа хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх болсон тухай Х банкны холбогдох удирдлагад мэдэгдэж, улмаар төлбөр авагч болон төлбөр төлөгч нарын хооронд хөрөнгө хүлээлцэх ажиллагаанд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгчийн хамтаар байлцан хүлээлцүүлснээр үндэс төлбөр барагдуулах ажиллагаа дуусгавар болсон.

Учир нь хөрөнгийг хүлээн авах үед тухайн барьцаа хөрөнгийн үнэлгээ төдийлөн сайн биш, улмаар зах зээл дээр энэ төрлийн хөрөнгийн эрэлт маш муу байсан нь банкыг эрсдэлд оруулж, улмаар цаашид хэрхэх эсэх нь тодорхойгүй болсноор ажиллагаа зогсонги байдалд орсон.

Банк тухайн хөрөнгийг хямдруулан худалдан борлуулах боломжтой байсан боловч үүсэх үнийн дүнгийн зөрүү төлбөрийг хариуцах эзэнгүй болсон тул асуудал гацаанд орсон.

Энэхүү үүссэн эрсдэлд миний бие ямар нэгэн байдлаар буруугүй бөгөөд зах зээл дэх хөрөнгийн үнэлгээ болон бусад эрсдлийг банк тодорхой хэмжээгээр хүлээх ёстой гэж үзэж байна.

Иймд миний бие Ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу өөрийн хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэн гэрээг дүгнэн ажлын хөлсөө олгохын*******наас удаа дараа хүссэн боловч тодорхой хариуг үл өгсөн.

Улмаар 2017 оны 08 сарын 28-ны өдөр дахин*******инд хүсэлт хүргүүлсэн бөгөөд тус банкнаас 2017 оны 09 сарын 25-ны өдөр ирүүлсэн 3/4933 дугаартай албан бичгээр ирүүлсэн хариундаа хүсэлтийг биелүүлэх боломжгүй талаар дурдсан байсан.

А.М миний бие Х банктай байгуулсан 4/13-228 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-гээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэж байгаа тул ажлын хөлс 3,369,291.5 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Иргэн А.М-тай 2013 оны 12 сарын 24-ний өдөр 4/13-228 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр гэрээт гүйцэтгэгч А.М нь гэрээнд заасан хугацаанд Банкны авлагыг мөнгөн хэлбэрээр төлүүлэх, Банк нь ажлын үр дүнг хүлээн авч, ажлын тайланг үндэслэн гэрээнд заасан хөлс төлөх гол нөхцлүүдийг тохиролцсон.

Уг гэрээний 2.3 болон Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасны дагуу гэрээт гүйцэтгэгчийн гүйцэтгэх ажил буюу үр дүн нь Банкны гуравдагч этгээдээс авах авлагыг гэрээнд заасан хугацаанд бодитойгоор буюу мөнгөн хэлбэрээр төлүүлсэн байх явдал байсан.

Энэ нь гэрээний гол нөхцөл, гүйцэтгэх ажил, түүний үр дүн болохыг талууд ажил гүйцэтгэх гэрээний 1.2, 2.1, 2.3, 2.4, 4.6, 4.8, 8.1-д тодорхой тусгасан болно.

Гэрээний 4.8 болон хавсралтын дагуу нэр бүхий 4 төлбөр төлөгч тус бүрт төлөгдвөл зохих авлагын дүнг тодорхой тусгасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан зээлдэгч Ш.Д-с төлүүлэх төлбөр 67,385,829.81 төгрөг байсан.

Гэвч уг төлбөр ажил гүйцэтгэх гэрээний хугацаанд буюу 2014 оны 12 сарын 24-ний өдрийн дотор мөнгөн хэлбэрээр төлөгдөөгүй. Түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанчлан ямар нэгэн хөрөнгө уг авлагын төлбөрт тооцогдон Банкинд шилжээгүй.

Ажлын гүйцэтгэл, түүний үр дүнд үндэслэн ажлын хөлсийг олгохоор ажил гүйцэтгэх гэрээний 4.4, 4.6-д тусгасан ба Иргэний хуулийн 346 дугаар зүйлд нийцүүлэн гэрээг байгуулсан.

Гэрээт гүйцэтгэгч гэрээгээр тохирсон ажлын үр дүнг бий болгоогүй, Ш.Д-н төлбөр төлөгдөөгүй буюу Банк ажлын үр дүнг хүлээн аваагүй тул Иргэний хуулийн 346 дугаар зүйл болон ажил гүйцэтгэх гэрээний 4.4-т заасны дагуу ажлын хөлс төлөх үндэслэл бий болоогүй, хөлсийг төлөөгүй болно.

Иргэн А.М болон Х банк нар нь харилцан тохиролцож, гэрээний хавсралт дахь ажлуудыг гүйцэтгэхээр дээрх гэрээг байгуулсан. Өөрөөр хэлбэл, гэрээний зүйлийн хувьд талууд харилцан тохиролцож гэрээг гүйцэтгэгч яг ямар үр дүнг ямар хугацаанд бий болгох, Банк түүнд ажлын гүйцэтгэл, тайланг үндэслэн ямар хөлс төлөх талаарх нөхцөл, тохироогоо гэрээнд тусгасан.

Гэрээт гүйцэтгэгчийн мэргэжлийн ур чадвар, ажлын туршлагад үндэслэн гэрээний хавсралтад заасан ажлуудыг гүйцэтгүүлэхээр болсон боловч төлбөр төлөгчөөр мөнгөн хэлбэрээр авлага барагдуулах ажлын үр дүн гэрээгээр тохиролцсон хугацаанд биелэгдээгүй билээ.

Мөн гэрээт гүйцэтгэгч А.М нь Гэрээний 8 дугаар зүйлд заасан ажлын тайланг Банкинд ирүүлээгүй тул гарган өгөх нотлох баримт байхгүй болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.М нь хариуцагч Х банк ХХК-д холбогдуулан ажлын хөлс 3,369,291.5 төгрөг гаргуулах тухай шаарлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр А.М-н нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Талууд 2013 оны 12 сарын 24-ний өдөр 4/13-228 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, А.М нь Х банк ХХК-ийн авлагыг төлүүлэх, Х банк ХХК нь ажлын үр дүнг харгалзан гэрээнд заасан хөлс төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ.

 

Хэдийгээр талууд Ажил гүйцэтгэх гэрээ гэж тодорхойлсон байх боловч талуудын хооронд байгуулсан гэрээний агуулга, зохигч талуудын тайлбар зэргээс үзэхэд А.М болон Х банк ХХК-ийн хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан Хөлсөөр ажиллах гэрээний харилцаанд хамаарч байна.

 

Учир нь талуудын харилцан тохиролцсон ажлын үр дүн нь дан ганц гэрээт гүйцэтгэгч гэх А.М-н үйл ажиллагаанаас үл хамаарах үр дүн байх ба зээлийн гэрээний авлага барагдуулах ажил нь Х банк ХХК-ийн хувьд байнгын шинжтэй үйл ажиллагаа байна.

 

Иймд ажиллагч А.М нь ажиллуулагч Х банк ХХК-иас гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч А.М нь гэрээгээр тохиролцсон ажлыг хийж гүйцэтгэсэн гэж тайлбарладаг бол хариуцагч Х банк ХХК нь авлагыг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй, Ажил гүйцэтгэх гэрээ-ний хугацаа дууссан, гэрээт гүйцэтгэгч нь дэлгэрэнгүй тайлан үйлдэж Банкинд өгөөгүй учир шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.8 дугаар зүйлд А.М нь Х банк ХХК-ийн зээлдэгч Ш.Д-н зээлийн гэрээний дагуу хүлээх 67,385,829.81 төгрөгийн өр төлбөрийг барагдуулах, улмаар уг дүнгийн 5%-ийг ажлын хөлсийг тооцон авахаар тусгажээ.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх 2014 оны 03 сарын 12-ны өдөр Х банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ш.Д, Н.Н нарт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэж 804/2912/с дугаар шийдвэр гаргасан байх ба уг шийдвэрээр Ш.Д, Н.Н нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 67,385,829.81 төгрөгийг гаргуулан Х банк ХХК-д олгож, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд ... тоот хаягт байрлах 198 м.кв талбай бүхий хувийн сууц, 446 м.кв талбай бүхий газар, ... тоот хаягт байрлах 45 м.кв талбай бүхий хувийн сууц, 700 м.кв талбай бүхий газар зэрэг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

 

Улмаар 2014 оны 05 сарын 14-ний өдөр 757 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, дээр дурдсан барьцаа хөрөнгүүд Х банк ХХК-ийн өмчлөлд шилжиж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон болох нь шүүгчийн захирамжийн дагуу ирүүлсэн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 11 сарын 28-ны өдрийн 1831 тоот лавлагаа, түүнд хавсаргасан баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд А.М-н ажлын үр дүнд Ш.Д-н Х банк ХХК-ийн өмнө хүлээх 67,385,829.81 төгрөгийн үүрэг дуусгавар болсон гэж үзнэ.

 

Х банк ХХК-ийн зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба /хуучнаар/-нд явуулсан албан бичгүүд /2014.05.20 №16/429, 2015.04.15-ны №4ё/1965/, Ш.Д-н зээлийн дансны хуулга зэрэг баримтаас үзэхэд Х банк ХХК нь А.М-н гүйцэтгэсэн ажлыг хүлээн зөвшөөрч, Ш.Д-н зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргийг дуусгавар болгон хаажээ гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Авлага мөнгөн хэлбэрээр төлөгдөөгүй, гэрээний хугацаа дуусгавар болсны дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон зэрэг нөхцөл байдал нь А.М-с үл шалтгаалсан байх бөгөөд энэ нь Х банк ХХК-ийн зүгээс ажлын хөлсийг өгөхгүй байх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Иймд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасны дагуу 67,385,829.81 х 5% = 3,369,291.5 төгрөгийг хариуцагч Х банк ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч А.М-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.   Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч Х банк ХХК-иас ажлын хөлс 3,369,291.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.М-д олгосугай.

 

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 68,860 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 68,860 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.М-д буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч Х банк ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР