Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2017/ШЦТ/355

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 166/2017/0346/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагч А.Оргилбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Пүрэвдорж,

Шүүгдэгч С.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт С-ын От холбогдох эрүүгийн ........ дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, М овогт С-ын О /РД:........../, 1981 оны 03 дугаар сарын 18-нд ....... аймгийн ......... суманд төрсөн, ..... настай, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын технологийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, .......... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.О нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 30-аас 2017 оны 10 дугаар сарын 31-нд шилжих шөнө .............. тоотод өөрийн эхнэр Ц.Н-рийг “чи хүнээр гуяа базуулж хөхрөөсөн байна, хэнтэй хаана хоносон бэ” хэмээн хэрүүл маргаан үүсгэж, хэл амаар доромжлон улмаар гар утсаар нь нүүрийг нь цохиж, хоолойг нь боож, үсдэж унагаан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.О нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 30-аас 2017 оны 10 дугаар сарын 31-нд шилжих шөнө ............. тоотод өөрийн эхнэр Ц.Н-ийг “чи хүнээр гуяа базуулж хөхрөөсөн байна, хэнтэй хаана хоносон бэ” хэмээн хэрүүл маргаан үүсгэж, хэл амаар доромжлон улмаар гар утсаар нь нүүрийг нь цохиж, хоолойг нь боож, үсдэж унаган биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, духны цус хуралт, хүзүү, хоолойны баруун өмнө хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол учруулсан болох нь:  

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч С.О-ын өгсөн:  Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би гэртээ орж ирэхэд 5 хурууны хөхөрсөн байсан. Юу болсон талаар асуухад худлаа ярьсан болохоор сэгсэрсэн. ...Толгой нь гэмтсэн, зүүн эгэм нь хугарсан. Би өөрийнхөө үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Манай хадам аав, ээж хоёр манай эхнэрийг Увс руу аваад явсан. Цаашид гэр бүлийн хүнтэйгээ хамт амьдарч, уучлалт гуймаар байгаа гэх мэдүүлэг.

 

Мөрдөн байцаалтад

Хохирогч Ц.Н-ийн өгсөн: ... 2017 оны 10 дугаар сарын 30-аас 2017 оны 10 дугаар асрын 31-нд шилжих шөнө О согтуу гэртээ орж ирээд миний хөнжлийг татаж хараад гуян дээр байсан бага зэргийн хөхрөлтийг хараад хүнээр гуяа базуулсан байна хэнтэй хоносон гээд хардаад эхэлсэн. Тэгээд намайг 00 ороход араас О миний хүзүүг 2 гараараа боогоод амьсгал давчдуулахаар нь би амь тэмцээд өөрийгөө хамгаалах гэхдээ л О-ыг маажсан. Тэгсэн О миний хүзүүг тавиад үснээс үсдэж босгоод 00-оос гаргасан. Намайг унтлагынхаа өрөөнд ортол миний гар утсыг үзэж шалгаж байгаад гар утсаар маань миний толгой нүүр лүү цохиод тэгээд намайг түлхэхэд би унахдаа зүүн нүдээрээ ор мөргөсөн. От зодуулснаас болж миний толгой тогтмол өвдөөд байгаа. Зүүн нүдний зовхи хөхөрсөн, бас дух хөхөрсөн. Зүгээр байж байгаад хардуулж зодуулж эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирсондоо маш их гомдолтой байна. Одоо бол Отай дахин хамт амьдрахгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-25/,

 

Насанд хүрээгүй гэрч О.Б-ын өгсөн: ...2017 оны 10 дугаар сарын 30-ны орой ээж болон дүү бид 3 гэртээ байж байхад аавыг найз Ундрах нь 22 цаг өнгөрч байхад гэрт оруулж ирсэн. Ээж даймонд кафед зөөгч хийдэг байхдаа ширээний өнцөгт цохиод гуяа хөхрүүлсэн гэж урьд нь аавд хэлж байсан. Тэр орой аав ээжийн хөнжлийг сөхсөн. Тэгээд ээжийн гуян дээр хөхөрснийг хүний 5 хурууны мөр байна гээд ээж рүү дайраад байсан. Ингээд аав ээжийг 00-ын өрөөнд зодоод байгаа бололтой чимээ гараад ээж болиоч гээд орилоод байсан. Ингээд 00-оос гарч ирэхэд ээжийн үс сэгсийсэн, зодуулсан, хоолойг нь боосон юм шиг хоолойд нь улаан ором гарсан байсан. Тэгсэн аав ээжийн гар утсыг үзэж байснаа утсаар нь нүүр лүү нь 2-3 удаа цохиод нүдийг нь улайлгасан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-36/,

 

Гэрч Б.Ч-ын өгсөн: ...Нөхөр нь гэх О дундаж хэмжээний согтолттой байсан. Оаас яагаад эхнэртээ агсан тавиад байна гэхэд О надад хөдөө ажиллаж байгаад гэртээ иртэл эхнэрийн гуян дээр хүний гараар базсан юм шиг 5 хурууны мөр гарч хөхөрсөн байхаар нь би эхнэрээсээ болсон зүйлийг асуухад эхнэр юм хэлэхгүй байхаар нь уур хүрээд эхнэрээ ганц хоёр алгадчихсан юм гэсэн ...Ц.Н үс нь нилээд сэгсийсэн байдалтай доошоо хараад нүүрээ дараад уйлаад орон дээрээ суугаад байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-61/,

 

Гэрч Б.О-ийн өгсөн: ...Тухайн айлд О гэх махлаг биетэй өндөр залуу дундаж согтолттой, эхнэр Н нь жижиг өрөөний орон дээрээ унтлагын хувцастай хөнжлөө нөмөрсөн уйлсан шинжтэй нүүрээ гараараа дарж доош харж суусан, үс нь сэгсийсэн байдалтай байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-58/,

 

Гэрч Ц.Ц-ын өгсөн: ...Би төрсөн дүү О-эй хамт гэрт нь яваад ортол Н унтлагынхаа хувцастай, өрөөсөн нүд нь хавдсан, хоолойд нь багалзуурдсан улаан ором гарсан, үс нь сэгсийсэн байсан. О нилээн ууртай байхаар нь Н-гаас юу болсон талаар асуухад О шууд О бид 2-т дүүгийн чинь гуян дээр хөхөрсөн байна, хэнтэй хаана юу хийснийг нь мэдэхгүй гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45/,

 

Гэрч С.Одцэцэгийн өгсөн: ...Ингээд гэрийнх нь гадаа Ц, О нартай таараад хамт Оын гэрт ороход Н жижиг өрөөндөө орондоо хэвтэж байсан. О гал зуухны өрөөндөө том хүүтэйгээ байсан. Тэгээд би Оаас юу болоод байгаа юм бэ гэхэд О эгчээ намайг 1 хоног гэрээс хол явчихаад ирэхэд Н миний итгэлийг алдаж байна. Би Н-д гомдож байна гэсэн. Юу болсон юм бэ гэхэд О та хардаа гэснээ Н дээр намайг дагуулж очоод хөнжлийг нь сөхөж Нгийн зүүн гуяыг харуулсан. Тухайн үед Нгийн зүүн гуяны гадна талд нэг жижиг, дотор тал 3 жижиг хөхөрсөн байсан. ...О надад Н 3 дахиа болж байгаа эхний 2 удаад би уучилсан, би эр хүн шүү дээ гээд байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-49/,

 

Гэрч Ц.О-ийн өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 30-ны 00 цаг болж байхад Н-ийн хүү Б залгаад та манайд хурдан хүрээд ирээч аав ээжийг зодоод ээж болохоо болилоо гэсэн. ...том эгч Ц бид 2 Н-гийн гэр лүү шөнийн 02 цагийн үед ороход О бага зэргийн согтуу, Нгийн үс нь сэгсийсэн, зүүн нүд нь нилээн том хавдсан, хүзүү хоолой нь улайсан, Нгийн үснээс зулгаасан байдалтай байсан. Гайхаад Нгаас юунаас болоод ингэж байгаа юм бэ гэхэд О надад Нгийн хөл хөхөрсөн байна хүнээр базуулсан юм биш үү гэсэн... гэх мэдүүлэг /хх-38-39/,

 

Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 27-28/,

Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 30-33/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн ...... дугаартай “Ц.Н-ийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, духны цус хуралт, хүзүү, хоолойны баруун өмнө хэсгийн зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 63/, шинжээчийн мэдүүлэг /хх-67-68/,

Монгол овогт С-ын О, Ш-н овогт  Ц-ын Н нарын 2006 оны 3 дугаар 20-нд гэр бүл болсныг 2006 оны 11 дүгээр сарын 17-нд иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн ...... дугаарт бүртгэж гэрчилгээ олгов гэх гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 91/ зэрэг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон эд мөрийн баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч С.О, Ц.Н нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн байна.

 

Иймд шүүгдэгч С.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчихийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Н-ийн биед хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь С.О-аас нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

Иймд улсын яллагчийг санал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-т 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Хавтаст хэргийн 95 дугаар талд шүүгдэгч С.О-ын ХААН банкны ............ тоот дансан дахь 559803 төгрөгийг битүүмжилж, зарлагыг зогсоосныг үүгээр мэдэгдье гэх албан бичиг авагджээ.

Гэвч хөрөнгө битүүмжлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг ажиллагаанууд нь мөрдөгчийн саналыг үндэслэн прокурорын зөвшөөрлөөр хийгддэг ажиллагаа байхад ХААН банкинд албан бичиг явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч С.Оын ХААН банкны ........... тоот дансан дахь 559803 төгрөгийг битүүмжилж, зарлагыг зогсоосныг хүчингүй болгох нь зүйтэй байна.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.О-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Оыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан болон  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. шүүгдэгч С.Оын ХААН банкны ............ тоот дансан дахь 559803 төгрөгийг битүүмжилж, зарлагыг зогсоосныг хүчингүй болгосугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ИХТАМИР