Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2020/00756

 

“Э Ц” ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2019/01168 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 1188 дугаар магадлалтай,

“Э Ц” ХХК-ний нэхэмжлэлтэй

Г.Э, Ж.Мнарт холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 380 731 700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчдын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Батхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мягмаржав, хариуцагчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э Ц” ХХК нь Г.Эийн захиалгаар Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд баригдсан WM үйлчилгээ, орон сууцны зориулалттай барилгын цонх, хаалга, шилэн фасадын ажлыг хийж гүйцэтгэхээр Ж.Мягмаржавтай 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ажил гүйцэтгэх 01 тоот гэрээ байгуулсан. Уг гэрээгээр 325 000 000 төгрөгийн ажил гүйцэтгэхээр тохирч, манайх хүлээсэн үүргээ гүйцэтгэж, 2015 оны 08 дугаар сард ажлаа дуусгасан боловч гэрээний үнийн дүнгээс 300 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 25 689 000 төгрөгийг төлөөгүй байна. Мөн дээрх WM барилгын цахилгаан, галын дохиолол, интернет, домофон, дотор гадар хяналтын камер суурилуулах ажлыг “Э Ц” ХХК-ийн хөрөнгөөр хийж гүйцэтгэхээр 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 02 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулан 2016 оны 01 дүгээр сард ажлаа дуусгасан ба гэрээний ажлын хөлсийг 130 000 000 төгрөгөөр тохиролцож ажлын хөлсөнд WM үйлчилгээ, орон сууцны зориулалттай барилгын 2 дугаар давхарт 60 м.кв., оффисын зориулалттай талбайг өмчлөл, эзэмшилдээ шилжүүлэхээр тохирсон. Гэвч Г.Э, Г.Ж.Мнар нь танайх цахилгааны ажлыг чанаргүй гүйцэтгэсний улмаас улсын комисс хүлээж авахгүй гэсэн шалтаг хэлж 02 тоот гэрээний үүргийг огт биелүүлээгүй байсан бөгөөд шалтгаан нь уг талбайг бусдад худалдсан. WM үйлчилгээ, орон сууцны зориулалттай барилгыг улсын комисс 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авсан бөгөөд одоо хэвийн үйл ажиллагаа явуулж байна. Нэхэмжлэгч нь 01, 02 дугаартай гэрээнүүдэд заасан ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн нь цонх, хаалга суулгасан акт, барилгын цахилгаан, галын дохиолол, интернет, домофон, дотор гадар хяналтын камер зэргийг улсын комисс хүлээн авснаар нотлогдоно. 01 тоот гэрээний дутуу төлбөр 25 698 000 төгрөг, алданги 12 849 000 төгрөг, 02 тоот гэрээний 130 000 000 төгрөг, алданги 65 000 000 төгрөг нийт 233 547 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. 01 тоот гэрээгээр 325 689 000 төгрөг, 02 тоот гэрээгээр 130 000 000 төгрөг, нийт 455 689 000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн ба гэрээний үнэд НӨАТ оруулаагүй тул хуульд зааснаар НӨАТ-ын 10 хувь болох 45 568 900 төгрөгийг хариуцагч Г.Эээс гаргуулж өгнө үү. “Э Ц” ХХК нь WM үйлчилгээтэй орон сууцны цахилгааны ажлыг хийхдээ Н.Өлзийбаяраас 45 000 ам долларыг, сарын 1,4 хувийн хүү төлөх нөхцөлтэйгөөр зээлж авсан ба уг гэрээний төлбөрийг 2015 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн 02 тоот ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлэх 60 м.кв талбайг Н.Өлзийбаярт өгөхөөр тохирсон байсан. Гэтэл хариуцагч нь хийлгэсэн ажлынхаа хөлсийг төлөөгүй тул зээлийн төлбөрт төлсөн хүү, долларын ханшийн зөрүүгээс учирсан хохиролд 101 615 800 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Гэрээний хавсралтад ямар ажил хийхийг үнийн дүнтэй нь жагсаасан, 2 давхарт байрлах 6 оффисын гэрлийг хийж өгнө гэж тохирсон. Энэ тохиролцооны дагуу 52 гэрлийн мөнгө болох 936 000 төгрөг шилжүүлсэн. Бусад оффисын гэрэл бидэнд хамаагүй, 1 давхар, подвол, орцын гэрлийг хийж өгсөн. Арматурын төмөр хэзээ хаанаас авсан мэдэхгүй, стандарт бариул хийж байхад өөрсдийн үзэмжээр 100 000 төгрөг нэмж урт бариул хийлгэсэн, 2 гэрээний ажлыг хүлээлгээд өгсөн, гэрээнд зарлан мэдээлэх хоолой хийнэ гэж тохироогүй.Өөрөө өөртөө учруулсан хохирлоо нэхэж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. “Э Ц” ХХК нь гүйцэтгэсэн ажлаа актаар хүлээлгэж өгөөгүй, актаар хүлээлгэж өгөхийг шаардсан. 01, 02 тоот гэрээний ажлыг дутуу хаяад явсан. Бид өөрсдөө мөнгө гаргаж хийж дуусгаад улсын комисст хүлээлгэн өгсөн. 01 тоот гэрээнээс 49 272 700 төгрөг, 02 тоот гэрээнээс 49 022 300 төгрөгийн ажлыг гүйцэтгээгүй гэдгийг шинжээч тогтоосон. Г.Э нь “Э Ц” ХХК-тай байгуулсан 01, 02 тоот гэрээнээс үүдэлтэй хохирлыг учруулаагүй байхад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь үндэслэлгүй юм. Г.Э нь “Э Ц” ХХК-ийг зээл аваад барилгын ажлыг хийгээд өг, бид зээлийг нь нэхэмжлэгчийн өмнөөс төлнө гэж тохиролцсон зүйл байхгүй. Талууд НӨАТ орохгүй үнийн дүнгээр гэрээ байгуулсан тул 45 000 000 төгрөг, 101 000 000 төгрөгийн шаардлагууд үндэслэлгүй байна. 02 тоот гэрээ байгуулахад би 100 хувь өөрийн зардлаар ажлыг хийнэ, оронд нь талбай авъя гэж өөрөө санаачилсан, 100 хувь өөрийн хөрөнгөөр хийнэ гэсэн тул зээл авах, өөрийн хөрөнгөөр хийх нь захиалагчид хамаагүй. Тус барилгыг 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ашиглалтад оруулах комиссын гишүүд саналын хуудас хүргүүлсэн ба “Э Ц” ХХК нь гэрээний дагуу хийж гүйцэтгэх ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүйгээс болж Г.Э, Ж.Мнар хохирсон. “Э Ц” ХХК нь 01 тоот гэрээний дагуу WM үйлчилгээ, орон сууцны барилгын гадна шилэн фасад, вакум цонх, хаалганы ажлыг 325 698 000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохирсон ба 300 000 000 төгрөгөө авсан. “Э Ц” ХХК нь 01 тоот гэрээний 1.1-д заагдсан батлагдсан зураг төслийг зөрчиж гадна шилэн фасад, вакум цонхыг хийсэн, зураг төслийн дагуу гадна шилэн фасад, вакум цонх нь 4 мм-ийн зузаан шилтэй З давхар шиллэгээтэй металл вакум цонх, шилэн фасад хийж гүйцэтгэх ёстойгоос 2 давхар шиллэгээтэй металл вакум цонх, шилэн фасадны хэмжээг дутуу хийснээс болж 195 000 000 төгрөгийн зардал гаргаж дахин гадна шилэн фасад, вакум цонхыг хийж гүйцэтгэхээр байна. Энэхүү 195.000.000 төгрөгийн зардал мөн барилгын гадна хаалганы 3 ширхэг бариулыг БНСУ-аас 690 000 воноор худалдан авсан, Монгол банкны 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр БНСУ-ын вонын валютын ханш 2.25 төгрөг ба 1 552 500 төгрөг, Болортунгалаг шил ХХК-аар хийж гүйцэтгүүлсэн ажлын хөлс 21 565 000 төгрөг, хуванцар вакум цонхыг 2 398 000 төгрөгөөр Рояал Цонх ХХК-аар хийлгэсэн төлбөр 220 515 500 төгрөг, 02 тоот гэрээний дагуу хийгдэх учиртай ажлуудаас дутуу хийгдсэн ажлуудыг өөрсдийн хөрөнгөөр Файн Тайм ХХК-аар хийж гүйцэтгүүлсэн ажлын хөлс 16.136.500 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр интернет, кабелын телевизийн шугамын ажлын хөлс 3 230 000 төгрөг, домофон системийн ажлыг Универсал секьюрити ХХК-аар ажлыг зардал 1 873 060 төгрөг, цахилгаан гэрлүүдийн үнэ 4 490 200 төгрөг, мөн дутсан цахилгаан гэрлийг Эрээн хотоос авсан ба 172 557 төгрөг, 30 676 төгрөг, 1 210 583 төгрөг, цахилгааны кабель, автомат, зэс толгой, холболтын хайрцгийн үнэ 1 372 786 төгрөг, зарлан мэдээлэх системийн чанга яригч 50 ширхгийн үнэ 1 125 000 төгрөг, холбооны тоног хэрэгслийн үнэ 760 500 төгрөг, орц гарцын эксит гэрлийн үнэ 270 000 төгрөг, гарцын гэрэл суурилуулах зардал 1 290 401 төгрөг, зураг төсвийн үнэ 163 900 төгрөг, 11 ширхэг галын аюулгүйн ажиллагааны гар дохиолол бусдаар гүйцэтгүүлж суурилуулах зардал 1 340 401.04 төгрөг, дотор домофоны үнэ 440 000 төгрөг, орцын жижүүрийн үүдэнд байх нэгдсэн видео дуран 580 000 төгрөг, 97 залгуурыг зураг төслийн дагуу дахин суурилуулах зардалд 14.550.000 төгрөг, 58 ширхэг унтраалгыг зураг төслийн дагуу дахин суурилуулах зардалд 8 700 000 төгрөг, 124 интернетийн залгуурыг зураг төслийн дагуу дахин суурилуулах зардал 12 400 000 төгрөг, 20 ширхэг залгуурыг зураг төслийн дагуу дахин суурилуулах зардалд 1 000 000 төгрөг, 2 ширхэг камерыг зураг төслийн дагуу дахин суурилуулах зардалд 3.000.000 төгрөг, 18 ширхэг мэдрэгчтэй гэрлийг зураг төслийн дагуу дахин суурилуулах зардалд 2 160 000 төгрөг, 27 ширхэг гэрлийг зураг төслийн дагуу дахин суурилуулах зардалд 2 700 000 төгрөг, өдрийн гэрэл 10 ширхгийг зураг төслийн дагуу дахин суурилуулах зардалд 1 000 000 төгрөг, ханын гэрэл 27 ширхгийг зураг төслийн дагуу дахин суурилуулах зардалд 1 350 000 төгрөг, 8 ширхэг дулаан мэдрэгчийг зураг төслийн дагуу дахин суурилуулах 1 200 000 төгрөг, кабелын телевизийн 33 ширхэг залгуурыг зураг төслийн дагуу дахин суурилуулах зардалд 1 117 965 төгрөг, 3 ширхэг интернет салаалагч зураг төслийн дагуу дахин суурилуулах зардалд 150 000 төгрөг, “Э Ц” ХХК-ийн ажилтан н.Мөнхбаатар, н.Отгонбаатар нар 2 000 000 төгрөгийн арматурын каттинг төмрийг байгууллагын хашаанаас дур мэдэн авч явсан тул 2 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж үзэж байна. Иймд ажил гүйцэтгэх 01, 02 тоот гэрээний дагуу “Э Ц” ХХК нь хийж гүйцэтгэх ёстой ажлаа зураг төсөл зөрчиж хийсэн болон дутуу гүйцэтгэснийг бусад этгээдээр гүйцэтгүүлсэн, гүйцэтгэх төлбөрт 304 632 029 төгрөг 01 тоот гэрээний алданги 97 340 903 төгрөг, 02 тоот гэрээний алданги 37 293 817 төгрөг, нийт 439 266 750 төгрөгийг нэхэмжилсэн, алданги 82 568 475 төгрөгөөс татгалзаж, 356 698 274 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2019/01168 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 343 дүгээр зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасныг баримтлан Г.Эээс 121 466 550 төгрөгийг гаргуулан “Э Ц” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсэг 259 265 150 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан “Э Ц” ХХК-аас 23 574 700 төгрөгийг гаргуулан Г.Эт олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсэг 333 123 574 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Нэхэмжлэгч “Э Ц” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Мягмаржаваас, хариуцагч тал шүүх хуралдаан дээр сөрөг шаардлагын 82 568 475 төгрөгөөс тус тус татгалзсан болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 377 530 төгрөгийг, хариуцагчийн төлсөн 2 361 283 төгрөгөөс 2 354 283 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 7 000 төгрөгийг Г.Эт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан “Э Ц” ХХК-аас 1 400 000 төгрөгийг, Г.Эээс 1 400 000 төгрөгийг тус тус гаргуулж Итгэлт Эстимэйт ХХК-д 1 000 000 төгрөгийг, Эрдэм Түм ХХК-д 1 800 000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 1188 дугаар магадлалаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2019/01168 тоот шийдвэрийн 1, 2 дахь заалтыг нэгтгэж 1 гэж дугаарлаж Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 492 дугаар зүйлийн 492.1.1, 227 дугаар зүйлийн 227.3, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсгийг баримтлан Г.Эээс 116 518 000 төгрөг гаргуулж “Э Ц” ХХК-д олгож, “Э Ц” ХХК-иас 23 524 700 төгрөг гаргуулж Г.Эт тус тус олгож, нэхэмжлэлээс 264 213 700 төгрөгт холбогдох болон хариуцагч Ж.Мягмаржавт холбогдох хэргийг, сөрөг нэхэмжлэлээс 333 173 574 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, 3 дахь заалтыг хүчингүй болгож, 4 дэх заалтыг 2 гэж дугаарлаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Э Ц” ХХК улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 377 530 төгрөг, хариуцагч Г.Э сөрөг нэхэмжлэлд төлсөн 2 361 283 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Г.Эээс 740 540 төгрөгийг “Э Ц” ХХК-д олгож, “Э Ц” ХХК-аас 1 335 573 төгрөгийг Г.Эт олгож, улсын төсвийн орлогоос 7 000 төгрөгийг Г.Эт олгосугай гэж өөрчлөн найруулж, 5 дахь заалтыг 3, 6 дахь заалтыг 4, 7 дахь заалтыг 5 гэж дугаарлаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 061 610 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 008 800 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мхяналтын гомдолдоо: Шийдвэрийн болон магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч дор дурдсан үндэслэлээр хяналтын шатны гомдол гаргаж байна. Нэг. Нэхэмжлэгч нь гадна фасадны ажлыг батлагдсан барилгын зургийн дагуу 3 давхар шиллэгээтэйгээр хийгээгүйгээс захиалагчид учирсан хохирлын талаар шүүхээс үндэслэлгүй дүгнэлт хийсэн тухайд: Анхан шатны шүүх нь: “Билгүүн шонхор ХХК-ийн хийсэн барилгын зураг төслийн цонхны загвар, хэмжээний зурагт цонх нь Монгол Улсад мөрдөж буй норм, МУ8-5830:2007 стандарт дулаан техникийн шаардлага хангасан 3 давхар шиллэгээтэй байх шаардлагатай, шинжээч Итгэлт-Эстимэйт ХХК-ийн дүгнэлтэд цонх нь 2 давхар шилтэй гэж тус тус заасан...” гэж, давж заалдах шатны шүүх нь “Барилгын зурагт шилэн фасадыг 3 давхар шилтэй байхаар заасан ба ажил гүйцэтгэгч “Э Ц” ХХК нь 2 давхар шилтэйгээр хийсэн нь дээрх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна” гэж тус тус үнэн зөв дүгнэлт өгсөн атлаа “Захиалагч Г.Э нь доголдлыг арилгахад 206.814.674 төгрөгийн зардал гарна гэж тодорхойлж сөрөг нэхэмжлэл гаргасан ба анхан шатны шүүх доголдлыг бодитоор арилгаагүй байхад зардал шаардах эрхгүй гэсэн дүгнэлт хийснийг буруутгах боломжгүй гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Гэтэл захиалагч Г.Э нь сөрөг шаардлагаа “ажил гүйцэтгэгч “Э Ц” ХХК нь зургийн дагуу хийгээгүйн улмаас дахин шаардлага хангасан байдлаар зохих ёсоор хийлгэх шаардлагатай” гэж шаардаж, мэргэжлийн шинжээч “Эрдэм түм” ХХК-ийг шүүхээс шинжээчээр томилж дүгнэлт нь 206.814.674 төгрөг гэж гаргасан, түүнд үндэслэн бодитой тодорхойлогдсон хохирлыг шаардсан байхад шүүх “Ийнхүү 3 давхар шиллэгээтэй болгосон. Түүний улмаас ийм зардал гарсан” гэж шаардсан мэтээр нэхэмжлэлийн үндэслэлийн агуулгыт өөрөөр тайлбарлан, түүндээ тохирсон дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Шинжээч нарын дүгнэлтийг шүүх агуулгын хувьд бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрсөн атлаа ийм байдлаар тайлбарласан нь энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлгүй болохыг тодорхой харуулж байгаа болно. Нэгэнт нэхэмжлэгч нь ажлыг зохих ёсоор хийгээгүй болох нь бүрэн дүүрэн тогтоогдож, түүний улмаас 206.814.674 төгрөгийн хохирол гарч байгаа нь шинжээчийн дүгнэлтээр тодорхойлогдон гарсан байхад ийнхүү тайлбарласан нь үндэслэлгүй юм. Иймд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бодитой хохирол 206.814.674 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Хоёр. Гэрээнд ажил гүйцэтгэгч нь ажлыг өөрийн хөрөнгө зардлаар хийж гүйцэтгэнэ гэж тохирсон атлаа захиалагчаар 11.794.802 төгрөгийн материал авахүулсан, үүнийг нэхэмжлэгч зөвшөөрч байхад шүүхээс үндэслэлгүй дүгнэлт хийсэн тухайд: Анхан шатны шүүх нь: ““Э Ц” ХХК гэрээний дагуу үүргээ гүйцэтгэж байх явцдаа 11.794.802 төгрөгийн эд зүйлсийг Г.Эээр авахуулж уг барилгад хийсэн гэх үйл баримтад хариуцагч тал маргахгүй байх боловч энэхүү 11.794.802 төгрөгийг ямар үндэслэлээр “Э Ц” ХХК-иас шаардаж байгаа нь тодорхой бус байна” гэсэн дүгнэлт хийж сөрөг шаардлагын энэ хэсгийг хангахгүй шийдвэрлэсэн. Шүүх энэ “үйл баримтад хариуцагч тал маргахгүй байна” гэсэн дүгнэлт хийсэн атлаа шаардлагыг “тодорхой бус байна гэх буюу шүүх өөрөө ойлгоогүйгээс хангахгүй орхиж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Шүүх нь “Э Ц” ХХК нь энэ шаардлагыг үгүйсгэхгүй байгааг бүрэн дүүрэн дүгнэсэн атлаа “тодорхой бус байна” гэсэн тайлбараар шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэх эрхийг минь шүүх өөрөө хохирооход хүргэсэн. Давж заалдах шатны шүүх нь энэ талаар “...дээр дурдсан шинжээчийн дүгнэлтэд “Э Ц” ХХК-ийг өөрийн хөрөнгөөр ажлыг гүйцэтгэсэн гэж дүгнэснээс гадна хариуцагч нь 11 794 802 төгрөгийн эд хөрөнгийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгснөө баримтаар нотлоогүй байна гэсэн дүгнэлт хийсэн. Гэтэл шинжээч нь “Э Ц” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээг тодорхойлсон болохоос тэрхүү хийсэн гэх ажлын материалын зардлыг хэн нь яаж гаргасан, захиалагчаас 11.794.802 төгрөгийн материал өгсөн, өгөөгүй талаар огт дүгнээгүй. Тийм дүгнэлт биш юм. Давж заалдах шатны шүүх нь нотлох баримт, хэргийн үйл баримтын талаар харьцуулан нягтлах замаар эргэлзээгүй дүгнэлт хийлгүйгээр хөнгөн хуумгай байдлаар шинжээч дүгнэлтээрээ захиалагчаас 11.794.802 төгрөгийн материал өгөөгүй буюу ажил гүйцэтгэгч нь бүх материалын зардлыг өөрөө гаргасан мэтээр д гуйвуулсан дүгнэлт хийсэн. Түүнчлэн хариуцагчийн зүгээс шүүхэд “СD”-д буулгасан нэхэмжлэгч, хариуцагч нарын хурлын ярианы бичлэгийг нотлох баримтаар өгсөн бөгөөд шүүхээс үзлэг хийж талуудын хооронд болсон яриаг бэхжүүлсэн. Энэ хурал дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид захиалагчаас гаргасан материалын зардлыг ажлын хөлснөөс хасаж тооцно гэдгээ бүрэн дүүрэн хэлж, нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрсөн. Ийм байхад Давж заалдах шатны шүүхээс үндэслэлгүй дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Шүүх өөрөө ““Э Ц” ХХК нь WM үйлчилгээ, орон сууцны зориулалттай барилгын цахилгаан, галын дохиолол, интернет, домофон, дотор гадна хяналтын камер суурилуулах ажлыг өөрийн хөрөнгөөр батлагдсан зураг төслийн дагуу хийж гүйцэтгэх үүргийг гэрээгээр хүлээсэн байна” гэж талуудын хооронд байгуулсан гэрээний заалтыг үндэслэн маш тодорхой дүгнэлт өгсөн байж “ямар үндэслэлээр шаардаж байгаа нь тодорхой бус байна гэх мэдэн будилсан хүлээн зөвшөөрөх боломжгүй тайлбар хийсэн. Нэгэнт гэрээгээр ажлыг өөрийн хөрөнгө зардлаар хийнэ гэж тохирсон атлаа ажил гүйцэтгэх явцад элдэв шалтаг хэлж захиалагчаас 11.794.802 төгрөгийн материал авхуулчихаа, түүнийгээ би өөрийн хөрөнгө, зардлаар хийсэн юм гэж тайлбарлах замаар хариуцагчийг 11.794.802 төгрөгөөр давхар давхар хохироож, тийм хэмжээгээр нэхэмжлэгч нь үнлэслэлтүйгээр хөрөнгөжих гэж байгааг шүүх анхаарч, үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх нь иргэдийн хооронд үүссэн гэрээний үүрэгтэй холбоотой аливаа маргааныг шийдвэрлэх мэргэшсэн, чадварлаг байх ёстой байтал ийм тайлбар хийж шийдвэрлэж байгаад үнэхээр гомдолтой байна. Иймд захиалагчаас гарсан материалын зардал 11.794.802 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөнийг нэхэмжлэгчээс гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Гурав. Барилгын талбайгаас нэхэмжлэгчийн дур мэдэн авч явсан арматурын каттинг төмрийн үнэ болох 1.020.000 төгрөгийн шаардлагын талаарх тодорхой үйл баримтын талаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн тухайд: ...Гэтэл нэхэмжлэлийн үндэслэл болон шүүх хурал дээр энэ талаар тайлбарлан мэтгэлцэхдээ “Э Ц” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонбаяр нь барилгын талбай дээрээс аваад явсан, Г.Э, Ж.Мбид нар яагаад дур мэдэн аваад явав гэхэд, үнийг нь төлнө гэж хэлсэн талаар хангалттай тайлбарлаж нэхэмжлэгч нь энэ шаардлагыг үгүйсгээгүй байхад шүүх “хэн хэзээ авсан болох нь тодорхойгүй” гэх тайлбар хийж шийдвэрлэхээс зайлсхийснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хэн авч явсныг тодорхой нэр зааж хэлсэн, нэхэмжлэгч нь түүнийг үгүйсгээгүй байхад “Хэн авч явсан нь тодорхойгүй” гэх шүүхийн дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Түүнчлэн хавтаст хэрэгт уг арматурын каттинг төмрийг Үүр тээл ХХК-иас тухайн үед худалдан авсан байсан баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн байхад “тухайн төмрийн үнэ бодитой эсэх нь тодорхойгүй” гэсэн дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Давж заалдах шатны шүүх нь “...сөрөг нэхэмжлэлээ хариуцагч тал нотлоогүй...” гэх дүгнэлт хийсэн. Хавтаст хэрэгт тодорхой нотлох баримтууд авагдсан, нэхэмжлэгч сөрөг шаардлагыг үгүйсгээгүй байхад ямар нотолгоог шаардаад байгааг ойлгох, хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд хариуцагчийн хашаанаас арматурын каттинг төмрийг дур мэдэн авч явсан 1.020.000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Дөрөв: Алданги нэхэмжилсэн шаардлагын талаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн тухайд: ...Учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мминий бие шүүх хурал дээр талуудын хооронд байгуулсан гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангах аргаа тодорхойлон тохиролцсон байсны дагуу алданги нэхэмжилсэн. Хэдийгээр шинжээчийн дүгнэлтүүдээр нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, мөн тохиролцсон хэмжээнээс дутуу хийж гүйцэтгэсэн нь тогтоогдсон хэдийч өмнөх шаардсан алдангийн дүнгээсээ 82.568.475 төгрөгийн дүнгээр татгалзаж байгаагаа хэлж, харин алдангид 50 066 245 төгрөгийг шаардсан. Үүнийхээ үндэслэлийг шинжээч нарын дүгнэлтээр ажил гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч “Э Ц” ХХК нь гэрээгээр тохирсон ажлаа дутуу хийж гүйцэтгэсэн болох нь тогтоогдож байх тул дутуу хийсэн буюу үүргээ гүйцэтгээгүй үнийн дүнгээр алданги тооцон нэхэмжлэж байгаагаа бүрэн дүүрэн тайлбарласан. Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан 52.066.245 төгрөгийг алдангид шаардсан. Гэтэл шүүхээс “тооцоо, үндэслэл тодорхойгүй” гэх ойлгомжгүй тайлбар хийж шүүх хэргийг үндэслэл бүхий байдлаар шийдвэрлэхээс зайлсхийсэн. Түүнчлэн шүүх өөрөө ““Э Ц” ХХК нь 02 тоот гэрээгээр тохирсон ажлаас 80.977.700 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн байна” гэж дүгнэсэн ба энэ дүгнэлт нь нэхэмжлэгч өөрөө гэрээгээр хүлээсэн ажлаасаа түүний үлдэх хэмжээгээр дутуу хийсэн болохыг хангалттай дүгнэсэн байна. Хэрэв анхан шатны болон Давж заалдах шатны шүүхийн энэ дүгнэлт үндэслэлтэй гэж дүгнэж байгаа бол талуудын хооронд байгуулсан гэрээнд заасан алдангийг тохиролцсон нөхцөлөөр хариуцагч тал шаардах нь бүрэн үндэслэлтэй болох бөгөөд уг хэмжээнээс тооцон алданги шаардсан хэсгийг хангаж шийдвэрлэх нь хууль ёсны болох юм. Гэтэл дээрх ойлгомжгүй тайлбар хийж хангахгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх нь: “...талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн тодорхойлолтод нийцсэн, гэрээг бичгээр байгуулсан боловч хэн аль нь үүрэг гүйцэтгүүлэгчийн хувьд үүргээ зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл ажил гүйцэтгэгч нь ажлыг дутуу гүйцэтгэсэн, захиалагч хөлс төлөх үүргээ тус тус биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар гэрээний нөгөө талаасаа алданги шаардах эрхээ алджээ” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Гэтэл бодит байдал дээр Ажил гүйцэтгэх гэрээний талууд нь 02 тоот гэрээний хувьд гэрээгээр хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж дууссаны дараа ажлын хөлсөнд 60 м.кв бүхий үйлчилгээний зориулалттай талбайг ажил гүйцэтгэгчид шилжүүлэхээр тохиролцсон бөгөөд ажил гүйцэтгэгч үүргээ бүрэн биелүүлээгүй байхад захиалагч шилжүүлээгүй байна гэж гэрээнд тохиролцсоноос өөрөөр тайлбарлан дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй юм. Түүнчлэн 4 талууд гэрээгээр уг 60 м.кв бүхий үйлчилгээний зориулалттай талбайг урьдчилан болон хэсэгчлэн үе шаттайгаар шилжүүлэхээр тохиролцоогүй, нэхэмжлэгч нь үүргээ зохих ёсоор болон бүрэн хийж гүйцэтгээгүй байхад ийм дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй. Иймд гэрээнд заасны дагуу төлөх ёстой алдангид 52.066.245 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж шийдвэрлэж өгнө үү. Тав. Давж заалдах шатны шүүхээс 35.540.270 төгрөгийг хохиролд тооцон гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тухайд: Давж заалдах шатны шүүхээс: “... 01, 02 тоот гэрээнд ажлын хөлсийг тохиролцохдоо НӨАТ орсон эсэх талаар дуудаагүй байна ”, “Итгэлт эстимэйтХХК-ийн 2017 оны 06 дугаар сарын 29, 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 15/03 тоот шинжээчийн дүгнэлтүүдээс үзвэл НӨАТ-ыг оруулан тооцоогүй байх тул НӨАТ-ын талаар тохиролцоогүй гэх нэхэмжлэгчийн тайлбар илүү үндэслэлтэй болжээ” гэж дүгнэсэн байна. Давж заалдах шатны шүүхийн ингэж дүгнэсэнчлэн талууд НӨАТ орсон эсэх талаар гэрээнд дурдаагүй. Гэрээнд орсон эсэх талаар дурдаагүй бол захиалагч нь нэмж төлөх ёстой байдаг, ийм хуулийн зохицуулалттай мэтээр гажуудуулан тайлбарласан. Давж заалдах шатны шүүхийн магадлалд тодорхойлон дурдсанчлан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5.2.1-д зааснаар нэхэмжлэгч нь НӨАТ төлөгч болохоос, түүний хуулиар төлөх үүрэг хүлээсэн татварыг тохиролцоогүй байхад хүчээр хариуцагчаас гаргуулахаар, энэ нь хуульд нийцэж байгаа мэтээр тайлбарласан нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь ийм татвар төлөх үүрэг хүлээгчийнхээ хувьд хуульд заасан хугацаанд зохих татварыг төлөх ёстой байтал төлөөгүй, тайлагнаагүй гэх үндэслэлээр 2019 оны 02 дугаар сарын 22-д эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулсан үйл баримт хэрэгт авагдсан. Нэхэмжлэгч нь олсон орлогоосоо татвараа төлөх, төлөхөөс зайлсхийх тухай асуудал нь түүний өөрийнх нь хуулиар хүлээсэн үүрэгтэй нь холбоотой асуудал юм. Түүнд хариуцагчийг буруутгаж Иргэний хуулийн 227.3 дахь хэсэгт зааснаар хохирол тооцон гаргуулахаар шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас Давж заалдах шатны шүүхээс үндэслэлгүй дүгнэлт хийж хариуцагчаас хохиролд 35.540.270 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Зургаа. 02 тоот гэрээгээр хийж гүйцэтгэхээр тохирсон ажлаас дутуу хийсэн ажлыг буруу тодорхойлсон тухайд: Шүүх дээр иргэний хэрэг хянан хэлэлцэгдэж байх явцад нэхэмжлэгчийн хийсэн ажлыг тодорхойлох шаардлага гарч шүүхээс нийтдээ хоёр удаа Итгэлт эстимэйт ХХК, Эрдэм түм ХХК-иудыг тус тус шинжээчээр томилсон. Итгэлт эстимэйт ХХК нь 02 тоот гэрээгээр хүлээсэн хийх ёстой ажлаас нэхэмжлэгч нь 49.022.300 төгрөгийн ажлыг дутуу хийж гүйцэтгэсэн гэж дүгнэсэн, харин Эрдэм түм ХХК нь Итгэлт эстимэйт ХХК-ийн дүгнэлтээр тогтоогоогүй ажлыг бүрэн гүйцэд тогтоохоор томилогдсон бөгөөд 12.918.590 төгрөг гэж тогтоосон. Хоёр шинжээчийн дүгнэлтийн нийлбэр дүнгээр 61.940.890 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгээгүй болох нь тогтоогдож байхад шүүхээс 02 тоот гэрээний үүргээс нэхэмжлэгч нь 49.022.300 төгрөгийн ажлыг дутуу хийсэн гэж дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 02 тоот гэрээний үүргээ дутуу хийсэн ажлын дүн хоёр шинжээчийн дүгнэлтийн нийлбэр дүн болох 61.940.890 төгрөгийг хасаж тооцсон дүнгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонбаяр хяналтын гомдолдоо: Магадлал нь шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв талаас нь үнэлээгүй, шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, шудрага бус, ажил гүйцэтгэгчийг хохироосон, нотлох баримтыг буруу үнэлж хэт нэг талыг барьсан тул хяналтын гомдол гаргаж байна. 1 дүгээр гэрээний шаардлага: 1. ...Гэтэл хавтаст хэрэгт байгаа бусад нотлох баримтаар үгүйсгэгдэж байгаа шинжээчийн илт шинжлэх ухааны үндэслэлгүй дүгнэлтийг барьж хэргийг шийдвэрлэсэн нь ИХШХШТХуулийн 40.2-д заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй. ИХШХШТХуулийн 37.2-д ...гэрэл зураг, зураглал нь нотолгооны хэрэгсэл байхаар хуульчилж өгсөн бөгөөд бусад нотолгооны хэрэгслээр үгүйсгэгдэж байгаа шинжээчийн дүгнэлтийг үндэслэж нэг талыг барьж хэрэг шийдвэрлэсэн. Тус барилгын нийт өндөр 30 метр 10см, үүнээс 1-3 р давхар 12метр 10 см өндөр, 4-9 давхар 18 метр өндөр болох нь хавтаст хэрэгт авагдсан /1-р хавтас 82-91 тал/ барилгын зураглал болон фото зургаар тогтоогдоно. 1-3 давхарын фасад хийгдсэн өргөн нь 43 метр 70 см буюу 1-3 давхарт 12.10*43.7=528.77м2 фасад хийгдсэн. 4-9 давхарын өндөр 18 метр, өргөн нь 18 метр 90 см буюу 18*18.9=340.2 метр квадрат шилэн фасад хийгдсэн. Нийт 868.97 м2 шилэн фасад болон 23.4 м2 шилэн цонх хийгдсэн нь гэрээнд заасан хэмжээнээс илүү буюу цонхны оронд шилэн фасад хийгдсэн болох нь барилгын зураг, барилгын бодит фото зураг, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдож шинжээчийн дүгнэлт үгүйсгэгдэж байхад 200 гаруй м2 дутуу буюу 664.97м2 шилэн фасад хийсэн гэж илт худал дүгнэлтийг барьж шүүх бодлого бодож шийддэггүй худлаа байсан ч шинжээчийн дүгнэлт барина гэж хэлэн шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Хэрэв шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримт болох барилгын зургаас м2-ийн хэмжээг бодож болдоггүй юм бол дахин шинжээч томилуулж хэргийг үнэн зөв, шударгаар шийдвэрлэх шаардлагатай юм. Шүүх хариуцагч тал ажлаа бүрэн хүлээн авч төлбөрөө төлсөн бодит фастыг үнэлээгүй. Хариуцагч цонх, шилэн фасад огт хийгээгүй гэж үндэслэлгүй маргаж сөрөг нэхэмжлэл гаргасныг 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2017/02751 тоот шүүхийн шийдвэрээр үндэслэлгүй болохыг тогтоож бүхэлд нь хэрэгсэхгүй болгож улмаар сүүлд 162.844.500 төгрөгийн ажил дутуу хийсэн гэж маргасныг 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгож гэрээнд заасан алданги тооцсныг давж заалдах шатны шүүх ажлаа дутуу хийсэн тул гэрээ болон хуульд заасан алданги авах эрхгүй гэж иргэний хуулийн 232, 224 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Бид ажлаа бүрэн гүйцэтгэсэн тул хүлээлгэн авч, төлбөрөө төлсөн талаар хариуцагч маргаагүй. Давж заалдах шатны шүүх НӨАТ-ын тухай хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн боловч 2 дугаар гэрээний НӨАТ-ыг гаргуулаагүй нь хуулийг нэг мөр хэрэглээгүй байна. 2 дугаар гэрээний шаардлага: 2. №02 тоот гэрээнд зааснаар 5 төрлийн ажлыг барилга ашиглалтанд орохоор 60м2 оффиссын талбай өгөхөөр тохиролцсон. Талууд ажил үйлчилгээг зах зээлийн ханшаар ашиг орсон үнийн дүнгээр харилцан тооцсон бөгөөд хариуцагч 1м2 талбайг 2.166.666 төгрөгөөр үнэлж бидэнд худалдсан боловч гэрээний үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон буюу бусдад худалдан борлуулсан байсан тул бид гэрээнээс татгалзаж шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. Нэхэмжлэгч №02 тоот гэрээнд зааснаар 5 төрлийн ажлыг хийж гүйцэтгэж ажлын үр дүн гарч акт үйлдэж хүлээлгэн өгсөн байхад хариуцагч огт хийгээгүй гэж гэрээний үнийн дүнгээр сөрөг нэхэмжлэл гаргасныг 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2017/02751 тоот шүүхийн шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улмаар 2019 онд огт хийгээгүй биш дутуу гүйцэтгэсэн гэж маргасныг 2019 оны 102/ШШ2019/01168 тоот шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн дугаар 1188 тоот магадлалаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шудрага ёс, хуульд нийцсэн атлаа нэхэмжлэгчийг ажлаа дутуу хийсэн тул алданги шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, ойлгомжгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шүүх шинжээчийн дүгнэлтийг буруу үнэлсэн. Мөн бизнесийн нийтээр дагаж мөрддөг хэм хэмжээ, зарчимыг анхаарч үзээгүй. Хариуцагчийн хүсэлтээр 2017 оны 06-р сарын 29-ний өдөр “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлтэнд 02 тоот гэрээнд заагдсан ажлыг гүйцэтгэхэд ашиг ороогүй зөвхөн ажиллах хүчний зардлаар тооцоход 80.977.680 төгрөгийн зардал орсон гэсэн нь ажлаа дутуу гүйцэтгэсэн гэсэн үт огт биш бөгөөд дутуу гээд байгаа 49.022.300 төгрөг нь компанийн ашиг юм. Гэтэл шүүх талуудын байгуулсан гэрээний гол нөхцөл болох үнийн дүнг өөрчилж 130 сая биш 80 сая төгрөг гаргуулхаар шийдвэрлэж байгаа нь гэрээний чөлөөт байдлын зарчмыг зөрчсөн, талуудын хүсэл зоргийг харгалзан үзээгүй, хууль зөрчсөн шийдвэр юм. Түүнчлэн гэрээнд заагдаагүй кабелийн телевиз, зарлан мэдээлэл, телефон гэх мэт ажлыг хийгээгүй гэж дүгнэлт гаргаж оруулсан байхад шүүх ажил дутуу хийсэн гэж дүгнэсэн. Хариуцагч өөрөө ийм 10 төрлийн ажил дутуу гэж жагсаалт гаргаж дахин шинжээч томилуулсан бөгөөд хэрэв тэдгээр 10 нь ажлыг хийж гүйцэтгэвэл 12.918.590 төгрөг болох талаар гаргасан шинжээчийн дүгнэлтийг анхаарч үзээгүй. Хэрэв шүүх маргааныг энэ мэт шийдвэл ажил гүйцэтгэгч хохирч, ажил гүйцэтгүүлэгч дутуу гүйцэтгэсэн гэж ямар ч үндэслэлгүй маргаж зөвхөн гаргасан зардлыг төлж байх хууль зүйн, шүүхийн практикт тогтоох боломж бүрдүүлж хууль ёс, шудрага ёс, бизнесийн ёс зүйг уландаа гишгэсэн зүйл болох юм. 3. Гэрээнээс үүдэлтэй хохирол шаардах: 3.Хариуцагч №02 тоот гэрээний үүргээ шударгаар биелүүлээгүйгээс болж гэрээг цуцалж шүүхэд хандсан байхад давж заалдах шатны шүүх гэрээ цуцлагдсан талаар талууд маргаагүй, гэрээ хүчин төгөлдөр байна гэж огт үндэслэлгүй дүгнэлт хийж улмаар уг зээлийн мөнгийг гэрээний үүргийг гүйцэтгэхэд зарцуулсныг нотлох баримтаар нотлоогүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь зээлийн гэрээнд зээлийн зориулалтыг тодорхой тусгаж зөвхөн уг үндэслэлээр зээл олгосон бөгөөд тухайн зээлгүйгээр тус ажлыг гүйцэтгэх боломжгүй байсан юм. Тийм учир тухайн зориулалтаар нь зээлийг ашиглаж үр дүнд нь маргаан бүхий барилга тог, цахилгаантай болж улсын комисс хүлээн авч, одоо тог, цахилгаан ашиглаж хэвийн үйл ажиллага явуулж байгаа нь зээлийг тус барилгад зарцуулсан нь нотлогдож байна. Хэрэв гэрээний үүргээ шударгаар биелүүлсэн бол бидэнд ийм хэмжээний хохирол учрахгүй байсан нь тодорхой юм. Иймд 1-р гэрээний үлдэгдэл 25.698.000 төгрөг түүний алданги 12.849.000 төгрөг нийт 38.547.000 төгрөг, 2-р гэрээний 130.000.000 төгрөг түүний алданги 65.000.000 төгрөг нийт 195.000.000 төгрөг, хоёр гэрээний НӨАТ-ын 45.568.900 төгрөг, 2-р гэрээний үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохирол болох 101.615.800 төгрөг, бүгд 380.731.700 төгрөгийг хариуцагч Г.Эрдэнэцэцгээс гаргуулж давж заалдах шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Э Ц” ХХК, хариуцагч Г.Э, Ж.Мнарт холбогдуулан ажил гүйцэтгэх 01 тоот гэрээний дагуу ажлын дутуу хөлс 25 698 000 төгрөг, алданги 12 849 000 төгрөг, ажил гүйцэтгэх 02 тоот гэрээний дагуу ажлын хөлс 130 000 000 төгрөг, алданги 65 000 000 төгрөг, ажил гүйцэтгэхэд ам.долларын зээл авснаас ханшийн зөрүү, хүүгийн хохирол 101 615 800 төгрөг, дээрхи 2 гэрээний НӨАТ-т 45 568 900 төгрөг, нийт 380 731 700 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Э Ц” ХХК нь хариуцагч Ж.Мягмаржавт холбогдох нэхэмжлэлээсээ татгалзжээ.

Хариуцагч Г.Э нэхэмжлэлийг эс зөвшөөрч, гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирол 264 793 400 төгрөг, материалын зардал 11 794 802 төгрөг, арматурын үнийн үлдэгдэл 1 020 000 төгрөг, 01 тоот гэрээний үүрэгт илүү шилжүүлсэн 26 611 600 төгрөг, алданги 134 634 720 төгрөг нийт 439 266 750 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргаж, алдангийн 82 568 274 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзжээ.

Анхан шатны шүүх хариуцагчаас 121 466 550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 23 574 000 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож, үлдэх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хариуцагчаас 116 518 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон байна.

Хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн гэрээний төрөл, гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний үүргийн биелэлт зэрэг эрх зүйн асуудлаар хууль зүйн дүгнэлт хийж үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч үндсэн нэхэмжлэлийн талаар зөрүүтэй дүгнэлтийг хийжээ. Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, нэхэмжлэлийн талаар үндэслэлтэй дүгнэлтийг хийсэн байна.

Харин хоёр шатны шүүх сөрөг нэхэмжлэлээс доголдлыг арилгахад гаргасан зардал 206 814 674 төгрөгийг гаргуулах шаардлагын талаар хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүйгээс эрх зүйн үндэслэл муутай дүгнэлт хийснийг залруулж дүгнэн, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгөхийг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг тус тус дараах үндэслэлээр хангахгүй орхив.

Нэхэмжлэлийн үндэслэл болж буй ажил гүйцэтгэх 2 гэрээ хүчин төгөлдөр тул гэрээний талууд үүргээ биелүүлэх, гэрээний гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна.

Г.Эийг төлөөлж Мотор кореа ХХК, нөгөө талаас “Э Ц” ХХК гэрээ байгуулсан, гэрээний талууд бие биедээ шаардлага гаргасан, шүүх ажил гүйцэтгэх гэрээнээс үүссэн талуудын хоорондох маргааныг шийдвэрлэжээ.

1.Талууд 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 01 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээний дагуу “Э Ц” ХХК нь WM үйлчилгээ, орон сууцны зориулалттай барилгын 268 м.кв цонх, 21 м.кв хаалга, 769.68 м.кв шилэн фасадын ажлыг гүйцэтгэх, Г.Э нь 325 000 000 төгрөгийн хөлс төлөхөөс 300 000 000 төгрөгийг төлсөн үйл баримтыг талууд маргаагүй байна. “Э Ц” ХХК нь ажлыг бүрэн гүйцэтгэсэн учраас улсын комисс 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээж авч барилгыг ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн гэсэн үндэслэлээр ажлын хөлсний дутууг нэхэмжилсэн бол Г.Э нь ажлыг дутуу гүйцэтгэсэн гэж 26 611 600 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Шинжээч Итгэлт эстимэйт ХХК-ийн 2017 оны 06 сарын 29, 2018 оны 05 сарын 21-ний өдрийн 15/03 тоот дүгнэлтүүдээр “Э Ц” ХХК нь 01 тоот гэрээгээр тохирсон ажлаас 64.46 м.кв цонх, 104.71 м.кв шилэн фасад буюу 49 272 700 төгрөгийн ажил гүйцэтгээгүй, барилгын зургаар фасад 3 давхар шилтэй байхаас 2 давхар шилтэй хийгдсэн нь тогтоогдсон, “Э Ц” ХХК нь 01 тоот гэрээгээр 276 425 300 төгрөгийн ажил гүйцэтгэсэн атлаа 300 000 000 төгрөгийг авсан тул ажлын хөлсний үлдэгдлийг шаардах эрхгүй, харин илүү шилжүүлсэн 23 574 700 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж Г.Эт олгож, сөрөг нэхэмжлэлийн энэ хэсгийг хангасан хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт байгаа баримтад тулгуурласан, шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэжээ. /1хх 108-131, 2 хх 107-128/

2. Талууд 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 02 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажил гүйцэтгэгч “Э Ц” ХХК нь барилгын цахилгаан, галын дохиолол, интернет, домофон, дотор, гадна хяналтын камер суурилуулах ажлыг гүйцэтгэх, захиалагч Г.Э нь 130 000 000 төгрөгийн хөлсийг төлөхдөө үйлчилгээний зориулалттай 60 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэхээр тохирсон байна. /хх 6-7, 8-100/

Итгэлт эстимэйт ХХК-ийн 2017 оны 06 дугаар сарын 29, 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 15/03 тоот дүгнэлтүүдээр “Э Ц” ХХК нь 02 тоот гэрээний дагуу 80 977 700 төгрөгийн ажлыг гүйцэтгэж, 49 022 300 төгрөгийн ажлыг гүйцэтгээгүй болох нь тогтоогджээ.

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.5-д зааснаар 130 000 000 төгрөг гаргуулах тухай “Э Ц” ХХК-ийн нэхэмжлэлээс 80 977 700 төгрөгийг хангах талаар хоёр шатны шүүх хуульд нийцсэн дүгнэлтийг хийсэн байна.

Харин анхан шатны шүүх алданги гаргуулахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдааг давж заалдах шатны шүүх залруулж, Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар 40 488 850 төгрөгийн алдангийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй болжээ. “Э Ц” ХХК үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хугацаа хэтрүүлсэн тул хуулийн дээрх зохицуулалтын дагуу алданги шаардах эрхээ алдсан байна.

Барилгыг 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр улсын комиссын дүгнэлтээр ашиглалтад оруулсан үйл баримт “Э Ц” ХХК-ийг гэрээний дагуу ажлыг бүрэн гүйцэтгэсэн гэдгийг нотлоогүй байна. Улсын комиссын актад тусгагдсан ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн нэрсэд “Э Ц” ХХК байхгүй юм.

Талуудын хооронд ажил хүлээлцсэн талаар 2015 оны 7 сарын 29-ний өдөр цонх суулгасан акт, 2015 оны 6 сарын 30-ны өдрийн хаалга, цонхны ялуу суулгасан акт гэсэн 2 баримт байгаа бөгөөд эдгээр баримтаар “Э Ц” ХХК ажлыг бүрэн гүйцэтгэсэн болох нь нотлогдоогүй байна. Итгэлт эстимейт ХХК дүгнэлт гаргахдаа талуудыг байлцуулж, ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулсан байх ба  гүйцэтгэсэн ажлын хэмжээг гаргасан, энэ баримтыг “Э Ц” ХХК баримтаар үгүйсгэж, няцаагаагүй байв.

Хариуцагч нь хийгээгүй ажлын үнэлгээг дутуу гаргасан гэх үндэслэлээр шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүгч 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШЗ2019/08354 дүгээр захирамжаар хангаж, Эрдэм түм ХХК-ийг шинжээчээр томилсон, Эрдэм түм ХХК дүгнэлт гаргахдаа талуудын гэрээгээр тохирсон төсвийг бус зах зээлийн норм, дундаж үнэлгээнд тулгуурласан нь үндэслэл муутай болсон тул уг дүгнэлтийг шүүх шийдвэрийн үндэслэл болгоогүйг буруутгах боломжгүй байв. /2-р хавтас хх-138-170/

3. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т зааснаар ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч гэрээг цуцлах нь ажил гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаатай холбоогүй тул мөн зүйлийн 355.6.-д заасан эрх зүйн үр дагавар үүсэх буюу захиалагч гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчид орсон орлого, үр шимийг хасаж, түүнд учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй байна. Харин Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар ажил гүйцэтгэгч үүргээ ноцтой зөрчсөнөөс гэрээ цуцлагдсан бол захиалагч гэрээг цуцалж, өөрт учирсан хохирлоо ажил гүйцэтгэгчээс шаардах эрхтэй.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл ажил гүйцэтгэгч “Э Ц” ХХК үүргээ бүрэн биелүүлээгүй нь тогтоогдож байх тул захиалагч нь ажил гүйцэтгэгчийг үүргээ зөрчсөн гэж үзэж, гэрээг цуцалжээ.

Захиалагч Г.Э нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар өөрт учирсан хохирлоо ажил гүйцэтгэгчээс шаардах эрхтэй боловч хохирлоо нотлоогүй тул хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв. Анхан шатны шүүх доголдлыг бодитоор арилгаагүй байхад зардал шаардах эрхгүй гэсэн дүгнэлт хийснийг буруутгах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглээгүй нь буруу байна.

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-т “ гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх;” гэж, 352.2.2-т “доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх;” гэж заасан байхад захиалагч ийнхүү ажлын доголдлын талаар хандаж байгаагүй ба доголдол байсан гэдэг нь эргэлзээтэй байна. Түүнчлэн ажлын үр дүнг хүлээн авах үед түүний доголдлыг захиалагч мэдэж байсан боловч ямар нэгэн гомдол гаргаагүй бол 352 дугаар зүйлийн 352.2-т заасан шаардах эрхээ алддаг байна.

Г.Э нь ажлыг хүлээж авах үедээ, улмаар барилгыг 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр улсын комиссын дүгнэлтээр ашиглалтад оруулсанаас хойш ажлын биет байдлын доголдлын талаар ажил гүйцэтгэгч “Э Ц” ХХК-д мэдэгдсэн, доголдлыг арилгах хугацаа тогтоосон үйл баримт болоогүй байх ба ажил гүйцэтгэгчийн буруугаас доголдол байсан гэх байдал хэрэгт байгаа баримтын хэмжээнд тогтоогдоогүй тул сөрөг нэхэмжлэлийн энэ хэсгийг хангах боломжгүй, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

Шинжээчийн дүгнэлтээр фасад 3 давхар шилтэй байхаас 2 давхар шилтэй хийгдсэн нь тогтоогдсон боловч захиалагч энэ байдлаар хүлээн авахдаа гомдол гаргаагүй, энэ хэмжээнд ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажил, түүний өртөг тогтоогдсон байна. Шинжээч хийсэн ажлын хэмжээ, өртөгийг байгаа байдлаар нь гаргасан, шүүх ажлын хөлсийг энэ хэмжээнд тооцож байгаа тул үндэслэлгүйгээр хөрөнгөжих боломж талуудын хэн алинд байхгүй юм.

4. Нэмэгдсэн өртгийн албан татвар суутгаж аваагүй тул 45 568 900 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх зөвтгөж, шийдвэрт зохих өөрчлөлт оруулжээ.

Ажил гүйцэтгэгч нь 01 тоот гэрээний дагуу 274 425 300 төгрөгийн, 02 тоот гэрээний дагуу 80 977 700 төгрөгийн буюу нийт 355 402 700 төгрөгийн ажлыг гүйцэтгэж захиалагч талд хүлээлгэн өгсөн байна. Ажил гүйцэтгэх 01, 02 тоот гэрээгээр тохирсон ажлын хөлсөд НӨАТ ороогүй, Итгэлт эстимэйт ХХК-ийн 2017 оны 06 дугаар сарын 29, 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 15/03 тоот өдрийн шинжээчийн дүгнэлтүүдээр ажлын хөлсөд НӨАТ-ыг оруулан тооцоогүй болохыг тогтоосон тул 35 540 270 төгрөгийг хохиролд тооцон хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосон нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсгийг зөрчөөгүй байна. Шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд нэмэгдсэн өртөгийн албан татварын талаар маргааны үйл баримтыг дүгнэжээ.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 1188 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 758 723 төгрөг, нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 061 610 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                        Х.СОНИНБАЯР

                         ШҮҮГЧ                                                                  П.ЗОЛЗАЯА