Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 134/ШШ2017/00217

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Наранчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: У-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Г-д холбогдох

2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болох 11 280 580 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч У, түүний өмгөөлөгч С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Говьсүмбэр аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн аймгийн Засаг даргын Б/70 дугаар захирамжаар ажлаасаа халагдсан. Энэхүү халагдсан үйлдлийг хууль бус хэмээн үзэж Говьсүмбэр аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ажилдаа эгүүлэн тогтоолгох болон ажилгүй байсан хугацааны цалин олговрыг нөхөн олгуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн №221/МА2016/05-- тоот магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс тогтоохдоо Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 06 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/70 дугаар захирамжийг хүчингүй болгон, У миний биеийг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоосон ба Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг баримтлан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 11 926 111 төгрөгийг олгож, нийгмийн даатгалын нөхөн төлөхийг аймгийн Засаг даргад даалгасан билээ. Дээрх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрын 11 926 116 төгрөгийг олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгдсэн ба бусад заалтыг гүйцэтгээгүй болно. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг би шүүхэд гаргаагүй. Өнөөдрийн байдлаар миний бие Дэлхийн банк, Сангийн яамны хамтран хэрэгжүүлж буй Тогтвортой амьжиргаа-3 төслийн орон нутгийн зохицуулагчийн сонгон шалгаруулалтад оролцож 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн хөлсөөр ажиллах гэрээтэйгээр ажиллаж байгаа. Иймд 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болох 11 280 580 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Г-н итгэмжлэгдсэн төлөөлөгч М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч У нэхэмжлэлдээ ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрын 11 926 116 төгрөгийг олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгдсэн ба бусад заалтыг гүйцэтгээгүй болно гэжээ. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 221/МА2016/0594 дугаар магадлалд:

1.Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/70 дугаар захирамжийг хүчингүй болгон, У-г Говьсүмбэр аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоосугай гэж шийдвэрлэхдээ Говьсүмбэр аймгийн Засаг даргад У-г Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоох үүрэг оноогоогүй. Харин Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан У-ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 11 926 116 төгрөгийг олгож, зохих нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэсэн.

 

2.Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоосон бөгөөд уг тогтоолд аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болгон өргөжүүлсэн. Мөн аймгийн Засаг даргад Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргыг томилж, чөлөөлөх эрх хэмжээ олгосон Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болж, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуульд зааснаар Засаг даргад томилж, чөлөөлөх эрх олгогдоогүй тул хариуцагч болох аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгч У-г Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын ажилд эгүүлэн томилох боломжгүй юм. Хуульд зааснаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд томилж, чөлөөлөх эрх хэмжээтэй байгаа тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 221/МА2016/0594 дугаар магадлалыг 1 дүгээр заалтыг аймгийн Засаг дарга биелүүлэх боломжгүй юм. Иймд нэхэмжлэгч У-г Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргаар томилоогүй эс үйлдэхүй, түүнээс үүдэн гарах ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрын асуудлыг аймгийн Засаг дарга хариуцахгүй юм. Учир нь Засаг дарга хэргийн хариуцагч биш, ажилтан, ажил олгогчийн харилцаа үүсээгүй. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч У нь Г-д холбогдуулан 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болох 11 280 580 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч талаас Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд томилж, чөлөөлөх эрх хэмжээтэй байгаа тул Говьсүмбэр аймгийн Засаг дарга нь хариуцагч биш хэмээн маргажээ.

            Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь:

            Шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны хувьд дүгнэхэд:

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 221/МА2016/0594 дугаартай магадлалаар 1.Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/70 дугаар захирамжийг хүчингүй болгон,У-г Говьсүмбэр аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоосугай. 2. У-ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 11 926 116 төгрөгийг олгож, зохих нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Г-д даалгасугай. гэж шийдвэрлэснийг нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгожээ.

Дээрх шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байх бөгөөд хариуцагч нь шүүхийн шийдвэрийн дагуу мөнгөн төлбөрийн үүргийг гүйцэтгэж, ажилд эгүүлэн тогтоох тухай шийдвэрийг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй, нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтээ шүүхэд гаргаагүй байна.

Гэсэн хэдий ч нэхэмжлэгч У нь анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс бусадтай хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор нэхэмжилсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан зохицуулалтад нийцнэ.

Улмаар нэхэмжлэгч нь Г, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад хандсан боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан хөөн хэлэлцэх хугацааг зөрчөөгүй байна.

Учир нь шүүхийн шийдвэр өнөөдрийг хүртэл биелэгдээгүй байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан ажилгүй байсан бүх хугацаа гэдэгт ажлаас халах тушаал гарснаас хойш шүүхээр маргаан хэлэлцэгдэх үе орж, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх буюу биелүүлэх боломжгүй болох үе хүртэлх бүх хугацаа хамаарна.

Нөгөөтэйгүүр Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолдог бөгөөд шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүснэ. Иргэний хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д зааснаар тухайн шаардлагад хөөн хэлэлцэх богиносгосон хугацаа тогтоосон байсан ч шүүхийн шийдвэрийн үндсэн дээр уг шаардлага хуулийн хүчин төгөлдөр бол түүний хөөн хэлэлцэх хугацаа арван жил байна.

Нэхэмжлэлийн шаардлагын хувьд дүгнэхэд:

Хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг дарга нь ... Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоосон бөгөөд уг тогтоолд аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болгон өргөжүүлсэн. Мөн аймгийн Засаг даргад Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргыг томилж, чөлөөлөх эрх хэмжээ олгосон Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болж, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуульд зааснаар Засаг даргад томилж, чөлөөлөх эрх олгогдоогүй тул хариуцагч болох аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгч У-г Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын ажилд эгүүлэн томилох боломжгүй байна гэсэн тайлбар гаргажээ.

 

Монгол Улсын Их хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар Төрийн захиргааны байгууллагын  тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай тогтоолын хавсралтаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар байхаар, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр Засгийн газрын агентлагчийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын 1 дүгээр хавсралтаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар байхаар зохион байгуулсан. Улмаар Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/751 дүгээр Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлагуудын жагсаалтыг батлах тухай захирамжийн хавсралтын 5.-д Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар байхаар баталжээ.

 

Мөн талуудын хооронд үүссэн ажлаас халсантай холбоотой маргаан бүхий актыг шүүх хянан шийдвэрлэх явцад аймгийн Засаг дарга хүүхдийн төлөө байгууллагын даргыг томилох, чөлөөлөхөөр зохицуулсан Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болж, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль-ууд шинээр үйлчилж эхэлсэн бөгөөд уг хуулиудад Аймгийн Засаг дарга Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргыг томилох, чөлөөлөх эрх зүйн зохицуулалт тусгагдаагүй байна.

 

Харин Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-ийн 4/-т зааснаар хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын бүтэц, дүрмийг баталж, дарга /эрхлэгч, захирал/-ыг томилж, чөлөөлнө гэсэн зохицуулалтын дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нь аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар-ын даргыг томилох, чөлөөлөх эрх зүйн зохицуулалт үйлчилж эхэлсэн байна.

 

Иймд нэхэмжлэгч У-г ажилд эгүүлэн томилохтой холбоотой шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй болсон гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

 

Гэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь ажилтныг ажлаас үндэслэлгүй халсантай холбоотойгоор үүссэн үр дагавар болохын хувьд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар Засаг дарга гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэл, хариуцлагыг бүрэн хүлээнэ гэсний дагуу хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг дарга нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах үндэслэлтэй, энэ хэргийн жинхэнэ хариуцагч мөн байна.

 

Өөрөөр хэлбэл ажилтныг томилох, чөлөөлөхтэй холбоотой хуулийн зохицуулалт дээрх байдлаар өөрчлөгдсөн байгаа ч урьд нь хэрэгжүүлсэн хууль бус үйл ажиллагаатай нь холбоотой үүссэн үр дагаврыг Засаг дарга хариуцах үүрэгтэй.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэсний дагуу ажилд эгүүлэн тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгч У-ийн 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл ажилгүй байсан 8 сар 3 хоногийн дундаж цалин хөлстэй /үндсэн цалин 864 211 төгрөг, нэмэгдэл цалин 432 106 төгрөг нийт нэг сарын дундаж цалин хөлс 1 296 317 төгрөг : нэг сарын ажлын дундаж хоног 21,5 = нэг өдрийн дундаж цалин хөлс 60 293 төгрөг/ тэнцэх олговор болох 10 551 415 төгрөгийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалыг баримтлан тооцож Говьсүмбэр аймгийн Засаг даргаас гаргуулж, илүү нэхэмжилсэн 729 165 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг шүүхийн шийдвэрт дурдаж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хангасан үнийн дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамжинд 183 772 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод орууллаа. 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар Г-с 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 10 551 415 /арван сая таван зуун тавин нэгэн мянга дөрвөн зуун арван таван/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У-д олгож, нэхэмжлэлээс 729 165 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар Г-аас улсын тэмдэгтийн хураамжинд 183 772 /нэг зуун наян гурван мянга долоон зуун далан хоёр/ төгрөг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ