Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2742

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 184/ШШ2017/02742

Улаанбаатар хот

                                   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, Хувьсгалчид Г-11 гудамж,  98 тоотод оршин суух Н.Агийн,

            Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, Өнөр хороолол, 19 дүгээр байрны 163 тоотод оршин байх “БЖТ ХХК-д холбогдох  

            Орон сууц захиалгын гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 32.711.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, хариуцагч Н.Агаас гэрээний үүргийн биелэлтэд 57.690.000 төгрөг гаргуулах, орон сууцыг хүлээн авахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт шүүх үндсэн нэхэмжлэлийг 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, мөн оны 09 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Насанжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Жавхланбаяр/ШТЭҮ-2465/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа, гэрч С.Оюунсаруул, С.Мягмархорол, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов. 

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Ншүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Ань 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр  -тай байр захиалах гэрээг байгуулж, Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо Хүнс трейд гудамж ½ тоотод баригдаж буй 40 айлын орон сууцны 2 дугаар орцны 6 дугаар давхар М-8 тоот 44.9 м.кв талбай бүхий орон сууцыг захиалсан. Уг гэрээгээр м.кв талбайн үнэ 1.100.000 төгрөгөөр тооцож, 49.390.000 төгрөг буюу 29.100 ам.доллар бүхий үнийн дүнтэй гэрээ байгуулж, гэрээ байгуулсан өдөр орон сууцны урьдчилгаа төлбөрт 11.900.000 төгрөг буюу 1 долларыг 1.697 төгрөгөөр тооцож 7.000 ам.доллар, 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 2.300 ам.доллар 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 1.300 ам.доллар, 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 1.500 ам доллар, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 1.300 ам доллар, 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 55.200 төгрөг, нийт 13.400 ам доллар буюу 32.711.000 төгрөгийг төлсөн. Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Орон сууц захиалан бариулах гэрээний  гол зүйл нь ажлын үр дүн байдаг. Дээрх дурдсан хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулаагүй. Иймээс гэрээнд заасны дагуу төлсөн төлбөр 32.711.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Байранд орох шаардлагыг удаа дараа шаардаж байсан ч хүлээж аваагүй байдаг. Иймээс байрны урьдчилгаанд өгсөн мөнгөө буцаан шаардаж байна. 32.711.000 төгрөгийг нэхэмжлэл гаргах үеийн ханш буюу Монгол банкны ханшаар тооцсон. Гэрээний төлбөрийг доллараар төлж байсан болохоор буцаагаад доллараар нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзэж байна гэв.

Хариуцагч БЖТ ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Талуудын хооронд байр захиалах гэрээ байгуулагдсан. Энэ тал дээр талууд маргадаггүй. Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо Хүнс трейд гудамж ½ тоотод баригдаж буй 40 айлын орон сууцны 2 дугаар орцны 6 дугаар давхар М-8 тоот хаягт байрлах орон сууцыг 49.390.000 төгрөг буюу 29.100 ам доллараар тооцож гэрээ байгуулсан. 2014 оны 01 дүгээр сард орон сууцны захиалгын мөнгө 1.100.000 төгрөг байгаагүй. Найз нөхдийн холбоотой байсан учраас 1.100.000 төгрөгөөр захиалсан. Н.Агэрээнд заасны дагуу үлдэгдэл төлбөрийг 2016 оны 08 дугаар сард төлж барагдуулж орон сууцанд орно гэсэн гэрээний үүргээ биелүүлээгүй. Төлсөн төлбөрийн хувьд маргаагүй. 13.430 долларыг төлсөн. 2015 оны 01 дүгээр сард 8 хувийн зээлэнд хамрагдана гээд компаниас холбогдох бичиг баримтыг авч явсан. Үүнээс хойш зээлэнд хамрагдаагүй, төлбөр төлөөгүй. Гэрээнд тухайн өдрийн долларын ханшаар төгрөгөөр тооцно гэж заасан байдаг. 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 24 хувь буюу 7.000 доллар төлөгдсөн. Доллараар тооцсон гэрээ анхнаасаа байгуулагдсан. Ажил гүйцэтгэх гэрээний оролцогч үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

Хариуцагч БЖТ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Ань орон сууц захиалах гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 13.400 долларыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Н.Агийн хууль ёсны ашиг сонирхлыг хариуцагч БЖТ ХХК ямар нэгэн байдлаар зөрчөөгүй бөгөөд орон сууцыг 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулсан. Гэвч Н.Ань гэрээнд заасны дагуу төлбөрөө төлж захиалсан орон сууцаа хүлээн аваагүй. Нэхэмжлэгч нь 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл нийтдээ 13.430 ам доллар буюу 22.739.000 төгрөгийг төлсөн. 15.670 ам долларыг гэрээнд заасан алданги 7.835 доллар, нийт 23.505 ам долларыг 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаагаар 1 ам.долларыг 2.454,37 төгрөгөөр тооцон 57.690.000 төгрөгийг Н.Агаас төлөх ёстой. Иймд нэхэмжлэгчээс 57.690.000 төгрөгийг гаргуулж, Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо Хүнс трейд гудамж ½ тоотод байрлаж буй 40 айлын орон сууцны 2 дугаар орцны 6 дугаар давхар М-8 тоот 2 өрөө орон сууцыг хүлээн авахыг Н.Ад даалгаж өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэл гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нсөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүхэд  ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д заасан үүргээ зөрчсөн. Н.Агийн зүгээс удаа дараа байраа үзэж, байрандаа ормоор байна, үлдэгдэл төлбөрөө 8 хувийн зээл авч төлөх талаар ярилцмаар байна гэж хариуцагч компанийн захирал н.Батгэрэл, борлуулалтын менежер н.Мягмархорол нартай ярилцах гэхэд уулзахгүй оффисоо зааж өгөхгүй байсан. Н.Абайраа хүлээж авах, үлдэгдэл төлбөр мөнгөний асуудлаа ярилцмаар байна гэж хариуцагч компанитай удаа дараа холбогдоход БЖТ ХХК-ийн захирал н.Цэнд солигдсонтой холбогдуулан одоогийн захирал н.Батгэрэл нь би энэ асуудлыг мэдэхгүй, би урьдчилгаа мөнгийг чинь аваагүй, мөнгө өгсөн хүмүүстэйгээ учраа ол гэж нэхэмжлэгчийг хүлээлгэж чирэгдүүлсэн. БЖТ ХХК нь байраа хугацаандаа захиалагчид хүлээлгэж өгөх үүргээ зөрчсөн бөгөөд Н.Ань байраа үзэж хүлээж авах талаар удаа дараа хариуцагч компанид мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоосон. Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1-д “Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул байр захиалах гэрээнээс татгалзаж урьдчилгаа төлбөрт өгсөн 32.711.000 төгрөгийг БЖТ ХХК-аас гаргуулж нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                Ү Н Д Э С Л Э Х  нь:

Нэхэмжлэгч Н.Ань “Би Жи Эй транс”ХХК-д холбогдуулан орон сууц захиалгын гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 32.711.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад явцад хариуцагч БЖТ ХХКнь Н.Агаас гэрээний үүргийн биелэлтэд 57.714.882 төгрөг гаргуулах, орон сууцыг хүлээн авахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг 57.690.000 төгрөг болгон багасгасан.

Нэхэмжлэгч нь “Байр захиалах гэрээ”-ний үүрэгт Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо Хүнс трейд гудамж ½ тоотод баригдаж буй 40 айлын орон сууцны 2 дугаар орцны 6 дугаар давхар М-8 тоот 44.9 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв талбайн үнийг 1.100.000 төгрөгөөр тооцон, 49.390.000 төгрөг буюу 29.100 ам.долларын үнийн дүнтэй гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрт 13.430 ам.доллар төлөгдсөн боловч хариуцагч БЖТ ХХК-ийн удирдлага өөрчлөгдсөн болон тус компанитай туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан М.Дэлгэр, С.Оюунсаруул, Е.Одбаатар нарт зодуулж, хувийн таарамжгүй харилцаатай болсон тул уг байранд орох хүсэлгүй болсон, БЖТ ХХКнь орон сууцаа хугацаанд нь ашиглалтанд оруулаагүй, уулзаж ярилцах гэхэд зугатааж уулзахгүй, хаягаа зааж өгдөггүй байсан тул гэрээгээ цуцлан, урьдчилгаанд төлсөн 13.430 ам доллар, 32.711.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь үндэслэлтэй гэж маргадаг.

Хариуцагч нь Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо Хүнс трейд гудамж ½ тоотод баригдаж буй 40 айлын орон сууцны 2 дугаар орцны 6 дугаар давхар М-8 тоот хаягт байрлах орон сууцыг 49.390.000 төгрөг буюу 29.100 ам доллараар тооцож гэрээ байгуулсан, гэрээ байгуулах үеэс харьцангуй хямдаар найз нөхдийн харилцаатай хүмүүсийн гуйлтаар 1 м.кв-ыг 1.100.000 төгрөгөөр тооцон захиалга авч, Н.Ань гэрээнд заасны дагуу үлдэгдэл төлбөрийг 2016 оны 08 дугаар сард төлж барагдуулж, орон сууцанд орох гэрээний үүргээ биелүүлээгүй, тус гэрээний үүрэгт 13.430 долларыг төлсөн, 2015 оны 01 дүгээр сард 8 хувийн зээлэнд хамрагдана гээд компаниас холбогдох бичиг баримтыг авч явснаас хойш зээлэнд хамрагдаагүй, үлдэгдэл төлбөр төлөөгүй тул гэрээнд зааснаар тухайн өдрийн долларын ханшийг төгрөгөөр тооцон 15.670 ам долларын үлдэгдэл төлбөр дээр, гэрээнд заасан алданги 7.835 доллар, нийт 23.505 ам доллар буюу 57.690.000 төгрөгийг Н.Агаар төлүүлэн гаргуулж, Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо Хүнс трейд гудамж ½ тоотод байрлаж буй 40 айлын орон сууцны 2 дугаар орцны 6 дугаар давхар М-8 тоот 2 өрөө орон сууцыг хүлээн авахыг Н.Ад даалгахаар гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлтэй, нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, Н.Агийн хууль ёсны ашиг сонирхлыг хариуцагч БЖТ ХХК ямар нэгэн байдлаар зөрчөөгүй бөгөөд орон сууцыг 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн тул Н.Ань гэрээнд заасны дагуу төлбөрөө төлж захиалсан орон сууцаа хүлээн аваагүй гэж маргадаг.

Талуудын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр “Байр захиалах гэрээ” байгуулагдсан талаар зохигчид маргаагүй.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан байна гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл ажил гүйцэтгэгч БЖТ ХХК нь өөрийн хөрөнгө материалаар гэрээнд заасан орон сууцыг барих ажлыг гүйцэтгэх, захиалагч Н.Ань уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон  хөлс 49.390.000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээхээр тохиролцсон байна.

Гэрээний хөлсөнд 13.400 ам.доллар төлөгдсөн талаар зохигчид маргаагүй.

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Зохигчид 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр “байр захиалах гэрээ” буюу ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, тус гэрээнд зааснаар Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо Хүнс трейд гудамж ½ тоотод баригдаж буй 40 айлын орон сууцны 2 дугаар орцны 6 дугаар давхрын М-8 тоот хаягт байрлах 44,9 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв-ыг 1.100.000 төгрөгөөр тооцон нийт 49.390.000 төгрөг буюу 29.100 ам долларын хөлсийг 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 7.000 ам.доллар, 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 2300 ам.доллар, 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр буюу 3 сар дутамд 2.200 ам.долларыг 2016 оны 08 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл төлж дуусгахаар тохиролцон, 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 11.900.000 төгрөг буюу 7.000 ам.доллар, 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 2.300 ам.доллар, 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 1300 ам.доллар, 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 1.500 ам.доллар, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 1.300 ам.доллар, 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 55.200 төгрөгийн ажлын хөлсийг төлсөн болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон зохигчийн тайлбараар тогтоогддог.

Тус гэрээний үүрэгт захиалагч Н.Ань 2014 оны 08 дугаар сараас 3 сар тутамд 2.200 ам.долларыг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор тасралтгүй 8 удаагийн давтамжтайгаар хөлс төлөхөөр тохиролцсон тохиролцоогоо биелүүлээгүй болох нь тогтоогддог.

Зохигчид “Байр захиалах гэрээ”-нд дурьдсанаар орон сууцыг 2014 оны 01 дүгээр улиралд багтаан захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байх боловч хэрэгт цугларсан нотлох баримт болон зохигчийн тайлбараас үзвэл Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, БЖТ ХХК-ийн захиалгатай 13 автомашины дулаан зогсоолтой, үйлчилгээтэй, 50 айлын орон сууцны барилга буюу гэрээнд дурьдсан тус орон сууцыг 2014 оны  12 дугаар сарын 15-ны өдөр “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2014/845 дугаартай акт”-аар ашиглалтанд оруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна./ХХ-ийн 47-48 дугаар хуудас/

Нэхэмжлэгч хариуцагчтай хувийн таарамжгүй харилцаатай болсны улмаас уг орон сууцанд амьдрах хүсэлгүй болсон, БЖТ ХХКнь орон сууцаа хугацаанд нь ашиглалтанд оруулаагүй гэх үндэслэлээр ажил гүйцэтгэх гэрээг цуцлах нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна гэж үзлээ.

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 5/44 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоол, Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 5/323 дугаартай “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоол, Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 5/05 дугаартай прокурорын “Зарим сэжигтэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолын хуулбаруудад БЖТ ХХК-г эрүүгийн хэрэгт татан шалгасан, хэрэг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн баримт бус, нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй хэрэгт ач холбогдолгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг нотлох баримтын хэмжээнд үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно./ХХ-ийн 49-52 дугаар хуудас/

Хариуцагч БЖТ ХХКнь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т зааснаар нэхэмжлэгч Н.А“Байр захиалах гэрээ”-ний хөлс төлөх үүргээ биелүүлээгүй тул  Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо Хүнс трейд гудамж ½ тоотод баригдаж буй 40 айлын орон сууцны 2 дугаар орцны 6 дугаар давхар М-8 тоот хаягт байрлах 44,9 м.кв талбайтай орон сууцыг хүлээлгэн өгөөгүй, Н.Аажлын үр дүнг хүлээн аваагүй болох нь зохичийн тайлбараар тогтоогддог.

Иргэний хуульд зааснаар нэхэмжлэгч хөлсөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй, орон сууцаа хүлээн аваад орон сууцны ажил гүйцэтгэгчийн хариуцлагын талаар гомдлын гаргаагүй байдаг.

Түүнчлэн зохигчид хэн аль нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө ажил гүйцэтгэх гэрээг цуцлахаар шаардлага гаргаагүй, Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 355.3-т ажил гүйцэтгэх гэрээний доголдолтой холбоотой шаардлага гаргаагүй, үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацааг Иргэний хуулийн 225, 226 зааснаар тогтоогоогүй, гэрээг цуцлах талаар мэдэгдэл хүргүүлээгүй болох нь тогтоогддог.

Зохигчид шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд “Байр захиалах гэрээ”-нд зааснаар ажил гүйцэтгэсний хөлсийг Монгол улсын мөнгөн тэмдэгтээр бус, Америкийн нэгдсэн улсын мөнгөн тэмдэгт болох доллараар төлөхөөр харилцан тохиролцсон, долларын ханшийг тухайн үеийн ханшаар болон нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцох эсэх талаар марган, шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө эвлэрэн хэлэлцэх саналын хүрээнд ажлын хөлсний үлдэгдлийн тооцоолол дээр маргасан байдаг. Нэхэмжлэгч нь 13.400 ам.долларыг 2.437 төгрөгөөр үржүүлэн, 55.200 төгрөгийг нэмэн 32.711.000 төгрөг гаргуулахаар, хариуцагч нь 13.430 ам долларыг төлсөн тул 29.100 ам.доллараас хасаж, үлдэх 15.670 ам.долларыг гэрээнд заасан алданги 7.835 доллар, нийт 23.505 ам долларыг 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаагаар 1 ам.долларыг 2.454,37 төгрөгөөр тооцон 57.690.000 төгрөгийг Н.Агаас гаргуулахаар марган, хариуцагч нь алданги болох 7.835 доллараас нэхэмжлэгчийн зөвшөөрсөн хэмжээнээс бууруулах боломжгүй, мөн ам.долларын ханшийн зөрүүн дээр марган эвлэрэн хэлэлцээгүй.

Шүүх зохигчдын хооронд үүссэн ажил гүйцэтгэх гэрээний хөлсний тооцоололтой холбоотой маргааныг зохигчид хэн аль нь гэрээ цуцлах хэмжээний үр дагаварыг хүсээгүй, зөвхөн гэрээгээр гүйцэтгэсэн ажлын хөлсний ханшийн зөрүү тооцооллоор маргасан байдлыг харгалзан зохигчдын хооронд байгуулсан “Байр захиалах гэрээ”-г цуцлах нь үндэслэлгүй байна, зохигчид анхнаасаа хөлсийг ам.доллараар төлөхөөр тохиролцон, ам.доллараар хөлсийг төлж байсан нь тогтоогдож байна.

Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.2-т зааснаар зохигчид мөнгөн төлбөрийн үүргийг гадаадын мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэж болохоор, Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.2-т зааснаар мөнгөний ханш өссөн бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцон төлбөрийг төлөхөөр тус тус заасан байх тул зохигчдын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр “Байр захиалах гэрээ”-г байгуулж, хөлс төлөх болон орон сууц хүлээлгэн өгөх үүрэг үүсэх үеийн ханш болох 1 ам.долларыг 1.717,3 төгрөгөөр тооцон, зохигчид 13.430 ам.доллар төлөгдсөн талаар зохигчид маргаагүй тул 23.011.954/13.430*1.717,3=23.011.954/ төгрөгийг нэхэмжлэгч төлсөн гэж үзэхээр байна.

Зохигчид “Байр захиалах гэрээ”-нд орон сууцны үнийг 49.390.000 төгрөгөөр тооцон гэрээ байгуулсан байх тул захиалагч Н.А26.378.046/49.390.000-23.011.954=26.378.046/ төгрөгийн гэрээний хөлсийг төлөөгүй байна, тиймээс Н.А-гаас 26.378.046 төгрөгийг гаргуулах нь зүйтэй, гэрээгээр тохиролцсон хөлс төлөх үүргээс Н.Ачөлөөлөгдөхгүй юм гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч нь гэрээний 2 дугаар зүйлийн 2.3, 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-т зааснаар захиалагч 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусахаар тохиолцсон, 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш хөлс төлөх үүргээ биелүүлээгүй байх ба хөлс төлөх үүргээ захиалагч биелүүлээгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар хоног тутамд алданги төлөхөөр заасан байдаг.  Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 26.378.046 төгрөгөөс тооцоход хоног тутамд 79.134,1 төгрөгийн алдангийг төлөх үүрэг захиалагчид үүссэн, үүргээ 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор биелүүлэх байсан боловч 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл 1050 хоногоор хэтрүүлэн 83.090.805 төгрөгийн алданги төлөх үүргийг биелүүлээгүй болох нь тогтоогдож байна. Харин ажил гүйцэтгэгч БЖТ ХХК нь 2014 оны 1 дүгээр улиралд багтаан орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр биелүүлсэн болох нь тогтоогддог ба хариуцагч энэ үүргээ 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаа буюу 259 хоногоор хэтрүүлсэн болох нь тогтоогдож байна. Нэхэмжлэгч энэ үед гэрээний үүргээс 9.300 ам доллар буюу 15.970.890 төгрөгийг төлсөн тул энэ хэмжээгээр 0,3 хувийн алдангийг хоног тутамд 47.912,67 төгрөгөөр тооцон 259 хоногийн алданги болох 12.409.381,5 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэг үүссэн байна.

Иймд зохигчид хэн аль нь алданги төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй тул нэхэмжлэгч нь 83.090.805 төгрөгийн алданги төлөөгүй байх тул хариуцагчийн төлөөгүй 12.409.381,5 төгрөгийг хасан гаргуулах үндэслэлтэй хэдий ч алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээгээр 13.189.023/26.378.046:2=13.189.023/ төгрөгийн хэмжээнд тооцон гаргуулах нь зүйтэй байна.

 Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Агийн БЖТ ХХК-д холбогдуулан орон сууц захиалгын гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 32.711.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Н.Агаас гэрээний үүргийн биелэлтэд 39.567.069 төгрөг гаргуулж, хариуцагч “Би Жи Эй транс”ХХК-д олгож, Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо, Хүнс трейд гудамж ½ хаягт байрлах 40 айлын орон сууцны 2 дугаар орцны 6 дугаар давхар М-8 тоот орон сууцыг хүлээн авахыг Н.Ад даалган, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 18.122.931 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 321.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 516.730 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Агаас 425.985 төгрөг гаргуулж хариуцагч БЖТ ХХК-д олгож шийдвэрлэв. 

             

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Агийн БЖТ ХХК-д холбогдох 32.711.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Агаас 39.567.069 төгрөг гаргуулан хариуцагч БЖТ ХХК-д олгон, Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо, Хүнс трейд гудамж ½ хаягт байрлах 40 айлын орон сууцны 2 дугаар орцны 6 дугаар давхрын М-8 тоот орон сууцыг хүлээн авахыг Н.Ад даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардалгыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 18.122.931 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 321.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 516.730 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Агаас 425.985 төгрөг гаргуулан хариуцагч БЖТ ХХК-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт заасан хугацаа буюу 7-21 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.БАЯРМАА