Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 496

 

Н.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Н.Батзориг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2017/02742 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Н.А-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Б Ж Э т” ХХК-д холбогдох

 

Орон сууц захиалгын гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 32 711 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

 

Гэрээний үүргийн биелэлтэд 57 690 000 төгрөг гаргуулах, орон сууцыг хүлээн авахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгчдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.А- нь 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр “Б Ж Э т” ХХК-тай байр захиалах гэрээг байгуулж, Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо Хүнс трейд гудамж ½ тоотод баригдаж буй 40 айлын орон сууцны 2 дугаар орцны 6 дугаар давхар М-8 тоот 44.9 м.кв талбай бүхий орон сууцыг захиалсан. Уг гэрээгээр м.кв талбайн үнэ 1 100 000 төгрөгөөр тооцож, 49 390 000 төгрөг буюу 29 100 ам.доллар бүхий үнийн дүнтэй гэрээ байгуулж, гэрээ байгуулсан өдөр орон сууцны урьдчилгаа төлбөрт 11 900 000 төгрөг буюу 1 ам.долларыг 1 697 төгрөгөөр тооцож 7 000 ам.доллар, 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 2 300 ам.доллар 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 1 300 ам.доллар, 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 1 500 ам.доллар, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 1 300 ам.доллар, 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 55 200 төгрөг, нийт 13 400 ам.доллар буюу 32 711 000 төгрөгийг төлсөн. Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Орон сууц захиалан бариулах гэрээний гол зүйл нь ажлын үр дүн байдаг. Дээр дурдсан хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулаагүй. Иймээс гэрээнд заасны дагуу төлсөн төлбөр 32 711 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Байранд орох шаардлагыг удаа дараа шаардаж байсан ч хүлээж аваагүй байдаг. Иймээс байрны урьдчилгаанд өгсөн мөнгөө буцаан шаардаж байна. 32 711 000 төгрөгийг нэхэмжлэл гаргах үеийн ханш буюу Монгол банкны хамшаар тооцсон. Гэрээний төлбөрийг доллараар төлж байсан болохоор буцаагаад доллараар нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Талуудын хооронд байр захиалах гэрээ байгуулагдсан талаар маргадаггүй. Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, Хүнс трейд гудамж ½ тоотод баригдаж буй 40 айлын орон сууцны 2 дугаар орц, 6 дугаар давхар M-8 тоот хаягт байрлах орон сууцыг 49 390 000 төгрөг буюу 29 100 ам.доллараар тооцож гэрээ байгуулсан. 2014 оны 01 дүгээр сард орон сууцны захиалгын мөнгө 1 100 000 төгрөг байгаагүй. Найз нөхдийн холбоотой байсан учраас 1 100 000 төгрөгөөр захиалсан. Н.А- гэрээнд заасны дагуу үлдэгдэл төлбөрийг 2016 оны 8 дугаар сард төлж барагдуулж орон сууцанд орно гэсэн гэрээний үүргээ биелүүлээгүй. 13 430 ам.долларыг төлсөн талаар маргахгүй. 2018 оны 01 дүгээр сард 8 хувийн зээлд хамрагдана гээд компаниас холбогдох бичиг баримтыг авч явсан. Үүнээс хойш зээлэнд хамрагдаагүй, төлбөр төлөөгүй. Гэрээнд тухайн өдрийн ам.долларын ханшаар төгрөгөөр тооцно гэж заасан. 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 24 хувь буюу 7 000 ам.доллар төлөгдсөн. Гэрээг ам.доллараар тооцож байгуулагдсан. Ажил гүйцэтгэх гэрээний оролцогч үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Н.А-гийн хууль ёсны ашиг сонирхлыг хариуцагч ямар нэгэн байдлаар зөрчөөгүй бөгөөд орон сууцыг 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулсан. Гэвч Н.А- нь гэрээнд заасны дагуу төлбөрөө төлж захиалсан орон сууцаа хүлээн аваагүй. Нэхэмжлэгч нь 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл нийт 13 430 ам.доллар буюу 22 739 000 төгрөгийг төлсөн. 15 670 ам.долларыг гэрээнд заасан алданги 7 835 ам.доллар, нийт 23 505 ам.долларыг 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаагаар 1 ам.долларыг 2 454,37 төгрөгөөр тооцон 57 690 000 төгрөгийг Н.А- төлөх ёстой. Иймд нэхэмжлэгчээс 57 690 000 төгрөгийг гаргуулж, Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо, Хүнс трейд гудамж ½ тоотод байрлаж буй 40 айлын орон сууцны 2 дугаар орцны 6 дугаар давхар М-8 тоот 2 өрөө орон сууцыг хүлээн авахыг Н.А-д даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д заасан үүргээ зөрчсөн. Н.А-гийн зүгээс удаа дараа байраа үзэж, байрандаа ормоор байна, үлдэгдэл төлбөрөө 8 хувийн зээл авч төлөх талаар ярилцах гэхэд оффисоо зааж өгөхгүй байсан. “Б Ж Э т” ХХК нь байраа хугацаандаа захиалагчид хүлээлгэж өгөх үүргээ зөрчсөн бөгөөд Н.А- нь байраа үзэж хүлээж авах талаар удаа дараа хариуцагч компанид мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоосон. Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1-д заасан үүргээ биелүүлээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул байр захиалах гэрээнээс татгалзаж урьдчилгаа төлбөрт өгсөн 32 711 000 төгрөгийг “Б Ж Э т” ХХК-аас гаргуулж нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.А-гийн Б Ж Э т ХХК-д холбогдох 32 711 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.А-гаас 39 567 069 төгрөг гаргуулан хариуцагч Б Ж Э т ХХК-д олгон, Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо, Хүнс трейд гудамж хаягт байрлах 40 айлын орон сууцны 2 дугаар орцны 6 дугаа давхрын М-8 тоот орон сууцыг хүлээн авахыг Н.А-д даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардалгыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 18 122 931 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 321 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 516 730 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.А-гаас 425 985 төгрөг гаргуулан хариуцагч Би ЖиЭй Транс ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 164/ШШ2017/02742 дугаартай шүүхийн шийдвэрийн зарим хэсэг буюу алдангид 13 189 023 төгрөгийг Н.А-гаас гаргуулж “Б Ж Э т” ХХК-д олгохоор шийдвэрлэсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй учир дараах гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Н.А- нь 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Байр захиалах гэрээг “Б Ж Э т” ХХК-тай байгуулсан бөгөөд тус гэрээгээр тохиролцсоны дагуу компани нь Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, Хүнс трейд гудамж 2/1 тоот, 44.9 мкв талбай бүхий орон сууцыг барьж ашиглалтад оруулж захиалагчид хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн ба захиалагч нь гэрээнд тохиролцсон төлбөрийн нөхцлийн дагуу төлбөр төлөх үүргийг хүлээсэн. “Б Ж Э т” ХХК нь Байр захиалах гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1-д зааснаар “Орон сууцны барилгыг 2014 оны 01 дүгээр улиралд батлагдсан зураг төсвийн дагуу барьж захиалагчид хүлээлгэн өгнө. Гүйцэтгэлийн явцаас шалтгаалан дээрх хугацаа нэг сараар урагшилж, хойшилж болно” гэж заасны дагуу энэ үүргээ хугацаанд нь биелүүлээгүй.

Хариуцагч “Б Ж Э т” ХХК нь 2014 оны 01 дүгээр улиралд багтаан орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хугацаа хэтрүүлэн гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Мөн түүнчлэн шүүхээс хариуцагч нь үүргээ 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд буюу 259 хоногоор хэтрүүлсэн болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн байдаг.

Н.А- нь “Б Ж Э т” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа хариуцагч “Б Ж Э т” ХХК нь үүргээ хугацаанд нь биелүүлээгүйтэй холбогдуулан алданги нэхэмжлээгүй, байрны урьдчилгаанд төлсөн төлбөрөө эргүүлэн шаардсан. Гэтэл шүүх шийдвэртээ хариуцагчийн гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэн алдангийг тооцохдоо тухайн үед нэхэмжлэгч гэрээний үүргээс 15 970 890 төгрөгийг төлсөн тул энэ хэмжээгээр 0.3 хувийн алдангийг хоног тутамд 47 912 төгрөгөөр тооцон 259 хоногийн алданги болох 12 409 381 төгрөгийг “Б Ж Э т” ХХК-аас Н.А-д төлөх үүрэг үүссэн гэж хэрэгт ач холбогдолгүй бөгөөд буруу дүгнэлт хийсэн.

Хэдийгээр Н.А- алданги нэхэмжлээгүй ч “Б Ж Э т” ХХК нь 2014 оны 01 дүгээр улиралд багтаан орон сууцыг ашиглалтанд оруулж, хүлээлгэн өгөх үүргийн нийт өртөг нь 49 390 000 төгрөг бөгоод энэ үнээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээгээр буюу 24 695 000 /49 390 000:2=24 695 000/ төгрөгийн нэхэмжлэгчид төлөх үүрэг үүсэх ёстой байсан. Уг үнийн дүнг анхан шатны шүүх буруу тодорхойлсон. Талуудын хэн аль нь гэрээнд заасан үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй учир шүүхээс алданги төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй гэж дүгнэсэн хэрнээ нэхэмжлэгчээс 13 189 023 төгрөгийн алдангийг гаргуулахаар шийдвэрлэсэн үндэслэлгүй юм.

Байр захиалах гэрээний 3 дугаар зүйлийн 3.5-д “Захиалагчаас төлбөрөө төлөөгүй тохиолдолд орон сууцыг барьцаанд байлгаж, гурван сарын хугацаанд байрны төлбөрөө төлөхийг захиалагчаас шаардсан. Энэ шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд орон сууцыг борлуулж, өөрийн хохирлыг арилгах арга хэмжээ авах ба 2.1-д заасны дагуу захиалагчийн төлбөрийг буцаан олгоно” заасан.

Н.А- нь “Б Ж Э т” ХХК-ийн гүйцэтгэх захирал болон удирдлагуудтай үл ойлголцол үүссэн бөгөөд таарамжгүй харилцааны улмаас гэрээ цуцлах талаар утсаар ярилцаж байсан, борлуулалтын менежер н.Мягмархоролтой гэрээ цуцлах, урьдчилгаанд төлсөн төлбөрөө эргүүлэн авах асуудлаар уулзаж байсан хэдий ч “Б Ж Э т” ХХК-ийн зүгээс тодорхой хариу өгөхгүй байсаар байсан тул Н.А- нь 2016 оны 6 сард н.Мягмархоролтой утсаар ярилцсан бөгөөд цаашид төлбөр төлөхгүй, байрыг бусдад худалдан борлуулаад, борлуулсаныхаа дараа урьдчилгаанд төлсөн төлбөр болох 23 011 954 төгрөгийг эргүүлж өгөхийг мэдэгдсэн.

Талуудын хооронд байгуулсан гэрээнд заасны дагуу байрны төлбөр төлөөгүй 3 cap болсон тохиолдолд үлдэгдэл төлбөр төлөхийг шаардаж, байрыг энэ хугацаанд компани өөрийн барьцаанд байлгаж, шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд орон сууцыг бусдад худалдан борлуулж, хохирлоо аргилахаар гэрээнд заасан. Гэтэл компани гэрээнд заагдсан арга хэмжээг аваагүй буюу уг байрыг худалдан борлуулах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй, гэрээнд дурьдсан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй.

Гэрээнд заасны дагуу компани уг байрыг бусдад худалдан борлуулах эрх нь нээлттэй байсан, түүнчлэн энэ эрхээ хэрэгжүүлээгүйн төлөө Н.А- адданги төлөх нь үндэслэлгүй. Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг харгалзан үзэж шийдвэрийн зарим хэсэг буюу алданги 13 189 023 төгрөгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг зөвтгөн өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч Н.А- хариуцагч “Б Ж Э т” ХХК-д холбогдуулан орон сууц захиалгын гэрээг цуцлаж, урьдчилгаа төлбөрт төлсөн 32 711 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний үлдэгдэл төлбөр 57 714 882 төгрөг гаргуулах, орон сууцыг хүлээн авахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээ 57 690 000 төгрөг болгон багасгажээ.

 

Талуудын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Байр захиалах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч нь Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, Хүнс трейд гудамж ½ тоотод баригдаж буй 40 айлын орон сууцны 2 дугаар орцны 6 дугаар давхар М-8 тоот 44.9 м.кв талбай бүхий орон сууцыг 2014 оны 1 дүгээр улиралд багтаан нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч 1 м.кв талбайн үнийг 1 100 000 төгрөгөөр тооцон, нийт 49 390 000 төгрөг буюу 29 100 ам.долларыг 3 сар тутам 2 200 ам.доллараар хэсэгчлэн 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хариуцагчид төлөхөөр тус тус тохиролцсон талаар зохигчид маргаагүй тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна. /хэргийн 6-7 дугаарт тал/

 

Орон сууцны урьдчилгаа төлбөрт 13 430 ам.долларыг нэхэмжлэгч төлсөн талаар талууд маргаагүй, харин гэрээг цуцлах үндэслэлийн талаар маргажээ.

 

Хариуцагч орон сууцыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтанд оруулах үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгч гэрээг цуцлаж, шилжүүлсэн 13 430 ам.доллар буюу 32 711 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардлага гаргасан гэж тайлбарласан ба хариуцагч 2014 оны 1 дүгээр улиралд орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргээ зөрчсөн боловч мөн оны 12 дугаар сарын 15-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгч, үүргийн зөрчлөө арилгасан болох нь 2014/845 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч тухайн үед гэрээг цуцлах талаар шаардлага гаргаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Мөн орон сууцыг ашиглалтанд оруулснаас хойно буюу 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэгч 55 200 төгрөг буюу 30 ам.долларыг орон сууцны төлбөрт тооцон хариуцагчид шилжүүлж байсан нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн гэрээ, тайлбар зэргээр тогтоогдож байх тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв. Учир нь хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн үед нэхэмжлэгч уг үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа өгсөн боловч ямар нэг үр дүн гараагүй гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Иймээс нэхэмжлэгч гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар биет байдлаар хариуцагчаас буцаан шаардах эрхгүй юм. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлтийг шаардаагүй байхад үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний зохицуулалтыг хэрэглэсэн нь буруу болсныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.   

 

Харин нэхэмжлэгч гэрээнээс татгалзах хэмжээний зөрчлийг хариуцагч гаргасан гэж үзэх боломжгүй тул талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр гэж үзэж хариуцагч нь нэхэмжлэгчээс гэрээний үлдэгдэл төлбөрийг, мөн гэрээний үр дүнг хүлээн авахыг шаардах эрхтэй.

 

Зохигчид орон сууцны үнийг 49 390 000 төгрөг буюу 29 100 ам.доллар гэж ажил гүйцэтгэх гэрээгээр тохиролцсонтой холбоотойгоор шүүх гэрээ байгуулах үеийн ам.доллар төгрөгт хөрвөх ханшийн хэмжээгээр тооцон нэхэмжлэгч Н.А-гийн хариуцагч “Б Ж Э т” ХХК-д төлсөн 13 430 ам.доллар буюу 23 011 954 төгрөгийг хасч үлдэгдэл 26 378 046 төгрөгийн төлбөр төлөх үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.  

 

Нэхэмжлэгч нь 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 55 200 төгрөг буюу 30 ам.доллар төлснөөс хойш анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл төлбөр төлөх үүргээ 1050 хоногоор, хэтрүүлсэн гэж шүүх дүгнэж хариуцагчид 83 090 805 төгрөгийн алданги төлөх үүрэг үүссэнээс үлдэгдэл төлбөр 26 378 046 төгрөгт ногдох алдангийн хэмжээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн 50 хувиар тооцон 13 189 023 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2017/02742 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “343 дугаар зүйлийн 343.1” гэснийг “205 дугаар зүйлийн 205.1” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223 895 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Э.ЗОЛЗАЯА

 

                                            ШҮҮГЧИД                              Н.БАТЗОРИГ

 

                                                           С.ЭНХТӨР