Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2017/ШЦТ/159

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

                                                                                  Хэргийн индекс: 166/2017/0170/Э/

 

Дархан Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Э-, 

Шүүгдэгч Ж.Ж.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-т заасан гэмт хэрэгт Ж.Б-т холбогдох эрүүгийн 201709000184 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1975 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эрэгтэй, 42 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Буян зах дээр түүхийн эдийн ченж ажилтай, ам бүл 4, эхнэр, эхнэр 2 хүүхдийн хамт оршин суух улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 205 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жилийн тэнсэн харгалзах ял авч байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Ж.Б-

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Ж.Б- нь “2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт ****ДАХ улсын дугаартай Тоёота Премо маркийн автомашин дотор ховор зэрэглэлийн ангилалд орох Халиун бугын арьсыг тээвэрлэж байгаль орчинд 7.500.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холдогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав Үүнд:

 

Шүүгдэгч Ж.Ж.Б-ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би Дархан-Уул аймгийн 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Буян зах дээр түүхий эдийн ченж хийдэг. Би ихэвчлэн хөнгөн цагаан, зэс, төмөр, хайлш зэрэг эд зүйлс худалдаж авдаг. Түүнийгээ Улаанбаатар хотын Шар хадны эцэст үйл ажиллагаа явуулдаг ********нэртэй ХХК-ны захирал И-- гэж нэртэй найздаа нийлүүлдэг. 2016 оны 12 дугаар сарын сүүлээр байсан санагдаж байна. Яг хэдны өдрийг нь сайн санахгүй байна. Би тухайн өдөр түүхий эдээ Улаанбаатар хотын шар хадны эцэст найз И--ийн хашаан дотор буулгаж байхад түүний хашаан дотор ямар амьтны арьс гэдэг нь мэдэгдэхгүй арьс хэвтэж байхыг нь харж байсан. Би дотроо тухайн арсийг дотроо буга юм уу эсхүл хандгайн арьс байна гэж бодож байсан. Тэгээд би саяхан 2017 оны 02 дугаар сард ажил дээрээ байж байгаад хамт ченж хийдэг хэдэн найз нартайгаа юм ярьж суунгаа Улаанбаатар хотод байдаг манай найзын хашаан дотор буга юм уу эсхүл хандгайн арьс байх шиг байна лээ гэж хэлхэд манай найзууд, тэгвэл тэр арьсаар ширдэг хийвэл гоё болдог гэж хэлсэн. Тэгэхээр нь миний сониуч зан хөдлөөд Улаанбаатар хотод байдаг миний төрсөн дүү А-гийн нөхөр Д-тай утсаар холбогдоод И--ийн хашаан дотор нэг арьс байгаа чи тэр арьсыг байвал очоод аваадах гэж хэлсэн. Тэгээд Д- И--ийн гэрт яваад очиход миний яриад байсан арьс И--ийн хашааны хогны цэг дээр хэвтэж байхаар нь аваад гэртээ авчирчихлаа гэж хэлсэн. Д-ын гэр Улаанбаатар хотын Цайз захын Монел орчимд байдаг юм. Ингээд би 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр И-- дээр очиж түүхий эдээ нийлүүлэх замдаа Д-ын гэрээр орж Дархан буцах замдаа арьсаа аваад машиныхаа хойд талын багаж дотор хийгээд явж байгаад 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Дарханд ирээд цагдаагийн алба хаагч нарт машиныхаа ар талын багажийг шалгуулаад баригдсан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 62/,

“...2016 оны 12 дугаар сарын сүүлээр би Улаанбаатар хотод байдаг найзындаа очтол гадаа хашаан дотор нь арьс байхыг олж харсан. Дараа нь 2017 оны 1 сарын дундуур хүргэн дүү Д-т  тэр айлд очоод хашаанд нь байгаа амьтны арьсыг аваатах гэж хэлээд дүүгээрээ авахуулсан. Тэгээд 2017.02.23-ны өдөр Улаанбаатар хот орохдоо дүүгийнхээсээ  нөгөө арьсаа авч явж байгаад Дарханд ирээд цагдаа нарт баригдсан гэх мэдүүлэг,

 

Хохирогч Б.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Халиун буга нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтанд орсон хөхтөн овгийн ховор зэрэглэлийн ангилалд орох амьтан байгаа юм. Халиун бугын экологи эдийн засгийн үнэлгээг тогтоохдоо Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтанд заасан эр халиун буга нь 6.500.000 төгрөг, эм буга нь 7.500.000 төгрөг гэж заасан байдаг. Ж.Ж.Б- гэж хүний автомашин дотроос хурааж авсан халиун бугын арьсыг шинжлэх ухааны академийн ерөнхий болон биологийн хүрээлэнгийн шинжээч Г.Цогтжаргалын 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №08 дугаартай дүгнэлтэнд “шинжилгээнд хүргүүлсэн 1 ширхэг арьс нь халиун бугын арьс мөн бөгөөд нас бие гүйцсэн эм бодгалийн арьс болно” гэж тогтоогдсон байна. Ж.Ж.Б- гэж хүнээс хурааж авсан халиун бугын арьсны экологи эдийн засгийн үнэлгээг бүтэн халиун эм бугын үнэлгээгээр тогтоож явна. Өөрөөр хэлбэл халиун бугын арьс нь дангаараа 7.500.000 төгрөг болж явна гэсэн үг юм. Шүүх гэм буруутай этгээдээр хохиролыг төлүүлэх шийдвэр гаргавал амьтны тухайн хуулийн 37.2-т зааснаар засгийн газраас тогтоосон амьтны экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно гэж заасан байдаг.” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 27/

 

Гэрч А.Э- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасагт эргүүлийн цагдаа хийдэг. Миний хувьд өдрийн цагаар *****дах улсын дугаартай автомашинаар Дархан сумын 7 дугаар баг нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж явж байхдаа тус багийн нутаг дэвсгэрт явж байсан **** дах улсын дугаартай Тоёота премо маркийн автомашиныг зогсоож тус автомашины багаж хэсгийг шалгахад тус машины багаж дотроос ангийн гэмээр үл мэгдэх амьтны арьс байсан. Тэгээд би тус автомашины жолооч Ж.Б- гэж хүнээс энэ ямар амьтны арьс юм бэ? та үүнийг хаанаас авсан юм бэ? гэж асуухад тэрээр надад Улаанбаатар хотод байдаг И-- гэж нэртэй найзынхаа хашаан дотроос авсан юм гэж хэлсэн. Яг ямар амьтны арьс гэдгийг нь надад хэлээгүй. Ингээд би тухайн иргэнийг цагдаагийн газар дээр авчирч жижүүрийн шуурхай албанд хүлээлгэж өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28/

 

Гэрч Б.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 02 дугаар сард байсан санагдаж байна яг хэдны өдрийг нь сайн санахгүй байна. Намайг нэг өдөр гэртээ байж байхад манай эхнэрийн төрсөн ах Ж.Б- надруу залгаад шар хадны эцэст байдаг И--ийн хашаан дотор нэг арьс байгаа чи түүнийг очоод аваадах би танайд очхоороо авъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд за за гээд хэлж байсан. Ингээд би маргааш өдөр нь гадуур ажилтай явж байгаад замаараа шар хадны эцэс рүү явж Ж.Б- ахын яриад байсан арьсыг нь И--ийн хашаан дотор байдаг хогны цэг дээр нь хэвтэж байхад нь авсан. Гэхдээ би тухайн арьсыг яг ямар амьтаны арьс гэдгийг нь мэдээгүй байсан. Тэгээд би тухайн арьсыг гэртээ авчраад байж байхад хэд хоногийн дараа Б- ах ажлаар ирэхдээ манай гэрт ирж авч байсан юм. Өөр надад мэдэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31/

 

Гэрч Б.И--ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын эхээр би өдрийг санахгүй байна. Манай хаягдал түүхий эд авдаг газарт түүхий эд тушаадаг Б- гэх залуу /би бүтэн нэрийг нь мэдэхгүй/ миний 9911**** дугаарын гар утас руу залгаад би танай түүхий эд авдаг хашааны хогон дээр байсан арьсыг аваад Дарханд ирсэн чинь цагдаад баригдчихлаа, хаанаас олсон арьс юм бэ? гэж асуусан тэгэхээр нь би мэдэхгүй байна ямар учиртай арьс юм бэ гэж асуухад танай ажилтан Батсүх олсон гэж надад хэлсэн юм. Тэгэхээр нь би өөрийн ажилтан Б- юу болсон талаар асуухад Шар хадны 80 дугаар гудамжны үзүүрээс газар хэвтэж байхад нь олсон арьс гэж надад хэлсэн юм.” гэх мэдүүлэг хавтаст хэргийн 33/

 

Гэрч Ө.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын сүүлээр /би өдрийг санахгүй байна/ өглөө 14 цагийн орчим Налайх дүүргээс портер машинаар хоёрдогч түүхий эд буюу хаягдал хайлш хүргэж өгөөд буцаад ажил руугаа ирж явахад шар хадны 6-р гудамжны зүүн урд буланд урд тал нь өнгийн ар тал нь цагаан өнгийн шуудайтай зүйл байхаар нь машинаасаа буугаад шуудайг дэлгээд хархад арьс байсан. Тэгэхээр нь би үхрийн арьс юм байна гэж бодоод машиндаа хийгээд ажил дээрээ ирээд шуудайнаас нь гаргаад хархад үхрийн арьс биш байсан. Тэгэхээр нь би тэр хавьд байсан хүмүүсээс энэ юуны арьс вэ гэж асуухад гахайн арьс байна гэж надад хэлсэн юм. Тэгэхээр нь хэрэггүй юм байна гэж бодоод ажлынхаа хогон дээр хаясан юм. Тэгээд хэд хоногийн дараа Дарханы Б- ах ирээд хогон дээр байсан тэр арьсыг хараад энүүгээр чинь би юм хийнэ ээ гэж хэлээд аваад явсан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34/

 

Шинжлэх ухааны академи, Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн шинжээч Г.Ц- “...Асуулт 1-ийн хариулт: Шинжилгээнд ирүүлсэн 1 ширхэг арьс нь Бугын овгийн Бугын төрөлд хамаарах Халиун бугын /Cervus elaphas Linnaeas, 1758) арьс мөн болно.

Асуулт 2-ийн хариулт: Шинжилгээнд ирүүлсэн 1 ширхэг арьс нь халиун бугын арьс мөн болохыг манай хүрээлэнгийн цуглуулгын санд хадгалагдаж буй халиун бугын арьстай харицуулан үзэхэд арьсны өнгө зүс тохирч байгаа зэргээр тогтоосон болно.

Асуулт 3-ийн хариулт: Шинжилгээнд ирүүлсэн 1 ширхэг арьс нь халиун бугын арьс мөн бөгөөд нас бие гүйцсэн эм бодгалийн арьс болно.

Асуулт 4-ийн хариулт: Халиун буга нь Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7- р тогтоолын 1-дүгээр хавсралтанд ховор зэрэглэлээр бүртгэгдсэн болно.

Асуулт 5-ийн хариулт: Халиун бугын экологи-эдийн засгийн үнэлгээ нь эр бодгаль 6 600 000 төгрөг, эм бодгаль 7 500 000 төгрөг байдаг байна.

Жич: Үнэлгээ гаргахад Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтыг мөн 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн “Амьтны тухай” хууль, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт зэргийг баримталсан болно.” гэх 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 08 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 38-39/,

 

Гэрч Н.О- мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 29/

 

Гэрч Н.С- мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 30/

 

Ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээ тооцсон тухай баримт /хавтаст хэргийн 43/

 

Ховор амьтны жагсаалт /хавтаст хэргийн 45-47/

 

Ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээ /хавтаст хэргийн 49-56/

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 67/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд шүүгдэгч Ж.Ж.Б- нь 2017 оны 02 дугаар сард И-- гэгчийн хашаан доторх хог дээр хэвтэж байсан бусдын гудамжнаас олсон  гэх арьсыг  дүү Б.Д-аар авахуулан машиныхаа хойд талын багаж дотор хийж явсан үйлдлийг ан агнуурын хууль тогтоомжийг зөрчсөн буюу ховор ан амьтаныг зөвшөөрөлгүй агнаж авсан амьтны түүхий эдийг тээвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл хориотой ан агнаж, ашиг хонжоо олох гэсэн шууд санаа, шунахай сэдэлт бүхий гэмт хэргийн субъектив шинжийг хангалттай тогтоогоогүй, эргэлзээ бүхий байна.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан ”Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж зааснаар шүүгдэгч Ж.Б- холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Ж.Ж.Б-ыг цагаатгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248.1.1, 283 дугаар зүйлийн 283.1, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2, 24 дүгээр зүйлийн 24.1.1-т зааснаар Ж.Ж.Б-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-т заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Ж.Ж.Б-ыг цагаатгасугай.

 

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дүгээр зүйлийн 297.6.2-т зааснаар  Ж.Ж.Б-т урьд бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай

 

3.Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт иргэн Б.Батмандахын эзэмшлийн 4 800 000 төгрөгийн үнэ бүхий ****ДАХ улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3-т зааснаар  шүүгдэгч Ж.Ж.Б- нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

  

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дүгээр зүйлийн 298.1.2-т зааснаар Ж.Ж.Б-аас 7.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бугын арьсыг устгахыг тус тус дурдсугай.

 

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар цагаатгах  тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ЭНХЖАРГАЛ