Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2514

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д. Онэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Я.Л-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 36,800,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй, 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б хариуцагч Я.Л, хариуцагчийн өмгөөлөгч Б.О гэрч Ц.А шүүх хуралдааны нарийн  бичгийн дарга Т.Одончимэг нар оролцов.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Бямбадорж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Я.Л 2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 20,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 2 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд 0.3 хувийн алданги төлөхөөр зээлийн гэрээ хийж Д.Мгээс 20,000,000 төгрөг зээлж авсан. Гэвч өнөөдрийг хүртэл  Я.Л нь зээлсэн мөнгөө төлөөгүй ба үндсэн зээл 20,000,000 төгрөг, 6 сарын зээлийн хүү 16,800,000 төгрөг болсон. Иймд гэрээний дагуу төлбөл зохих нийт 36,800,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэл гаргахдаа буруу тооцсон байсан тул нэхэмжлэлээ тодруулж байгаа. Зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 20,000,000 төгрөг, зээлийн гэрээний хугацаанд төлөх ёстой хүүгийн 2,400,000 төгрөг, алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцон 11,200,000 төгрөг нийт 33,600,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж мөнгийг бэлнээр хүлээлгэн өгсөн зарлагын баримт хэрэгт авагдсан байгаа. Хариуцагч өөрөө уг мөнгийг хүлээн авснаа зөвшөөрдөг. Цэвээндоржтой газрын наймаа хийсэн нь үнэн гэхдээ Я.Л Цэвээндоржтой нэхэмжлэгчийн уулзуулж зуучилсан. Гэхдээ хариуцагчид мөнгө, урамшуулал өгнө гэж амлаагүй.

Хариуцагчийн ярьж байгаагаар газар зуучлалын асуудал яригдаж байгаа нь ямар учиртай талаар Д.М асуухад эзэнгүй газар байсныг Я.Л үзүүлье гэхэд нь очиж үзэж Я.Л, С.Цэнд-Аюуштай уулзуулж өгч С.Цэнд-Аюуш, Д.М нар хоорондоо ярьж газрыг 25.000.000 төгрөгөөр авахаар тохирсон гэдгийг надад хэлсэн. Харин зуучлалын талаар бид нарын хооронд тийм зүйл яригдаагүй гэж хэлэхэд нь би харахад настай хүн харагдаж байна. Чи яалт ч үгүй өгчихөөд дараа нь ийм асуудал болгож байгаа юм биш биз дээ гэхэд тийм зүйл байхгүй. Я.Л бид хоёр наймаа хийсний дараа над руу 2-3 удаа утастаж мөнгө зээлүүлээ ч гэж ярьж байсан. Би тухайн үед мөнгөний боломж байхгүй байсан учраас 2014 оны 1 дүгээр сард мөнгөтэй болж та мөнгө авах хэвээрээ юу гэхэд болно гээд Гранд плаза төвийн 1 дүгээр давхарт нотариатад гэрээ байгуулж 20.000.000 төгрөгийг удаахгүй өгөөрэй гэхэд тэгнэ гэж хэлээд авсан. Үүнээс хойш удаа дараа мөнгөө авахыг шаардахад дараа долоо хоног гэж явсаар шүүхэд хандсан. Би Д.Мг хүн хуурч худал зүйл ярих хүн биш гэж итгэж байна.  Зуучлалын гэрээгээр мөнгө өгөхөөр тохирсон бол зуучлалын гэрээний зүйлээр зохицуулагдана. 80.000.000 төгрөгөөр зарах гэж байсан газрын үнийг багасгаж авсан бол Иргэний хууль болон амьдрал дээр урамшууллыг үнийн дүнгийн 10 хувиар тооцож шаардлагатай гэвэл бичгээр тохиролцоно гэж зохицуулсан. Гэтэл зуучлалын гэрээний дагуу ямар ч гэрээ байхгүй Д.М өөрөө гэрээ байхгүй гэдэг. Зээлийн гэрээний дагуу 33.600.000 төгрөгийг Я.Лгаас гаргуулж өгнө үү гэв.

 

     Хариуцагч Я.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.М гэж хүнийг таньдаггүй байсан. Гэтэл нэг өдөр хөрш Х.Цэвээндорж манай гэрт Д.Мг дагуулж ирж надтай танилцуулж, энэ хүнд газар хэрэгтэй байна гэж хүсэлт тавьсан. Би хариуд нь надад зарах газар байхгүй. Манай нэг найз Оросын консулд ажиллаж байсан. Хөрөнгө оруулалтаа олж ирсэн би газраа олоогүй тэвдэж явна. Та надад тусалж газар олж өгөө ч би хүнд байдалд орж байна энд хашаа нь унасан газар байна хэний газар вэ энэ газрыг би авъя гэхэд нь би, миний таньдаг хүний газар гэж хэлсэн. Тэгвэл та тэр хүнтэйгээ уулзуулаад өгөөч гэсэн хүсэлт тавьж удаа дараа надаас гуйсан. Ингээд би уулзаж өгөхөөр болсон боловч сарын хугацаа өнгөрсөн, уулзаж чадаагүй байж байтал Д.М Завхан аймаг руу явлаа намайг яваад ирэх хүртэл та нөгөө хүнтэйгээ тохирсон байгаараа гэсэн. 2014 оны 9 дүгээр сарын үед би ажил болгон хөөцөлдөж хот руу ирэн С.Цэнд-Аюуштай уулзаж манай нутгийн дүүд тус болооч 20 га газраа зарчих, зарахад чамд алдагдал байхгүй, би чамд уг газрыг шилжүүлэхдээ 10 хэдэн жил ашиглаж газрын төлбөр төлсөн төлбөрөө ч чамаас аваагүйгээр чамд шилжүүлсэн гэхэд С.Цэнд-Аюуш  80,000,000 төгрөгөөр газраа зарахаар хүнтэй ярьсан. Тэр хүн хөрөнгө оруулалт орж ирнэ тэгэхээр би газраа шилжүүлнэ гэсэн. Тэгэхэд нь би чиний хэлж байгаа 80,000,000 төгрөг бүтэхгүй болбол чи яах вэ, тэрний оронд бэлэн 25.000.000 төгрөгөөр зарчих гэж хэлэхэд С.Цэнд-Аюуш 25.000.000 төгрөгөөр зарах талаар миний хүсэлтийг хүлээж авсан. Ингээд би Д.Мд С.Цэнд-Аюуш 80.000.000 төгрөгөөр зарах гэж байсан газрыг 25.000.000 төгрөгөөр авахаар болж ярьж өглөө чи авах юм уу, хүний ажилд битгий саад болоорой гэж хэлэхэд 80.000.000 төгрөгийн үнэтэй газрыг 25.000.000 төгрөг болгоно гэдэг гайхалтай, та надад тус болж зуучллаа, зуучлалын хөлсийг чинь би өгнө та хурдан хугацаанд уулзуулаад өг гэсэн учраас 2 хоногийн дараа С.Цэнд-Аюуш, Д.М хоёрыг уулзуулж тэд хоорондоо тохиролцож нотариат дээр орж гэрээгээ байгуулж газрын албан дээр очиж газраа шилжүүлсэн. Тэр үед мөнгөө аваагүй байж би газраа шилжүүлчихлээ гэсэн. Үүнээс 2 хоногийн дараа С.Цэнд-Аюуш над руу яриад нөгөө залуу ярихгүй байна гэж хэлсэн. Би Д.Мтэй ярихад өнөөдөр маргаашгүй өгнө санаа зоволтгүй гээд 3 хоногийн дараа 25.000.000 төгрөгийг С.Цэнд-Аюушд өгсөн. Одоо нутгийн ахдаа 20.000.000 төгрөг өгнө гэсэн. Үүнээс хойш Д.М надтай холбоо бариагүй би утас руу нь залгахад утсаа авахгүй байсан. 2014 он гарсны дараа Д.М нэг өдөр над руу ярьж та хүрээд ир би танд зуучлалын мөнгийг өгье гэсэн. Би хот руу ирсэн Д.М надад 20,0 сая төгрөг өгсөн мөнгө өгөхдөө надаар баримтанд гарын үсэг зуруулсан. Ингэхэд нь би надад мөнгө зээлэх шаардлага байхгүй амьдралаа болгож байгаа гэхэд хар буруу санах хэрэггүй шүү би эхнэр хүүхдэдээ үзүүлэх гэхэд нь итгэж гарын үсэг зурсан. Түүнээс биш надад мөнгө зээлүүлж байна гэж хэлж өгөөгүй. Миний өөрт нь тусалж итгэж, цаг хугацаа зарцуулсан сайхан сэтгэлээр тоглосон гэж ойлгож байна. Одоо уг газар Сангийн яамны сайд байсан н.Чойжилсүрэнгийн нэр дээр боловсруулах үйлдвэр баригдсан. Д.М уг газрыг цааш нь хэдэн удаа хэн хэнд зарсныг мэдэхгүй. Гэхдээ энэ хүн 20 га газраас надаас нэхэмжилж байгаа мөнгөө хэд нугалж авсан гэдгийг мэдэж байна. Харин надаас ямар учраас 20.000.000 төгрөг гэж нэхэж байгаа учрыг олохгүй байна. Хэрэв Д.М газар авмаар байна ярьж хэлээд өг гэж гуйгаагүй бол би газартай холбоотой асуудалд орохгүй. Нэг биш олон удаа газар олж өг гэж гуйсан учраас итгэж газар авах шаардлагатай хүнд байдалд байна гэж ойлгосон учраас нэг нутгийн хүмүүс гэдэг утгаар нь газрыг нь бүтээгээд өгье гэж бодсон. Өөрөө газар олж өг гэж гүйчихээд эцэст нь зээл, зээлийн хүү гэж 33.600.000 төгрөг нэхэмжилж байгаа нь хүн чанаргүй байна. Би хүнлэг чанар гаргасан ийм асуудал гаргана гэж санаагүй итгэж явсан. 20.000.000 төгрөг өгнө гэж хэлээд өгч байгаа нь хэлсэн амандаа хүрч байна баярлалаа гэж хэлээд 20.000.000 төгрөгийг нь хүлээж авсан. Харин тухайн үед надад 20,000,000 төгрөг өгч дараа нь надад үнэн учраас хэлж 10,000,000 төгрөгийг нь ч гэсэн буцааж авъя гэж хэлсэн бол би ойлгож өөрөөр хүлээж авч өнөөдөр би шүүх дээр зогсохгүй байх байсан. Надад өмнө нь зээлсэн мөнгөө төл гэж нэг ч удаа хэлж байгаагүй, гэнэт л шүүхэд дуудахаар нь мэдсэн. Нэг ч удаа ярьж хэлж байгаагүй. Мягмарсүрэн анхнаасаа би мөнгөний боломжгүй байна, танд урамшуулалт өгсөн мөнгөөсөө талыг нь ч хамаагүй өгөөч гэсэн ол би өөрөөр хандаж, ярилцаж болох байсан. Харин зээлсэн гээд мөнгө нэхэж байгаа учир би зөвшөөрөхгүй байна.  Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагч Я.Л шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон тайлбартаа: Я.Л өөрийн Өгөөш хайрхан ХХК-ийн нэрээр 1993 онд Бартезаны САА улсын үйлдвэрийн газар Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Рашаантын өргөөний баруун талд 2000 метр квадрат 20 га газрыг эзэмшдэг байсан. Газрын албаны ажилтан н.Уранчимэг газраа ашигласангүй гэж С.Цэнд-Аюушийн нэр дээр шилжүүлсэн гэж ярьдаг. С.Цэнд-Аюуш Азийн заан ХХК-ийн нэр дээр шилжүүлж байсан. Тухайн үед арван долоо, арван найман жил мөнгөө авахгүйгээр С.Цэнд-Аюушын нэр дээр шилжүүлж байсан гэж хэлдэг. Д.М 2013 онд надтай танилцаж газар худалдаж авахаар ярихад нь С.Цэнд-Аюушыг ятгаж байгаад 80.000.000 төгрөгөөр зарна гэсэн газрыг нь 25.000.000 төгрөгөөр авч Д.Мгийн нэр дээр шилжүүлж газрыг хямд авахад тус болсон гэж  газар шилжсэнээс хойш 3 сарын дараа  20,000,000 төгрөгийг газрыг эрхийг худалдсаны ашиг гэж өгсөн. Хагас сарын дараа Мягмарсүрэн надтай уулзаж эхнэртээ үзүүлнэ зээлийн гэрээ хийчихье гэхэд нь нотариат орж гарын үсэг зурсан. Би Мягмарсүрэнгээс мөнгө зээлээгүй, зээлийн гэрээ бодит биш тул хууль зөрчиж хийгдсэн 2014 оны  1 дүгээр сарын 28-ны өдрийн Д.М бид хоёрын хооронд байгуулсан зээлийн гэрээ Иргэний хуулийн 56 дугар зүйлийн 56.1.1-т заасан заалтыг зөрчиж хийгдсэн. Иргэний хуулийн 55 дугаар зүйлд заасантай нэгэн адил хэлцэл учраас Иргэний хуулийн 56 дугар зүйлийн 56.1.1, мөн хуулийн 281, 282 дугаар зүйлд заасныг зөрчиж хийсэн. Мөн хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-т заасны дагуу дүр үзүүлж хийсэн тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Бямбадорж сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Гэрч С.Цэнд-Аюушын тайлбар болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн тайлбар мөн Иргэний хуульд заасан заалтыг дүгнэж хэлэхэд иргэд хоорондын гэрээ халхавчилж, хуурч мэхэлж хийгдсэн бол хүчин төгөлдөр бусд тооцно гэж хуульд заасан. Эхнэртээ үзүүлэх гэж гэрээ хийсэн гэж тайлбарлаж байна. Хэрэв тэгж хийсэн бол халхавчилж дүр үзүүлж хийсэн гэж үзэх үү гэдэг асуудал яригдана. Зээлийн гэрээг халхавчилж хийсэн бол ямар зээлийг халхавчилж хийсэн нь шүүхийн өмнө нотлогдохгүй байна. Зуучлал гэж үзэх бол тухай үед газар 80,000,000 төгрөг хүрэх үү, С.Цэнд-Аюушд 20,000,000 төгрөгөөр зарж Д.Мд 25.000.000 төгрөгөөр зарсан. 80,000,000 төгрөгөөр үнэлсэн гэж байгаа боловч нотолсон баримт хэрэгт байхгүй. Зээлийн гэрээ хийгдээгүй гэж тайлбарласан ч сөрөг нэхэмжлэл дээр гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэж байгаа нь нэг бол зээлийн гэрээг зөвшөөрч байгаа мэт тайлбар хэлж байна. Хэрэв хүчин төгөлдөр бусд тооцох бол гэрээгээр өгч авсан зүйлээ буцааж өгөх тухай асуудал яригдана. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

Тус шүүхэд нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Я.Лд холбогдуулан 36,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч Я.Л нь нэхэмжлэгч Д.Мд холбогдуулан 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

 

Нэхэмжлэгч Д.М нь “...2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Зээлийн гэрээ хүчин төгөлдөр, гэрээнд заасны дагуу үндсэн зээл 20,000,000 төгрөг, 6 сарын хүү 2,400,000 төгрөг, алданги 11,200,000 төгрөг буюу нийт 33,800,000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй, ...газар худалдаж авах нь авсан боловч урамшуулалд 20,000,000 төгрөг өгнө гэж ярьж тохироогүй...” гэж, хариуцагч бидний хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй, ...зээлийн гэрээний дагуу мөнгө өгч авалцаагүй, , ... хямд газар олж өгсний урамшуулал болгож 20,000,000 төгрөгийг надад өгсөн,  дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтуудыг тогтоогдож байна гэж үзлээ. Талууд 2014 оны 01 дүгээр  сарын 28-ны өдөр Зээлийн гэрээ байгуулсан ба уг гэрээгээр Я.Л нь 20,000,000 төгрөгийг Д.Мгээс 6 сарын хугацаатай 2 хувийн хүүтэй зээлэх, хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар алданги тооцон төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээгээр тогтоогдож байх ба талууд 20,000,000 төгрөгийг өгсөн авсан дээрээ маргахгүй байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

 

Хариуцагч Я.Л нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “...зээлийн гэрээгээр мөнгө аваагүй, Д.Мд хямд үнээр газар худалдаж авахад зуучилж өгсний урамшуулалд 20,000,000 төгрөгийг бэлнээр авсан, энэ мөнгийн төлөхгүй, учир нь зээлийн гэрээг гэрийхэндээ үзүүлнэ гэж намайг хуурч гарын үсэг зуруулсан, дүр үзүүлэн хийсэн гэрээ юм гэж” сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган мэтгэлцэж байгаа боловч уг тайлбараа нотолсон ямар нэгэн бичгийн баримтыг хэрэгт ирүүлээгүй, уг тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийн тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Талуудын  хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр дууссан байна. Нэхэмжлэгчийн хувьд энэ үеэс эхлэн гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа үйлчилж эхлэх ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар уг шаардлагыг гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна.

 

   Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж заасан ба нэхэмжлэгч 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс хойш 3 жилийн дотор гэрээний үүргээ шаардсан шаардлагыг гаргасан байхыг шаарддаг.

 

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана.” гэж заасан ба нэхэмжлэгч нь шаардах эрх үүссэнээс хойш 3 жилийн хугацаанд нэхэмжлэл гаргаагүй, хариуцагч зээлийн төлбөр төлж, баталгаа гаргаж байгаагүй, хариуцагч Я.Лд зээлээ төлөх талаар мэдэгдэж, шаардаж байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримт болон гэрч нарын мэдүүлгээр тогтоогдохгүй байх тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдаагүй гэж үзлээ.  

 

            Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэж заасан ба нэхэмжлэгч нь хуулинд заасан 3 жилийн хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх тул талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг шаардах эрхээ алдсан гэж үзнэ.

 

Иймд дээрх үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Я.Лгаас 36,800,000 төгрөг гаргуулахыг хүссэн Д.Мгийн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Я.Лгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 341,950 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэглийн хураамжид төлсөн 337,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ                                Ч.НЯМСҮРЭН