Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2018/00347

 

Д.М-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын  13-ны өдрийн 184/ШШ2017/02514 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.М-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Я.Л-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 36 800 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй, 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.М-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Бямбадорж, хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.М-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Бямбадоржийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Я.Л- нь 2014 оны 1  сарын 28-ны өдөр 20 000 000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд 0,3 хувийн алданги төлөхөөр тохирч авсан. Зээл 20 000 000 төгрөг, хүү 2 400 000 төгрөг, алданги 11 200 000 төгрөг, нийт 33 600 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Анх шүүхэд 36 800 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч 33 600 000 төгрөг болгон багасгаж өөрчилж байна. Мөнгийг хүлээлгэн өгсөн зарлагын баримт хэрэгт авагдсан.  Хариуцагч өөрөө уг мөнгийг авснаа зөвшөөрдөг.

Цэнд-Аюуштай газрын наймаа хийхэд Я.Л- нь нэхэмжлэгчийг уулзуулж зуучилсан. Гэхдээ хариуцагчид зуучлалын хөлс, урамшуулал өгнө гэж амлаагүй. Иймд зээлийн гэрээний үүрэгт  33 600 000 төгрөгийг Я.Л-гаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Я.Л-гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгчийн хүсэлтээр 2014 оны 9 дүгээр сарын үед С.Цэнд-Аюуштай уулзаж 20 га газрыг худалдах худалдан авахад зуучилсан. С.Цэнд-Аюуш  80 000 000 төгрөгөөр газраа зарах гэж байхад нь  бэлэн 25 000 000 төгрөгөөр нэхэмжлэгчид заруулахаар зуучилсан. С.Цэнд-Аюуш, Д.М- хоёрыг уулзуулж тэд хоорондоо тохиролцож нотариат дээр орж гэрээгээ байгуулж газрын албан дээр очиж газраа шилжүүлсэн. Зуучлалын хөлсөнд 20 000 000 төгрөгийг  өгнө гэсэн. Үүнээс хойш Д.М- холбоо барихгүй байж байгаад 2014 онд 20 000 000 төгрөг өгч, баримтанд гарын үсэг зуруулсан. Зуучлалын хөлс гэж өгснөөс бус мөнгө зээлдүүлж байна гэж хэлээгүй. Эцэст нь зээл, хүү гэж 33 600 000 төгрөг нэхэмжилж байгааг  зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Я.Л-гийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон тайлбарт:  Д.М- нь 2013 онд надтай танилцаж газар худалдаж авахаар ярихад нь С.Цэнд-Аюушийг ятгаж байгаад 80 000 000 төгрөгөөр зарна гэсэн газрыг нь 25 000 000 төгрөгөөр авч Д.М-гийн нэр дээр шилжүүлж газрыг хямд авахад тус болсон гэж газар шилжсэнээс хойш 3 сарын дараа 20 000 000 төгрөгийг газрын эрхийг худалдсаны ашиг гэж өгсөн. Хагас сарын дараа Мягмарсүрэн надтай уулзаж эхнэртээ үзүүлнэ зээлийн гэрээ хийчихье гэхэд нь нотариат орж гарын үсэг зурсан. Мягмарсүрэнгээс мөнгө зээлээгүй, уг гэрээ нь хууль зөрчиж хийгдсэн тул 2014 оны  01 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээ Иргэний хуулийн 56 дугар зүйлийн 56.1.1-т заасан заалтыг зөрчиж, дүр үзүүлж хийсэн тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Бямбадоржоос сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: Зээлийн гэрээг халхавчилж хийсэн бол ямар зээлийг халхавчилж хийсэн нь шүүхийн өмнө нотлогдохгүй байна. Зуучлал гэж үзэх бол тухай үед газар 80 000 000 төгрөг хүрэх үү, Газрыг 80 000 000 төгрөгөөр үнэлсэн гэж байгаа боловч нотолсон баримт хэрэгт байхгүй. Зээлийн гэрээ хийгдээгүй гэж тайлбарласан ч сөрөг нэхэмжлэл дээр гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэж байгаа нь нэг бол зээлийн гэрээг зөвшөөрч байгаа мэт тайлбар. Хэрэв хүчин төгөлдөр бусд тооцох бол гэрээгээр өгч авсан зүйлээ буцааж өгөх тухай асуудал яригдана. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Я.Л-гаас 36 800 000 төгрөг гаргуулах Д.М-гийн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Я.Л-гийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 341 950 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэглийн хураамжид төлсөн 337 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Д.М- давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 20 сая төгрөгийг Я.Л-д өгч, зээлийн гэрээгээ нотариатаар батлуулсан. Я.Л-г зээлийн хүүгээ төлөхийг шаардахад зээлээ төлөхдөө нэг мөсөн төлнө гэдэг байсан бөгөөд гэрээний хугацаа дуусахад зээлийн төлбөрөө төлөхийг шаардахад чи санаа зоволтгүй ургац, тариалалтаа хураахаар төлнө, мөн хүнээс мөнгө авах гэж байгаа мөнгөө авахаар өгнө, шүүх цагдаад хандах шаардлагагүй гэж хуурч ирсэн. Ингээд 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргаж улмаар зээлийн төлбөр төлөхгүйн тулд хариуцагч Я.Л- нь шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байсан. Хөөн хзлэлцэх хугацаа 3 жил өнгөрсөн гэсэн дүгнэлтийг  зөвшөөрөхгүй. Шүүх хуралдаан дээр шүүгч “...Мягмарсүрэн мөнгөө нэхэж байсан yy” гэж Я.Л-гаас асуухад нэг удаа мөнгөө авмаар байна гээд утсаар ярихад нь өгч чадахгүй гэж хэлсэнгэж хариулсан. Энэ нь гэрээний хугацаанд шаардаж байсныг нотлох, шаардах эрх тасалдсан, хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүйг нотлох юм. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ. 

 

Нэхэмжлэгч Д.М- нь хариуцагч Я.Л-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 36 800 000 төгрөг гаргуулахаар шаардаж, улмаар нэхэмжлэлийн шаардлагаа 33 600 000 төгрөг болгон багасгаж өөрчилснийг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гарган маргасан байна.  

 

Зохигчид 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 20 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 2 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар алданги тооцохоор тохиролцон бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. /хх-ийн 3/

 

Талуудын гэрээний хугацаа 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр дуусч, зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч Д.М-д гэрээний үүргийг шаардах эрх мөн өдрөөс үүссэн ба  2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 3 жилийн хугацаа дууссан байна. Гэтэл нэхэмжлэгч нь 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасантай нийцэхгүй юм. 

Нэхэмжлэгч нь дээрх хугацаанд гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно.

 

Түүнчлэн хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан болон хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаарх баримтыг шүүхэд гаргаагүй байх тул гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 184/ШШ2017/02514 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.М-гийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 341 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

                              

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ИЧИНХОРЛОО

                               ШҮҮГЧИД                                                      А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                     Ш.ОЮУНХАНД