| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 185/2018/0857/Э |
| Дугаар | 226 |
| Огноо | 2019-03-14 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 17.2.3.2., |
| Улсын яллагч | Б.Уранцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 226
Б.Г-, О.Н- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
прокурор П.Ганбаатар,
шүүгдэгч О.Н-, түүний өмгөөлөгч Д.М-,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 881 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Н-, түүний өмгөөлөгч Д.М- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Г-, О.Н- нарт холбогдох эрүүгийн 180901000117 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Боржигон овгийн Б.Г, 19.. оны 5 дугаар сарын 2-ны өдөр ...... аймгийн ....... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ........ дүүргийн .. дүгээр хороо, ...... дүгээр гудамжны ...... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .............../;
2. Цагаан дугар овгийн О.Н., 19.. оны ..дугаар сарын ..-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт .......... дүүргийн .... дугаар хороо, .......... гудамж, ......... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .........../;
О.Н- нь Б.Н-тай бүлэглэн 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 19/а байрны 4 дүгээр давхарт Хятад улсын иргэн СШЧ--д хүч хэрэглэн, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, 6.000.000 төгрөг, 951.600 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг дээрэмдэж авсан гэх гэмт хэрэгт гүйцэтгэгчээр,
Б.Г- нь О.Н-, Б.Н нарын 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 19/а байрны 4 дүгээр давхарт Хятад улсын иргэн СШЧ-д хүч хэрэглэн, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж 6.000.000 төгрөг, 951.600 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг дээрэмдэж авсан гэмт хэргийг санаачилж, удирдан төлөвлөж, гэмт хэрэг хамтран үйлдэгчийн үүрэг оролцоог хуваарилан, зохион байгуулагчаар оролцсон гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: О.Н-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Б.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О.Н-г бүлэглэн зэвсэг хэрэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, авахаар довтолсон, бүлэглэн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Б.Г-ийг бүлэглэн зэвсэг хэрэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, авахаар довтолсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч О.Н-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 3 жил 4 сар хорих, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Б.Г-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалт, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дахь хэсэгт зааснаар О.Н-д оногдуулсан 3 жил 4 сарын хорих ял дээр 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож, 1 сарын хорих ялыг нэмж, биечлэн эдлэх ялыг 3 жил 5 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Н-, Б.Г- нарын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Н-, Б.Г- нар нь тус бүр 2 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн лууны дүрстэй бөгжийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулхаар Шүүхийн тамгын газарт хүргүүлж, CD-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж, О.Н-, Б.Г- нарыг цагдан хорьж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч О.Н-гийн өмгөөлөгч Д.М- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт нотлох баримтыг шинжлэн судалсныг харахад эд мөрийн баримтаар СD, лууны хээтэй бөгж байх боловч хутга бусад зүйлс хураагдаж ирээгүй байна.
О.Н-, Б.Н нар нь хохирогчийн хоолойд хутга тулгасан болхоо мөрдөн шалгалтын явцад яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө мэдүүлсэн гэсэн байна. Гэтэл 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд О.Н- улсын яллагчийн асуултад “Би Н-т хутга байсныг харж амжаагүй. Мөрдөгч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэх юм бол та нарт хэрэгтэй, хутга байсан гэж хэлснээр ямар нэг өөрчлөгдөх зүйл байхгүй гэж хэлсэн, би тухайн үед айж сандарч байсан болохоор тийм мэдүүлэг өгсөн. Би тухайн үед сандраад тэгж мэдүүлсэн, хутгыг анхнаасаа хараагүй” гэж хариулсан байдаг. Л.М өмгөөлөгч “та нар зэвсгийн чанартай зүйл хэрэглэх талаар хоорондоо ярилцсан уу” гэж асуухад “тэр талаар мэдэхгүй байна, надтай уулзах уу гэхэд уулзсан би хараагүй” гэж хэлсэн. Шүүх хуралдааны тэмдэглэлийн 3 дугаар хуудаст “2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр гэртээ байж байхад Г над руу залгасан. Хохирогчийг Н татахад тэр 2 шатаар уруудсан. Наранбаатар намайг хохирогчийн цүнхийг аваач гэж дуудсан. Би хохирогчийн цүнхийг аваад зугтаасан. Л.М өмгөөлөгчийн асуултад Б.Г- “манай гэрийн хутга бүгд байсан, гэрээс ямар нэг хутга алга болоогүй”. Өмгөөлөгч “та тухайн хутгыг харсан уу” гэж асуухад “мэдэхгүй” гэж хариулсан. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Б.Г-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт “Н манайхаас хутга авч гараагүй, хутга хэрэглэсэн талаар би мэдээгүй” гэж хэлдэг. 1 дүгээр хавтас хэргийн 47-48 дугаар хуудаст хохирогч СШЧ-гийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний мэдүүлэгт “таныг лифтнээс гараад ирэхэд хоолойд тань хутга тулгасан, ямар хэмжээтэй хутга байсан бэ” гэхэд “намайг лифтнээс гараад ирэхэд үүдэнд 2 залуу зогсож шууд зуураад цүнхийг булаах гэж оролдсон, тэгээд цааш зугтаагаад эргэх үедээ баригдаад хүзүүнд нэг хатуу зүйл тулгаад дээш...тэгээд 1 нь миний барьж байсан цүнхийг мулталж аваад шатаар гүйхэд нөгөө хүзүүнд юм тулгаж байсан залуу гүйхээр нь араас нь би гүйсэн. Яг ямар хэмжээтэй, ямархуу зүйл байсныг харж чадаагүй...” гэж мэдүүлдэг. Хохирогчийн мэдүүлгээс харахад 1 хатуу зүйл байсан, хутга гэдгийг мэдээгүй гэсэн байдаг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй”, 8.3 дахь хэсэгт “яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг дангаараа шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” талаар тус тус хуульчилсан байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, хэн үйлдсэн” талаар нотолж чадаагүй. Мөн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн зааснаар мөрдөгч гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй гэсэн заалтыг зөрчиж мөрдөгч хутга байсан гэж хэлснээр ямар ч зүйл өөрчлөгдөхгүй гэж хэлсэн нь энэ заалтыг зөрчсөн болох нь харагдаж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар бусад нотлох баримтаас харахад О.Н- хутга хэрэглэсэн, хүзүүнд нь гэмтэл учруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан байдаг.
1 дүгээр хавтас хэргийн 122-1223 дугаар хуудаст О.Н-гийн 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн яллагдагчаар байцаасан тэмдэглэлд “Н-ын хутга тулгасныг хараагүй, эхнэр Г 1.500.000 төгрөгийн цалин авдаг. Би өөрөө хажуугаар нь тоног төхөөрөмж засаж сэлбэж зараад мөнгө олдог учраас бид гурван биедээ болсон орлоготой” гэж мэдүүлсэн байдаг. О.Н- нь Хүнсний технологийн коллежийн механикийн ангид элсэн орж хүнд машин механизмийн мэргэжлээр төгссөн. Эхнэр Г нь дээд боловсролтой, хоолны технологич мэргэжилтэй. “Red bull” ресторанд ахлах тогоочоор ажилладаг. 1 ой 10 сартай хүүхэдтэй залуу гэр бүл юм.
Иймд О.Н-гийн цүнхийг авсан үйлдлийг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан ялыг багасгах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэл хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж өгнө үү.
О.Н-гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үйлдлүүдийг тус тус хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
Шүүгдэгч О.Н- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ харамсан болсон үйл явдлыг эхнээсээ үнэн зөвөөр мэдүүлж байсан. Хохирогчид учруулсан 6.000.000 төгрөгийг бүрэн барагдуулсан болно. Миний бие зэвсэг болон зэвсгийн чанартай зүйл ашиглаагүй бас бэлдэж авчраагүй. Тухайн гэмт хэрэг болоход ашиглагдсан гэх хутгыг огт мэдээгүй. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зөвтгөн өөрчилж, хувийн байдлыг минь харгалзан үзэж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй... гэв.
Прокурор П.Ганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхдээ хутгыг зэвсгийн чанартай хэрэглэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн. Хохирогчийн мэдүүлэгт “хутга хоолойд тулгаад цүнхтэй эд зүйлийг аваад явсан” гэж мэдүүлдэг. Үүнээс үндэслэн зүсэгдсэн гэмтлүүдэд шинжээчийн дүгнэлт гаргуулахад “үзүүртэй зүйлийн улмаас зүсэгдсэн” гэх дүгнэлт гарсан. Мөн сэжигтний мэдүүлэгт “дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхдээ хутга хоолойд нь тулгаж гэмт хэрэг үйлдсэн” гэж мэдүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс хоолойд нь үүссэн гэмтлийн тухайд хутга тулгаагүй, зүүж явсан бөгжний үйлчлэлээр үүсэн боломжтой гэж үзэж байна. Энэ ажиллагаатай холбогдуулан дүгнэлт гаргасан шинжээч эмчээс мэдүүлэг авахад “бөгжний үйлчлэлээр үүсэх боломжгүй” гэж хэлсэн. Хохирогчоос дахин мэдүүлэг авахад “хоолойд хутга тулгасан” гэж мэдүүлсэн. Иймд хутгыг зэвсгийн чанартай хэрэглэсэн байна гэж үзсэн. Хөнгөн гэмтэл учруулсан асуудалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татсан. Өнөөдрийн байдлаар хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа учраас шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн шүүгдэгч О.Н-д холбогдох хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулсан шийдвэрийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах саналтай байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч Б.Г-, О.Н- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 881 дугаартай шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй болж чадаагүй байна.
Учир нь, хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь гэм буруугийн асуудлаар буюу хутга хэрэглээгүй хэмээн мэтгэлцэж, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөөгүй байхад анхан шатны шүүх шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэж, хорих ялыг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрөх тухай хууль зүйн ойлголтод гэмт хэрэг гарсан байдал, хэргийн зүйлчлэл, учруулсан хохирол хор уршгийн талаар маргаангүй болсон нөхцөл байдал хамаарна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө” гэж, мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” бол Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр заажээ.
Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 881 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Г-, О.Н- нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
Шийтгэх тогтоолыг дээрх үндэслэлээр хүчингүй болгосонтой холбогдуулан “хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, тэнсэх” тухай шүүгдэгч О.Н-, түүний өмгөөлөгч Д.М- нарын давж заалдсан гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 881 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Г-, О.Н- нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл Б.Г-, О.Н- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Б.ЗОРИГ