Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашравдангийн Халиуна |
Хэргийн индекс | 128/2020/0490/З/Н |
Дугаар | 625 |
Огноо | 2020-09-18 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 625
2020 оны 09 сарын 18 өдөр Дугаар 128/ШШ2020/0625 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар:
Дүгнэлт гаргагч: Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.М,
Хариуцагч: Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Ө.З,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: “И” ХХК,
Прокурорын дүгнэлт: “Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагчийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 0******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа дахин хийлгэхийг даалгуулах”,
Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: “Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагчийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 0******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай прокурорын дүгнэлт, бие даасан шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.М, хариуцагч Ө.З, гуравдагч этгээд “И” ХХК-ийн төлөөлөгч Ш.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.М шүүхэд ирүүлсэн дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Ө.З нь “И” ХХК-ийг 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Гаалийн тухай хууль зөрчиж 2016 онд 38.672.185 төгрөг, 2017 онд 110.363.973 төгрөг, 2018 онд 54.244.821 төгрөг, нийт 203.280.980 төгрөгийн барааны үнийг гаалийн байгууллагад дутуу мэдүүлсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар 31.508.552 төгрөгийн татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлсэн татварын дүнгийн 30 хувь буюу 9.452.566 төгрөгөөр торгож, хялбаршуулсан журмаар шийдвэрлэн шийтгэл оногдуулсан материалыг хянахад дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
Эрх бүхий албан тушаалтан Ө.З нь “И" ХХК-ийг Гаалийн тухай хууль зөрчиж, 2016 онд 38.672.185 төгрөг, 2017 онд 110.363.973 төгрөг, 2018 онд 54 244.821 төгрөг, нийт 203.280.980 төгрөгийн барааны үнийг гаалийн байгууллагад дутуу мэдүүлсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулахдаа нотлох ажиллагааг бүрэн гүйцэт тогтоогоогүй, “И” ХХК-ийг зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрөөгүй байхад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож, холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ” гэсэн заалтыг зөрчиж шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байх тул материалыг нэмэлт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийлгэхээр зөрчлийн хэрэг бүртгэлтэд буцаалгахаар прокурорын дүгнэлт гаргасан.
Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь заалтыг удирдлага болгон Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Ө.З нь “И” ХХК-ийг 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Гаалийн тухай хууль зөрчиж, 2016 онд 38.672.185 төгрөг, 2017 онд 110.363.973 төгрөг, 2018 онд 54.244.821 төгрөг, нийт 203.280.980 төгрөгийн барааны үнийг гаалийн байгууллагад дутуу мэдүүлсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар 31.508.552 төгрөгийн татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлсэн татварын дүнгийн 30 хувь буюу 9.452.566 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 0******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү. Зөрчил байсан, зөрчлийг хэрэг үүсгэн шалгах ёстой гэж үзэж дүгнэлт бичсэн. Шийтгэлийн хуудсыг прокурор хүчингүй болгох боломжгүй. Шүүх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосноор энэ зөрчлийн хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийгдэнэ.
Зөрчил шалган шийдвэрлэсэн материалаас харахад “И” компанийн хууль ёсны төлөөлөгч нь итгэмжлэлээ авч ирэх ёстой байсан. Хуулийн этгээдийн гаргасан зөрчилд шийтгэл ногдуулах тохиолдолд заавал төлөөлөх итгэмжлэл байх ёстой. Гэвч итгэмжлэл аваагүй, холбогдогчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтанд эрх үүрэг, хууль сануулж гарын үсэг зуруулаагүй. Зөрчлийг шалгах ажиллагаа огт хийгдээгүй. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах шаардлагатай гэдэг нь хэргийн материалаас харагдаж байна. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 8-д “хөөн хэлэлцэх хугацааг өөр хуулиар тогтоосон бол тухайн хуулийг дагаж мөрдөнө” гэж заасан. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэдэг нь харагдаж байна.” гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 27-ний өдрийн 35/20 тоот “Бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх” удирдамжийн дагуу “И” ХХК-ийн 2016-2019 он хүртэлх санхүүгийн болон гадаад худалдааны анхан шатны баримт, банкны хуулга, нягтлан бодох бүртгэлийн бичиг баримтад бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх явцад 2016 онд 38,672,185 төгрөг, 2017 онд 110,363,973 төгрөг, 2018 онд 54,244,821 төгрөг нийт 203,280,980 төгрөгийн барааны үнийг гаалийн байгууллагад дутуу мэдүүлсэн зөрчил нь санхүү бүртгэл, банкны хуулга, анхан шатны баримтаар тогтоогдсон. Шалгалтын үр дүнгээр 0******* тоот шийтгэлийн хуудсаар нийт 40,961,117 төгрөгийн нөхөн татвар, торгууль ногдуулсан. Илэрсэн зөрчлийг дэлгэрэнгүй байдлаар авч үзвэл:
2016 онд 10300 ам.доллар хакердуулж, буруу данс руу шилжүүлж алдсан гэх тайлбарын тухайд: тус компани нь Голомт банкны долларын данснаас 2016 оны 2 сарын 8-нд 20600 ам.долларыг химийн материалын төлбөрт шилжүүлсэн бөгөөд 2016 оны 5 сарын 31-нд 02-2151007-16-130018 дугаартай гаалийн мэдүүлгээр 10300 ам.доллараас гаалийн бүрдүүлэлт хийж, импортолсон байсан.
2016 онд БНХАУ-ын Dowell international руу шилжүүлсэн 50000 юаны тухайд: БНХАУ-ын Sichuan Dowell science of technology INC компани руу 109250 юань буюу 37,078,357.5 төгрөгийг шилжүүлж, 2016 оны 9 сарын 27-нд 6 гаалийн мэдүүлгээр 54776 юань буюу 19,608,800.27 төгрөгөөр гаалийн бүрдүүлэлт хийсэн байсан. Дээрх шилжүүлсэн төлбөрийн үлдэгдлийн зөрүү болох 10300 ам.долларыг хакердуулж, буруу данс руу шилжүүлсэн, 54474 юанийг бэлнээр авсан гэх тайлбар хэлж байсан. Тус компани нь дээрх зөрүүг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу санхүү тайлан, бүртгэлд найдваргүй авлагын зардал болгох, авлага өглөгийн хаалтын бичилт хийх байдлаар тайлагнах үүрэгтэй байсан.
Шалгалтаар илэрсэн дутуу мэдүүлсэн барааны үнийн тухайд:
2017 онд 278,577,714 төгрөгийг химийн материал болон бусад барааны төлбөрт шилжүүлсэн байсныг санхүү бүртгэлээр тогтоосон. Дээрх барааг 32 гаалийн мэдүүлгээр 168,213,740.64 төгрөгөөр мэдүүлж, импортолсон байсан.
2018 онд химийн материал, тоног төхөөрөмжийн үнэд нийт 652,136,239.51 төгрөгийг шилжүүлсэн байсныг санхүү бүртгэлээр тогтоосон. Дээрх барааг 60 гаалийн мэдүүлгээр 597,891,418.26 төгрөгөөр мэдүүлж, импортолсон байсан.
Дээрх илэрсэн нийт 164,608,794,61 төгрөгийн зөрчлийг тус компани БНХАУ-аас авсан зээлийн төлбөр байсан гэж тайлбарласан боловч анхан шатны төлбөр шилжүүлсэн баримт санхүү бүртгэлийн дагуу бараа материал, үндсэн хөрөнгийн дансанд бүртгэж, тайлагнасан нь нотлогдсон.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 зүйлд заасныг удирдлага болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэж материалыг хянуулахаар прокурорт хүргүүлсэн. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Холбогдогчийг зөрчил үйлдсэн болохыг хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардах, албадлагыг хориглоно” гэж заасан байдаг тул 2020 оны 06 сарын 04-ний өдөр шалгалтын үр дүн, шийтгэлийн хуудас танилцуулсан тухай тэмдэглэл үйлдэж, шалгалтын үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гомдол гаргах эрхийг танилцуулсан. Зөрчил нь илтэд тодорхой байсан.
Шалгалтын явцад “И” ХХК-ийн нягтлан бодогч шалгалтаар илэрсэн зөрчилтэй тухай бүр нь танилцан, тайлбар тодруулга өгч зөрчлийг хүлээн зөвшөөрч байсан ч тус компанийн захирал шийтгэлийн хуудас дээр гарын үсэг зураагүй, мөн өөрийн ажилтандаа /нягтлан бодогч/ аливаа баримт дээр гарын үсэг зурж болохгүй гэсэн чиглэл өгсөн байсан.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэгт бүртгэлт явуулах шаардлагагүй бол”, 2 дахь хэсэг “зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эсхүл зөрчил үйлдэгдсэн нь тогтоогдож байгаа бол эрхийн албан тушаалтан хуульд заасан шийтгэл ногдуулж, албадлагын арга хэмжээ авна”, 7.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх” гэж заасан тул санхүү бүртгэл, барааны төлбөр шилжүүлснийг нотлох банкны хуулга, харилцах дансны бүртгэл зэрэг нотлох баримтуудаар барааны үнийг дутуу мэдүүлсэн нь тогтоогдож байсан тул шийтгэлийн хуудсаар нөхөн татвар, торгуулийг ногдуулсан.
Засгийн газрын тогтоол болон Гаалийн тухай хуулийн 240 дүгээр зүйлд зааснаар тухайн аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн баримтыг үндэслэн улсын хилээр нэвтрүүлсэн бараа тээврийн хэрэгсэл зэргийг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлснийг тодорхойлох, хуулийн дагуу мэдүүлсэн эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх зохицуулалт байдаг. Тэр утгаараа “И” компанийн улсын хилээр нэвтрүүлсэн химийн бодис буюу бараанд хяналт шалгалт хийсэн. Татварын шалгалтаар орсон нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн зөрчилд хамааралгүй. Татварын байгууллагатай холбоотой шийтгэлийн хуудас манайхаас гаргасан зөрчлийн дүгнэлтэд хамааралгүй. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд аж ахуйн нэгж байгууллагад шалгалт хийх хугацааг 5 жил гэж заасан. Манай байгууллагын хувьд Татварын ерөнхий хуулийн хөөн хэлэлцэх хугацааг баримталдаг.
Татварын ерөнхий газрын шалгалтаар гарсан шийтгэлийн хуудас болон зөрчил хянан шийдвэрлэсэн тэмдэглэл зэргээс харагдана. Манайх зөвхөн хилийн чанадад шилжүүлсэн төлбөр тооцоо, авлага өглөгийн бүртгэлийг санхүүгийн бичиг баримтыг үндэслэж гаргадаг.
2020 оны 04 сарын 27-ны өдрөөс удирдамжийн дагуу шалгалт хийж зөрчил илэрсний дагуу зөрчил тогтоогдсон гэж үзэж хялбаршуулсан журмаар шийтгэл ногдуулсан. Зөрчлийг 05 сарын 29-ний өдөр илрүүлж, 06 сарын 04-ний өдөр шийтгэл ногдуулсан.
Саннхүүгийн анхан шатны баримтууд нь байгаа, татварын хяналт шалгалттай холбоотой баримт байхгүй. “И” компанийн нягтлан бодогч татварын хяналт шалгалттай холбоотой баримт өгсөн, гэхдээ үнэлээгүй.
“И” компанийн нягтлан бодогчоос тайлбар авсан. “И” компанийн захирал н.Даваажавтай утсаар холбогдож хэлсэн боловч очихгүй гэсэн тайлбар өгсөн. Нягтлан бодогчид нь итгэмжлэл байгаагүй. Захирал нь ирэхгүй гэсэн учраас шийтгэлийн хуудсыг нягтлан бодогчид өгсөн.
Иймд “И” ХХК-ийн гомдлыг хүчингүй болгож, Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газраас ногдуулсан 0******* дугаартай шийтгэлийн хуудсыг баталгаажуулж өгнө үү” гэв.
Гуравдагч этгээд “И” ХХК-ийн төлөөлөгч бие даасан шаардлага, түүний үндэслэлдээ: “Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Ө.З 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн “Их Эргэлт” ХХК-ийн 2016-2019 онуудын үйл ажиллагаанд шалгалт хийсэн. Гаалийн улсын байцаагч Ө.З нь “И” ХХК-д 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хяналт шалгалт явуулж, зөрчлийн шийтгэл оногдуулахаар шийдвэрлэхдээ “2016 онд 10300 ам.доллар хакердуулж, буруу данс руу шилжүүлж алдсан. БНХАУ-ын компани руу шилжүүлсэн 50000 юанийг бэлнээр хүлээн авсан боловч санхүү бүртгэлд тусгаагүй байсан, 2017, 2018 онд шилжүүлсэн зээлийн төлбөрийг санхүү бүртгэлд барааны үнэд гэж бүртгэсэн зэрэг алдаа гаргасан” гэж үндэслэн 9,452,566 төгрөгийн шийтгэл, нөхөн төлбөрийн 31.508.552, нийт 40,961,117 төгрөгийн торгууль оногдуулсан.
“И” ХХК нь тухайн шийтгэлийн хуудсыг гарахаас өмнө гаалийн улсын байцаагчид дээрх алдаа дутагдал гэх үндэслэлд “И” ХХК буруугүй, үүнтэй холбоотой нотлох баримт, баримт бичгүүдийг түүнд гаргаж өгөн тайлбарласан ч энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй торгуулийн шийтгэлийг оногдуулахдаа Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн шинж бүрдээгүй, мөн оногдуулсан торгуулийн хэмжээг буруу тооцоолж үндэслэлгүйгээр шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан.
Учир нь тухайн “2016 онд 10300 ам доллар хакердуулж, буруу данс руу шилжүүлж алдсан” гэх алдаа нь манай компани хохирогч болсон атал энэхүү байдлаараа зөрчлийн хэргийн холбогдогч болгож буйд гомдолтой байна.
Мөн “БНХАУ-ын Dowell international компани руу шилжүүлсэн 50000 юанийг бэлнээр хүлээн авсан боловч санхүү бүртгэлд барааны үнэд гэж бүртгэсэн” гэх алдаа нь манай компанийн санхүү бүртгэл, татварын харилцаатай холбоотой асуудал бөгөөд үүнийг холбогдох байгууллагад нь хандан шийдвэрлүүлсэн ба гаалийн улсын байцаагчийн буруутгаж буй Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.2 дах заалт нь санхүү, бүртгэлтэй огт хамаагүй зөвхөн “Гаалийн үнэ бүрдүүлэлт, барааны гарал үүслийн мэдүүлэг” зэрэг гаалийн баримт бичигтэй холбоотой, зөрчлийн харилцаанд хамаарах ойлголт юм.
Мөн Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтад холбогдох хариуцлага нь ”дутуу төлсөн татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлсэн татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль оногдуулах” агуулгатай боловч энэхүү шийтгэлийн хуудсанд нөхөн төлүүлсэн дутуу татвар аль болох нь тодорхойгүй, шийтгэл гэж 9,452,566 төгрөг тооцож, нөхөн төлүүлэх дутуу төлсөн татвараа тодорхойлоогүй байж, түүний 30 хувиар торгууль оногдуулах байтал хаанаас тооцсон нь тодорхойгүй нөхөн төлбөрийн гэх 31,508,552 төгрөгийн шийтгэлийг оногдуулсан.
Манай компанийн хувьд өмнөх нягтлан бодогч нарыг байхад ямар ч зөрчил гаргаж байгаагүй. 2017 оны 01 дүгээр сард шинэ нягтлан бодогч ажилд ороод тайлан гарахдаа энэ алдаануудыг гаргасан байсан. Манай бараа Итали улс руу гарч байсан болохоос Хятад улс руу гарч байгаагүй. 2016 оноос өмнө манай компани дандаа Хятад улс руу бараа экспортолдог байсан. 2016 оноос хойш Итали, Испани улсад арьс экспортолдог болсон. Нягтлан бодогч барааны нэр томьёог буруу өгч Хятад улс руу химийн бодис гэсэн нэрээр шилжүүлж өрөө төлсөн байсан. БНХАУ-аас химийн бодис импортолж, тэр материалаараа малын түүхий эд арьс боловсруулаад Итали, Испани улсад экспортолдог. Тухайн үед энэ талаар тайлбарлаж хэлж байсан боловч хүлээж аваагүй. Гэвч манай компанийг химийн бодис экспортолсон гэж харагдахаар буруу мэдээлсэн.
Гэтэл татварын улсын байцаагч бараа бүтээгдэхүүний нэрийг буруу мэдүүлсэн гэдгээр дахин шийтгэл оногдуулсан. 2017, 2018 оны өр төлсөн баримт нь татвараар шалгагдаж манай компанийн орлогын байдалд буруу мэдээлсэн гэж торгуулсан байхад дахин гаалийн улсын байцаагч шийтгэл ногдуулсан.
Манай шилжүүлсэн мөнгө хакердуулаад Герман улс руу шилжсэн асуудал шийдэгдээгүй байсан. Дахин мөнгө шилжүүлэхдээ 10300 ам.доллар шилжүүлсэн. Манай компанийн нягтлан бодогч мэдээгүй байсан.
Иймд гаалийн улсын байцаагчийн 0******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баднайсүрэн тайлбартаа: “Хариуцагчийн хариу тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харахад санхүүгийн анхан шатны баримтыг үндэслэж торгосон гэж тайлбарладаг. Гэтэл энэ харилцаа нь гаалийн эрх зүйн харилцаатай холбоогүй, татвар санхүү, тусдаа татварын байгууллагаар шалгагдах ёстой. Санхүүгийн анхан шатны баримт бичигт татвараас зайлсхийсэн гэдэг асуудлыг гаалийн улсын байцаагч биш, татварын улсын байцаагч шалгах ёстой субъект юм. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15, 7.1 дүгээр зүйлд зааснаар зөрчлийг тодорхой шалган тогтоох ёстой гэсэн чиг үүргийг биелүүлээгүй. Ямар барааны гаалийн үнэ болон гаалийн бүрдүүлэлтийг хангаагүй талаар дүгнэлт огт байхгүй. Мөн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахын тулд хялбаршуулах тухай хүсэлтийг шалгуулж байгаа этгээд нь сайн дураараа гаргаж, хялбаршуулсан журмаар шийдэгдсэн байх ёстой. Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт хуулийн этгээд хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тооцох тухай байдаг. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа 2 жилийн хугацаа өнгөрсөн байвал хөөн хэлэлцэх хугацаа дууссан үзнэ.
Иймд Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Ө.Зын 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 0******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газар “И” ХХК-ийн 2016-2018 онд импортлосон барааг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлсэн эсэхэд гадаад худалдааны санхүүгийн баримтад гаалийн бүрдүүлэлтийн дараах хяналт шалгалт хийж, 2016 онд 38,672,185 төгрөг, 2017 онд 110,363,973 төгрөг, 2018 онд 54,244,821 төгрөг, нийт 203,280,980 төгрөгийн барааны үнийг гаалийн байгууллагад дутуу мэдүүлсэн зөрчлийг гаалийн улсын байцаагч хялбаршуулсан журмаар шийдвэрлэж 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 0******* дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар 31,508,552 төгрөгийн нөхөн татвар, 9,452,566 төгрөгийн торгууль, нийт 40,961,117 төгрөгийн төлбөр ногдуулжээ.
Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор “зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан үндэслэл байгаагүй, зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулах шаардлагатай” хэмээх үндэслэлээр гаалийн улсын байцаагчийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 0******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа дахин хийлгэхийг даалгуулахаар 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 17 дугаартай дүгнэлт бичиж,
Гуравдагч этгээд “И” ХХК нь “холбогдогчоос тайлбар аваагүй, гаргаж өгсөн нотлох баримтыг үнэлээгүй, татварын байгууллагын шийдвэрлэсэн асуудлыг гаалийн байгууллага харьяалал зөрчиж шалгасан, зөрчил шалган шийдвэрлэх хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн, БНХАУ-аас химийн бодис импортлож, Итали, Испани улс руу арьс экспортлосон байхад химийн бодис БНХАУ руу экспортлосон гэж буруу дүгнэсэн, зөрчлийг шалган тогтоох ажиллагаа хийгээгүй” гэх үндэслэлүүдээр гаалийн улсын байцаагчийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 0******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар бие даасан шаардлага гаргажээ.
Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 35/20 дугаартай удирдамжаар гаалийн бүрдүүлэлтийн дараах хяналт шалгалт хийж шалгалтаар “зөрчил илэрсэн, зөрчил нь тогтоогдсон” гэж үзэж хялбаршуулсан журмаар зөрчлийг хянан шийдвэрлэж, нөхөн татвар, торгууль ногдуулсан бөгөөд дараах үндэслэлээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмын энэ зөрчил нь шийтгэлийн хуудасны үндэслэлтэй эсэхэд нөлөөлөхөөр, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд цуглуулаагүй, үнэлэгдээгүй баримтуудыг шүүх дүгнэн шийдвэрлэх боломжгүй, өөрөөр хэлбэл зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаагаар хийгдэх ажиллагааг шүүх хийх боломжгүй, шүүхийн шинжлэн судлах хэрээс хэтэрсэн гэж үзээд гаалийн улсын байцаагчийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 0******* дугаар шийтгэлийн хуудсыг “зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийж зөрчлийг шийдвэрлэх хүртэл” түдгэлзүүлж, харин гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэг. Зөрчлийг шалгаж тогтоох ажиллагаа хийгээгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж, зөрчлийн хэрэг бүртгэлт хийлгэхээр бичсэн прокурорын дүгнэлт үндэслэлтэй байна. Тодруулбал, гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалтаар илэрсэн зөрчлийн шинжтэй үйлдлийг зөрчлийг тогтоогдсон гэж үзэж хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, нөгөө талаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.
1. Зөрчлийг тогтоогдсон гэж үзсэн нь, улмаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь дараах байдлаар үндэслэлгүй байна.
Эрх бүхий албан тушаалтан нь салбарын хуулиар шалгалт хийсэн ч зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй илэрсэн тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасан үндэслэл байвал зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх, дээрх үндэслэл байхгүй бол 6.7 дугаар зүйлд зааснаар зөрчлийн хэрэг нээж, зөрчлийн хэрэг бүртгэлт явуулж, зөрчлийг шалган тогтоож шийдвэрлэхээр зохицуулсан, 4.15 дугаар зүйлийн 1-д зааснаар эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийг нотлох баримтаар шалган тогтоох үүрэгтэй байна.
Зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зохицуулалт нь 1/ зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, түүнээс учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй тохиолдолд, 2/ зөрчил үйлдэгдсэн нь, түүнээс учирсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдсоны дээр холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн тохиолдолд, 3/ зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон тохиолдолд хэрэглэгдэхээр байна.
Дээрх зохицуулалтаас үзвэл гаалийн улсын байцаагч нь бүрдүүлэлтийн дараах гаалийн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг нотлох баримтаар хөтөлбөргүй тогтоосон тохиолдолд зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж болно, ийнхүү нотлох баримтаар хөтөлбөргүй тогтоогоогүй бол зөрчлийн хэрэг нээж, зөрчлийн хэрэг бүртгэлт явуулж, зөрчлийг шалган тогтоож шийдвэрлэх, зөрчлийг нотлох баримтаар шалган тогтоох үүрэгтэй.
Гэтэл хариуцагч нь гаалийн бүрдүүлэлтийн дараах хяналт шалгалтаар тус компанийг 2016-2018 онд импортлосон барааны үнийг гаалийн байгууллагад дутуу мэдүүлсэн гэх 203,280,980 төгрөгийн үнийн дүнтэй зөрчлийн талаар холбогдогчоос тайлбар, нотлох баримт гаргуулахгүйгээр, “нягтлан бодох бүртгэлд буруу бүртгэснээс үүдэлтэй зөрүү гарсан, уг зөрчилд татварын хяналт шалгалт орж шийдвэрлэсэн” гэж тайлбарласаар атал энэ талаар нотлох ажиллагааг хийлгээгүйгээр, гаалийн хяналт шалгалтаар авагдсан банкин дахь тус компанийн гадаад гүйлгээний дансны хуулга, нягтлан бодох бүртгэл буюу гүйлгээний баланс, авлага өглөгийн товчоо гэсэн баримтуудад үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.2 “Гаалийн тухай хууль зөрчиж гаалийн үнэ, барааны тоо хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны нэр төрөл, марк, зориулалт, ангилал, гарал үүслийг худал мэдүүлж татвараас зайлсхийсэн” зөрчил тогтоогдсон гэж үзээд хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Тодруулбал, тус компанийг “санхүүгийн бүртгэлдээ гадаад харилцагч руу шилжүүлсэн төлбөр, гаалийн бүрдүүлэлттэй холбоотой бусад зардал, татвар зэрэг зардлуудыг урьдчилж төлсөн тооцоо дансанд хуримтлуулан бүртгэж, бараа материалыг орлогод бүртгэсэн” гээд үүнээс үүдсэн үнийн дүнгийн зөрүүг зөрчилд тооцсон гэх хэдий ч, энэ зөрүү яаж үүссэнийг, өөрөөр хэлбэл зөрүү аль дүнгээс хэрхэн үүссэн, яагаад зөрчил гэж үзсэнээ тайлбарлаагүй, хэдийд импортлосон ямар барааны гаальд мэдүүлсэн үнэ, тоо хэмжээ төлбөр хийгдсэн гадаад гүйлгээний ямар дүнгээс хэрхэн зөрснийг гүйлгээ тус бүрээр тодорхой тусгаагүй, шийтгэлийн хуудаст зөрчлийн жагсаалтаар хавсралт үйлдээгүй нийт оноор нь гаргасан, тухайлбал аль гүйлгээг санхүүгийн бүртгэлд хэрхэн алдаатай бүртгэсэн, гаальд хэрхэн худал эсхүл дутуу мэдүүлсэн гэж үзсэн, энэ нь яагаад зөрчилд тооцогдсон талаарх тооцоолол, үндэслэл тодорхойгүй байна.
Гуравдагч этгээд “И” ХХК нь нягтлан бодох бүртгэлд буруу бүртгэсэнтэй холбогдуулан татварын байгууллага шалгаж акт тогтоосон гэж тайлбарласан ч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд үүнийг нягтлаагүй, татварын актыг нотлох баримтаар үнэлээгүй болохоо хариуцагч шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрдөг.
Иймд бүрдүүлэлтийн дараах гаалийн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн шинжтэй үйлдлийг нотлох баримтаар хөтөлбөргүй тогтоогдсон гэж үзэхээргүй байх тул зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-д заасан үндэслэл бүрдээгүй байхад зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг арилгуулах, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, зөрчил шалган шийдвэрлэх хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэх үндэслэл боллоо.
2. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг дараах байдлаар зөрчжээ.
Хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээнд бүртгэгдсэнээр тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь Л.Д байхад түүнийг, эсхүл түүнээс хуульд заасан шаардлага хангасан итгэмжлэлээр эрх олгогдсон этгээдийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогч, түүний төлөөлөгчөөр оролцуулах ажиллагааг хийгээгүй, өөрөөр хэлбэл холбогдогчийн төлөөлөгчийг томилоогүй, хологдогчид Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрхийг тайлбарлаагүй, олгоогүй байж холбогдогчийг төлөөлөх эрхгүй этгээдээс тайлбар авч, шийтгэлийн хуудсыг холбогдогчийг төлөөлөх эрхгүй этгээдэд гардуулсан байна.
Ийнхүү холбогдогчийг, түүнээс эрх олгогдсон холбогдогчийн төлөөлөгчийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүйгээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 “зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ”, 3.5 дугаар зүйлийн 1.2 “эрх бүхий албан тушаалтан нь хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг эсхүл түүнээс итгэмжлэлээр эрх олгогдсон этгээдийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно” гэсэн журам зөрчигдөж, улмаар 3.1 дүгээр зүйлийн 2.1 “холбогдогч ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгаагаа мэдэх”, 2.5 “зөрчил шалган шийдвэрлэх тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах”, 2.8 “нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх”, 2.9 “зөрчлийн хэрэг, материалтай танилцах” холбогдогчийн эрхүүд зөрчигджээ.
Түүнчлэн дээр дүгнэсэнчлэн зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл бүрдээгүй байхад зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-д заасан “зөрчлийн хэрэг нээж, зөрчлийн хэрэг бүртгэлт явуулж, зөрчлийг шалган тогтоож шийдвэрлэх” журмыг зөрчиж, 4.15 дугаар зүйлийн 1-д заасан эрх бүхий албан тушаалтны “зөрчлийг нотлох баримтаар шалган тогтоох” үүргээ биелүүлээгүй байна.
Нэгэнт зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл бүрдээгүй байхад хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчлийг шүүх арилгах боломжгүй, өөрөөр хэлбэл зөрчлийн хэрэг нээж хэрэг бүртгэлтийн ажиллагаагаар зөрчлийг шалган тогтоох ажиллагааг шүүхэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаагаар хийх боломжгүй, шүүхийн шинжлэн судлах хэрээс хэтэрсэн тул зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хийлгэхээр шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлж шийдвэрлэх шаардлага үүсч байна.
Хоёр. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын үндэслэлийн талаар:
Гаалийн бүрдүүлэлтийн дараах хяналт шалгалтаар илэрсэн хилээр импортлосон барааны үнийг гаалийн байгууллагад дутуу мэдүүлсэн гэх 203,280,980 төгрөгийн үнийн дүнтэй зөрчлийн шинжтэй үйлдэл илэрсэн, зөрчлийг шалгаж тогтоох ажиллагаа хийгдээгүй байхад зөрчилд нөхөн татвар, торгууль оногдуулсан шийтгэлийн хуудасны хууль зүйн үндэслэлийг дүгнэх боломжгүй тул гаалийн улсын байцаагчийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 0******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангах үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл зөрчил шалган шийдвэрлэх зохих ажиллагаа хийгдээгүй байхад зөрчлийн үндэслэл, зөрчлийн дүн, холбогдох баримтуудыг үнэлэх боломжгүй юм.
Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 8-д “зөрчлийг хөөн хэлэлцэх хугацааг өөр хуулиар тогтоосон бол тухайн хуулийг дагаж мөрдөх”-өөр заасан, татварын хөөн хэлэлцэх хугацааг Татварын ерөнхий хуулиар тусгайлан зохицуулсан тул 2016-2018 онд импортлосон барааны гаалийн татвартай холбоотой зөрчлийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна. Гаалийн татвар нь Монгол Улсын татварын нэг төрөл, гаалийн татварыг ногдуулж төлүүлэх, хураан барагдуулахтай холбоотой нарийвчилсан харилцааг Гаалийн тухай хуулиар зохицуулах ч татварын төрлийн хувьд тухайлбал хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой ерөнхий зохицуулалт нь Татварын ерөнхий хуульд хамаарна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2.1, 2.5, 2.8, 2.9, 3.5 дугаар зүйлийн 1.2, 4.15 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1.1, Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорын 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 17 дугаартай дүгнэлтийг хангаж, Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагчийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 0******* дугаар шийтгэлийн хуудсыг зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа хийж зөрчлийг шийдвэрлэх хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, гуравдагч этгээд “И” ХХК-ийн “гаалийн улсын байцаагчийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 0******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасны дагуу шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш тогтоосон хугацаанд зөрчлийг шийдвэрлээгүй бол гаалийн улсын байцаагчийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 0******* дугаар шийтгэлийн хуудас хүчингүй болохыг мэдэгдсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар прокурор дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар прокурор, хариуцагч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА