Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
Хэргийн индекс | 184/2017/03211/И |
Дугаар | 184/ШШ2017/02837 |
Огноо | 2017-12-08 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 184/ШШ2017/02837
2017 оны 12 сарын 08 өдөр | Дугаар 184/ШШ2017/02837 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилтийг хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, нарийн бичгийн дарга Э.Ганцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тус сургуульд 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн түүх нийгмийн багшийн орон тоон дээр ажилд орсон. Гэтэл 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр сургалтын менежер Ж.О надад мэдэгдэл гардуулж өгсөн. Би 6 дугаар сарын 23-ны өдөр захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Атай уулзахад би хүний нөөцөөр олон жил ажилласан, хүний амьдрал ахуйг сайн ойлгодог, тиймээс чи ажилгүй боллоо гэж бодоод хэрэггүй, амраад хүрээд ир, үнэхээр чиний цаг хүрэхгүй бол эрүүл мэндийн цаг нэмэгдэж орвол түүгээр нөхөе, бүр болохгүй бол нийгмийн ажилтны орон тоон дээр авъя гэж хэлээд гаргасан. Тиймээс би ажлаас лав халахгүй юм байна гэж итгэл төгс байсан. гэтэл 8 дугаар сарын 23-нд уулзахааар иртэл цаг хүрэхгүй байна ямар ч арга байхгүй гэж хэлээд хөдөлмөрийг гэрээг цуцалсан тушаал өгсөн, би тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Тушаалд БСШУ-ны сайдын А/61 тоот тушаалаар батлагдсан ахлах ангийн сургалтын хөтөлбөрт шинэчлэлт орсон хэмээн дурдсан байхад би ахлах ангиудад түүх, нийгмийн хичээл ордоггүй, дунд ангиуд буюу 7,8 дугаар ангиудад ордог, мөн багш нарын амралт эхэлсэн байхад шийдвэр гаргаж, мэдэгдэл өгсөн бөгөөд мэдэгдэлдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дах заалтыг үндэслэсэн, тушаалдаа мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэсэн зэргээс үзэхэд илэрхий хууль бус шийдвэр болсон.
Мөн А/61 тоот тушаалд түүх, нийгмийн багшийн орон тоог хас гэсэн үг өгүүлбэр байхгүй, орон тоо цөөрүүлэх шаардлагыг хэн ч тавиагүй байхад Түүх, газар зүйн секцийн багш нар өөрсдөө санаачлан адилхан багшилж байгаа нэгийг халуулахаар шийдвэрлэсэн нь ёс зүйгүй, хувиа хичээсэн үйлдэл болсон.
Иймд намайг тус сургуулийн түүх, нийгмийн ухааны багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулан, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилтийг хийхийг даалгаж өгнө үү.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Багш Н.Б нь хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дугаар заалтаар 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн Б/2012 тоот тушаалаар тус сургуульд түүх, нийгмийн багшаар ажилд орсон байна. БСШУ-ны сайдын 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Ерөнхий боловсролын сургууль /ЕБС/-иудын 2017 -2018 оны хичээлийн жилд мөрдөх сургалтын төлөвлөгөө батлах тухай тушаалын төсөл дүүргийн Боловсролын хэлтсээр дамжин манай сургуульд ирсэн бөгөөд тус төлөвлөгөөгөөр түүх, нийгмийн багш нарын заах ёстой цаг хүрэлцэхгүй болсон тул бид мэргэжлийн багш нараар төслийн хэлэлцүүлгийг хийлгэж, санал хүсэлтийг нь авсан. Тус хэлэлцүүлгийн үед түүх нийгмийн багш нарын цаг хүрэлцэхгүй, багшийн илүүдэл гарсан гэдэг нь тодорхой болсон тул секцийн ахлагч багш Эрдэнэбат багш нараа цуглуулж хуралдан, хурлын тэмдэглэлээ захиралд аваачиж өгсөн.
Аливаа ЕБС нь жил бүр амрахаас өмнө дараагийн хичээлийн жилд мөрдөх сургалтын төлөвлөгөөний дагуу жилийн цагийн төлөвлөлт, багшийн тоог гаргаж эцэслэдэг онцлогтой. Түүх нийгмийн ухааны секцийн гаргасан саналын дагуу дотоод хяналтын албаны ажилтан, 2 сургалтын менежер бид 3 хуралдаж, багш нарын цаг хүрэлцэхгүй байгаа, нэг багш илүүдэлтэй байгаа, 2 багшийн нэгийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, ажлын үзүүлэлт, ажилд томилогдсон байдал зэргийг судалж үзэхэд Н.Б багш чөлөөлөгдөхөөр байсан. Бид хуралдан шийдвэрээ гаргаж тэмдэглэлээ захиралд танилцуулснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын өмнө мэдэгдэл өгсөн. Багш нарын зуны амралтын хугацаа дуусч 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс ажилдаа орсон ба захирлын 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Б/88 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцласан.
Нэхэмжлэгч ахлах ангид хичээл ордоггүй гэж тайлбарласан байх боловч дунд ахлах ангийн багш гэж тусгайлан бэлтгэдэггүй, зааг ялгаа тогтоосон журам байдаггүй. Мөн БСШУ-ны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2007 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 307/91/237 тоот тушаалын хавсралтаар “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлийн норм тогтоох, багш зарим албан тушаалтны цалин хөлсийг тооцож олгох журам”, А/293 тоот тушаалаар батлагдсан “Багшийн ажлыг үнэлэх, дүгнэх журам” –аар нэг багш 7 хоногт 40 цаг, үүнээс 19 цагийг хичээл заахад зарцуулахаар журамласан ба тус журамд зааснаар нормт цаг хүрэхгүй бол багш өөрөө цагийн өрөнд орох, цаашлаад цаг хүрэхгүй байгаа тохиолдолд цалин хөлс олгох эрх үүсэхгүй үүнийг багш нар мэдэж байгаа болно.
Ажил олгогч 2017 оны Б/88 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, 40.1.2 дах хэсэгт заасныг баримтлан хөдөлмөрийн гэрээг цуцалж, нэхэмжлэгчид нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.
Шүүх хуралдаанаар зохигчдийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Н.Б нь 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 9 дүгээр сургуулийн захирлын Б/212 дугаар тушаалаар түүх нийгмийн багшаар томилогдон, мөн өдрөө ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулжээ.
Тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, Засгийн газрын 2014 оны 75 дугаар тогтоолыг тус тус үндэслэн гаргасан байх бөгөөд цалинг 539 600 төгрөгөөр тогтоосон байна.
Ерөнхий боловсролын 9 дүгээр сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Б/88 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дах хэсэгт заасныг тус тус үндэслэн ажил олгогчийн санаачлагаар түүх, нийгмийн багш Н.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.
Ажил олгогчийн зүгээс 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр түүх, нийгмийн багш Н.Бд түр хөдөлмөрийн гэрээтэй ажиллаж байгаа, гэрээний хугацаа дууссан тул 2017 оны 8 дугаар сарын 23-наас эхлэн үүрэгт ажлаас чөлөөлөх болсныг мэдэгдсэн байна.
Нэхэмжлэгч Н.Б шаардлагын үндэслэлээ надад мэдэгдэл гардуулах үед БСШУ-ны сайдын А/61 тоот тушаал гараагүй байсан, багш нарын амралттай байх хугацаанд түүх, нийгмийн багш нарыг цуглуулан хуралдсан болж намайг халахаар удирдлагад санал гаргасан, байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ нэхэмжлэгчийг ажилд авахдаа хугацаатай гэрээ байгуулсан, тушаал гараагүй ч төслөөс үзэхэд түүх нийгмийн нэг багш илүүдэхээр байсан тул түүх, нийгмийн багш нарын секц хуралдаж шийдвэрээ гарган захиралд танилцуулсан гэж тайлбарлаж байна.
БСШУ-ны сайдын 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн “Сургалтын төлөвлөгөө батлах тухай” А/61 дугаар тушаал, түүний хавсралтаар Ерөнхий боловролын сургуулийн ахлах ангийн сургалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулсан, уг хөтөлбөрөөр түүх, нийгмийн хичээлийн цаг багассанаас нэг багшийн орон тоо илүүдсэн гэж хариуцагчийн төлөөлөгч тайлбарласан хэдий ч уг тушаалыг гарахаас өмнө буюу 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдөр ажлаас чөлөөлөх мэдэгдлийг ажилтанд гардуулан өгсөн, мөн түүх нийгмийн хичээл хэдэн цагаар багассан нэг багшид ногдох цаг өмнө хэд байсан, одоо хэд болсон талаар нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.
Ерөнхий боловсролын 9 дүгээр сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн Б/88 дугаар тушаалд дурдагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Хариуцагч байгууллагаас шүүхэд гаргаж өгсөн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Түүх, газарзүйн секцийн хурлын тэмдэглэл, Удирдлагын зөвлөлийн хурлын тэмдэглэл гэх баримт, талуудын тайлбараас дүгнэхэд түүх, нийгмийн хичээлийн цаг багассан гэх мэдээлэлтэй холбогдуулан сургалтын менежер болон багш нар хуралдан нэг багшийг ажлаас чөлөөлөхөөр тохиролцсон, Н.Б багшийг ажилд томилсон тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дах хэсэгт заасныг баримталсныг үндэслэл болгон түүний нэрийг сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид танилцуулсан байна.
Сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн “Багш ажилчдын 2017 оны ээлжийн амралтыг олгох тухай” Б/84 тоот тушаалаас үзэхэд хуралд оролцсон гэх багш нар, мөн нэхэмжлэгч Н.Б 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс ээлжийн амралттай байжээ.
Нэхэмжлэгч Н.Бтай ажил олгогчийн байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр талууд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дах хэсэгт заасан нөхцлөөр буюу хугацаа тогтоосон /албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл, улирлын болон түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар, шинээр орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчтай ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын болон дагалдан ажиллуулах хугацаагаар/ тухай тохиролцоогүй, ажилд авсан тушаалын үндэслэлд дурдагдсан ч ямар хугацаагаар авсан талаар заагаагүй байх тул хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан гэх үндэслэлгүй юм.
Нэхэмжлэгч нь байгууллагын дэргэдэх хөдөлмөрийн маргаан таслах комисст хандан өргөдөл гаргасныг комисс 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хуралдан ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж шийдвэрлэснийг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Шийдвэр нь Засгийн газрын 1999 оны 122 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Хөдөлмөрийн маргаан таслах комиссын дүрмийн 19 дүгээр зүйлд “комиссын хурлын шийдвэрт хуралдаанд оролцсон комиссын бүх гишүүд, хурлын тэмдэглэлд тухайн хурлын дарга, нарийн бичгийн дарга тус тус гарын үсэг зурна” гэж заасныг зөрчсөн, шийдвэрт зөвхөн хурлын дарга, нарийн бичгийн дарга нар гарын үсэг зурсан байх тул Хөдөлмөрийн маргаан таслах комисс нь зохих журмын дагуу хуралдан шийдвэрээ гаргасан гэх үндэслэлгүй юм.
Иймд нэхэмжлэгч Н.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, түүнийг Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 9 дүгээр сургуулийн түүх,нийгмийн багшийн ажилд нь эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 12 дугаар 8-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны олговрыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох зүйтэй гэж үзэв.
Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно” гэж заасны дагуу тооцон ажилгүй хугацааны цалин хөлсний олговорт 1 421 709 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
/сүүлийн 3 сарын цалин буюу 2017 оны 7, 8, 9 дүгээр сард авсан цалин 1 729 014 төгрөгийг тухайн саруудын ажлын 67 хоногт хуваахад нэг өдрийн цалин 25 806 төгрөг, ажилгүй байсан 2017 оны 8 дугаар сарын 24-нөөс шийдвэр гарах хүртэл хугацааны ажлын 76 хоногоор үржүүлэхэд, нийт 1 961 256 төгрөг, нэхэмжлэгчид олгосон тэтгэмж 539 547 төгрөгийг хасахад ажилгүй байсан хугацааны олговорт 1 421 709 төгрөг/
Н.Бгийн нэхэмжлэлээс Ерөнхий боловсролын 9 дүгээр сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Б/88 дугаар тушаалыг хүчингүй болгох тухай шаардлага нь ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын үндэсэл нь болж байгаа тул бие даасан шаардлага гэж үзээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч Н.Бг Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 9 дүгээр сургуулийн түүх,ниймийн багшийн ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 1 421 709 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилтийг хийж, баталгаажуулахыг хариуцагч Ерөнхий боловсролын 9 дүгээр сургуульд даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 37 697 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ