Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2017/ШЦТ/356

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2017/0346/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагч А.Оргилбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,

Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овгийн Б-ийн О-д холбогдох эрүүгийн .............. дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Т- овогт Б-гийн О /РД:........../, 1973 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, 44 настай эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Дархан-Уул аймгийн ........ модны зах дээр хувиараа хөрөө раманд хөлсөөр ажилладаг, Дархан-Уул аймаг Дархан сум ..... дугаар баг Тээвэрчид ....... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Яллагдагч Б.О нь 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 16 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын ...... дугаар багт байрлах ..... иргэн Г-ыг “архины мөнгө нэхэж, дарамталлаа" хэмээн хэрүүл маргаан үүсгэж улмаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.О нь 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 16 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багт байрлах Модны зах дээр хөрөө рам дээр ажиллаж байхад нь хохирогч Ч.Г очин архины мөнгө нэхсэн ба Б.О түүний нүүрэн тус газарт нь цохиж, биед тархи доргилт, нүүрний шарх, зулгаралт, нэг шүдний хазах хэсгийн эмтрэл бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол учруулсан болох нь:  

Шүүхийн хэлэлцүүлэгт

 

Шүүгдэгч Б.Оийн өгсөн: ...Г-тай өмнө нь хамт ажилладаг байсан тул танина. Тэр өдөр би ажлаа хийж байтал Г согтуу ирээд ажил хийлгэхгүй архи авч өг гээд байхаар нь би гараараа 2 удаа цохисон. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна... гэсэн мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад

 

Хохирогч Ч.Гын өгсөн: ...2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр би модны зах дээр очоод О-тэй таараад нэг шил архины мөнгө нэхсэн. Би элдвээр хэлсэн байхаа юу гэж хэлснээ сайн санахгүй байна. Нэг шил архины мөнгө өг гээд би шалгаагаад Отэй маргалдаад О намайг нүүрэн тус газар 2 удаа цохисон. ...Надад гомдол санал байхгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 09/,

 

Гэрч И.Б-ийн өгсөн: ...Г нь О дээр ирчихээд зууралдаад архи авч өг гэж нэхээд маргалдаад байсан, Г согтуу байсан болохоор Оийн ажиллуулж байсан хөрөө рам руу орчих гээд байсан. Г өөрөө Оийг элдвээр хэлээд байсан болохоор О нь Гыг тухайн үед 1-2 удаа нүүрэн хэсэгт цохиод авсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 12/,

 

Гэрч Д.У-дын өгсөн: ...Г араас нь очоод Оээс архины мөнгө нэхээд хажууд нь тээр болоод байсан. Миний харснаар О нь Гын нүүр хэсэг рүү гараараа 2 удаа цохисон гэсэн мэдүүлэг /хх-ийн 13/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн ..... дугаартай “Ч.Г-ын биед тархи доргилт, нүүрний шарх, зулгаралт, нэг шүдний хазах хэсгийн эмтрэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 17/ зэрэг болон хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.Г-ын биед тархи доргилт, нүүрний шарх, зулгаралт, нэг шүдний хазах хэсгийн эмтрэл учирсан ба хохирогч нь Б.О-ээс нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

Хохирогч Ч.Г-ын Б.О-ээс архины мөнгө нэхэж, ажлаа хийхэд саад болсон зүй бус үйлдэл нь гэмт хэрэг гарах шалтгаан болсныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй байна.

Иймд улсын яллагчийг санал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-эд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн эрхэлдэг ажил, цалин хөлс, орлого олох боломж зэргийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.О-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ИХТАМИР