Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 182/2019/02101/И |
Дугаар | 001/ХТ2020/00528 |
Огноо | 2020-09-17 |
Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 001/ХТ2020/00528
Ч.Л-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2019/01899 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 46 дугаар магадлалтай,
Ч.Л-гийн нэхэмжлэлтэй,
ХНХЯд холбогдох
Ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Л-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх, хяналтын шатны иргэний хэргийн шүүхээс Дархан-уул аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын ажлаас буруу халагдсаныг тогтоож ажилд нь эгүүлэн тогтоох шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилд эгүүлэн авахгүй байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-т заасныг үндэслэн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны олговорт нэг өдрийн цалинг 77.647 төгрөгөөр тооцож 156 өдрийн цалин 12.112.932 төгрөгийг олгож, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасны дагуу олгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийг анхан шатны шүүхийн 2019 оны 3 сарын 26-ны өдрийн 182/ШШ2019/00554 дүгээр шийдвэрээр шийдвэрлэж, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэдгийг тогтоосон бөгөөд энэ хугацаанаас эхлэх 3 сарын дотор нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гарснаас хойш хугацааны цалин хөлсөө нэхэмжлэх ёстой байсан боловч дээрх хугацааг хэтрүүлсэн. Иймд Ч.Л-гийн гаргасан 2019 оны 3 сарын 26-ны өдрөөс ажилдаа орох хүртэлх хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх нэхэмжлэл нь үндэслэлгүй. Мөн шүүхийн шийдвэрт түүний нэг өдрийн дундаж цалин хөлсийг 72.781 төгрөг гэж тогтоосон байгаа нөхцөлд 77.647 төгрөгөөр тооцох боломжгүй гэжээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2019/01899 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХНХЯнаас 11.353.836 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Л-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 759.096 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт заасныг баримтлан дээрх олговроос Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч ХНХЯанд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтанд заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтанд зааснаар хариуцагч ХНХЯнаас улсын тэмдэгтийн хураамжид 196.611 төгрөгийг гаргуулж Улсын орлого болгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 46 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2019/01899 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Анхан болон давж заалдах шатны шүүх Ч.Л-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан гомдол гаргах хугацааг зохицуулсан хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Гэтэл шүүх энэ нөхцөл байдал хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй учраас шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
ХНХЯанд холбогдуулан ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор 12.112.932 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах Ч.Л-гийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргаантай харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.
Ч.Л-г Дархан-Уул аймаг дахь мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/01408 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор... олгох”-оор заажээ.
Ажил олгогч ХНХЯ нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй, ажилтан Ч.Л-г ажилд нь эгүүлэн аваагүй тул нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалингаа тухай бүр нэхэмжлэл гарган авч байсан болох нь хэргийн баримтаар тогтоогдсон. Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулсан өмнөх шүүхийн шийдвэр гарсан 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Түүнчлэн гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч хэтрүүлээгүй талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана”, 129.1-д “хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэжээ.
Дээр дурдсан хуулийн зүйл, заалтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн хариуцагчид холбогдуулан гаргасан маргааны шүүхэд хандах эрхийн хугацааг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулсан ба уг хугацаа 3 сар байна.
Гэвч ажилтан ажлаас халагдсан үеэс цалин хөлс авах эрх нь нэгэн адил зөрчигдөж эхлэх бөгөөд ажлаас халсан ажил олгогчийн тушаалыг хууль зөрчсөнийг шүүх дүгнэж, ажилтанг ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн бол шүүхийн шийдвэр бодитоор биелэгдэх хүртэл уг эрх зөрчигдсөн хэвээр үргэлжлэх тул энэ хугацааны цалинг нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар шаардах эрхтэй.
Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан гомдол гаргах хугацааг зохицуулсан хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.
Дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2019/01899 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 46 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ганцэцэгийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ