Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 142

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өлзий-Отгон даргалж, шүүгч Д.Баттулга, Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч Доржсүрэнгийн-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Намхайноровын Н -т холбогдох

Эд хөрөнгө, эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 3,173,850 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг, нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.О, М.Сүхбат нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...2016 оны 12 сарын 22-ны өдөр “Түмэн заг” ХХК-ийн хажуу талын шороон зам дээр иргэн М.Сүхбаярын жолоодож явсан Д.Огийн эзэмшлийн Тоёота королла спасио /toyoto corolla spacio/ маркийн 40-11 ӨМӨ улсын дугаартай автомашиныг Хонда СиАрВи /Honda CRV/ маркийн 82-79 УБК улсын дугаартай Н.Нын эзэмшлийн автомашиныг иргэн Эрдэнэбилэг овогтой Алтансүх жолоодож яваад мөргөж зам тээврийн осол гаргасан. Уг осол нь Э.Алтансүхийн 100% буруу болон тогтоогдсон бөгөөд тухайн өдөр тээврийн хэрэгслийн эзэмшигч Н.Н нь өөрийн автомашинаа Э.Алтансүхээр жолоодуулахаар томилсон байсан учир Иргэний хуулийн 499.4-т заасны дагуу бидний эрүүл мэндэд учирсан хохирол болох 47,350 төгрөг, эд хөрөнгөний хохирол 3.126.500 төгрөг нийт 3,173,850 төгрөгийн хохирлыг Н.Ноос гаргуулж авах хүсэлтэй байна. Миний бие машинаа засуулах санхүүгийн боломжгүй банкинд зээлтэй учир тухайн үед үнэлсэн үнэлгээний дүнгээр нэхэмжлэх болно. Нэхэмжлэл гаргасантай холбоотой зардлыг нэхэмжлэх болно гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э.Алтансүхийн 100% буруугаас болж 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зам тээврийн осол гарсан байдаг. Тус зам тээврийн ослоор нэхэмжлэгч Д.Од эд хөрөнгийн 3,126,500 төгрөг, эрүүл мэндэд учирсан хохирол болох 47,350 төгрөг нийт 3,173,850 төгрөгийн хохирол учирсан байна. Энэ хохирлыг тухайн үед тээврийн хэрэгслийн эзэмшигч Н.Ноос гаргуулахаар нэхэмжилсэн. Энэ хэрэг өмнө нь анхан шатны шүүх хурлаар ороод Н.Н нь тээврийн хэрэгслийн эзэмшигч биш байна гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байсан боловч өмгөөлөгчийн зүгээс гомдол гаргаад 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 24 дугаартай шүүхийн магадлал гарсан. Тус магадлал дээр хариуцагчийн эрх зүйн байдлын нотлох баримтууд эргэлзээтэй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гээд цагдаад өгсөн тайлбар, торгуулийн хуудас, шүүхийн шатанд өгсөн тайлбарууд нь өмчлөгч, эзэмшигч болох нь эргэлзээтэй дүгнэлт хийсэн гэж шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Үүнээс харахад өөрийнх нь гаргаж өгсөн тайлбар болон цагдаад өгсөн баримт зэргүүд нь тус тээврийн хэрэгсэл Н.Нын эзэмшлийн машин болох нь харагдаж байна гэсэн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх хийсэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн  499.1, 499.4 дэх хэсэгт “тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байдаг. Тус зүйлийн тайлбар дээр тээврийн хэрэгслийн улсын бүртгэл нь гэм хор хүлээх этгээдийг шууд тодорхойлох үндэслэл болохгүй гэж заасан. Өөрөөр хэлбэл тухайн тээврийн хэрэгсэл нь Н.Нын аав Намхайноровын нэр дээр байдаг боловч Н.Н нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагдаагийн газар 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр тайлбар өгөхдөө “ таны зорчиж явсан Хонда СиАрВи /Honda CRV/ маркийн 82-79 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь хэний эзэмшлийн тээврийн хэрэгсэл вэ? гэсэн асуултад  “миний аавын нэр дээр байдаг боловч миний эзэмшлийн машин өөрийн нэр дээр шилжүүлэх гэтэл аав хүнд өвчний улмаас хэвтэрт байгаа” гэсэн тайлбарыг өгдөг. Мөн шүүхэд ирүүлсэн тайлбартаа би одоо жолоогоо бусдад шилжүүлсэн гэсэн үндэслэлээр тухайн үедээ торгуулж байсан гэдэг талаар илэрхийлдэг. Эдгээр нь тус  тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Н.Н болохыг хангалттай нотлож байгаа учраас Н.Ноос 3,173,850 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байгаа юм. Иймээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Хариуцагч Н.Н шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Н.Н миний бие нь тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа М.Сүхбат, Д.О нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн материалтай танилцаад дараахь хариу тайлбарыг гаргаж байна. Н.Н надад холбогдуулан нэхэмжлэгч М.Сүхбат, Д.О нар зам тээврийн ослын улсаас учирсан эрүүл мэндийн хохирол болон эд хөрөнгөд учирсан хохирол нийт 3,173,850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь миний бие нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 21-р хороо, Бага Дарь эхийн 6-1802 тоотод оршин суудаг байхад нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14-р зүйлд “Нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүх”-д гаргахаар хуульчилж өгсөн. Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэдийгээр тээврийн хэрэгслийн ашиглалтын улмаас учирсан хохирлыг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсгүүдэд зааснаар тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй байдаг ч  тухайн Хонда Си Ар Ви /Honda CRV/ машин нь миний эзэмшлийн машин биш болно. Хонда Си Ар Ви /Honda CRV/ 92-79 УБК машин нь Ж.Намхайноровын эзэмшлийн машин болох нь уг тээврийн хэрэгслийн нотариатаар гэрчлүүлсэн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. Тэгээд ч тухайн машиныг миний бие жолоодож яваагүй буюу Э.Алтансүх гэгч этгээд жолоодож явсан болох нь хавтаст хэргийн 6-р хуудаст авагдсан прокурорын мэдэгдэх хуудас, 7-9-р хуудасны зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал зэргээр тогтоогдож байгаа. Э.Алтансүхийн жолоодож явсан Хонда Си Ар Ви /Honda CRV/ 92-79 УБК улсын дугаартай автомашинтай мөргөлдсөн 40-11 ӨМӨ улсын дугаартай автомашиныг М.Сүхбат гэгч жолоодож явсан байхад нэхэмжлэл дээр болон прокурорын мэдэгдэх хуудас, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, хөрөнгийн үнэлгээ зэрэгт М.Сүхбаяр гэж, хавтаст хэргийн 66-р хуудасны арын нүүрт авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлд “Нэхэмжлэгч: Манай төрсөн дүү Өсөхбаяр жолоодож явсан” гэх мэтээр зөрүүтэй тайлбар, мэдүүлэг авагдсан байна. Иймээс нэхэмжлэгч М.Сүхбатын эрх зүйн байдал тодорхойгүй, тэрээр нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх нь эргэлзээтэй байна. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн тээврийн хэрэгслийн улмаас учирсан хохирол 3,173,850 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Д.О, М.Сүхбат нар нь эрүүл мэндэд учирсан 47,350 төгрөгийг мөн гаргуулахаар нэхэмжилснийг мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир шүүхээс 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №469 тоот шүүгчийн захирамжаар М.Сүхбатыг нэхэмжлэгчээс хассан байна. Хавтаст хэргийн 35-р хуудаст авагдсан 47,350 төгрөгний хохирлын баримт М.Сүхбатын нэр дээр бичигдсэн байгаа. М.Сүхбат нь нэхэмжлэгчээр оролцохоос татгалзаж, уг хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэсэн тул дээрх хохиролд нэхэмжилсэн 47,350 төгрөгийг нэхэмжлэгч Д.Од олгох хууль зүйн үндэслэлгүй юм. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Манай хүүхэд Н.Бишрэлт нь 4 настай бөгөөд хоолойны махтай учир, эмчилгээ хийлгэх, хоолойны махаа авахуулах хагалгаа хийлгэх, мөн манай эхнэр 3 сартай бага хүү Төгөлдөрөө гэрээр хардаг, нялх биетэй тул миний бие шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байна. Иймд миний эзгүйгээр шүүх хуралдааныг явуулж өгнө үү. Хорооны засаг даргын тодорхойлолт болон иргэний үнэмлэхний лавлагаа зэргийг нотлох баримтаар даруй явуулна.” гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч нарын нэхэмжлэл болон тайлбар, иргэний үнэмлэхний хуулбар, тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын мэдэгдэх хуудас, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон тэмдэглэл, “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт, эвдэрсэн авто машины гэрэл зургийн үзүүлэлт, Д.Огийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт, зарлагын баримт, нэхэмжлэгч М.Сүхбатын нэхэмжлэгчээс татгалзах хүсэлт, 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 469 дугаартай шүүгчийн захирамж, “Хонда Си Ар Ви” /HONDA СR-V/ маркийн 92-79 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, хариуцагч Н.Нын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан  тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.О нь тус шүүхэд зам тээврийн ослын улмаас өөрт учирсан эд хөрөнгийн болон эрүүл мэндэд учирсан хохирол төлбөрт 3,173,850 төгрөгийг тухайн зам тээврийн осолд буруутай этгээдийн барьж явсан машины эзэмшигч болох Н.Ноос гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Н.Н нь тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “Хонда Си Ар Ви /Honda CRV/ машин нь миний эзэмшлийн машин биш болно. Хонда Си Ар Ви /Honda CRV/ 92-79 УБК машин нь Намхайноровын эзэмшлийн машин. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 3,173,850 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.” гэж тайлбарлан маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Д.О, М.Сүхбат нар нь зам тээврийн ослын улмаас эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан хохиролд 3,173,850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 149 дугаар захирамжаар Д.О, М.Сүхбат нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчээр оролцуулан иргэний хэрэг үүсгэжээ. Нэхэмжлэгч нарын хүсэлтийн дагуу тус шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 469 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар М.Сүхбатыг нэхэмжлэгчээс хасч, Д.Ог нэхэмжлэгчээр үлдээж шийдвэрлэсэн байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ” гэжээ. 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр болсон зам тээврийн ослын улмаас Тоёота королла спасио /toyoto corolla spacio/ маркийн 40-11 ӨМӨ улсын дугаартай автомашинд гэм хорын хохирол учирсан байх ба тус автомашины эзэмшигч нь Доржсүрэн овогтой О бүртгэлтэй байна. /хх-ийн 62 дугаар хуудас/ Иймд нэхэмжлэгч Д.О нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр өөрт учирсан гэм хорын хохирлыг нэхэмжлэх эрхтэй.

Э.Алтансүх нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Хонда Си Ар Ви /Honda CRV/ 92-79 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.1, 2.1а дахь заалтыг зөрчсөний улмаас нэхэмжлэгч Д.Огийн Тоёота королла спасио /toyoto corolla spacio/ маркийн 40-11 ӨМӨ улсын дугаартай автомашиныг мөргөж гэм хорын хохирол учруулсан болох нь зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбар, зам тээврийн ослын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/, Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газрын мэдэгдэх хуудас /хх-ийн 6 дугаар хуудас/, хариуцагч Н.Нт захиргааны шийтгэл ноогдуулсан шийтгэвэрийн хуулбар, Н.Нын торгууль төлсөн баримтын хуулбар /шүүх хурал дээр гаргаж өгсөн/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч Н.Н нь Хонда Си Ар Ви /Honda CRV/ 92-79 УБК улсын дугаартай автомашин нь миний эзэмшлийн машин биш, аав Намхайноровын эзэмшлийн машин гэж тээврийн хэрэгсэл эзэмшигчийн асуудлаар маргаж байна.

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт “хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой этгээдийг шударга эзэмшигч гэнэ.”, 111 дүгээр зүйлийн 111.1 “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.” гэж заажээ. Хонда Си Ар Ви /Honda CRV/ 92-79 УБК улсын дугаартай автомашины эзэмшигчээр Жадамба овогтой Намхайноров /хх-ийн 109 дүгээр хуудас/ бүртгэлтэй байх боловч 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Замын цагдаагийн тасгийн байцаагч С.Батзоригийн авсан тайлбарт Н.Н нь “...би 2016.12.22-ны өдөр хамт ажилладаг дүү Алтансүхтэй Цогтцэций сумаас нүүрс тээвэрлэлтийн Гашуунсухайт автозамын 6 дахь километрт байрлах засварын газарлуу явж байгаад сумаас гарсан болохоор би дүү Алтансүхийг машин жолоодох уу гэсэн, Алтансүх тэгье гээд Хонда Си Ар Ви /Honda CRV/ 92-79 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод явсан. ... Миний аавын нэр дээр байдаг боловч миний эзэмшлийн машин. Өөрийн нэр дээр шилжүүлэх гэтэл аав хүнд өвчний улмаас хэвтэрт байгаа” гэх тэмдэглэл /хх-ийн 47 дугаар хуудас/, Н.Нт захиргааны шийтгэл ноогдуулсан шийтгэвэрийн хуулбар, Н.Нын торгууль төлсөн баримтын хуулбар /шүүх хурал дээр гаргаж өгсөн/ зэрэг баримтуудаар хариуцагч Н.Н нь тухайн тээврийн хэрэгслийг эзэмших эрхтэй болох нь тогтоогдож байна гэж дүгнэв. Тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр бүртгүүлээгүй нь түүнийг эзэмшигч биш гэж үзэх үндэслэл болохгүй юм. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.”, 499.4 дэх хэсэгт “тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус зааснаар Хонда Си Ар Ви /Honda CRV/ 92-79 УБК улсын дугаартай автомашины эзэмшигч Н.Н нь гэм хорын хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй байна.

Хавтаст хэрэгт 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр Тоёота королла спасио /toyoto corolla spacio/ маркийн 40-11 ӨМӨ улсын дугаартай автомашинд учирсан хохирлыг 3,126,500 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг үндэслэн хохирлыг тооцох нь зүйтэй гэж үзэв. Мөн дээрх ослын улмаас нэхэмжлэгч Д.Огийн эрүүл мэндэд хохирол учирч, эмчилгээ хийлгэхэд 47,350 төгрөгийн зардал гарсан болох нь нэхэмжлэгчийн Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 23 дугаар хуудас/, зарлагын баримт /хх-ийн 35 дугаар хуудас/-аар тус тус тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч Д.Огийн хариуцагч Н.Нт холбогдуулан гаргасан зам тээврийн ослын улмаас өөрт учирсан эд хөрөнгийн болон эрүүл мэндэд учирсан хохирол төлбөрт 3,173,850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65,732 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 65,732 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

   Нэхэмжлэгч Д.О, хариуцагч Н.Н нар шүүх хуралдаанд өөрсдийгөө байхгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5 дахь хэсэгт зааснаар тэднийг байхгүйд хэргийг тухайн хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Урч овогт Намхайноровын Ноос эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 3,173,850 төгрөгийг гаргуулж Тайжууд овогт Доржсүрэнгийн Од олгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65,732 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 65,732 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Од олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.                                     

 

  

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ӨЛЗИЙ-ОТГОН

 

                            ШҮҮГЧИД                               Д.БАТТУЛГА

                                                                                   

                                                                                Г.БАЯРДАВАА