Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 01256

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 155/ШШ2017/01256

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ө.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.м. төвд холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 155/2017/01045/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл, нэхэмжлэгч Ө.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батдорж, хариуцагч байгууллагын дарга Д.Т, хариуцагчийн өмгөөлөгч Б.Отгонцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Ө.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ө.О миний бие Ц сумын Э.м төвд 2013 оны 04-р сарын 15-ны өдрөөс 2015 оны 03-р сарын 09-ны өдрийг хүртэл эрхлэгчээр /дарга/ ажиллаж байгаад 50 настай, олон хүүхэдтэй гэсэн үндэслэлээр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. Тэгээд эрхлэгчийн ажлаа хүлээлгэж өгөөд 2015 оны 03-р сарын 09-ний өдрөөс эхлэн тус Э.М төвд эмчлэгч эмчээр Б/04 дугаартай тушаалаар томилогдон ажиллаж байсан. Намайг ажилд томилсоны дараа надтай хөдөлмөрийн гэрээ даргын зүгээс хийгээгүй, миний ажиллаж байсан эмчлэгч эмчийн орон тоо нь 2018 оны 03-р сарын 15-ны өдрийг хүртэл жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа эмч Б.Ун ажлын байр бөгөөд би тэр хүний орон тоон дээр 3 жилийн хугацаатайгаар түр ажиллаж байгаа юм. Миний бие 2017 оны 05-р сарын 19-ний өдрөөс ээлжийн амралтаа авч 29 хоногийн амралт маань 7-р сарын 5-ны өдөр дууссан юм. Би тэгээд хувийн шалтгаанаар даргаас 7-р сарын 05-ны өдрөөс 8-р сарын 03-ны өдрийг хүртэл нэг сарын цалингүй чөлөө бичгээр хүссэн, Тэгээд дарга намайг байхгүй үед хамт олны хурал дээр О эмчид нэг сарын чөлөө олгосон гэж хэлсэн байсан. Тэгээд би чөлөө дуусах үед буюу 8-р сарын 03-ны өдөр Солонгос улсаас ирсэн бөгөөд хотоос Мөрөнд 01 дэх өдөр ирэхэд зах ажиллахгүй өдөр сумын унаа олдохгүй байсан. Тэгээд Эрүүл мэндийн газрын үүдэнд даргатай таараад хэлтэл “та охиноо үзүүлж харуулаад, төрүүлээд ажлаа амжуулаад очоорой, яарах хэрэггүй” гэсэн аман чөлөө өгөхөөр нь би сум руу яархаа болиод эндээ охиноо 8-р сарын 1З-нд төрүүлээд 8-р сарын 20-нд Ц суманд охиноо хүүхэдтэй нь аваад очсон. Тэгээд 8-р сарын 21-нд даргатай уулзах гэтэл ээлжийн амралтаа авсан 10-р сарын 01-ний өдрийг хүртэл ирэхгүй гээд Улаанбаатар хот явсан байсан. Тэгээд 21, 22-ны өдөр ажиллаад цагаа бүртгүүлээд ажиллаж байтал ажилчид таныг ажлаас чөлөөлсөн гэсэн, тэгэхээр нь би хэрвээ ажлаас чөлөөлөгдсөн бол тушаалаа авах юм байна гэж бодоод дүн бүртгэгч Эрдэнэчимэгийг 24-ний өдөр ажилдаа орохоор нь тушаал гарсан юм уу гэтэл таныг ажлаас чөлөөлсөн тушаал гараагүй гэсэн. Тэгээд би ажиллах ёстой эсэхээ бүүр мэдэхээ болиод дахиад даргатай ярьсан чинь “таныг ажилд авахгүй ээ, оронд чинь хүн авсан байгаа, наад охин бүүр ажиллах өргөдлөө өгсөн байгаа гэсэн” тэгээд дарга 9-р сарыг 20-ны өдөр ажилдаа орсоныхоо дараа уулзахаар очтол Мөрөн явсан байсан. Тэгээд би 9-р сарын 25-ны өдөр ажилдаа очоод ажиллаж байтал хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал гаргасан бөгөөд би тэр өдөр нь тушаалаа гардаж аваад одоог хүртэл ажлаа хүлээлгэж өгөөгүй байгаа. Энэ тушаал нь ямар ч үндэслэлгүй тушаал, байгууллага надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, надад дарга өөрөө чөлөө өгсөн бөгөөд дахин чөлөөгөө өөрөө сунгаж чөлөө өгсөн атлаа дараа нь намайг сахилгын зөрчил гаргасан гэж ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна.

            Иймд Ц сумын Э.М төвийн даргын 2017 оны 09-р сарын 25-ны өдрийн Б/06 дугаартай тушаалыг хүчингүй болгож, тус төвийн эмчлэгч эмчийн албан тушаалд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж өгнө үү гэжээ.  

Нэхэмжлэгч Ө.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Сум дундын ерөнхий эмчээр ажиллаж байгаад 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Засаг дарга Мын хүсэлтээр Ц сумын Э.М төвийн даргаар 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаатай гэрээ хийсэн. Уг хугацаанд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон боловч ажиллах эмч байхгүй гэх үндэслэлээр ажилласаар байсан. Ингээд 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Т эмчид ажлаа хүлээлгэн өгч, түр тушаалаар У эмчийн орон тоон дээр эмчлэгч эмчийн ажлыг хийж байсан. 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн илүү цаг болон ээлжийн амралтаа зохицуулж Солонгос улс руу явах санаатай виз мэдүүлсэн ба миний виз 02 дугаар сарын 24-ний өдөр гарч 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Солонгос улсад сар гаруй хугацаанд ажиллахаар болсон. Энэ тухайгаа Т эмчид хэлсэн. Ээлжийн амралт маань 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр дуусахаар байсан. Солонгос улсад ажиллахад боломжийн байсан тул хугацаагаа сунгаж ажиллая гэж бодоод 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Солонгосоос Т эмч рүү утсаар ярьж сарын чөлөө авах хүсэлт тавьсан ба Т эмч 7 дугаар сарын 03-ны өдрөөс 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл яваад ир гэж зөвшөөрсөн. Монгол руу буцах гэтэл 08 дугаар сарын 03-ны өдрөөс 04-ний өдөрт шилжих шөнийн билет л байсан тул 08 дугаар сарын 04-ний өглөө Монголд ирсэн. Тухайн үед манай охин жирэмсэн байсан учир охиноо аймагт төрүүлэхээр өрхийн эмнэлэгт үзүүлж явсаар орой болж гарч амжилгүй 08 дугаар сарын 06-ны орой автобусаар охинтойгоо гарсан юм. Улмаар 08 дугаар сарын 07-ны өглөө 10 цаг өнгөрч байхад Э.М төвийн гадаа охинтойгоо явж байгаад Т эмчтэй тааралдаад ямар ажилтай яваагаа хэлтэл “Та яахав охиноо төрүүлчихээд очихгүй юу даа, таны оронд хүн ажиллаж байгаа. Та ажил төрлөө зохицуулчихаад очоорой” гэж хэлсэн. Би дарга надад чөлөө өгсөн гэж ойлгосон. Ингээд 08 дугаар сарын 13-ны өдөр манай охин хүндрэлтэй төрсөн. Охиноо төрүүлчихээд 08 дугаар сарын 20-ны өдөр Ц суманд очоод 08 дугаар сарын 21-ний өдрөөс 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл ажлаа хийж, цагаа бүртгүүлсэн. Гэтэл 26-ны өдөр охин маань өндөр халуурч эхэлсэн. Тэгээд би миний оронд ажиллаж байсан эмчтэй очиж уулзаад охиндоо өвчний түүх нээлгэсэн. Тэгэхэд манай эмнэлгийнхэн таны тушаал гарсан гэж байсан. Би ажиллах үгүйгээ мэдэхээ байгаад 08 дугаар сарын 24-ний орой охиноо аваад Улаан-Уул сум руу явсан. Гэтэл 08 дугаар сарын 25-ны өглөө “Дүн бүртгэгч Э мэдээгээ өгөхөөр ирсэн байна, та тушаалаа асуугаач ээ” гэж эмнэлгээс над руу ярьсан. Тэгээд би Э эмч рүү залгаад миний тушаал гарсан эсэхийг лавлатал “Таныг ажлаас чөлөөлсөн тушаал гараагүй байна” гэж хэлсэн. Ингээд Т эмч өөрөө над руу утсаар яриад “Таныг би ажилд авахгүй ээ, Хонгороо эмч ажилд орсон. Миний ажлыг Засаг дарга мэддэг болсон, та ажлаа бод” гэж хэлсэн. Би ажил дээр очихгүй байж байгаад 09 дүгээр сарын 20-ны өдөр очсон чинь Т эмч Мөрөнд сургалттай гээд явчихсан байсан. Би олон сар яаж ажилгүй байх вэ дээ гээд 4 дэх өдөр, 5 дахь өдөр ажилласан. Ингээд 09 дүгээр сарын 25-ны өдөр ажилдаа очоод байж байтал үдээс хойш ажлаас халагдсан тушаалаа ав гээд би тушаалаа авсан. Одоо болтол ажилгүй байгаа. Надад 09 дүгээр сард 3 хоногийн цалин олгогдсон. Харин 08 дугаар сард цалин олгогдоогүй, намайг чөлөөтэй гэж бүртгэсэн байсан. Би 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх ажлын бүх удирдамжаа Х эмчид хүлээлгэж өгөөд баталгаажуулж лавлах самбарт гаргасан. Даргыг ээлжийн амралттай байх хугацаанд бол утсаар яриагүй нь үнэн, ажилдаа орохыг нь хүлээж байсан. Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. Иймд намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх ажилгүй хугацааны цалин, олговрыг гаргуулж өгнө үү гэв. 

            Хариуцагч байгууллагын дарга Д.Т шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийг хүлээн авч танилцсан ба дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

        1. Эмчлэгч эмч Ө.О нь "3 сарын Солонгосын виз минь бүтэж 2017 оны 5 дугаар сарын 9-ний нислэгээр Солонгос улс руу явахаар боллоо" гээд өмнөх саруудынхаа илүү цагуудын тооцоог биеэр эдэлж, үргэлжлэн ээлжийн амралтаа авахыг хүссэн тул 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдөр хүсэлтийн дагуу амаар чөлөө өгч, явуулсан. Илүү цагийн тооцоог өдөрт шилжүүлэхэд 8 өдөр байсан ба Ө.Оийн ээлжийн амралт 2017 оны 5 дугаар сарын 18-нд эхэлж, 7 дугаар сарын 03-нд дуусах байсан.

        2. 2017 оны 6 дугаар сарын 22, 23-ны үед Ө.О нь Солонгосоос над руу залгаж 1 сарын цалингүй чөлөө хүссэн. Энэ хүсэлтийг хүлээж авахдаа би "өөрийнхөө өмнөөс хэн нэгэн хүнээр чөлөө хүссэн өргөдлөө бичгээр өгүүлээрэй, чөлөө баримттай байх нь зүгээр.." гэж хэлсэн тул өргөдлийг 7 дугаар сарын 3-ны өдрөөр бичиж өгсөн байсан. Утсаар ярьж байх үедээ чөлөөгөө хэтрүүлж болохгүй талаар сануулж хэлсэн. Мөн өөрийнх нь оронд одоо ажиллаж буй П.Х эмчийг түр авч ажиллуулж байгаагаа танилцуулсан. Ажиллуулах болсон шалтгаанаа мөн тайлбарласан болно. Шалтгаан нь:

- 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн ЭМГ-аас "..хөдөө орон нутагт ажиллаж буй эх барих эмэгтэйчүүдийн эмч нарыг АНЭ-ийн төрөх тасагт 1 сараар ажлын байрны дагалдан сургалтанд хамруулах" тухай танилцуулж намайг 2 дугаар ээлжинд буюу 5 дугаар сарын 15-наас эхлэн ажиллах хуваарь ирсэн, Ө.О эмч амарч байгаа гэсэн шалтгаанаар энэ удаагийн сургалтыг хойшлуулсан.

- Улс орон даяар "Элэг бүтэн Монгол" хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой хэрэгжүүлэх багт заавал их эмч байх ёстой заагдсан байсан.Энэ байдлаа би сумын засаг даргадаа танилцуулахад "аймгийн төвөөс алслагдсан байдал болон орон даяар хэрэгжүүлж байгаа ажилд их эмчгүй байж болохгүй" гээд Ө.О эмчийг хэзээ ажилдаа орохыг асуухад би бүх учрыг тайлбарласан. Тэгэхэд засаг дарга Х.М "Тэгвэл Ө.Оийг иртэл түр эмч авч ажиллуул, танай цалингийн төсөв хүрнэ гэж бодож байна, өөрөө тооцож үзээрэй. Ямар ч байсан эмчгүй л байж болохгүй" гэсэн. Ингээд би өөрийн сумаас төрсөн нутгийн боловсон хүчин болох П.Хонгорзулд бүх учрыг хэлж түр хугацаанд ирж ажиллахыг хүсэхэд зөвшөөрсөн. П.Хонгорзулд би 8 дугаар сар хүртэл ажиллана гэдгийг хэлэхэд "Зуны хугацаанд ээжийнхээ хажууд хэсэг баймаар байна, түр ч гэсэн болноо" гэж байсан. 2017 оны 6 дугаар сарын 19-өөс П.Хонгорзул ажиллаж эхэлсэн.

3. Манай хамт олон 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр “ЭМТ-ийн Хөдөлмөрийн дотоод журам"-аа шинэчлэн баталсан. Энд 6-13-5-д “Хүндэтгэх шалтгаангүйгээр улиралд нийлбэрээр ажлын 30 цаг болон дараалан 3 өдөр ажил тасалсан /ажлын цагийн тасалсан нийлбэрт ажлаас хоцорсон, ажил тарах цагаас өмнө тарж явсан, ажлын цагийн дундуур зөвшөөрөлгүй ажлын байрыг орхиж явсан зэрэг орно.” гэж оруулсан. Мөн хөдөлмөрийн гэрээний 6.1.2-т “ажилтан хүндэтгэх шалтгаангүйгээр 2-оос дээш хоногоор ажил тасалсан бол “ноцтой зөрчилд оруулж хөдөлмөрийн гэрээг шууд цуцална” гэж оруулсан байна.

4. Бид 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн сонсгол дээрээ Аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 1-485 тоот албан бичиг, Эрүүл Мэндийн Газрын даргын 2017 оны 2 дугаар сарын 21-ний 209 тоот албан бичигтэй танилцаж бүгд хүлээн авч мөрдөж ажиллахаар болж гарын үсэг зурцгаасан болно. Эдгээр албан бичиг нь төрийн албан хаагчид 1 сараас дээш хугацаагаар чөлөө олгохыг хориглосон утгатай байсан болно. Миний хувьд аль ч төрийн албан хаагч хүн үүнийг мөрдөх ёстой гэж үзэж байна. Удирдах албан тушаалтан миний хувьд ч мөрдүүлж байж төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, сэтгэлд нийцсэн хүргэнэ гэж үзэж байна.

5. Ө.О нь нэхэмжлэл дээрээ 8 дугаар сарын 21, 22-ны үед ажилласан мэтээр, 24-ний өдөр дүн бүртгэгчтэй биечлэн уулзсан мэтээр, мөн надтай утсаар харилцаж байсан мэтээр бичсэн нь ор үндэсгүй худал болно. Надтай 8 дугаар сарын 7-ны үед ЭМГ-ын үүдэнд таарсан ба тэр үедээ надаас "би яах вэ?" гэж асуугаад охиноо эмнэлгээр үзүүлж яваагаа, охин нь 8 сарын 20-ны үеэр төрөх тухай л ярьсан. Гудамжинд тааралдсан учир “Таныг очиход больё. Одоо гудамжинд юугаа ярихав дээ. Би 8 сарын 15 гээд амарна” гэж хэлсэн. Чөлөөгөө сунгах талаар юм хэлээгүй, би асууж ч санаагүй юм байна. 8 дугаар сарын цагийн бүртгэл дээр Ө.Оийн цаг бүртгэгдээгүй, мөн цалин гараагүй, мөн дүн бүртгэгч Б.Э амарч байсан болно. Харин 8 дугаар сарын 28-ны үед Б.г над руу “О эмчийн тушаал гарсан уу гэж асууж байна, Эаас халагдсан тушаалаа авья гэсэн байна, тушаал гарсан юм уу?” гэж надаас утсаар асуухад /би тэр үед ээлжийн амралтаа аваад хотод байсан/ “Үгүй ээ, надтай огт уулзаагүй, утсаар ч яриагүй. Өөртэй нь уулзаагүй учраас халагдах тушаал гаргаж болохгүй” гэсэн. Тэгээд өөр лүү нь залгаж энэ тухай хэлж, энэ талаар зөвхөн надтай ярих хэрэгтэй гэсэн. Тухайн үед аймгийн ахмадын сувилалаас /асрамжийн газар ч байж магадгүй/ над руу ярьж Ө.О эмчийн дугаар авч, өөрийнх нь тухай асууж байсан учраас тэнд ажилд орох талаар хөөцөлдөж байгаа юм байна гэж бодож байсан. Одоо бодоход яагаад надтай уулзахыг хүсээгүй, утсаар яриагүй юм болдоо гэж бодож байна. Охиноо эмнэлэгт хэвтүүлээд очих байх гэж бодож байснаас өөр юм санаагүй юм байна.

            Нэхэмжлэл гаргагчийг "Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй" гэж би итгэхгүй байна. Учир нь би 2016 оны 1 сард ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээгээ шинэчилж баталгаажуулсан. Манай байгууллагын хувьд хүний нөөцтэй холбоотой ийм асуудлыг ахлах сувилагч хариуцан ажилладаг, Ө.Оийн тушаал гаргаад ахлах сувилагч, нярав хоёртоо хэлэхэд “...хүлээлцэх юм байхгүй ээ. Хувийн хэргээ аль дээр өөрөө авчихсан. Буцааж өгөөгүй байсан..” гэж хэлсэн. Улсад 28 жил ажиллахдаа 13 жил нь удирдах ажил хийсэн хүнийг хөдөлмөрийн гэрээ хийгээгүй байсан гэж санаанд буухгүй байна. Миний хувьд энэ бүхэнд хяналт тавьж байгаагүй нь буруу, үүндээ харамсаж байгаа ч хөдөлмөрийн гэрээнд үндэслэн олгогддог цалин хөлсийг тэр хүн яаж авч чадаж байсан нь хамгийн харамсалтай байна. 28 жилийн туршид төрийн албанд зүтгэсэн хүн ийм ёс зүйтэй байгаа нь гайхшруулж, хэрэв надад ямар нэг алдаа дутагдал байсан бол хэлж, дутагдлыг арилгуулах гэсэн эмнэлгийн мэргэжилтний ёс зүйг ч зөрчиж үүнийгээ өөрийнхөө дутагдлыг цайруулах тал дээр ашигласан байна гэж үзэж байна.

6. Би өөрийнхөө удирдах ажилтны хувьд гаргасан алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрч байна. Учир нь манай ЭМТ нь 2008 он хүртэл тогтвортой ажилласан удирдлага байгаагүйгээс бүх албан бичиг, дотоод зохион байгуулалт, хөдөлмөрлөх дотоод журам хангалтгүй, бүх ажиллагсад өөрсдийн дур зоргоор байсан гэж хэлж болохоор орчинд ажиллаж байсан. Энэ бүхнийг эмхлэх нь эмчийнхээ ажлыг ихэнхдээ хийдэг, удирдагын ямар нэг сургалтанд хамрагдаж байгаагүй миний хувьд бэрхшээлтэй, удаашралтай явагдаж байгаа нь ийм байдалд хүргэж байна. Мөн би өөрөө ч анх 1995 онд ажилд орохдоо тушаал гаргуулж, хөдөлмөрийн гэрээ гэж байгуулж байгаагүй, ийм дүрэм журамтай ажилладаг гэдгийг би 2000 онд УБ хотын Клиникийн Нэгдүгээр Амаржих газарт ажилд орохдоо л мэдсэн. Яг энэ уед ажилд орж хөдөлмөрийн гараагаа эхэлж байсан хүмүүс манайд олонх нь байдаг учир энэ бүхнийг буруугаар ашиглахад хүргэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хувийн хэргийг хэрхэн хөтөлж, хадгалах тухай мэдэхгүй байснаас энэ нь нэхэмжлэгч гаргагчийг өөрийнхөөрөө байх нөхцөл бүрдүүдсэн байна. Намайг 2015 онд тухайн албан тушаалыг авахад манай сумын засаг дарга “...О эмч ажилласнаар танай дотоод ажил нэлээд цэгцэрсэн. Энэ амжилтаас нь дордуулалгүй, улам сайжруулж ажиллаарай..” гэж хэлж байсан юм. Би ч итгэсэн тул энэ тал дээр анхаараагүй минь алдаа боллоо гэж үзэж, үнэхээр харамсаж байна. Иймд миний 2017 оны 9 дүгээр сарын 25-ы өдрийн Б/06 тоот тушаал хуулийн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэгч Ө.Оийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын дарга Д.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. 2017 оны 05 дугаар сарын 03-ны үед Ө.О эмч “Би Солонгос явахаар боллоо, чөлөө өгөөч ээ” гэхэд нь би илүү цаг, амралтыг оролцуулаад 05 дугаар сарын 19-ний өдрөөс эхэлж бодож чөлөө өгсөн ба 06 дугаар сарын 20-ны үед Солонгос улсаас над руу утсаар яриад нэмж чөлөө өгөөч гэхэд нь би амаар чөлөө өгсөн. Бид нар аймгийн Засаг дарга болон Э.М төвийн даргын хамтарсан тушаалтай бүгд танилцаж гарын үсгээ зурсан. Үүнийг өөрт нь удаа дараа сануулж байсан. Элэг бүтэн Монгол хөтөлбөр орон даяар хэрэгжиж байгаа, мөн намайг эмч дутагдалтай байх тул эх барих эмчээр ирж ажилла гэсэн учраас дээд газрынхаа шийдвэрээр аймагт ажиллах болсон. Энэ тухай  сумын Засаг даргадаа танилцуулахад, “Орон даяар Элэг бүтэн Монгол гэх төсөлт ажил эхэлж байхад хойд сум эмчгүй байж болохгүй гэсэн”. Энэ нь 06 дугаар сарын 10-ны үед болсон яриа юм. Тэгээд “Чи эсвэл манайхтай гэрээгээр ажиллаж сурснаар нь Хонгорзулыг дуудаад ажиллуулчих, өөрт нь хүний оронд гэдгийг нь сайн ойлгуулаад хэлчих, чи өөрөө 1 сарын хугацаанд аймагт ажиллавал ажилла” гэсэн. Ингээд Хонгорзул ирж ажилласан. Тэгээд 06 дугаар сарын 20-ны үед Ө.О эмчтэй утсаар ярихдаа Хонгорзул ирж ажиллаж байгаа гэдгийг ч хэлсэн. Мөн 1 сараас илүү хугацаагаар ажил тасалсан бол ажлаас чөлөөлнө гэдгийг битгий мартаарай гэж сануулсан. Гэхдээ би хүндэтгэн үзэх шалтгаантай байна гэж үзээд хугацааг нь 1 сараар сунгаж өгсөн.  Баримтаа бүрдүүлээрэй гэдгийг нь ч хэлсэн. Ингээд 08 дугаар сарын 03-ны өдөр болоход О эмч ирээгүй. Солонгос улсаас эмч нар ирнэ гэхэд нь би өөрөө аймгийн төвд орж ирсэн байсан ба Эрүүл мэндийн газрын хашааны гадаа Ө.О эмчтэй тааралдаж гудамжинд юу ярих билээ, би 15-ны өдрөөс эхэлж амарна, охиноо үзүүлчихээд уулзана биз гэж хэлсэн. Ингэж уулзахдаа охиноо яг хэзээ төрөхийг нь надад хэлээгүй. Би 08 дугаар сарын 15-ны өдрөө ч амраагүй. Манайд нэг хүүхдийн бие маш хүнд байсан, 08 дугаар сарын 21-ний өдрийн өглөөг хүртэл өвчтэй хүүхдээ хараад байж байсан. Ингээд “Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичиг ирнэ, бүх сумд машинтайгаа орж ир” гэсэн учраас 08 дугаар сарын 21-ний өдөр 13 цаг, 14 цагийн орчимд хүүхдээ аваад Ц сумаас наашаа гарсан. Тэр хугацаанд Ө.О эмч өөрийн биеэр ирж надтай  уулзаагүй, утсаар ч учир шалтгаанаа яриагүй. Ө.О эмчийн охин манай сумын харьяа биш учраас цус алдаж төрсөн гэх мэдээллийг би мэдэхгүй, өөрөө ч надтай яриагүй. Манайх ер нь 2 талдаа олон хоногоор баг руу явж ажилладаг. Ингэж явахдаа “Эндээс би хөдөллөө, ийшээ гарлаа” гэдгээ утсаар заавал мэдэгдэж байх ёстой гэдгийг баримталж ажилладаг. Энэ утгаараа багт хуваагдаж ажилладаг эмчийн хувьд аливаа зүйлээ надад тайлбарлах ёстой байх гэж бодож байна. Ямар ч байсан өөртэй нь тулж ярих нь зүйтэй гэж бодсоны үндсэнд 08 дугаар сарын 03-ны өдрөөс 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хүлээсэн. Энэ хугацаанд би өөрөө залгаж утсаар ярьсан. Би 08 дугаар сарын 27-ны үед энд ирчихээд тэр чигээрээ амарсан. Улаанбаатар хотод байхад манай дүн бүртгэгч над руу утсаар залгасан. “Ө.О эмч ажлаас халагдсан юм уу, яасан юм бол? Цалин мөнгө бодогдох гээд байна. Яах учиртай юм бол?” гэсэн. Би “Отгоо эмчтэй өөртэй нь уулзаагүй, надтай утсаар ч яриагүй. Ө.О эмч өөрөө л надтай ярих ёстой, манай эх баригч Энхмаа эмч рүү ярьсан байсан. Хүнээр дамжуулуулах ёсгүй, тэр буруу байна” гэж хэлсэн. Ингээд тэр дор нь би өөрөө Ө.О эмч рүү ярьсан. Та над руу л ярих ёстой. Битгий бусад хүмүүсээр яриулж, бусдыгаа эвгүй байдалд оруулаад бай гэж хэлсэн. Би 09 дүгээр сарын 13-ны өдрөөс ажилдаа эргэж орсон. Энэ хугацаанд ч гэсэн надтай нэг ч удаа утсаар яриагүй. Намайг явангуут л очиж байсан гэсэн ийм ойлголттой байгаа. Би 08 дугаар сарын 03-ны өдрөөс хойш 1 сар гаруй хугацаанд энэ хүнийг хангалттай хүлээж чадсан гэж үзсэн учраас халагдах тушаалыг нь гаргасан. Хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах гэдэг зүйл нь өөрөө манай хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд байгаа. Дотоод журмаа 2016 онд бүгд баталж, гарын үсгээ зурсан. Тодорхой шалтгаангүйгээр 1 сараас илүү хугацаагаар явах боломжгүй гэдэг дээр ч мөн харилцан ярилцаад гарын үсгээ зурсан байгаа. Би өөрөө Э.М төвийн даргын хувьд дээрээс гарч байгаа бүх шийдвэр хүчин төгөлдөр үйлчлэх ёстой гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв. 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ө.О нь хариуцагч Хөвсгөл аймгийн Ц сумын Э.м төвд холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гарган, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

Шүүхээс хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон зохигчийн тайлбарыг шинжлэн судлахад:

Нэхэмжлэгч Ө.О нь Хөвсгөл аймгийн Цагаан нуур сумын Э.М төвийн эмчлэгч эмчээр 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн ажиллаж эхэлсэн бөгөөд түүнийг тус Э.М төвийн даргын тушаалаар 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан Хөвсгөл аймгийн Ц сумын Э.М төвийн даргын 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/04 дугаартай “Ажилд томилох тухай”, 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Б/06 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах тухай” тушаалууд, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Хариуцагч нь “Ө.О нь 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс мөн оны 08 дугаар сарын 03-ны өдрийг дуустал 1 сарын чөлөө олгох хүсэлт гаргасны дагуу уг хүсэлтийг хүлээн авч 1 сарын чөлөө олгосон. Охиноо төрүүлэх шалтгааныг үндэслэн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл чөлөөг амаар сунгасан боловч 2017 оны 08 сарын 15-ны өдрөөс хойш ажилд ирээгүй, хүндэтгэх шалтгаангүйгээр ажлаа тасалж 2017 оны 09 сарын 21-ний өдөр ажилдаа ирсэн тул байгууллагын дотоод журам болон хуульд заасны дагуу ажлаас чөлөөлсөн гэж, нэхэмжлэгч нь 2017 оны 08 сарын 07-ны өдөр Эрүүл мэндийн газрын гадаа даргатай таарч охиноо төрөх хүртэл хугацаагаар чөлөөг амаар авч охиноо төрүүлчихээд 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ажилдаа очиход дарга ээлжийн амралтаа аваад эзгүй, миний оронд эмчлэгч эмчээр Хонгорзул гэдэг эмч ажиллаж байсан. 21, 22-ны өдөр цагаа бүртгүүлээд ажиллаж байтал ажилчид таныг ажлаас чөлөөлсөн гэж хэлсэн ба дарга над руу 2017 оны 08 сарын 28-ны өдөр утсаар ярьж “та ажиллаад хэрэггүй таныг ажлаас чөлөөлсөн” гэж хэлсэн. Миний оронд өөр хүн ажиллаад дарга ажиллуулахгүй гэсэн тул би даргыг ээлжийн амралтаа эдэлж дуусаад ажилдаа орохыг нь хүлээж байгаад 2017 оны 09 сарын 21-ний өдөр ажилдаа очсон ба 3 хоног ажиллуулаад 2017 оны 09 сарын 25-ны өдөр намайг ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг надад өгсөн. Байгууллага надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, надад дарга өөрөө чөлөө өгсөн бөгөөд дахин чөлөөгөө сунгаж зөвшөөрөл өгсөн атлаа сахилгын зөрчил гаргасан гэж ажлаас чөлөөлснийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.  

Хөвсгөл аймгийн Ц сумын Э.М төвийн дарга нь нэхэмжлэгч Ө.Оийг эмчлэгч эмчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах тухай” Б/06 дугаар тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Э.М төвийн хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.13.5 дахь заалтыг тус тус үндэслэл болгожээ.

Тус Э.М төвийн хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.13.5-д “Ажлын онцлогийг харгалзан дараах үйлдлүүдийг ноцтой зөрчилд тооцон ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцална. Үүнд: ...Хүндэтгэх шалтгаангүйгээр улиралд нийлбэрээр ажлын 30 цаг болон дараалан 3 өдөр ажил тасалсан /ажлын цагийн тасалсан нийлбэрт ажлаас хоцорсон, ажил тарах цагаас өмнө тарж явсан, ажлын цагийн дундуур зөвшөөрөлгүй ажлын байрыг орхиж явсан зэрэг орно/ гэж заасан байх бөгөөд  хэрэгт цугларсан нотлох баримтанд тухайн албан тушаалд Ө.Отэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ авагдаагүй тул ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан эсэх талаар  дүгнэх боломжгүй байна.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол” хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор заасан ба ажил олгогч, ажилтан нарын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй тул захиргааны санаачилгаар ажилтныг ажлаас халах үндэслэл үүсээгүй гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Ө.Оийг ажлаас үндэслэлгүй халсан байна гэж үзэж, түүнийг Хөвсгөл аймгийн Ц сумын Э.М төвийн эмчлэгч эмчийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна. 

Ажлаас халсан тухай шийдвэр гаргаагүй атлаа ажилтны ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй, цалин хөлс олгоогүй бол ажилтан тухайн үеийн цалин хөлстэй тэнцэх олговрыг шаардах эрхтэй ба нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацаа буюу 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацааны цалин гаргуулахаар нэхэмжилжээ.

Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 сарын 05-ны өдрийн 55 дугаартай тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7.а-д “...ажлаас буруу халсан буюу шилжүүлсэн үеийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь 2017 оны 6, 7, 8 сард бүтэн ажиллаагүй болох нь Ө.Оийн №1010536 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байх тул нэхэмжлэгчийн 2017 оны 2-4 дүгээр сард авсан дундаж цалин хөлсөөр тодорхойллоо. Үүнд: 2-р сард 670.271 төгрөг, 3-р сард 893.695 төгрөг, 4-р сард 893.695 төгрөгийн цалин хөлс авч байсан нь түүний №1010536 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байх тул 3 сарын цалин 2.457.661 төгрөг, нэг сард 819.220 төгрөг, үүнийг ажлын 21.5 хоногт хуваахад нэг өдрийн цалин 38.103 төгрөг байна. Ажилгүй байсан хугацааг ажил олгогчоос ажилтныг 2017 оны 08 сарын 28-ны өдрөөс ажлаас чөлөөлж байгааг мэдэгдсэн өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл буюу 2017 оны 12 сарын 11-ний өдөр хүртэл ажлын нийт 67 хоногийн цалин 2.552.901 төгрөгийг Хөвсгөл аймгийн Цагаан нуур сумын Э.М төвөөс гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд зөвхөн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг ба хариуцагчаас тус гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2.552.901 төгрөг гаргуулах шаардлагын улсын тэмдэгтийн хураамж 55.796 төгрөг, нийт 125.996 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ө.Оийг Хөвсгөл аймгийн Ц сумын Э.М төвийн эмчлэгч эмчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Хөвсгөл аймгийн Ц сумын Э.М төвөөс ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2.552.901 /хоёр сая таван зуун тавин хоёр мянга есөн зуун нэг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.Од олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Ө.Од олгосон ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор 2.552.901 /хоёр сая таван зуун тавин хоёр мянга есөн зуун нэг/ төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган авч, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Хөвсгөл аймгийн Ц сумын Э.м төвд даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн Ц сумын Э.М төвөөс улсын тэмдэгтийн хураамж 125.996 /нэг зуун хорин таван мянга есөн зуун ерэн зургаа/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд  шийдвэрийг гардуулснаар  гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БЯМБАСҮРЭН