Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 0002

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ө.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Х.З, хариуцагч байгууллагын төлөөлөгч Ж.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1256 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ө.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х-н Ц сумын Эрүүл мэндийн төвд холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ө.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.Отгонгэрэл миний бие Ц сумын Эрүүл мэндийн төвд 2013 оны 04-р сарын 15-ны өдрөөс 2015 оны 03-р сарын 09-ны өдрийг хүртэл эрхлэгчээр /дарга/ ажиллаж байгаад 50 настай, олон хүүхэдтэй гэсэн үндэслэлээр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. Тэгээд эрхлэгчийн ажлаа хүлээлгэж өгөөд 2015 оны 03-р сарын 09-ний өдрөөс эхлэн тус эрүүл мэндийн төвд эмчлэгч эмчээр Б/04 дугаартай тушаалаар томилогдон ажиллаж байсан. Намайг ажилд томилсны дараа надтай хөдөлмөрийн гэрээ даргын зүгээс хийгээгүй, миний ажиллаж байсан эмчлэгч эмчийн орон тоо нь 2018 оны 03-р сарын 15-ны өдрийг хүртэл жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа эмч Б.У-н ажлын байр бөгөөд би тэр хүний орон тоон дээр 3 жилийн хугацаатайгаар түр ажиллаж байгаа юм. Миний бие 2017 оны 05-р сарын 19-ний өдрөөс ээлжийн амралтаа авч 29 хоногийн амралт маань 7-р сарын 5-ны өдөр дууссан юм. 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн илүү цаг болон ээлжийн амралтаа зохицуулж Солонгос улс руу явах санаатай виз мэдүүлсэн ба миний виз 02 дугаар сарын 24-ний өдөр гарч 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Солонгос улсад сар гаруй хугацаанд ажиллахаар болсон. Энэ тухайгаа Т эмчид хэлсэн. Ээлжийн амралт маань 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр дуусахаар байсан. Солонгос улсад ажиллахад боломжийн байсан тул хугацаагаа сунгаж ажиллая гэж бодоод 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Солонгосоос Т эмч рүү утсаар ярьж сарын чөлөө авах хүсэлт тавьсан ба Т эмч 7 дугаар сарын 03-ны өдрөөс 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл яваад ир гэж зөвшөөрсөн.

.... Тэгээд би 9-р сарын 25-ны өдөр ажилдаа очоод ажиллаж байтал хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал гаргасан бөгөөд би тэр өдөр нь тушаалаа гардаж аваад одоог хүртэл ажлаа хүлээлгэж өгөөгүй байгаа. Энэ тушаал нь ямар ч үндэслэлгүй тушаал, байгууллага надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, надад дарга өөрөө чөлөө өгсөн бөгөөд дахин чөлөөгөө өөрөө сунгаж чөлөө өгсөн атлаа дараа нь намайг сахилгын зөрчил гаргасан гэж ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна.

Иймд Ц сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2017 оны 09-р сарын 25-ны өдрийн Б/06 дугаартай тушаалыг хүчингүй болгож, тус төвийн эмчлэгч эмчийн албан тушаалд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын дарга Д.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эмчлэгч эмч Ө.О нь "3 сарын Солонгосын виз минь бүтэж 2017 оны 5 дугаар сарын 9-ний нислэгээр Солонгос улс руу явахаар боллоо" гээд өмнөх саруудынхаа илүү цагуудын тооцоог биеэр эдэлж, үргэлжлэн ээлжийн амралтаа авахыг хүссэн тул 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдөр хүсэлтийн дагуу амаар чөлөө өгч, явуулсан. Илүү цагийн тооцоог өдөрт шилжүүлэхэд 8 өдөр байсан ба Ө.О-н ээлжийн амралт 2017 оны 5 дугаар сарын 18-нд эхэлж, 7 дугаар сарын 03-нд дуусах байсан. 2017 оны 6 дугаар сарын 22, 23-ны үед Ө.О нь Солонгосоос над руу залгаж 1 сарын цалингүй чөлөө хүссэн. Энэ хүсэлтийг хүлээж авахдаа би "өөрийнхөө өмнөөс хэн нэгэн хүнээр чөлөө хүссэн өргөдлөө бичгээр өгүүлээрэй, чөлөө баримттай байх нь зүгээр.." гэж хэлсэн тул өргөдлийг 7 дугаар сарын 3-ны өдрөөр бичиж өгсөн байсан. Утсаар ярьж байх үедээ чөлөөгөө хэтрүүлж болохгүй талаар сануулж хэлсэн. Мөн өөрийнх нь оронд одоо ажиллаж буй П.Х эмчийг түр авч ажиллуулж байгаагаа танилцуулсан. Ажиллуулах болсон шалтгаанаа мөн тайлбарласан болно. 2017 оны 6 дугаар сарын 19-өөс П.Х ажиллаж эхэлсэн. Би 9 дүгээр сарын 13-ны өдрөөс ажилдаа эргэж орсон. Энэ хугацаанд ч гэсэн надтай нэг ч удаа утсаар яриагүй. Намайг явангуут л очиж байсан гэсэн ийм ойлголттой байгаа. Би 08 дугаар сарын 03-ны өдрөөс хойш 1 сар гаруй хугацаанд энэ хүнийг хангалттай хүлээж чадсан гэж үзсэн учраас халагдах тушаалыг нь гаргасан. Хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах гэдэг зүйл нь өөрөө манай хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд байгаа. Дотоод журмаа 2016 онд бүгд баталж, гарын үсгээ зурсан. Тодорхой шалтгаангүйгээр 1 сараас илүү хугацаагаар явах боломжгүй гэдэг дээр ч мөн харилцан ярилцаад гарын үсгээ зурсан байгаа. Би өөрөө Эрүүл мэндийн төвийн даргын хувьд дээрээс гарч байгаа бүх шийдвэр хүчин төгөлдөр үйлчлэх ёстой гэж үзэж байна.

Бид 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн сонсгол дээрээ Аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 1-485 тоот албан бичиг, Эрүүл Мэндийн Газрын даргын 2017 оны 2 дугаар сарын 21-ний 209 тоот албан бичигтэй танилцаж бүгд хүлээн авч мөрдөж ажиллахаар болж гарын үсэг зурцгаасан болно. Эдгээр албан бичиг нь төрийн албан хаагчид 1 сараас дээш хугацаагаар чөлөө олгохыг хориглосон утгатай байсан болно. Миний хувьд аль ч төрийн албан хаагч хүн үүнийг мөрдөх ёстой гэж үзэж байна. Удирдах албан тушаалтан миний хувьд ч мөрдүүлж байж төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй болгоно гэж үзэж байна.

Ө.О нь нэхэмжлэл дээрээ 8 дугаар сарын 21, 22-ны үед ажилласан мэтээр, 24-ний өдөр дүн бүртгэгчтэй биечлэн уулзсан мэтээр, мөн надтай утсаар харилцаж байсан мэтээр бичсэн нь ор үндэсгүй худал болно. Чөлөөгөө сунгах талаар юм хэлээгүй.

... Нэхэмжлэл гаргагчийг "Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй" гэж би итгэхгүй байна. Учир нь би 2016 оны 1 сард ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээгээ шинэчилж баталгаажуулсан. Манай байгууллагын хувьд хүний нөөцтэй холбоотой ийм асуудлыг ахлах сувилагч хариуцан ажилладаг, Ө.О-ийн тушаал гаргаад ахлах сувилагч, нярав хоёртоо хэлэхэд ...хүлээлцэх юм байхгүй ээ. Хувийн хэргээ аль дээр өөрөө авчихсан. Буцааж өгөөгүй байсан.. гэж хэлсэн.

.... Иймд миний 2017 оны 9 дүгээр сарын 25-ы өдрийн Б/06 тоот тушаал хуулийн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэгч Ө.О-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1256 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ө.О-ийг Х-ийн Ц сумын Эрүүл мэндийн төвийн эмчлэгч эмчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Х-ийн Ц сумын Эрүүл мэндийн төвөөс ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2.552.901 /хоёр сая таван зуун тавин хоёр мянга есөн зуун нэг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.О-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Ө.О-д олгосон ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор 2.552.901 /хоёр сая таван зуун тавин хоёр мянга есөн зуун нэг/ төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган авч, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Х-ийн Ц сумын Эрүүл мэндийн төвд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар хариуцагч Х-н Ц сумын Эрүүл мэндийн төвөөс улсын тэмдэгтийн хураамж 125.996 /нэг зуун хорин таван мянга есөн зуун ерэн зургаа/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: ... Нэхэмжлэгч Ө.О нь байнгын орон тоон дээр ажиллаж байсан ба хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Гэтэл шүүх хөдөлмөрийн гэрээг хэрэгт авагдаагүй гэсэн дүгнэлт хийсэн нь буруу байна. Учир нь нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой нотлох баримтыг бүрдүүлж өгөх учиртай. Гэтэл уг үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй байгааг шүүх анхаарч үзээгүй. Нэхэмжлэгч Ө.О-ийг ажпаас халахдаа тус ЭМТ-ийн Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр халсан. Ө.О нь 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдрөөс хойш нийт 35 хоног ажил тасалсан нь нотлогддог. Тэрээр ажил таслаагүй, чөлөөтэй байсан гэдгээ нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх буруу дүгнэлт хийсэн. Ажил олгогчийн гаргасан тушаалын үндэслэл болох сахилгын ноцтой зөрчил гаргасан байхад хөдөлмөрийн гэрээ байхгүй гэсэн дүгнэлт хийснийг ойлгохгүй байна. Хэрэв шүүх хөдөлмөрийн гэрээ хэрэгт авагдаагүй гэж үзэж байгаа юм бол нэхэмжлэгч Ө.О нь манай ЭМТ-ийн ажилтан биш байхаар байх тул шүүхэд гомдол гаргах эрхтэй эсэх нь тодорхойгүй байна. Мөн нэхэмжлэгч байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байтал үүнийг хэрэгсэхгүй байна гэж үзэж байна. /ажилд авсан тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2-ыг үндэслэсэн болно./ Ажил тасалсан талаар гэрчийн мэдүүлэг авахуулсаар байтал шүүх гэрчийн мэдүүлгийг үнэлсэн талаараа дүгнэлт өгөөгүй /үнэлсэн, үнэлээгүй эсэх/ байж ажилд нь буцааж тавьж байгаа нь ойлгомжгүй байна. Эмнэлгийн ажил нь цаг хугацаатай уралдаж байдаг онцгой чухал ажил байтал хувийн эрх ашгаа урьтал болгож Солонгос улс руу явж ажил хийж, ажил тасалж ирчхээд шүүхэд гомдол гаргаж байгаа нь ёс зүйгүй явдал. Харин ажил олгогчоос хувийн эрх ашгийг нь хүндэлж 1 сарын чөлөө олгосоор байтал 35 хоног ажил тасалсан байдаг нь зөв үү. Манай хамт олон төрийн албан хаагчийн сахилга хариуцлагыг сайжруулах жилийн хүрээнд гаргасан Аймгийн Засаг даргын 2017 оны А/485, ЭМГ-ын даргын 2017 оны 209 дугаартай албан бичгийн дагуу гарын үсэг зурж баталгаажуулсан ба Ө.О мөн үүнийг хүлээн зөвшөөрч байсан болно.

Иймд Ө.О нь 35 хоног ажил тасалж байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.13.5-д заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан тул түүнийг ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 -т заасны дагуу хууль зөрчөөгүй гэж үзэж байгааг харгалзан үзэж Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн харилцааны маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн байх ба шүүхийн шийдвэр нь “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн  116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

 Нэхэмжлэгч Ө.О нь Хөвсгөл аймгийн Цагаан нуур сумын Эрүүл мэндийн төвийн эмчлэгч эмчээр ажилаж байгаад тус төвийн даргын 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Б/06 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Эрүүл мэндийн төвийн хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.13.5-т заасан үндэслэлээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ.

           Дээрх тушаалыг эс зөвшөөрч  нэхэмжлэгч   “... ажил таслаж, сахилгын зөрчил гаргаагүй,...чөлөөний хугацаанд ажлаас чөлөөлсөн” гэсэн үндэслэлээр  Цагааннуур сумын Эрүүл мэндийн төвийн эмчлэгч эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахыг хүссэн  нэхэмжлэл гаргасан байх ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрчээ.

            Зохигчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу гаргасан  нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Ө.О нь “...Солонгос улс руу явна” гэх  үндэслэлээр 1 сарын чөлөө олгохыг хүссэн хүсэлт гаргасан байх ба ажил олгогч нь  ажилтны  хүсэлтээр 1 сарын  цалингүй чөлөө олгосон нь зохигчийн тайлбараар нотлогджээ. Зохигчид дээрх чөлөөний хугацааны талаар маргаагүй ба харин чөлөө дууссанаас хойшхи хугацааны талаар маргаж,  нэхэмжлэгч “ажил таслаагүй, чөлөөтэй байсан” гэж, хариуцагч “Ө.О нь ажил тасалсан” гэж тайлбарлажээ.

Ажил олгогч нь ажилтанд чөлөө олгохдоо ямар нэгэн эрхийн акт гаргаагүй учир ажил тасалсан гэх үйл баримтад дүгнэлт хийх,  захиргааны чөлөө хэдий хугацаанд үргэлжилсэн, хэдийнээс ажилдаа орох үүрэгтэй байсан зэрэг нөхцлийг тодорхойлох боломжгүй болжээ.

Түүнчлэн ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тул “хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан” гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь  үндэслэлгүй байна.

Иймд Ө.О-ийг Хөвсгөл аймгийн Цагаан нуур сумын Эрүүл мэндийн төвийн эмчлэгч эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар шийдвэрлэсэн нь  үндэслэлтэй гэж үзнэ.

Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батласан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7.а-д “...ажлаас буруу халсан буюу шилжүүлсэн үеийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно.” гэж зааснаар ажилтны бүтэн ажилласан 3 сарын дундаж цалин хөлснөөс тооцон дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар шийдвэрлэсэн нь  үндэслэлтэй.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.       

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1256 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.