Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 855

 

     Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

     Нэхэмжлэгч: Увс аймгийн Өмнөговь сумын х тоотод оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар:х, Ч овогт Б-ийн К-ийн нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: х холбогдох,

    2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 11.904.763 төгрөг гаргуулах, энэ хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг бүрэн төлж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч Б.К шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Б.К боловсролын системд тасралтгүй 21 дэх жилдээ ажиллаж түүнээс сүүлийн жилүүдэд Өмнөговь сумын х-ийн захирлаар ажиллаж байгаад х-ын 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн Б/05 тоот захирамжаар ажлаас чөлөөлөгдөж улмаар энэ шийдвэрийг эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд хандсан билээ. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 37 дугаар шийдвэр гарч хуучиж эрхэлж байсан ажилд минь эгүүлэн тогтоосон. Хариуцагч тал давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд байгаа болно. Миний бие ажлаас чөлөөлөгдөх үедээ цалингийн 1.950.000 төгрөгийн зээлтэй байсан тул энэ зээлээ төлөхөд хүндрэл учирч байгаа, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг тасралтгүй төлж ирсэн байдал тасарч магадгүй гэсэн зэрэг хүндрэл учирч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангахад гүн туслалцаа үзүүлнэ үү” гэжээ.

     Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.К-г 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр х-ын Б/05 тоот захирамжаар ажлаас нь чөлөөлсөн ба Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 37 тоот шийдвэрээр түүнийг х-ийн захирлын ажилд эгүүлэн тогтоосон. Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 477 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Шийдвэр хүчин төгөлдөр болсон боловч өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжсэн байгаа болно. Иймд Б.К-ийн 2017 оны 2 дугаар сараас 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл буюу нэхэмжлэл гаргах өдөр хүртлэх 9 сар, 5 хоногийн цалин 11.904.763 төгрөгийн х газраас гаргуулж нэхэмжлэгчид олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү. Хөөх хэлэлцэх хугацаа дууссан асуудал байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдөхөөс өмнөх 3 сарын дундажаар тооцоолсон” гэв.

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ш шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ш миний бие нэхэмжлэгч Б.К-ийн ажилгүй байсан хугацааны цалин 11.904.763 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа хөөн хэлэлцэх хугацаагаа хэтрүүлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсэнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан ба Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 477 тоот магадлалыг гардаж аваад 45 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

       Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Б.К нь хариуцагч х-д холбогдуулан 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 11.904.763 төгрөг гаргуулах, энэ хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг бүрэн төлж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

      Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 37 тоот шийдвэрээр нэхэмжлэгч Б.К-г х сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн ба Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 477 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

    Нэхэмжлэгч Б.К-н нийгмийн даатгалын дэвтэр болон Увс аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоос үзэхэд ажлаас чөлөөлөгдөхөөс өмнөх сүүлийн 3 сар буюу 2016 оны 10 дугаар сард 1.240.549 төгрөг, 2016 оны 11 дүгээр сард 1.080.107 төгрөг, 2016 оны 12 дугаар сард 1.651.619 төгрөг ба үнийн дүнгээс нэг сарын дундаж цалинг тооцоход 1.324.092 төгрөг байна.

    Ингээд 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд  нийт ажлын 198 цалин 12.193.434 төгрөг /дээрх нэг сарын дундаж цалин 1.324.092 төгрөгийг сарын ажлын дундаж хоног 21.5-аар хуваан гарсан нэг өдрийн цалин 61.586 төгрөгийн цалинг 198 хоногт үржүүлэв/ байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 11.904.763 төгрөгийг х газраас гаргуулан нэхэмжлэгч Б.К-д олгох нь үндэслэлтэй гэж үзэв.

      Мөн нэхэмжлэгч Б.К нь 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөхийг даалгахыг хүссэн бөгөөд Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэж заажээ.

      Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар нэхэмжлэгч Б.К-ийн 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг бүрэн төлж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч х газарт даалгаж шийдвэрлэлээ.

     Шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэл хугацаанд нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн хэвээр байх ба ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг зөвхөн шүүхэд хандах замаар шаардахгүй бөгөөд үүрэг бүхий этгээд өгөх ёстой олговрыг нь өгөөгүй, татгалзсанаар нэхэмжлэгчийн хувьд эрх нь зөрчигдсөн гэж үзнэ.

       Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

      Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсгүүдэд нэхэмжлэгч Б.К-ийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 205.426 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч х газраас 205.426 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.К-д олгох нь зүйтэй. 

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч х газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 11.904.763 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.К-д олгосугай.

    2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар нэхэмжлэгч Б.К-ийн 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг бүрэн төлж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч х газарт даалгасугай.

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсгүүдэд нэхэмжлэгч Б.К-ийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 205.426 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч х газраас 205.426 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.К-д олгосугай.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрл эх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           П.БОЛОР