Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 03

 

Б.К-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 855 дугаар шийдвэртэй, Увс аймгийн Өмнөговь сумын 5 дугаар баг, 7-11 тоотод оршин суух, Чангас овогт Батаагийн К-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймгийн З даргад холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор 3.902.418 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлийн агуулга: “Миний бие Б.К боловсролын системд тасралтгүй 21 дэх жилдээ ажиллаж түүнээс сүүлийн жилүүдэд Өмнөговь сумын ахлах сургуулийн захирлаар ажиллаж байгаад Увс аймгийн З даргын 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн Б/05 тоот захирамжаар ажлаас чөлөөлөгдөж улмаар энэ шийдвэрийг эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд хандсан билээ. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 37 дугаар шийдвэр гарч хуучин эрхэлж байсан ажилд минь эгүүлэн тогтоосон. Хариуцагч тал давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд байгаа болно. Миний бие ажлаас чөлөөлөгдөх үедээ цалингийн 1.950.000 төгрөгийн зээлтэй байсан тул энэ зээлээ төлөхөд хүндрэл учирч байгаа мөн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг

тасралтгүй төлж ирсэн байдал тасарч магадгүй гэсэн зэрэг хүндрэл учирч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангахад гүн туслалцаа үзүүлнэ үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батмөнхийн тайлбарын агуулга: “Б.Кг 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Увс аймгийн Засаг даргын Б/05 тоот захирамжаар ажлаас нь чөлөөлсөн ба Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 37 дугаар шийдвэрээр түүнийг Увс аймгийн Өмнөговь сумын ахлах сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоосон. Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 477 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Шийдвэр хүчин төгөлдөр болсон боловч өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжсэн байгаа болно. Иймд Б.Колягийн 2017 оны 02 дугаар сараас 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл буюу нэхэмжлэл гаргах өдөр хүртлэх 9 сар, 5 хоногийн цалин 11.904.763 төгрөгийн Увс аймгийн Засаг даргын тамгын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан асуудал байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1- дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдөхөөс өмнөх 3 /гурав/ сарын дундажаар тооцоолсон” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: “Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Шинэбаяр миний бие нэхэмжлэгч Б.Кгийн ажилгүй байсан хугацааны цалин 11.904.763 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа хөөн хэлэлцэх хугацаагаа хэтрүүлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан ба Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 477 дугаа магадлалыг гардаж аваад 45 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 855 дугаар шийдвэрээр:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн Засаг даргын тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 11.904.763 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Коляд олгосугай.

            2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Колягийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг бүрэн төлж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Увс аймгийн Засаг даргын тамгын газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсгүүдэд нэхэмжлэгч Б.Колягийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 205.426 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Засаг даргын тамгын газраас 205.426 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Коляд олгосугай.” гэж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн давж заалдах гомдлын агуулга: “Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Шинэбаяр би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлд заасан эрхийнхээ дагуу Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 855 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 855 дугаар шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 "шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжпэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ "Шүүхийн шийдвэр биелүүлэх хүртэл хугацаанд нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн хэвээр байх ба ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг зөвхөн шүүхэд хандах замаар шаардахгүй бөгөөд үүрэг бүхий этгээд өгөх ёстой олговрыг нь өгөөгүй, татгалзсанаар нэхэмжлэгчийн хувьд эрх нь зөрчигдсөн гэж үзнэ. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна" гэж үндэслэлгүй дүгнэлт хийжээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.2-т "Давж заалдах гомдол гаргасан бөгөөд давж заалдах журмаар гомдлыг хянан хэлэлцээд энэ хуулийн 119.2-т заасны дагуу гаргасан магадлалд хяналтын журмаар гомдол гаргаагүй" бол магадлал хуулийн хүчин төгөлдөр болохоор хуульчилсан байна. Талууд хяналтын журмаар гомдол гаргаагүй бол магадлал гарсан өдрөөсөө буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зœйлийн 108.2-т заасны дагуу хүчинтэй болсон өдрөөсөө эхлэн хуулийн хүчин төгөлдөр болох ёстой. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр

зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжлэх эрх үүссэн. Хэдийгээр ийм эрхтэй боловч эрхээ тодорхой хугацааны дотор хэрэгжүүлэх боломжтой байхаар хуулчилсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй. Ажлаас үндэслэлгүй халагдаж, эрхээ зөрчигдсөн гэдгийг нэхэмжлэгч Б.К захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон буюу 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр мэдсэн. Гэтэл нэхэмжпэгч 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах ёстой байтал хууль заасан хугацааг 45 хоногоор хэтрүүлж 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргажээ. Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 855 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

          Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулинд заасан үндэслэл журмаар явуулж шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангажээ.

          Нэхэмжлэгч Б.К ажилгүй байсан хугацааны цалин 11.904.763 төгрөг гаргуулж нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлэх тухай шаардлагыг шүүхэд гаргасан байна. /хх-ийн 1 дүгээр тал/

          Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Шинэбаяр эс зөвшөөрч  давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор нэхэмжлэгч шүүхэд хандахаар зохицуулсан байхад 45 хоногоор хугацаа хэтрүүлж нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ./ хх-ийн  29,39 дүгээр тал/

          Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Кгийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг 12.193.434 төгрөгөөр тооцсон боловч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ 11.904.763 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нэхэмжлэгч Б.Кгийн ажилгүй байсан хугацааны бичилт хийхийг хариуцагчид даалган нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

          Нэхэмжлэгч Б.Кгийн ажлаас чөлөөлөгдсөн 2017 оны 02 дугаар сарын 01-нээс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр болох 2017 оны 11 дүгээр сарын 15-ны хооронд ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасан “үндэслэлгүйгээр ажлаас халагдсан ажилтанд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй нь тэнцэх олговрыг ажил олгогчоос гаргуулна”,мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж,түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл ,хураамж төлсөн бичилт хийх үүрэгтэй”, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэсэн заалтуудтай тус тус нийцжээ.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-д зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор, 129 дүгээр зүйлийн 129.2.-д ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж зохицуулжээ. Ажилтан хуулийн энэ зохицуулалтын дагуу  ажлаас буруу халсан талаар ажил олгогчийн шийдвэрийг гардаж аваад эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан байх бөгөөд шүүх 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 855 дугаар шийдвэрээр түүүний ажилгүй байсан хугацааны цалин11.904.763 төгрөгийг Увс аймгийн З даргын Тамгын газраас гаргуулахаар тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.дэх заалтад нийцсэн байна.

            Хариуцагч талын гомдолд дурдсанаар нэхэмжлэгчийг  дээрх хуульд заасан  гомдол гаргах хугацааг  хэтрүүлсэн гэж үзэх хууль зүйн  үндэслэлгүй байна.

Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 855 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ .

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа  хариуцагч тал  улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т  заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

            1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 855 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Шинэбаярын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “ шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА                                                          ШҮҮГЧ                                                            М.НЯМБАЯР

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.ЖАМБАЛСҮРЭН