Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2020/00562

 

З.Х-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 115 дугаар шийдвэртэй,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 38 дугаар магадлалтай,

З.Х-ын нэхэмжлэлтэй,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс, ХҮТ ХХК-д тус тус холбогдох

Хөрөнгө үнэлсэн тухай албан тоотыг хүчингүйд тооцуулах, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулахыг даалгах, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн №1 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Х-, хариуцагч ХҮТ ХХК-ийн төлөөлөгч Р.З, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г-, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Х-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 136 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хангах зорилгоор Эрдмийн Ундраа лицей сургуулийн үйл ажиллагааг явуулж байсан барилгыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба 298.700.000 төгрөгөөр үнэлж дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэснийг үл зөвшөөрч шүүхэд гомдол гаргаж байсан. Хөрөнгийн үнэлгээний тайлангийн 6-р талд сургуулийн барилгын хажууд баригдсан өргөтгөл  нь тусдаа тул үнэлгээнд хамрагдаагүй гэж тэмдэглэсэн хэрнээ 2018 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн 403 дугаар бүхий хөрөнгө үнэлсэн тухай албан тоотод 448м2 сургуулийн зориулалттай хоёр барилгын үнийг газрын хамт 219.715.000 төгрөгөөр үнэлсэн гэж тусгасан байна. Хөрөнгийн үнэлгээг ШШГА-ны эрх ашигт нийцүүлэн тэдний сонирхлын дагуу үнэлж миний өмчлөх эрхийг хохироож байна гэж үзэж байна. Тэгээд ч сургуулийн хоёр барилга нийтдээ 219.715.000 төгрөг юм уу эсвэл 1 барилга нь дангаараа ийм үнэтэй юм уу гэдэг нь эргэлзээ төрөхүйц байдалтай байхад шийдвэр гүйцэтгэгч хоёр барилга гэж үзээд байгаа нь маргаан үүсгэж байна. Уг үл хөдлөх хөрөнгийн нэг корпусыг 2007 онд шинээр барьсан бөгөөд хуучин барилгыг сэргээн засварласан ба сургуулийн хичээлийн барилгын зориулалтаар ашиглаж байсан тул сурагчдын эрүүл ахуйн шаардлагыг хангах үүднээс жил бүр урсгал засвар хийж гадна дотно тохижилтод хөрөнгө мөнгө зарцуулж байсан тул байрыг үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. ХҮТ ХХК-ийн гаргасан барилгын үнэлгээ нь хуучин барилгын сэргээн засварлах, жил бүр хийж байсан урсгал засварт зарцуулсан зардлаас бага байгаа нь шударга бус байна. Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны захиалгаар хийсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцож өгнө үү. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 53.3, 53.6-д заасан заалтуудыг  зөрчиж албадан дуудлага худалдаа зарласан байх тул хууль зөрчсөн гэж үзэж байна. Үл хөдлөх хөрөнгөөр үүргийн биелэлтийг хангуулах шүүхийн шийдвэр гараагүй байхад шийдвэр гүйцэтгэлийн тодорхой ажиллагаа хийхгүй, үл хөдлөх эд хөрөнгийг худалдах нь төлбөр төлөгчийн эрх ашгийг хохироосон ажиллагаа явуулж байна гэж үзэхээр байна. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулахыг даалгах, шаардлагыг нэмэгдүүлсэн гаргаж байна гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Төмөрхуягийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 06- ны өдрийн 136 тоот шийдвэрээр Сайхан бужир ХХК, Эрдмийн ундраа лицей сургууль, З.Х-, Д.Оюунцэцэг нар нь ХХБны Хөтөл салбарт 88.292.789 төгрөгийн төлбөр төлөхөөр шийдвэрлэгдсэн. Төлбөр авагч ХХБны хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулан төлбөр төлөгч иргэн хуулийн этгээдийн харилцах данснуудыг битүүмжилсэн, үл хөдлөх хөрөнгийн болон тээврийн хэрэгслийн лавлагаа авсан бөгөөд төлбөрийн шаардлага хангах хөдлөх хөрөнгө байхгүй нь тогтоогдсон. Төлбөр авагч талаас 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ирүүлсэн З.Х-ын ХХБинд байгаа барьцаа хөрөнгийг дуудлага худалдаанд оруулж өр төлбөрийг барагдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг үндэслэн төлбөр төлөгчийн Сайхан сумын 1-р багт байрлах 171000605 нэгж талбарын дугаартай 2100 м.кв эзэмших эрхтэй газар, 171004146 нэгж талбарын дугаартай 380.3 мкв эзэмших эрхтэй газар, Ү-1310000921 улсын бүртгэлийн дугаартай 448 м.кв сургуулийн зориулалттай барилга, Ү-1310000045 улсын бүртгэлийн дугаартай З06 м.кв сургуулийн зориулалттай барилгыг газрын хамт хураан авч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг үндэслэн үнийн санал өгөхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч З.Х- 550 сая төгрөг, ХХБ хэт өндөр үнэтэй байгаа тул бид тохиролцох боломжгүй гэснээр Капитал зууч ХХК-иар үнэлгээ хийлгэхэд 286.532.400 төгрөгөөр үнэлсэн. Төлбөр төлөгч нь 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр үнэлгээтэй холбоотой гомдол шүүхэд гаргаж, шүүхээс нэхэмжлэлийг хангаж, үнэлгээг хүчингүй болгосон тул 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр шинжээч томилох тогтоол гарган ХҮТ ХХК-иар дахин дээрх үл хөрөнгүүдийг үнэлүүлсэн. ХҮТийн үнэлсэн үнэлгээгээр зах зээлийн өнөөгийн ханш 219.715.000 төгрөг байна гэж үзсэн тул бид энэ талаар талуудад танилцуулсан. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд тухайн хүний бүх хөрөнгөнөөс гаргуулах үүрэгтэй. Өр төлбөрийг хариуцагчийн барьцаа хөрөнгөнөөс нь гаргуулна уу гэсэн хүсэлтийн дагуу барьцаа хөрөнгөнөөс гаргуулахаар болж байна. Энэ нь хууль зөрчсөн зүйл байхгүй гэжээ.

Хариуцагч ХҮТ ХХК-ийн захирал Р.З-ын шүүхэд гаргасан тайлбарт: ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс Шинжээч томилох тухай тогтоолын дагуу хөрөнгө үнэлгээний ажлыг хийж гүйцэтгэсэн. Хөрөнгө үнэлгээний ажил хийж гүйцэтгэхийн тулд хөрөнгийн барилгатай дэлгэрэнгүй танилцаж, дэлгэрэнгүй мэдээлэл авч хараат бус байдлаар үнэлгээ хийж тогтоодог. Манайх хөрөнгийн байдалтай иргэн З.Х-ын хамт үзэж танилцаад хэмжилт хийсэн. Барилгын чанар байдлыг тодорхойлж, үнэлгээг гаргасан.  Үнэлгээг олон улсын үнэлгээний стандартын дагуу хийдэг. Үүнд гурван янзын арга байдаг. Маргаантай үнэлгээнд 3 төрлийн аргыг ашиглаж үздэг. Эхний ээлжид зардлын аргын үнэлгээний тооцоог хийсэн. Энэ байшинг шинээр барих өртгийг тооцож гаргахад нийт 569.000.000 төгрөгөөр гаргасан. 2100 мкв болон 2 газрын үнийг 21.000.000 төгрөгөөр үнэлсэн. 1 байр нь 53 хувийн элэгдэлтэй. Мөн 1 байшин нь 28 жил, нөгөө нь 25 жил ашиглагдана гэж тооцоо гарсан. Элэгдлийг хасаж зардлын аргаар үнэлсэн үнэ нь 315.000.000 төгрөг. Нийт 337.000.000 төгрөгийн үнэтэй болсон. Одоо цагт ямар үнэлгээтэй байна гэдгийг харьцуулалтын үнэлгээний аргаар үнэлсэн. Хөтөлд байгаа зар мэдээллийн дагуу харьцуулалт судалгааны үндсэн дээр тооцоолол хийж 281.000.000 төгрөг болсон. Мөн сул чөлөөтэй газрыг нэмж оруулсан байгаа. Энэ нь Ийм үнэ санал болгож магадгүй гэсэн үнэ юм. Үнэлгээний хамгийн сайн арга нь орлогын аргын хандлага гэж хэлдэг. Тухайн барилыг метр квадратыг нь 10.000 төгрөгөөр түрээслэнэ гэж тооцож үнэлгээг хийсэн. Орлого олж орлогоосоо зардлаа хасаж жилдээ 15.000.000 төгрөгийн ашигтай ажиллана гэж тооцоо гаргасан. 3 аргаар тооцсон үнэ ойролцоо байдаг. Өртгийн арга доогуур үнээр зарагдаж байна гэдэг нь зах зээл муу байгааг харуулж байна. Тийм учраас бид нэмэлт судалгаа хийсэн. Манай зүгээс дуудлага худалдааны хамгийн анхны үнийг гаргаж өгч байгаа. Үнэлгээ хийхэд мэдээллийг сайн авч хийх ёстой байдаг. Төлбөр төлөгч талаас мэдээллийг адилхан өгөхгүй мэдээллийг нууж байсныг онцолж хэлмээр байна. Дээрх үнэ гарсныг З.Х-д маш сайн тайлбарлаж хэлсэн. Манай үнэлгээ бага хийгдсэн, буруу болсон гэдэг асуудал байхгүй гэж бодож байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...ХХБ анх шүүхэд нэхэмжлэл гаргахад 2 шаардлагатай байсан. Нэхэмжлэлийн 2 дахь шаардлага дээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргаж байсан. 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Энэхүү шийдвэр дээр хөрөнгүүд нь дурдагдсан байна. Иргэн З.Х- ХХБнаас зээл авчихаад дараа нь төлбөрөө төлчихсөн байсан бол ийм асуудал үүсэхгүй байсан. Нэхэмжлэгч тал шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага буруу үйл ажиллагаа явуулсан. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд нэг ч төгрөгийг өр төлбөртөө төлөөгүй. Иймд иргэн З.Х-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 115 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар  З.Х-ын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс, ХҮТ ХХК-ний захирал Р.Зоригт нарт  холбогдох хөрөнгө үнэлсэн тухай албан тоотыг хүчингүйд тооцуулах, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулахыг даалгах, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн 2019 оны 02 дугаар сарын 12-ний өдрийн №1 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д  зааснаар З.Х-ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 38 дугаар магадлалаар Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 115 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн заалтуудыг чанд мөрдөж ажиллах ёстой байтал энэ үүргээ биелүүлэхгүй, хуулийн заалтуудыг зөрчиж ажиллагаа явуулсан байх бөгөөд шүүх хуралдаан дээр хуулийн дагуу ажиллагаа явуулсан гэж байгаа боловч иргэний хэргийн материалд нотлох баримтаар энэ талаар ямар нэгэн материал авагдаагүй байхад анхан шатны шүүх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан байна гэж дүгнэлт гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч З.Х- нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүлээн эөвшөөрөхгүй хэт багаар үнэлж байна гэж удаа дараа гомдол гаргаад байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хэлтэс нь хэт тоомжиргүй хандаж, үнэлгээний талаар мэдэгдэхгүй шууд дуудлага худалдаа явуулах тогтоол гаргах, шинжээч нарын гаргасан үнэлгээ нь зөрүүтэй байхад зөрүүг арилгах, дахин шинжээч томилох зэрэг ажиллагаа хийхгүй байх, ямар хөрөнгө нь дуудлага худалдаанд орох боломжтой эсэх талаар нарийн судалж үзэхгүй байгаа зэрэг үл хөдлөх эд хөрөнгөөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагаа нь учир дутагдалтай байх тул шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагааг хуулийн дагуу гүйцэтгэхийг Сайхан сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгах зэрэг шүүхийн үндэслэлтэй шийдвэр гаргуулах хүсэлтэй байна. Иймд дээрхи үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хянуулж, нэхэмжлэлийн шаардлага хангасан шийдвэр гаргуулах хүсэлтэй байгаа тул магадлалыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

З.Х-, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс болон ХҮТ ХХК-д холбогдуулан “ХҮТ ХХК-ийн 2018.11.01-ний өдрийн хөрөнгө үнэлсэн тухай албан тоотыг хүчингүйд тооцуулах” нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, анхны дуудлага худалдаа зарласан 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн №1 тоот тогтоолыг хүчингүй болгуулах, хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дарааллын дагуу явуулахыг даалгахыг хүсчээ.  

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ анхны “...хөрөнгө үнэлсэн албан тоотыг хүчингүйд тооцуулах” нэхэмжлэлээ “үнэлгээг хүчингүй болгуулах” гэж өөрчилсөн атал анхан шатны шүүх анхаараагүй, “...хөрөнгө үнэлсэн албан тоотыг хүчингүйд тооцуулах” гэж тодорхойлсон нь буруу байгааг давж заалдах шатны шүүх залруулаагүйгээс гадна “анхны дуудлага худалдаа зарласан тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлагын эрх зүйн үндэслэлд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул эдгээр үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “төлбөрт хураагдсан эд хөрөнгө нь барьцааны үл хөдлөх хөрөнгө боловч, энэ талаар шүүхийн шийдвэр гараагүй тул төлбөр төлүүлэх ажиллагааг хуульд заасан дарааллын дагуу явуулах, үнэлгээ зах зээлийн үнээс хэт бага, энэ талаар гомдол гаргасан атал дуудлага худалдаа зарласан нь хуульд нийцээгүй” гэсэн агуулгаар тайлбарласан байна.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, “нэхэмжлэгчтэй удаа дараа уулзаж төлбөр төлөхийг шаардсан, төлөөгүй, өмнө нь үнэлгээг хүчингүй болгосон, нэхэмжлэгчид барьцааны хөрөнгөөс өөр төлбөр төлүүлэх хөрөнгө байхгүй нь тогтоогдсон, дахин тогтоосон үнэлгээ хуульд нийцсэн” гэжээ.

Хариуцагч ХҮТ ХХК нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй “хөрөнгийг очиж үзэн үнэлгээг стандарт, хуульд заасан журмын дагуу үнэлсэн” гэж маргасан байна.

З.Х-аас 88.292.789 төгрөг гаргуулж ХХБ ХХК-д олгох Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 136 тоот шийдвэр, уг шийдвэрийг үндэслэн бичигдсэн гүйцэтгэх хуудасны дагуу хариуцагч байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа бөгөөд анхны дуудлага худалдааны санал болгох доод үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч харилцан тохиролцож тогтоож чадаагүйгээс шийдвэр гүйцэтгэгч шинжээчээр ХҮТ ХХК-г томилжээ. Шинжээч томилсон тогтоолд, өмчлөх эрх нь З.Х-ын нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдсэн 2 барилга болон эзэмших эрхийн 2 газрын зэх зээлийн үнийг тогтоохыг шинжээчид үүрэг болгосон, шинжээч эдгээр хөрөнгийг нийтдээ 219.715.000 төгрөгөөр үнэлсэн нь хэргийн баримтаар тогтоогдсон байна.

Зохигч хөрөнгийн үнэлгээ хийсэн үндэслэлийн талаар мэтгэлцсэн байх бөгөөд үнэлгээг зах зээлийн ханшаас хэт доогуур тогтоосон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээч 2 барилга, 2 газрыг тус тус үнэлж, үнэлгээ тогтоосон үндэслэлээ тайландаа тодорхой тусгажээ.

Иймд үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасантай нийцсэн гэж үзэв.

Дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь барьцааны зүйл болох тухайд зохигч маргаагүй байна. Харин уг барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэр гараагүй тул хариуцагч нь иргэнээс төлбөр гаргуулах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3, 53.6-д заасан дарааллын дагуу ажиллагааг хийнэ. Өмнө нь үнэлгээтэй холбоотой гомдлыг шүүх шийдвэрлэж, үнэлгээг хүчингүй болгохдоо энэ  үндэслэлийг заасан байна. Хэрэгт шийдвэр гүйцэтгэгч нь нэхэмжлэгч, төлбөр төлөгч З.Х-тай уулзаж төлбөр төлөхийг шаардсан, түүний нэр дээр мөнгөн хөрөнгө,  тээврийн хэрэгсэл байгаа эсэхийг холбогдох байгууллагаас лавласан баримтууд авагдсан байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дарааллын дагуу явагдсан гэж үзнэ. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дарааллын дагуу явуулахыг даалгах, улмаар анхны дуудлага худалдаа зарласан тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчөөгүй байна.

Дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 38 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 115 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 66 дугаар зүйлийн 66.2-т зааснаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс, ХҮТ ХХК-д холбогдох анхны дуудлага худалдаа зарласан 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн №1 тоот тогтоолыг хүчингүй болгуулах, төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дарааллын дагуу явуулахыг даалгахыг хүссэн З.Х-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч З.Х- нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ