| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 183/2016/01935/И |
| Дугаар | 183/ШШ2017/02740 |
| Огноо | 2017-12-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 183/ШШ2017/02740
| 2017 оны 12 сарын 12 өдөр | Дугаар 183/ШШ2017/02740 | Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: . . . . . . . . . . . байрлах Ө.Д ХХК-ийн /РД: 0000000/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х . . . . . . . . . . . байрлах Ф.Г ХХК /РД:00000000/
Хариуцагч: . . . . . . . . . . . оршин суух бүртгэлтэй, . . . . . . . . . . . . оршин суух А овогтой Э.Ц ХХК /РД:0000000/ нарт холбогдох,
Гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 40.801.000 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд 33.113.442 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний үүргийн гүйцэтгэлд 38.400.000 төгрөг, алданги 6.912.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Ш, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Х, хариуцагч болон хариуцагч Ф.Г ХХК-ийн төлөөлөгч Э.Ц, түүний өмгөөлөгч Б.П, нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ө.Д ХХК-ийн захирал Т.Ш шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани үсчин, гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2016 оны 02 дугаар сард Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Гэрэлт хотхоны 1 дүгээр давхрын 170 м.кв талбайг үсчин, гоо сайхны зориулалтаар түрээслэхээр Ф.Г ХХК-ийн захирал Э.Ц-тэй тохиролцож, 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 04/016 тоот Түрээсийн гэрээг бичгээр байгуулсан. Ф.Г ХХК-ийн захирал Э.Цтэй анх уулзах үед түрээсийн гэрээний урьдчилгаа төлбөрөө төл гэсний дагуу 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 20.000.000 төгрөг, түрээсийн гэрээ байгуулсан өдөр буюу 2016 оны 3 дугаар сарын 09-ны өдөр 20.801.000 төгрөгийг түүний өгсөн хувийн данс руу нь шилжүүлсэн. Бид түрээсийн гэрээ байгуулахдаа гэрээг 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 60 сарын хугацаатай, 1 м.кв талбайн түрээсийн үнийг 40.000 төгрөгөөр тооцож, түрээсийн төлбөрийг 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс тооцож эхлэхээр тохиролцсон. Ийнхүү төлбөр тооцож эхлэх өдөр хүртэл хугацаанд түрээслүүлэгч нь түрээсийн байр руу орох нийтийн хэрэглээний дулаан, цахилгааны монтаж, халуун хүйтэн, бохир усны шугам, усны тоолуур, шалны халаалтыг цутгалтын хамт хийх, 2016 оны 6 дугаар сарын 01-ны өдөр гэхэд гадна зогсоолын талбайг ашиглалтанд оруулах, түрээслэгч талыг үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай нөхцөл боломжоор хангах гэх мэт ажлуудыг хийхээр тохирсон. Гэвч гэрээ байгуулснаас хойш түрээслүүлэгч Ф.Г ХХК нь
түрээслэсэн гэрээгээр тохиролцсон ажлуудаа хийгээгүйгээс манай компани ч мөн заслын ажлаа хийх боломжгүй болсон. Энэ хугацаанд хариуцагч компаниас гэрээгээр тохиролцсон ажлуудаа хийж гүйцэтгэхийг удаа дараа шаардаж, албан тоот хүргүүлж байсан боловч үүргээ биелүүлээгүй. Түрээсэлсэн талбайн хэмжээ дутуу байсан тул 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Гэрээний хавсралтыг байгуулан, талбайн хэмжээг багасган, түрээсийн төлбөр тооцож эхлэх хугацааг хойшлуулж, гадна тохижолт зэрэг ажлуудыг бүрэн хийж дуусгах, мөн түрээслүүлэгч нь гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд түрээслэгч тал дангаар гэрээг цуцлах эрхтэй бөгөөд түрээслүүлэгч тал гарсан бүх зардлыг үл маргах журмаар бүрэн барагдуулах үүргийг хүлээсэн. Гэсэн хэдий ч хариуцагч нь мөн л гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд бидний зүгээс маш их хэмжээний дотоод заслын материал, үсчин, гоо сайхны тоног төхөөрөмж худалдан авч их хэмжээний зардал гарган хохироод байна. Иймд Ф.Г ХХК-тай байгуулсан 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 04016 тоот Түрээсийн гэрээ, 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Гэрээний хавсралтаас татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 40.801.000 төгрөг, энэ хугацаанд манай компаниас гарсан зардал буюу гэрээнээс татгалзсанаас учирсан хохиролд болон түрээслэн авсан талбайд салгаж авах боломжгүй засварын зардалд 33.113.442 төгрөг, нийт 73.914.442 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Учир нь уг түрээсийн гэрээ нь түрээслүүлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж хэрэгжих боломжгүй болсон бөгөөд талбайг түрээсийн зориулалт буюу үсчин, гоо сайхны зориулалтаар ашиглах боломж гараагүй гэв.
Хариуцагч Ж.Цэлмэг шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ф.Г ХХК болон Ө.Д ХХК нь 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 04/016 тоот Түрээсийн гэрээ, 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Гэрээний хавсралт /нэмэлт өөрчлөлт/-ийг байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Гэрэлт хотхоны 1 давхрын 170 м.кв складны зориулалттай талбайг үсчин, гоо сайхны чиглэлээр түрээслэхээр харилцан тохирсон. Ө.Д ХХК нь гэрээний дагуу 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр нийт 40.801.000 төгрөгийг төлсөн бөгөөд үүний 6.800.000 төгрөг нь барьцаанд, 34.001.000 төгрөг нь 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх 5 сарын түрээсийн төлбөрт тооцож шилжүүлсэн. Ө.Д ХХК нь түрээсийн талбайг өөрсдөө цоожилж, уг түрээсийн талбайд хийж байсан засварын ажлыг зогсоож, бидний үйл ажиллагаанд хүндрэл учруулсан. Манай компани гэрээний дагуу түрээсийн талбайг шилжүүлсэн учир төлөгдөөгүй түрээсийн төлбөрт 38.400.000 төгрөг, алданги 6.912.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч анх 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн үед нэхэмжлэл гаргахдаа Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийг баримталж гэрээнээс татгалзаж 40 801 000 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд 28 930 000 төгрөг, нийт 69 700 000 төгрөг нэхэмжилсэн. 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөд тухайн мөнгөн дүнг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэрээнд тооцуулах гэж шүүх хуралдаан хойшлогдсон. Анх шүүхийн шийдвэр 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр гарсан. Шүүхийн шийдвэрийн үндэслэл нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасны дагуу гэрээнээс татгалзах зүйл гэж хариуцагч тал ойлгож байгаа. Гэрээнээс татгалзаж түрээсийн төлбөрт төлсөн 40 801 000 төгрөг, түүнээс үүдэлтэй хохирлоос 33 113 442 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарласан. Нэхэмжлэлийн шаардлагын өөрчлөлтүүдээс хамгийн сүүлийн шүүхэд өгсөн нэхэмжлэлийн шаардлагаар гэрээнээс татгалзаж байгаа юм байна. Түрээсийн гэрээний талаар дурдахгүй байгаа учраас бид Иргэний хуулийн 313 дугаар зүйлд заасны дагуу байгуулагдсан аль аль тал маргахгүй байна гэж ойлгосон. Түрээсийн гэрээний нэмэлт гэрээг 4 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан. Түрээсийн гэрээний хугацааг 5 дугаар сарын 16-ны өдрөөс тооцож эхэлнэ. Түүнээс өмнө хэд хэдэн ажлуудыг дурдсан. Шалны халаалт тавих шал цутгах, бохирын усыг бүрэн бүтэн угсарч дуусгаж 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр түрээслүүлэгч нар хүлээж авсан. Гэрээнд манай талаас өөрчлөлт оруулъя гэсэн шаардлага тавиагүй. Учир нь түрээсийн гэрээ байгуулаад аль аль тал нь үйл ажиллагаа явуулъя гэж үзсэн. Тухайн объектод 20 гаруй аж ахуйн нэгж байгууллага түрээсийн гэрээгээр үйл ажиллагаа явуулдаг. Түрээсийн гэрээн дээр бусад бүх түрээслэгч нарт оруулж өгсөн байдаг. Манай гадна ойролцоогоор 30 машин зогсох боломжтой хоосон талбай байсныг авто машины зогсоол болгоё гэж тохиролцсон. Гадна талбай ганц Өнөр дөлгөөн ХХК дангаараа ашиглах биш бусад үл хөдлөх эд хөрөнгийг түрээсэлж байгаа байгууллагууд ашиглах зүйл байгаа. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд авч үзвэл гэрээтэй холбоотой маргааны талаар Өнөр дөлгөөн ХХК-иас өгсөн 5 албан бичиг байгаа. Талууд нотлох баримт цуглуулсан зүйл байх. Хамгийн анхны мэдэгдэл 3 дугаар сарын 29-ний өдрийн 0129 дугаартай албан бичиг байдаг. 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр цонхны доод талын бетонон хэсгийг нурааж тэгшилж авах, сонголт хийх тухай хүсэлт өгсөн. 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Ф.Г ХХК-д мэдэгдэл өгдөг. Энэ бол хавсрал гэрээ байгуулахаас өмнөх зүйлүүд байгаа. 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 4 дугаартай Өнөр дөлгөөн ХХК-иас Ф.Г ХХК-д мэдэгдэл өгсөн. Цонхны бетонон суурийн доод хэсэг хүртэл засвар хийх мэдэгдлийг өгсөн байдаг. Мэдэгдлүүдийг харахаар нэхэмжлэгчийн нөхөр н.Бямбацогт гэж хүн гарын үсэг зурсан, байдаг. Гэрээтэй холбоотой 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 09 дугаартай мэдэгдэх хуудас өгсөн. Цаашид засвар хийх бололцоогүй байна. Гэрээгээр тохирсон хугацаанаас өмнө мэдэгдэл өгсөн. Үүнд гадна талбайн зогсоол, авто зогсоол гэх мэт зүйлийг шийдвэрлэж өгнө үү гэсэн байгаа. Нэмэлт гэрээний 7 дугаар зүйлд заасан шалны халаалт тавих, шал цутгах, бохир дулааны ажил дуусгаагүй ажлаа дуусгах гэдгийг мэдэгдэл дээр дурдаагүй. Яагаад дурдаагүй юм бэ гэхээр хариуцагч тал хийсэн байсан. Өмнөх шүүх хуралдаан дээр доогуур ажлаа хийж, пильтагаа цутгаад тухайн үед явахдаа зарим зүйлээ салгаж аваад явсан гэж нэхэмжлэгч тал шүүхэд хэлсэн. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байдаг. Гэрээний үүрэг зөрчсөн аль нэг тал татгалзах эрхтэй юу гэдгийг ярихад 5 хуудас нотлох баримт байгаа. Өөр баримт хэрэгт байхгүй. Өнөөдрийн шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж өгсөн бичлэг нотлох баримтын шаардлага хангахгүй байсан. Тухайн үед олохгүй байж байгаад сүүлд олсон. Манай тал гэрээтэй холбоотой зөрчсөн зүйл байхгүй гэж үзэж байна. Гадна талын гаражны асуудлыг өмнөх шүүх хуралдаан дээр ярьсан. Иргэний хуулийн 318 дугаар зүйлд 170 мкв буюу сүүлд хэмжилт хийгээд 160 мкв болсон метр квадрат талбайг түрээсэлсэн болохоос биш бид нар газар түрээсэлсэн зүйл байхгүй. 20 гаруй түрээслүүлэгчийнхээ эрх ашгийг бодож гадна талбайг хийж өгье гэж гэрээнд нэмэлтээр хийж өгсөн болохоос түрээсийн үр шимээ хүртэхэд нь саад учруулах зүйл биш гэж үзэж байна. 160 мкв объект нь 2 талдаа хаалгатай. Нэг тал нь хотхоноор гардаг, төв замаараа гардаг нь дамжин өнгөрдөг боловч нэвт гарах боломжтой байгаа. 160 мкв объектыг түрээслэгч тал хүссэн байсан бол үр шимийг хүртэх боломжтой байсан. Дутуу ажил гэдэг нь мэдэгдлээр нотлогдоно. Дутуу байсан ажлыг сүүлийн мэдэгдлээр шүүхэд нотлох баримт болгож өгсөн н.Бямбацогтын гарын үсэгтэй албан бичгээс харахад гадна талбайн зураглал, авто зогсоолын, зам цутгах зэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн. Шалны ажил дутуу байна гэснийг мэдэгдэлдээ дурдаа байсан. Талууд хэл амаа ололцохын тул бичиг цаасаа солилцож байя гэсэн боловч объектыг хаяад түлхүүрээ хүлээлгэж өгөөгүй учир бид ашиглаж болохгүй байсан. Утсаар холбогдоод 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр ирсэн. Объектыг онгойлгож байхыг мэдээд хэрүүл маргаан болж түлхүүрээ авая гэж хэлсэн. Тухайн үед нэхэмжлэгч түлхүүрээ өгөөд 10 дугаар сараас түрээсэлсэн бол маргааны дүн багасах байсан. Өмнөх түрээсийн 40 801 000 төгрөгийг яаж төлөх талаар маргах дүн багасах байсан. Түлхүүрийг хүлээлгэж өгөөгүй учраас гэрээ хэвээр гэж үзэж байна. 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл урьдчилгаа төлбөрөө авсан учир бид нар санаа зовохгүй байсан. 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш аль нэг нь гэрээнээс татгалзсан гэрээг цуцлах талаар нэг ч мэдэгдэл аваагүй. Энэ талаар хэргийн материалд байхгүй байгаа. Иргэний хуулийн 204 дүгээр зүйл, 205 дугаар зүйлд гэрээнээс татгалзах гэдгийг барьж байгаа. Улсын дээд шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 3 дугаартай гэрээний эрх зүйн хууль хэрэглээгүй гэрээнээс татгалзах зүйлд анхаарах асуудлууд гэсэн зөвлөмж гаргасан. Гэрээнээс татгалзах зүйл заалтыг ашиглаж болохгүй бэ, яагаад ашиглах ёстой талаар тодорхой заасан. Гэрээнээс татгалзах гэдэг нь өгч авснаа буцаах ёстой. Түрээсийн гэрээн дээр цуцлах асуудал яригдахаас биш татгалзах зүйл яригдахгүй гэж үзэж байна. Иргэний хуульд зааснаар түрээсийн гэрээ байгуулчхаад шүүхэд 2016 оны 12 дугаар 08-ны өдөр нэхэмжлэл гаргаснаар гэрээнээс татгалзсан гэж байна. 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацааг яаж үзэх юм бэ, энэ хугацааг хүлээн зөвшөөрч байгаа юм уу үүнийг хууль зүйн талаас нь авч үзвэл нэхэмжлэгчийн үндэслэл хуульд нийцэхгүй байгааг шүүх анхаарч үзнэ үү. Иргэний хуулиар гэрээнээс татгалзах гэдэг нь гэрээний үүргээ хэрхэн зөрчсөн гэдгийг нотлох асуудал байна. Амаар яриад байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс хойш хариуцагч тал гэрээний үүргээ биелүүлсэн юм уу, биелүүлээгүй юм уу, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Үүнийг нэхэмжлэгч яаж тогтоогоод байгаа нь тодорхойгүй байна. Тийм учраас хариуцагч тал гэрээний үүргээ зөрчсөн талаар тогтоогдохгүй байна. Хариуцагч тал гэрээнээс татгалзах үндэслэл болохгүй байна. Гэрээ хүчин төгөлдөр учраас гэрээний үр шимийг хүртэх нь нэхэмжлэгч байшингаа яаж ашиглах өөрийн эрх учраас үр шимээ хүртээгүй үндэслэл байхгүй гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Гэрээ хүчин төгөлдөр гэж үзэж байгаа тул түрээсийн төлбөрөө нэхэмжлэх эрхтэй учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. 33 113 442 төгрөгийн хохирол гарсан гэж байна. Үүнтэй холбоотой Хятад улс, Солонгос улсаас авчирсан материалууд гэж байна. Гаалиар барааг оруулж ирсэн 8 000 0000 төгрөгийн мэдүүлэг, зураг төслийг өгсөн байна. Энэ талаар өмнөх шүүх хуралдаан дээр яригдаж байсан. 33 113 442 төгрөг гэж үнэлж байгаа эд хөрөнгө яаж орсон талаар нотлогдохгүй байна. Үл хөдлөх эд хөрөнгөнд өөрчлөлт оруулсан бол түрээсийн гэрээний хугацаа дуусаад түрээслэгч талд үлдэх ёстой. Тухайн үед материалуудаа хураагаад авсан байдаг. Дараа нь үсчинийхээ ажлыг өөр газар явуулахдаа материалуудаа аваад явсан. Гипсэн хана үлдсэн байсан. Өөр үлдсэн зүйл байхгүй. 160 мкв 33 000 000 төгрөгийн материал оруулсан гэдгийг нэхэмжлэгч тал нотолж чадахгүй байна. Бараа материалуудыг нэхэмжлэгч аваад явсан үл хөрөнгөнд орсон зүйл байхгүй. 3 000 000 төгрөгийн ажил хийгдсэн гэж яриад байгаа боловч байхгүй. Анхан шатны шүүх хуралдаан дээр шинжээч томилуулсан бол маргаан шийдэгдэх байсан. Тухайн үед хангаж шийдээгүй учраас 33 000 000 төгрөгийн эд хөрөнгө үл хөдлөх эд хөрөнгөнд орсон гэдгийг нотлох зүйл байхгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй шийдвэрлэж өгнө үү. Хана нураасан гэж яриад байдаг. Талууд яриад байгаа боловч нотлох баримт байхгүй. Нэхэмжлэгч тал хүсэлт тавьж манай талаар авахуулсан. Урагшаагаа хаалга гаргуулах гэж байсан. Энэ нь 5 дугаар сарын эхээр хийгдсэн. Шүүх хуралдаан дээр өгсөн тайлбартаа манайх нэг талын ханыг өөрсдөө буулгаж авсан гэж яриад байна. Ажиллаж байсан талбайны нэг талыг буулгаж аваад явчихсан гэж ярьж байгаа боловч тухайн үед маргаан гараагүй. Үүнийг шүүх анхаарч үзнэ үү. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх зохигчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ө.Д ХХК нь түрээсийн гэрээнээс татгалзаж, гэрээний урьдчилгаа төлбөр болон түрээсийн төлбөрт шилжүүлсэн 40.801.000 төгрөг, гэрээнээс учирсан хохирол 33.113.442 төгрөг, нийт 73.914.442 төгрөгийг нэхэмжилж хариуцагч Ж.Цэлмэг, Ф.Г ХХК нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ...түрээсийн талбайг шилжүүлсэн тул гэрээний дагуу түрээсийн үлдэгдэл төлбөр 38.400.000 төгрөг, алданги 6.912.000 төгрөг, нийт 45.312.000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хариуцагч Ф.Г ХХК гаргаж талууд мэтгэлцжээ.
Дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
Ф.Г ХХК, Ө.Д ХХК-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 04/016 дугаар Түрээсийн гэрээ-ээр түрээслүүлэгч Ф.Г ХХК нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Гэрэлт хотхон 1 давхрын 170 м.кв талбайг үсчин, гоо сайхан үйлчилгээний зориулалтаар түрээслэгч Ө.Д ХХК-д 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 60 сарын хугацаатайгаар 1 м.кв-ыг 1 сарын 40.000 төгрөгөөр түрээслүүлэхээр тохиролцсон байх бөгөөд 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 04/016 дугаар Гэрээний хавсралт /нэмэлт өөрчлөлт/-аар түрээсийн төлбөрийн хугацааг 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тооцох боловч түрээслүүлэгч талын буруутай үйл ажиллагаанаас болж шалны халаалтыг тавих, шал цутгах, бохирын шугам бүрэн угсарч дуусаагүй учраас дээрх ажлуудыг бүрэн хийсний дараа өдрөөс эхлэн хуанлийн 50 хоног байх, түрээсийн талбайн хэмжээ 160 м.кв байхаар тохирсон байна.
Хавтаст хэрэгт авагдсан баримт болон хариуцагчийн тайлбараар түрээсийн гэрээний зүйл болох Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 17/10 Б тоот үл хөдлөх эд хөрөнгө нь түрээслүүлэгч Ф.Г ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө бус захирал Ж.Цэлмэг өмчлөлийн эд хөрөнгө бөгөөд гэрээ байгуулах цаг хугацаанд түүний ээжийн өмчлөлийнх байсан хэдий ч талууд энэ талаар маргаагүй, хүчин төгөлдөр бус гэж тооцуулах хүсэл зориг байхгүй тул Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж зааснаар хүчин төгөлдөр гэж үзэж, мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэлээ.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний зүйл хэдийгээр үл хөдлөх эд хөрөнгө бөгөөд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт гэрээг бүртгэлийн газар бүртгүүлэх шаардлага заасан байдаг хэдий ч Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 17/10 Б тоот 1 давхрын үл хөдлөх эд хөрөнгө 214.7 мкв талбайтай /159-р хуудас/ харин гэрээгээр 160 м.кв талбайг түрээслэхээр тохиролцсон тул үл хөдлөх эд хөрөнгийг хэсэгчлэн түрээсэлсэн гэрээг бүртгэлийн газар бүртгүүлэх боломжгүй байжээ.
1. Дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Түрээслэгч Ф.Г ХХК нь гэрээний 1.3-т ...түрээсийн байрлуу орох хэвийн үйл ажиллагааг хариуцна, 2.6-д гадна зогсоолын талбайг 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр гэхэд ашиглалтад оруулна, гэрээний хавсралтын 13, 15-д ...гадна талбайн ажлыг 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр гэхэд дуусгаж, талбайн тохижилт, авто зогсоолын ажлыг бүрэн дуусгана гэсэн үүргээ зөрчсөний улмаас түрээслэгч Ө.Д ХХК нь гэрээнд заасан талбайг ашиглаж, /үсчин, гоо сайхан/ үйл ажиллагааг явуулж чадаагүй болох нь Ө.Д ХХК-ийн Ф.Г ХХК-д хүргүүлсэн 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 1/29 дүгээр, 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 1/1-04 дүгээр, 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар, 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 4 дүгээр албан бичгүүдээр нотлогдож байна.
Мөн түүнчлэн нэхэмжлэгч Ө.Д ХХК нь гэрээний 4.2.1, гэрээний хавсралтын 9, Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 04/016 дугаар гэрээнээс татгалзах эрхтэй тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар нэхэмжлэгч Ө.Д ХХК нь гэрээний 2.3-т заасны дагуу шилжүүлсэн 6.800.000 төгрөг, түрээсийн төлбөрт шилжүүлсэн 34.001.000 төгрөг, нийт 40.801.000 төгрөг-ийг хариуцагч Ф.Г ХХК-иас шаардах эрхтэй юм.
Мөн нэхэмжлэгч Ө.Д ХХК нь түрээслүүлэгч үүргээ зөрчсөний улмаас гэрээнээс татгалзсантай холбогдуулан учирсан хохирлыг гэрээний хавсралтын 9, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Ф.Г ХХК-иас шаардах эрхтэй тул байрны интерьерийн зураг төсөл хийлгэсэн зардал 2 000 000 /18, 51, интерьерийн зураг төсөл/ барилгын ажил гүйцэтгэх гэрээнд төлсөн 3 900 000 төгрөгийн зардлыг 19-21, 42-р хуудас/ гэрээнээс учирсан хохиролд тооцож, харин нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хавтаст хэргийн 24-63 дугаар талд авагдсан гэрээ, зарлагын баримт, төлбөрийн баримт, бараа материалын зарлагын падаан, бэлэн мөнгөний орлогын баримтууд, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн гаалийн хилээр бараа нэвтрүүлэх мэдүүлэг нь Өнөр дөлгөөн ХХК-иас уг түрээсийн гэрээний улмаас хийсэн барилгын ажилд хамааралтай эсэх, түрээсийн гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгөд зарцуулсан талаар нотлогдохгүй байх тул тэр хэсгийг хэрэгсэхгүй болголоо.
Иймд хариуцагч Ф.Г ХХК-иас дэнчинд олгосон 6.800.000 төгрөг, түрээсийн төлбөрт шилжүүлсэн 34.001.000 төгрөг, нийт 40.801.000 төгрөгийг болон гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирол 5 900 000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ө.Д ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 27 213 442 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Түүнчлэн, маргааны зүйл болох 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 04/016 дугаар Түрээсийн гэрээ нь Ф.Г ХХК, Ө.Д ХХК-ийн хооронд байгуулагдаж, дээрх компанийн хүсэл зориг, эрх, үүргийг тусгасан байх тул Э.Цт холбогдох гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 40.801.000 төгрөг, гэрээнээс учирсан хохирол 33.113.442 төгрөг гаргуулах тухай Ө.Д ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.
2. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Хариуцагч Ф.Г ХХК-ийн ...2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт 38.400.000 төгрөг, алданги 6.912.000 төгрөг, нийт 45.312.000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Учир нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний хавсралтын 7-д ...төлбөр тооцож эхлэх хугацааг түрээслүүлэгч талын буруутай үйл ажиллагаанаас болж... ажлуудыг бүрэн хийж дууссаны дараа өдрөөс эхлэн хуанлийн 50 хоног байх гэж заасны дагуу энэхүү үүрэг биелэгдсэн талаар талууд дүгнээгүй бөгөөд, нэхэмжлэгчийн мэдэгдлүүдээр түрээслүүлэгч байрыг ашиглалтанд оруулах үүргээ гүйцэтгээгүйг нотлосон байх тул түрээслэгч тал болох Ф.Г ХХК нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар тодорхой хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэж, төлбөрийг төлөх үүргийг шаардах эрхгүй болсон байна гэж дүгнэлээ.
Дээр дурдсан үндэслэлүүдээр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 233 дугаар зүйлийн 233.1, 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан хариуцагч Ф.Г ХХК-иас дэнчинд олгосон 6.800.000 төгрөг, төлбөр төлөхөөр шилжүүлсэн 34.001.000 төгрөг, нийт 40.801.000 төгрөгийг мөн гэрээнээс татгалзсанаас учирсан хохирол буюу интерьерийн зураг төсөл хийлгэсэн зардал 2 000 000 төгрөг, барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр шилжүүлсэн 3 900 000 төгрөг нийт 5 900 000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ө.Д ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 27 213 442 төгрөг гаргуулах болон Э.Цт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан хариуцагч Ф.Г ХХК-ийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох эд хөрөнгө түрээсэлсний төлбөр 38.400.000 төгрөг, алданги 6.912.000 төгрөг, нийт 45.312.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 233 дугаар зүйлийн 233.1, 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан хариуцагч Ф.Г ХХК-иас түрээсийн төлбөрт урьдчилан шилжүүлсэн 40.801.000 төгрөг, гэрээнээс татгалзсан 5 900 000 төгрөг, нийт 46 701 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө.Д ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 27 213 440 төгрөгийг болон Э.Цт холбогдох гэрээнээс татгалзаж, гэрээнээс учирсан хохиролд 73.914.442 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан хариуцагч Ф.Г ХХК-ийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 45.312.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ө.Д ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 506.610 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 20.913 төгрөг, хариуцагч Ф.Г ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн 321.000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 267.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ф.Г ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 391 455 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө.Д ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
Ц.УРАНГУА