Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2017/02599

 

 

 

 

 

 

 

 

 

       2017 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2017/02599

             Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа  даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  ._ . .. .. . .. . оршин суух Б овогт Д.С /РД:00000000 /

Нэхэмжлэгч:  . . . . . . . . . оршин суух Д овогт Д.Ц/РД:00000000/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  . . . . . . . . .оршин суух Б овогт А.Б /РД: 00000000/

Хариуцагч:  . . . . . . . оршин суух Ж овогт А.У /РД:00000000/ нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 103 160 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгч Д.С, Д.Ц, хариуцагч А.Б, А.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид А.Б, түүний эгч А.У нарын хүсэлтээр тэдэнд Хан-Уул дүүргийн 15-р хороо, Туул гол гудамж 58В байрны 6 тоотод байрлах нэг хүний өмчлөлтэй байрыг барьцаалж, 60 000 000 төгрөгийн зээл олгохоор харилцан тохиролцож, Иргэний хуулийн дагуу зээлийн болон барьцааны гэрээнүүдийг тус тус байгуулсан болно. Уг зээлийн гэрээ болон барьцааны гэрээгээр 60 000 000 төгрөгийг 2014 оны 7 дугаар сарын 22-ноос 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 12 сарын хугацаатай сар бүрийн 3.5 хувийн хүүтэй сар бүрийн хүүг нэгтгэсэн байдлаар улирлын сүүлийн сарын 20-ны өдрийн дотор төлж байхаар зээл болон хүүгийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрвэл хоног тутам төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлж, үндсэн зээлийн хугацааны эцэст алданги, хүү, үндсэн зээлийг бүрэн төлж дуусгасан байхаар тохиролцсон. Уг гэрээний зээлийн хүү төлөхийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн. Гэвч нэг ч төгрөг төлөгдөөгүй байгаа. Одоо үндсэн зээл 60 000 000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 22-ноос хойш 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны 6 сар 8 хоногийн хүү 13 160 000 төгрөг, алданги 30 000 000 төгрөг нийт 103 160 000 төгрөгийг нэхэмжилж байгаа тул хангаж шийдвэрлэж өгнө үү.

... Хариуцагч нарын 78 000 000 төгрөг дээр эвлэрэх саналыг хүлээн авахгүй, хуулийн дагуу шийдвэрлүүлнэ гэв.

 

            Хариуцагч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн төлбөрийн талаар маргахгүй, хүлээн зөвшөөрч байна. Харин алданги 30 000 000 төгрөгийг төлөх эдийн засгийн боломжгүй нөхцөл байдал бүрдээд байна. Нэхэмжлэгч нараас алдангиас хасаж 78 000 000 төгрөгийг 1 дүгээр сарын 20-ны дотор төлөх, төлөөгүй тохиолдолд 93 сая төгрөг болгон төлөх нөхцөлтэй эвлэрэх саналыг гаргасан боловч хүлээж авсангүй. Иймд алдангийг хасаж өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.С, Д.Ц нар нь хариуцагч А.Б, А.У нараас зээлийн гэрээний үүрэг 103 160 000 төгрөгийг нэхэмжилж, хариуцагч нар үндсэн төлбөрийг төлөхийг зөвшөөрч, алданги төлөх боломжгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч Д.С-ээс итгэмжлэлээр олгосон эрхийн дагуу Д.Ц нь 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч А.Бтой зээлийн гэрээг бичгээр байгуулж, 60 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай 3.5 хувийн хүүтэй зээлдүүлж, барьцаанд А.Батсоёмбын Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол 58в байрны 6 тоотод байрлах 57м.кв 3 өрөө орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээг бичгээр байгуулан Улсын бүртгэлийн ерөнхий газарт мөн өдөр нь бүртгүүлжээ./хх 5-7-р хуудас/

Дээрх талуудын байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр  зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ ба мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т засан шаардлагыг хангасан барьцааны гэрээ байх бөгөөд мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр гэрээнүүд байна. Гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй.

Нэхэмжлэгч Д.С, Д.Ц нар нь хариуцагч А.У нь хамтран хариуцна гэж шаардаж байгааг 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн талуудын хугацаа сунгасан зээлийн гэрээний хамтран зээлдэгч хэсэгт А.У гарын үсэг зурж, зээл хүүгийн тооцоонд мөн зөвшөөрч хариуцахаа илэрхийлсэн, /хх 11,15-р хуудас/ мөн зээлийн мөнгийг өөрийн компанидаа авч хэрэглэсэн гэх хариуцагч нарын тайлбарыг үндэслэн түүнийг Иргэний хуулийн 242 дугаар  зүйлийн 242.1 дэх хэсэг зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч болно гэж дүгнэлээ.

Зээлийн гэрээний дагуу хүү нэхэмжилсэн Д.С, Д.Ц нарын нэхэмжлэлтэй А.Бд холбогдох 2016.07.22-оос 2016.09.22-ны хүртэлх 26 сарын хүү 48 600 000 төгрөгийг төлөхөөр эвлэрсэн эвлэрлийг баталсан Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байх тул 2016 оны 9 дүгээр сарын 22-ноос хойш зээлийн хүү, болон үндсэн  төлбөр, талуудын  хооронд байгуулсан гэрээний 10 дахь хэсэгт заасан алдангийн хамт нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шаардах эрхтэй байна.

Хариуцагч А.Б алданги төлөх боломжгүй эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал байна гэж тайлбарлаж байх боловч энэ талаар хэрэгт нотлох баримт гаргаагүй, шүүхээс алдангийг багасгах нөхцөл байдал тогтоохгүй байна гэж үзсэн болно.

Нэхэмжлэгч нарын хүсэлтээр дээрх үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд ипотекийн зүйл болох үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдах нь зүйтэй юм.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан тул нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж, зарим хэсгийг чөлөөлснийг дурдаж, хариуцагч нараас хангагдсан дүнтэй тэнцэх улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан нэхэмжлэгчид, чөлөөлөгдсөн хэсгийг гаргуулан улсын орлогод оруулбал зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч А.Б, А.У нараас 103 160 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.С, Д.Ц нарт олгосугай.

 

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар А.Б, А.У нар дээрх үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 15-р хороо, Туул гол 58в байрны 6 тоотод байрлах 57м.кв 3 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 336 750 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч нараас 337 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт, мөн 336 750 төгрөгийг гаргуулан улсын орлогод тус тус оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

                                      

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.УРАНГУА