Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 128/2016/0600/З |
Дугаар | 82 |
Огноо | 2017-03-09 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 82
Д.Цогтбаярын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Атарцэцэг даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарын бичгийн дарга З.Оюунгэрэл, нэхэмжлэгч Д.Цогтбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онон нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 889 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2017/0030 дугаар магадлалтай, Д.Цогтбаярын нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 889 дүгээр шийдвэрээр Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай /1992 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 2, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Цогтбаярын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/281 дүгээр тушаалын Д.Цогтбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 5 сар 6 хоногийн цалин 7931591 /долоон сая есөн зуун гучин нэгэн мянга таван зуун ерэн нэгэн/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, ээлжийн амралт эдлүүлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгажээ.
Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2017/0030 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 889 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай /1992 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 2 дахь хэсэг, Цагдаагийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.1.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Цогтбаярын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/281 дүгээр тушаалын Д.Цогтбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны 1 сарын цалин 1,636,306 /нэг сая зургаан зуун гучин зургаан мянга гурван зуун зургаан/ төгрөгийг Цагдаагийн ерөнхий газраас гаргуулж Д.Цогтбаярт олгон, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын холбогдох нөхөн бичилт хийх Д.Цогтбаярт зохих журмын дагуу ээлжийн амралт эдлүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох” тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсэн байна.
Нэхэмжлэгч Д.Цогтбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, дор дурдсан үндэслэлээр гомдол гаргаж байна.
Давж заалдах шатны шүүх иргэн Д.Цогтбаярыг 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр маргаан бүхий захиргааны актаар ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй гэж дүгнэсэн атлаа хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэх үед нэхэмжлэгч Д.Цогтбаяр 55 насанд хүрсэн, тодруулбал нэхэмжлэгч 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан насанд хүрснээр цаашид цэргийн жинхэнэ алба хаах насны дээд хязгаарт хүрч, дахин сунгагдах боломжгүй болжээ гэж илт хуулийг буруугаар тайлбарлаж, миний эрхийг хөсөрдүүлж хууль зөрчсөн магадлал гаргажээ. Хэрэв Цагдаагийн ерөнхий газраас 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгож, намайг цэргийн байнгын тэтгэвэрт гаргасан бол ямар ч маргаан байхгүй энэ асуудал шийдэгдэх байсан. Гэвч хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэргүйгээр бүтэн 1 сарын өмнө хууль зөрчиж тэтгэвэрт гаргасан нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үед нотлогдсон бөгөөд миний ажиллах хугацааг 1 жилээр сунгаж өгөхийг хүссэн өргөдлийг дээд газарт нь уламжлаагүй хирнээ Хууль зүйн яамнаас ажиллах хугацааг чинь сунгаагүй гэж худал хэлж тэтгэвэрт хүчээр гаргасан нь тус яамнаас ирүүлсэн албан бичгээр нотлогдож байгаа.
Би тэтгэвэрт гарахгүй гэж хэлээгүй, зөвхөн хуульд заасан үндэслэлээр хүсэлтээ өгөөд Хууль зүйн яамнаас сунгаагүй тохиолдолд гомдох зүйлгүй гарах байсан. Гэтэл давж заалдах шатны шүүх Хууль зүйн яамны эрх мэдлийн асуудлыг өөрсдөө авч магадлал гаргасан нь хууль зөрчсөн төдийгүй хуулийг буруугаар тайлбарласан гэж үзэж байна.
Цагдаагийн ерөнхий газраас 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр албан бичгээр 2016 оны эхний хагас жилд багтаан тэтгэвэрт гар гэж мэдэгдсэн хирнээ 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр буюу бүтэн 1 сарын өмнө гэнэт чөлөөлсөн, би журмынхаа дагуу 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын даргад хүсэлтээ уламжилсан, 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Төрийн албаны зөвлөлд хандсан, гэвч миний эрхийг хангаагүй, эцэст нь 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, улмаар мөн оны 11 дүгээр сарын 08-ны өдөр шүүхийн шийдвэр гарсан. Цагдаагийн ерөнхий газрын дарга миний хүсэлтийг хүлээн авч, тушаалдаа өөрчлөлт оруулсан бол миний бие 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр тэтгэвэрт гарах боломжтой байсан ч захиргааны зүгээс үүнийг хийгээгүй, хүсээгүй болно. Өнөөдрийн байдлаар би 8 сар гаруй хугацаанд ажилгүй, эрүүл мэндийн болон нийгмийн даатгал тасарч, хохирч явна.
Иймд хэрэг маргааныг нягтлан хянаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлээр Цэргийн жинхэнэ алба хаах насны дээд хязгаарыг зохицуулсан байх бөгөөд 13.1-ийн 3/-т ахлах офицер нь 50 нас хүртэл хааж болно; мөн зүйлийн 2-т “Энэ зүйлийн 1-д заасан насны дээд хязгаарт хүрсэн цэргийн өндөр мэргэжил, дадлага сайтай зарим офицер, ахлагчийн цэргийн алба хаах хугацааг ... 5 хүртэл жил сунгаж болно” гэжээ.
Нэхэмжлэгч “...ажиллах хугацааг 1 жилээр сунгуулах тухай хүсэлтээ хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргасан байхад Цагдаагийн ерөнхий газар өргөдлийг яаманд уламжлалгүй тэтгэвэрт хүчээр гаргасан” гэж маргах боловч тэрээр 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 55 насанд хүрсэн тул түүний хувьд Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2-т заасан зохицуулалт хамаарахааргүй байна.
Учир нь, нэхэмжлэгч нь ахлах офицер тул Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1-ийн 3/-т зааснаар түүний цэргийн жинхэнэ алба хаах насны дээд хязгаар нь 50 нас бөгөөд уг хуулийн 13 дугаар зүйлийн 2-ийн дагуу сунгагдах боломжтой хугацаа нь 5 хүртэл жил буюу 55 нас хүртэл байна. Гэтэл бодит байдал дээр нэхэмжлэгч нь 55 нас хүрсэн учир /2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр/ эрх бүхий этгээдээс түүний алба хаах хугацааг сунгах эрх зүйн боломжгүй байна.
Ийнхүү хуулиар цэргийн жинхэнэ алба хаах насны дээр хязгаар болон сунгаж болохуйц хугацааг тодорхой заасан байхад, мөн нэхэмжлэгч хуульд заасан насны хязгаарын аль алинд нь хүрсэн байхад шүүхээс хуулийг зөрчиж нэхэмжлэгчийг цэргийн албанд нь эгүүлэн томилохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх боломжгүй юм.
Иймээс нэхэмжлэгчийн “...давж заалдах шатны шүүх Хууль зүйн яамны эрх мэдлийн асуудлыг өөрсдөө авч магадлал гаргасан нь хууль зөрчсөн төдийгүй хуулийг буруугаар тайлбарласан” гэсэн гомдлыг хүлээн авах боломжгүй.
Харин давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын дагуу Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/281 дүгээр маргаан бүхий актыг хууль бус гэж дүгнэн хүчингүй болгож, нэхэмжлэгчид 55 нас хүртэлх ажилгүй байсан хугацааны 1 сарын цалинг олгон, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын холбогдох нөхөн бичилт хийх, зохих журмын дагуу ээлжийн амралт эдлүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй байна.
Иймд, шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2017/0030 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ