Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2020/00575

 

Г.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2019/02151 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар  сарын 20-ны өдрийн 2176 дугаар магадлалтай,

Г.Б-гийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б-, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Б-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 183 дугаар захирамжаар 65.533.500 төгрөгийг Ц.С-д төлөхөөр шийдвэр гарсан. Би уг мөнгийг чадах хэмжээгээр төлсөн боловч шийдвэр гүйцэтгэх газраас миний өмчлөх эрхийн улсын Ү-2206020420 дугаар бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 120 мянгат, 24 дүгээр байр, 43 тоот орон сууцыг дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр өгсөн, дуудлага худалдаанд орох тухай саналыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь надад дуудлага худалдаанд орохдоо үнийн дүнгийн 70 хувиар анхны дуудлага худалдаанд ордог гэдгийг хэлээгүй. Иймээс би дуудлага худалдаанд оруулах үнийн дүнг зөвшөөрөхгүй байгаа тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 сарын 18-ны өдрийн 102/ШШ2016/00637 дугаар шийдвэрээр Г.Б-гаас 65.683.500 төгрөгийг гаргуулан Ц.С-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Г.Б-д шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдэхэд биелүүлээгүй тул түүний өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 120 мянгат, 24 дүгээр байр, 43 тоот байрлах, 47.16 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 2019 оны 01 сарын 31-ний өдрийн 17291118 дугаар тогтоолоор битүүмжилж, 2019 оны 5 сарын 20-ны өдрийн 17291118/01 дүгээр тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар талуудад үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдэхэд талууд харилцан тохиролцож 90.000.000 төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгөд үнийн саналаа ирүүлсэн. Иймд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг үндэслэн харилцан тохиролцсон үнэ болох 90.000.000 төгрөгийн 70 хувь буюу 63.000.000 төгрөгөөр 2019 оны 7 сарын 05-ны өдрийн албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах тухай тогтоол, мэдэгдлийг талуудад 2019 оны 6 сарын 19-ний өдөр гардуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасныг зөрчсөн байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2019/02151 дүгээр шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Б-гийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Б-гаас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар  сарын 20-ны өдрийн 2176 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2019/02151 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.С-гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдаагүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй төлбөрийг төлүүлэхдээ эхний ээлжид мөнгө буюу бусад зүйлээр төлүүлэх хуулийн заалтыг зөрчсөн тул шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Шийдвэр гүйцэтгэгч нар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа төлбөр төлөгч нарт хөрөнгийн үнэлгээг хийлгэхдээ үнэлгээ хийлгэх компанийг томилсон тогтоолыг танилцуулаагүй, үнэлгээний мэдэгдэл буюу дуудлага худалдаанд оруулах үнэлгээний мэдэгдлийг танилцуулсан гэх боловч анхны дуудлага худалдаанд үнэлгээний үнийн 70%-иар оруулдаг болохыг танилцуулж ойлгуулдаггүй, төлбөр төлөгч Г.Б- нь өөрийн байрны зах зээлийн үнийн саналыг 90.000.000 төгрөгөөр үнэлж саналаа өгөхөд түүний саналтай үнээр биш уг үнийн 70%-иар үнэлсэн зэрэг нь төлбөр төлөгч нарын эрхийг зөрчиж байна. Г.Б- нь шүүхийн шийдвэрээр 65.533.500 төгрөгийг Ц.С-д төлөхөөр шийдвэр гарсан цаг хугацаанаас хойш төлбөрийг бага багаар төлж байхад шийдвэр гүйцэтгэгч нь Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2-т заасан “гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн эхний ээлжинд бэлэн мөнгө, ...харилцах дансанд байгаа төлбөр төлөгчийн мөнгөн хөрөнгө, бусад үнэт зүйлээс төлбөрийг гаргуулна. 86.4-т “Төлбөр төлөгч иргэнд мөнгө байхгүй, ...бусад хөрөнгөнөөс төлбөрийг гаргуулна гэж заасан байхад энэ заалт болон хуулийн зохицуулалтыг хэрэглэхгүйгээр түүний орон байрыг хураах аль болох орон байраар нь төлбөрийг төлүүлэх арга хэмжээ авдаг бөгөөд энэ нь төлбөр төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хэт нэг талыг барьсан хуулийг хэрэглэж түүний эрхийг ноцтой зөрчиж байна. Иймд дээрх нөхцөл байдлыг хянан үзэж шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Г.Б-, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.С хяналтын журмаар гаргасан гомдолдоо, “...талуудын тохиролцсон үнэлгээг бууруулж үнийн 70 хувиар анхны дуудлага худалдаанд оруулдаг болохыг ойлгуулаагүй, эрхийг нь зөрчсөн, мөнгийг бага багаар төлж байхад эхний ээлжинд бэлэн мөнгө, харилцах дансанд байгаа мөнгө бусад зүйлсээс төлбөр гаргуулах ажиллагаа хийгээгүй...” гэжээ.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Г.Б-гаас 65.533.500 төгрөг гаргуулж Ц.С-д олгох Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 102/ШШ2016/00637 тоот захирамжийг биелүүлэх явцдаа Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгатын 24 дүгээр байрны 43  тоот хаягт байрлах 47.16 м.кв талбай бүхий орон сууцыг талуудын тохиролцсон үнэ болох 90.000.000 төгрөгийн 70 хувиар анхны дуудлага худалдааны үнийг зарлаж, энэ талаар  нэхэмжлэгч Г.Б-д мэдэгдсэн байна. Энэ ажиллагаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг зөрчөөгүй байна. Учир уг зохицуулалтад төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгчийн харилцан тохиролцсон үнийн 70 хувиар анхны дуудлага худалдааны доод үнийг тогтооно гэж заасан байна. Нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч Г.Б- өөрийн орон сууцны зах зээлийн үнийг 90.000.000 төгрөг гэснийг төлбөр авагч Ц.С- зөвшөөрснөөр тухайн үнийг харилцан тохиролцсон гэж үзсэн шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа буруу биш байна. Энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Нөгөө талаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр үүссэн байх бөгөөд энэ хугацаанд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас арилжааны банкуудад хандаж төлбөр төлөгчийн данснаас суутгал хийхийг болон төлбөрийг сайн дураар төлөхийг удаа дараа мэдэгдсэн баримтууд хэрэгт авагдсан ба одоог хүртэл төлбөрөө төлөөгүй тул барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хурааж, улмаар дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэж, үнэ тогтоосон нь хууль зөрчөөгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2019/02151 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар  сарын 20-ны өдрийн 2176 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.С-гийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч Г.Б- нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг улсын орлогод оруулсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ