Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2019/02151

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г.Б-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: НШШГ-т холбогдох,

 

Эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: ............... нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Б- миний бие нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 183 дугаар захирамжаар 65.533.500 төгрөгийг Ц.С-д төлөхөөр шийдвэр гарсан. Би уг мөнгийг чадах хэмжээгээр төлсөн боловч шийдвэр гүйцэтгэх газраас миний өмчлөх эрхийн улсын ... дугаар бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, ............. тоот орон сууцыг дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр өгсөн, дуудлага худалдаанд орох тухай саналыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь надад дуудлага худалдаанд орохдоо үнийн дүнгийн 70 хувиар анхны дуудлага худалдаанд ордог гэдгийг хэлээгүй. Иймээс би дуудлага худалдаанд оруулах үнийн дүнг зөвшөөрөхгүй байгаа тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Байгалтуяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ............. дугаар шийдвэрээр Г.Б-гаас 65.683.500 төгрөгийг гаргуулан Ц.С-д олгохоор шийдвэрлэсэн.  Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч Г.Б-д шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдэхэд биелүүлээгүй тул түүний өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, .............тоот байрлах, 47.16 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 17291118 дугаар тогтоолоор битүүмжилж, 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 17291118/01 дүгээр тогтоолоор хураасан. Монгол Улсын Иргэний хуулийн 177 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар талуудад үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдэхэд талууд харилцан тохиролцож 90.000.000 төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгөд үнийн саналаа ирүүлсэн. Иймд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг үндэслэн харилцан тохиролцсон үнэ болох 90.000.000 төгрөгийн 70 хувь буюу 63.000.000 төгрөгөөр 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах тухай тогтоол, мэдэгдлийг талуудад 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр гардуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасныг зөрчсөн байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

Г.Б-гийн нэхэмжлэлтэй, НШШГ-т холбогдох, эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн .............дугаар захирамжаар “...хариуцагч Г.Б- нь нэхэмжлэгч Ц.Солонгын нэхэмжлэлийн шаардлага болох 65.400.000 төгрөгийг 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор хуваан төлөх, энэ хугацааны хүүг төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

 

            Уг шүүхийн шийдвэрийг хариуцагч Г.Б- сайн дураар биелүүлээгүйгээс тус шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ГХ2017/01033 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн НШШГ- нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 17291118 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 17291118/01 дүгээр Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор төлбөр төлөгч Г.Б-гийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, .............тоот нэг өрөө орон сууцыг хураан авч, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 4/12246 дугаар албан бичгээр “Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар “уг үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах үнийн саналыг ирүүлэх”-ийг төлбөр төлөгч Г.Б-д мэдэгджээ.

 

Төлбөр төлөгч Г.Б-гаас Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, ............. тоот нэг өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдан борлуулах үнийн саналыг “90.000.000 төгрөг” гэж НШШГ-т 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр ирүүлснийг төлбөр авагч Ц.С- хүлээн зөвшөөрч, талууд харилцан тохиролцож уг орон сууцыг дуудлага худалдаагаар худалдах санал болгох үнийг 90.000.000 төгрөгөөр харилцан тохиролцсон болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 4/13385 дугаар албан бичгээр нотлогджээ.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 4/14764 дугаар Мэдэгдлээр “...уг орон сууцыг харилцан тохиролцсон үнэ 90.000.000 төгрөгийн 70 хувиар буюу 63.000.000 төгрөгөөр тооцон дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон анхны дуудлага худалдаанд 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр оруулахаар болсон”-ыг төлбөр төлөгч Г.Б-д мэдэгдсэн, мөн Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 8/1 дүгээр тогтоолоор “...анхны албадан дуудлага худалдаанд хөрөнгө борлогдоогүй тул харилцан тохиролцсон үнэ 90.000.000 төгрөгийн 50 хувь болох 45.000.000 төгрөгөөр дуудлага худалдааны дуудах үнийг тогтоож, 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах”-аар төлбөр төлөгч Г.Б-д мэдэгджээ.

 

Дээр дурдсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон төлбөр төлөгч, төлбөр авагч нар дуудлага худалдаагаар худалдах  Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, ............. нэг өрөө орон сууцны санал болгох үнийг 90.000.000 төгрөгөөр харилцан тохирцолсон байдал нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасантай нийцсэн, хууль зөрчөөгүй байх тул НШШГ-т холбогдох, эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Г.Б-гийн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлйин 160.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Г.Б-гийн нэхэмжлэлтэй, НШШГ-т холбогдох, эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Б-гаас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Ж.СЭМЖИД