Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 111

 

 

 

 

  

 

 

 

 

2018 оны 01 сарын 16 өдөр          Дугаар 181/ШШ2018/00111            Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч:  , Х Г овогт Ц Б /РД: /-ын  нэхэмжлэлтэй,

            Хариуцагч:, Б овогт М М /РД: /-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 11,077,920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.     

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч       Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, гэрч Х.Эрдэнэтуяа, Н.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Жаргалсүрэн нар оролцов.

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

М.М нь 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдөр надаас 10,000,000 төгрөгийг гурван сарын хугацаатай 4 хувийн хүүтэй зээлсэн. Ингэхдээ өдөр бүр 125,000 төгрөгийг төлж төлбөрийг барагдуулахаар харилцан тохиролцсон. Ингээд М.М нь 2014 оны 11 дүгээр сарын 14-ний дотор 4 удаагийн шилжүүлгээр зээлийн үнийн дүнгийнхээ 4,775,000 төгрөгийг төлж 6,425,000 төгрөгийг төлөөгүй үлдсэн байсан.

Үүнээс хойш харилцан тохиролцсоны дагуу төлбөрөө төлж барагдуулахгүй байж байгаад Ц.Б би 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр М.М болон түүний нөхөр Н.Мөнхбаяр нартай уулзаж төлбөрийн талаар харилцан тохиролцож, зээл төлөх тухай баримт үйлдсэн. Уг баримтыг үйлдсэн өдрийн байдлаар нийт зээлийн үлдэгдэл хүүгийн хамтаар 7,864,000 төгрөг болохыг тооцож цаашид зээл төлөгдөж дуусах хүртэл сарын 4 хувийн хүү хэвээр байхаар тохиролцсон. Мөн зээлийг 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдөр гэхэд төлж барагдуулна гэж баталсан.

Үүнээс хойш тухайн төлбөрийг барагдуулах хүртэлх хугацаанд хүлээсэн боловч төлөлгүй байсаар 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр надад 8,900,000 төгрөгийг төлсөний 5,800,000 төгрөг нь өөр зээлийн үүрэг бөгөөд энэ зээлийн хүүгээ бүрэн барагдуулж, үндсэн зээлээс 773,000 төгрөг төлж, үндсэн зээлийн үлдэгдэл 5,652,000 төгрөгийг 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 122 хоног буюу 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл өдөр бүр 50,000 төгрөгөөр барагдуулах болохоо баталж баримт үйлдсэн.

Гэвч заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй бөгөөд 2017 оны 5 дугаар сарын 11-ний уулзалтаар үндсэн зээл 5,652,000 төгрөг, хүү 4,747,680 төгрөг байгааг баталж, ажилд орохоороо төлнө гэсэн агуулгатай бичилт хийж, М.М гарын үсэг зурсан.

Гэтэл одоог болтол үндсэн зээл болох 5,652,000 төгрөг төлөөгүй тул түүнээс хойш 24 сарын хүү болох 5,425,000 төгрөгийн хамт буюу нийт 11,077,920 төгрөгийг хариуцагч М.Маас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Ц.Боос 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 10,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй зээлж авсан. 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 125,000 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 800,000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 2,850,000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 1,000,000 төгрөг нийт 4,775,000 төгрөгийг буцаан төлсөн.

            Мөнгө төлөх боломж олгох тусламжийг нэхэмжлэгчээс гуйсны үр дүнд 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 5,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй надад нэмж зээлсэн. Тэр мөнгөөр нь би нөхрөө Солонгос явуулах банкны баталгааг гаргаж, нөхөр Н.Мөнхбаяр Солонгост 3 сар ажиллаж ирсэн.

            Ингээд 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хадгаламжийн дансан дахь 5,000,000 төгрөгөө авч, нөхрийн авч ирсэн мөнгийг солиулаад 600,000 төгрөгийн хүүгийн хамт сүүлийн зээл 5,600,000 төгрөгийг төлж барагдуулсан. Үүнээс гадна  энэ өдрөө өмнөх зээлийн төлбөрт 4,600,000 төгрөг буюу нөхрийн ажил хийж олсон бүх мөнгийг Ц.Бд өгсөн. Гэтэл энэ мөнгийг аваагүй гэхийн зэрэгцээ бүхэлд нь хүүнд тооцсоныг зөвшөөрөхгүй.

            Хүү төлөх үндэсгүй. Харин тооцоогоор үндсэн зээл 450,000 төгрөгийг, 1 сарын 4 хувийн хүү 400,000 төгрөг, нийт 850,000 төгрөгийг төлнө гэв.

 

            Шүүх хуралдаанд оролцсон гэрч Б М Н овогт Н М /РД: / өгсөн мэдүүлэгтээ:

 Хариуцагч М.М нь миний эхнэр, би Ц.Быг танина. Зээл авсан учраас танина. Ц.Боос М.М 10,000,000 төгрөг авсан. Түүнээс 5,000,000 гаран төгрөгийг төлсөн гэсэн.

Би 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Бүгд Найрамдах Солонгос улсруу явсан, ингэхдээ Ц.Боос 5,000,000 төгрөг зээлж хадгаламжийн дансандаа хийгээд явсан. Би 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр ирсэн. Би болон эхнэрийн хамт 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Өргөө 2-ын урд талд эхнэрийн дүүгийн машинд эхнэр, би, Ц.Б 3-уул уулзсан. Ц.Бд би эхлээд 5,000,000 төгрөгөө, хүү 600,000 төгрөгийн хамт төлсөн. Үүний дээр нэмж би 4,600,000 төгрөг төлсөн. Солонгост ажиллаж олсон бүх мөнгөө өгсөн. М.Мын авсан 10,000,000 төгрөгөөс төлж байгаа юм. Үүнийг хүү гэж хүлээж авсан байна. Үүнийг нь би тэгж сайн ойлгоогүй гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон гэрч Б овогт Х Э  /РД: / өгсөн мэдүүлэгтээ:

Би М.Мыг Ц.Бтой 2013 оны 3 дугаар сард холбож өгсөн. М.Мд 10,000,000 төгрөг хэрэгтэй гэхээр нь Ц.Бтой холбож, мөнгө зээлж өгсөн.

Би 2-3 удаа М.Мтай уулзсан, Ц.Б бид 3 нийлж 2 удаа уулзсан. Гэрийнх нь гадаа Ц.Бтой хамт очиж уулзсан. Мөн 2017 оны 11 дүгээр сард мөн гэрт нь очсон. 2017 оны 5 дугаар сард гэрийн гадаа нь уулзахад би ажилгүй, мөнгөгүй төлөх боломжгүй гэж байсан. Төлбөртэй болохоо баталсан баримт бичиж өгөөч гэхээр өгөхгүй байсан. Ц.Б аргагүйн эрхэнд өөрөө бичиж М.М түүнд гарын үсэг зурсан. Миний хувьд үнэнч шударга байх нь хүний сайн чанар гэдгийг би тайлбарлаж хэлсэн. Учир нь анх мөнгө авахдаа ямар нөхцөлд авсныг сануулахыг хүссэн. Тухайн баримт дээр М.М гарын үсэг зурахдаа ямар нэг дарамт шахалтад орсон зүйлгүй гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтууд, гэрчийн мэдүүлгийг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч М.Маас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5,652,000 төгрөг, зээлийн хүүд 5,425,000 төгрөг нийт 11,077,920 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

Хариуцагч нь үндсэн зээл 450,000 төгрөг, 1 сарын хүү 400,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч үлдэх хэсгийг үндэслэлгүй гэж маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Зохигчдын хооронд 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан байх ба Ц.Боос 10,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй буцаан авахаар шилжүүлэх, М.М нь 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор өдөр бүр 125,000 төгрөг төлөх замаар буцаан төлөхөөр тохирсон байна.  

 

Талууд хүү тохирсон зээлийн гэрээг бичгээр байгуулах Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан шаардлагыг хангаж, гэрээг бичгээр үйлдэж хэн аль нь гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.” гэж зааснаар гэрээ хүчин төгөлдөр болжээ.

 

Гэрээгээр хүлээсэн 10,000,000 төгрөгийг шилжүүлэх үүргээ Ц.Б биелүүлсэн, харин М.М зээлийг буцаан төлөх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй үйл баримт тогтоогдож байна.

 

            Хариуцагч нь 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн дотор 4,775,000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 4,600,000 төлсөн гэж, нэхэмжлэгч 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн дотор 4,775,000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 8,900,000 төгрөг авснаас 5,800,000 төгрөгийг тусдаа зээлийн гэрээний үүрэгт энэ зээлд 3,100,000 төгрөг авсан гэж тус тус тайлбарласан.

 

            Талууд 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн үлдэгдэл 6,425,000 төгрөг, хүүгийн хамт нийт үүрэг 7,864,000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр үндсэн зээлийн үлдэгдэл 5,652,000 төгрөг болохыг баталж, үлдэгдлийг хэрхэн ямар хугацааны дотор төлж дуусгахыг харилцан тохиролцож байсан баримтууд хэрэгт авагдсан байна.

 

            Нэгэнт зохигчид өөрсдөө харилцан тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулсан дээрх баримт болон гэрч Н.Мөнхбаярын мэдүүлгээс үзэхэд шүүх 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр М.Маас 4,600,000 төгрөгийг Ц.Бд төлсөн нь тогтоогдсон бөгөөд үүний 773,000 төгрөг нь үндсэн зээл, үлдэх хэсэг нь хүүгийн төлөлт байсан, мөн өдрийн байдлаар хариуцагч 5,652,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болох нь тогтоогдсон гэж үзлээ.

 

            2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн баримтаар талууд хүү тохироогүй байхад нэхэмжлэгч 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн “үндсэн зээл 5,652,000 төгрөг, хүү 4,747,680 төгрөг гэж тусгагдсан” тэмдэглэлд үндэслэн хүү тооцож, шаардсан.

 

Хариуцагч М.М 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр “үндсэн зээлийг цалингаас сар бүр төлж дуусгана” гэсэн бичилт хийж, баримтад гарын үсэг зурж, хүсэл зоригоо илэрхийлэхдээ дарамтад орсон зүйлгүй нь гэрч Х.Эрдэнэтуяагийн мэдүүлгээр тогтоогдсон байх бөгөөд уг баримтаар хариуцагчийг хүү төлөхийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэсгүй, харин үндсэн зээлийн үлдэгдэл хэмжээг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагатай тул 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн баримтаар хариуцагч хүү төлөхийг зөвшөөрсөн гэж үзэх үйл баримт тогтоогдоогүй үндэслэлээр шүүх нэхэмжлэгчийг хүү шаардах эрхгүй дүгнэлээ.

 

            Иймд шүүх хариуцагч М.Маас үндсэн зээлийн үлдэгдэл болох 5,652,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Бд олгож, нэхэмжлэгч Ц.Бын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,425,920 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т заасныг баримтлан М.Маас 5,652,000 төгрөгийг гаргуулж Ц.Бд олгож, Ц.Бын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,425,920 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 192,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 105,382 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

3. Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан иргэнээс төлбөр гаргуулах журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.   

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл 7 хоногийн дараа шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                   Ө.УЯНГА