Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 587

 

 

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2018/00587

 

 

Ц.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/00111 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ц.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.М-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 11 077 920 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Агар-Эрдэнэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М.М- нь 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр надаас 10 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд өдөр бүр 125 000 төгрөгийг төлж төлбөрийг барагдуулахаар харилцан тохиролцсон.

М.М- нь 2014 оны 11 дүгээр сарын 14-ний дотор 4 удаагийн шилжүүлгээр зээлийн үнийн дүнгийнхээ 4 775 000 төгрөгийг төлж 6 425 000 төгрөгийг төлөөгүй үлдсэн байсан.

Үүнээс хойш төлбөрөө төлөхгүй байсан тул би 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр М.М- болон түүний нөхөр Н.Мөнхбаяр нартай уулзаж төлбөрийн талаар харилцан тохиролцож, зээл төлөх тухай баримт үйлдсэн. Уг баримтыг үйлдсэн өдрийн байдлаар нийт зээлийн үлдэгдэл хүүгийн хамт 7 864 000 төгрөг болохыг тооцож цаашид зээл төлөгдөж дуусах хүртэл сарын 4 хувийн хүү хэвээр байхаар тохиролцсон.

Мөн зээлийг 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэхэд төлж барагдуулна гэж баталсан. Үүнээс хойш тухайн төлбөрийг барагдуулах хүртэлх хугацаанд хүлээсэн боловч төлөлгүй байсаар 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр надад 8 900 000 төгрөгийг төлсөний 5 800 000 төгрөг нь өөр зээлийн үүрэг бөгөөд энэ зээлийн хүүгээ бүрэн барагдуулж, үндсэн зээлээс 773 000 төгрөг төлж, үндсэн зээлийн үлдэгдэл 5 652 000 төгрөгийг 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 122 хоног буюу 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл өдөр бүр 50 000 төгрөгөөр барагдуулахаар тохиролцсон.

Гэвч заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй бөгөөд 2017 оны 05 дугаар сарын 11-ний уулзалтаар үндсэн зээл 5 652 000 төгрөг, хүү 4 747 680 төгрөг байгааг баталж, ажилд орохоороо төлнө гэсэн агуулгатай бичилт хийж, М.М- гарын үсэг зурсан.

Гэтэл одоог болтол үндсэн зээл болох 5 652 000 төгрөг төлөөгүй тул түүнээс хойш 24 сарын хүү болох 5 425 000 төгрөгийн хамт буюу нийт 11 077 920 төгрөгийг хариуцагч М.М-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Б-оос 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 10 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй зээлж авсан. 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл нийт 4 775 000 төгрөгийг буцаан төлсөн.

Мөнгө төлөх боломж олгох тусламжийг нэхэмжлэгчээс гуйсны үр дүнд 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 5 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй надад нэмж зээлсэн. Тэр мөнгөөр нь би нөхрөө Солонгос явуулах банкны баталгааг гаргаж, нөхөр Н.Мөнхбаяр Солонгост 3 сар ажиллаж ирсэн.

Ингээд 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хадгаламжийн дансан дахь 5 000 000 төгрөгөө авч, нөхрийн авч ирсэн мөнгийг солиулаад 600 000 төгрөгийн хүүгийн хамт сүүлийн зээл 5 600 000 төгрөгийг төлж барагдуулсан.

Үүнээс гадна энэ өдрөө өмнөх зээлийн төлбөрт 4 600 000 төгрөг буюу нөхрийн ажил хийж олсон бүх мөнгийг Ц.Б-д өгсөн. Гэтэл энэ мөнгийг аваагүй гэхийн зэрэгцээ бүхэлд нь хүүнд тооцсоныг зөвшөөрөхгүй.

Хүү төлөх үндэсгүй. Харин тооцоогоор үндсэн зээл 450 000 төгрөгийг, 1 сарын 4 хувийн хүү 400 000 төгрөг, нийт 850 000 төгрөгийг төлнө гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасныг баримтлан М.М-аас 5 652 000 төгрөгийг гаргуулж Ц.Б-д олгож, Ц.Б-ын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 425 920 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 192 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 105 382 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож,

Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан иргэнээс төлбөр гаргуулах журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Нэхэмжлэгчтэй анх зээлийн хэлцэл байгуулахдаа 10 000 000 төгрөгийг авсан. Үүнээс 4 775 000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл нь 5 225 000 төгрөг. Нэхэмжлэгчээс тус мөнгийг авч байх үедээ бид гэрээ байгуулаагүй. Иргэний хуулийн дагуу бичгээр зээлийн гэрээ байгуулаагүй тохиолдолд хүү шаардах эрхээ алдахаар заасан. Анхан шатны шүүх хүү шаардах эрхгүйг тогтоосон.Гэвч шийдвэрийн үндэслэх хэсгийн энэ хэсэгт хүүнд төлсөн хэмээн тусгасан байна.

Мөн анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хууль зүйн ач холбогдолгүй баримт бичгийг нотлох баримтын түвшинд үнэлэн шийдвэр гаргасан байна. Ц.Б- нь шахаж, дарамтлан үл мэдэгдэх цаасанд гарын үсэг зуруулан зээлийн үлдэгдлийг тогтоодог байсан. Уг баримтыг шүүх үнэлэн шийдвэр гаргасан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

            Нэхэмжлэгч Ц.Б- нь хариуцагч М.М-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11 077 920 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Ц.Б- болон М.М- нь 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдэгч нь 10 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүү төлөх нөхцөлтэй мөнгөн хөрөнгийг М.М-д шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдсон, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /хх 4 дэх тал/

 

            Талууд 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн гэрээний үүргийг 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 14-ний өдрийн хугацаанд зээлдэгч 4 775 000 төгрөг төлснийг зээлийн үүргээс хасч тооцож, зээлийн үндсэн үүрэгт 6 425 000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдлийн хамт нийт 7 864 000 төгрөгийг зээлдэгч 3 сарын хугацаанд сарын 4 хувийн хүү төлөх нөхцөлтэйгөөр төлж дуусгахаар тохиролцсон нь тогтоогдсон. /хх 6 дугаар тал/

 

Улмаар 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар талууд баримт үйлдэж үндсэн зээлийн үлдэгдлийг 5 652 000 төгрөг болохыг харилцан тохиролцсон. /хх 6 дугаар талын арын нүүр/

 

Мөн өдөр зээлдэгч нь 4 600 000 төгрөгийг уг зээлийн үүрэгт төлсөн бөгөөд тэрээр зээлийн үндсэн үүрэг 5 652 000 төгрөгөөс хасч тооцогдоно гэж тайлбарласан бол зээлдүүлэгч нь уг 4 600 000 төгрөгийг харилцан тохиролцсноор зээл, зээлийн хүүнээс хасч тооцсноор зээлийн үлдэгдлийг 5 652 000 төгрөгөөр тодорхойлсон гэж маргажээ.

 

Талуудын хооронд үйлдэгдсэн 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн бичгийн баримтад “2014.07.23-ны өдөр авсан 10 000 000 төгрөгөөс үндсэн зээл 5 652 000 /таван сая зургаан зуун тавин хоёр мянга/ үлдсэн байна. Өнөөдөр хүртэлх бүх хүүг төлсөн” гэсэн тохиролцооноос үзвэл 4 600 000 төгрөгийг зээлдэгч нь зээлийн хүү, үлдэх хэсгийг үндсэн зээл төлснөөр үндсэн зээлийн үлдэгдэл 5 652 000 төгрөг болохыг зөвшөөрсөн гэж дүгнэхээр байна.

 

Иймд анхан шатны шүүх дээрхи бичмэл нотлох баримтыг Н.Мөнхбаярын мэдүүлэгтээ харьцуулан дүгнэж зээлдэгчийн үндсэн үүргийг 5 652 000 төгрөгөөр тодорхойлж тогтоосон нь зөв болжээ.

 

            Түүнчлэн талуудын хооронд 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр бичгээр хийгдсэн хэлцэлд зээлийн хүүгийн талаар тусгаагүй гэж анхан шатны шүүх дүгнэж, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл зээлийн хүү тооцож нэхэмжилсэн нэхэмжлэлийг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, талууд зээлийн хүүгийн талаар тохиролцсон гэж үзэхгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хуульд нийцжээ.

 

            Иймд анхан шатны шүүх хариуцагчаас 5 652 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 425 000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/00111 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 97 350 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД                                                   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                    Э.ЗОЛЗАЯА